| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2020/04236/и |
| Дугаар | 101/ШШ2021/01794 |
| Огноо | 2021-06-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2021/01794
| 2021 06 11 | 101/ШШ2021/01794 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Ганчимэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Г-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.У-д холбогдох,
Гэм хорын хохиролд 1,788,910 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үүрцайх, иргэдийн төлөөлөгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 469 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тогтоолоор Ж.У нь миний биед гэмтэл учруулсныг бүрэн тогтоож гэм буруутайд тооцсон. Харин цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа иргэний шүүхээр жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан тул анхан шатны хуралдааны үед өгч чадаагүй байсан баримтыг бүрдүүлэн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний өвчтэй байсан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 4 сарын цалин 1,800,000 төгрөгөөс байгууллагын төлсөн листийн мөнгө 511,090 төгрөгийг хасаад зөрүү болох 1,288,910 төгрөг, мөн өмгөөллийн хөлсөнд төлсөн 500,000 төгрөг, нийт 1,788,910 төгрөгийг хариуцагч Ж.Уаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Ж.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үүрцайх нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч Д.Гн нэхэмжлэл, түүнд хавсаргасан материалаас харахад шүүхэд хөдөлмөрийн чадвар түр алдсан талаарх шаардлагатай нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 38/66 тоот тушаалаар баталсан Эмнэлгийн хуудас олгох зааврын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт байгууллага, аж ахуйн нэгжид ажилладаг иргэд, цэргийн албан хаагч ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаныг тодорхойлох, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох үндсэн баримт нь эмнэлгийн хуудас байхаар журамласан. Зөвхөн эмнэлгийн хуудсыг үндэслэн байгууллага болон нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг олгодог. Нэхэмжлэгчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг байгууллагаас олгосон болох нь түүний нэхэмжлэлд тодорхой байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно гэж хуульчилсан. Нэхэмжлэгч дээрх 4 сарын хугацаанд гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлгийн магадлагаа сунгагдсан, эсхүл үргэлжилсэн байх зохицуулалттай. Энэ тохиолдолд ажил олгогчоос биш, нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгогдоно. Хэрэв нэхэмжлэгч 4 сарын турш хөдөлмөрийн чадвараа гэмтлийн улмаас түр алдсан бол түүнд олговол зохих тэтгэмжийн хэмжээ түүний сүүлийн 3 сарын цалингийн дунджийн 50 хувиар бодогдох бөгөөд эмнэлгийн магадлагаа авсан ажлын өдрүүдээр үржүүлж тооцоолдог. Өөрөөр хэлбэл, нэг сард ажлын 22 хоногоор тооцоолбол түүний 3 сарын цалингийн дундаж 34492.6 төгрөг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны 1 сарын тэтгэмж ойролцоогоор 379,418 төгрөг олгогдох бололцоотой. Үүнийг 4 сараар үржүүлбэл нийгмийн даатгалын сангаас нэхэмжлэгид нийт 1,517,672 төгрөгийн тэтгэмж олгогдох боломжтой. Ажил олгогчоос нэхэмжлэгчид олгосон гэх 511,090 төгрөгийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээ нь түүний нэхэмжлэлдээ дурдсан 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд олгогдвол зохих тэтгэмжийн хэмжээнээс маш бага байна. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь бүрэн сарын биш, үргэлжилсэн биш, сар бүр ажлын 5 хүртэл хоногийн эмнэлгийн магадлагаа авсан байх магадлалтай. Энэ тохиолдолд нэхэмжлэгч эмнэлгийн магадлагаа дууссан өдрөөс эхлэн ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж цалин хөлсөө гэрээнд заасны дагуу авах ёстой. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хооронд үүссэн эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцаа нь иргэд хоорондын сайн дурын үндсэн дээр гэрээний үндсэн дээр үүсгэгддэг харилцаа. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчтэй хийсэн хэлцлийн улмаас төлсөн хөлсийг дээрх хуульд заасан бодит хохирол гэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Оюунгэрэлийн дүгнэлтэд: “... Нэхэмжлэгчийн мэдүүлэг нотлох баримттай зөрж байгаа учир хариуцагч тал Д.Г-д өвчтэй байсан хугацааны хөдөлмөрийн хөлсийг олгох нь зүйтэй. Үүнд өмгөөлөгчийн хөлсийг тооцохгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ж.Уад холбогдуулан гэм хорын хохиролд 1,788,910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.У хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 426 дугаар тогтоолоос үзэхэд хариуцагч Ж.У нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Д.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний баруун дал хэсэгт цохиж түлхсэний улмаас баруун бугалганы шөрмөс, баруун лабрумын урагдал, баруун гарын эрхий хуруу, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байх ба хариуцагчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн боловч гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Г-г гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна /хх-56-66/.
Дээрх үйл баримтыг зохигч шүүхэд маргаагүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн учруулсан гэмтлийн улмаас ажилгүй байсан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 4 сарын хугацааны цалин 1,800,000 /450,000*4 сар/ төгрөгөөс хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж 511,090 төгрөгийг хасч тооцон зөрүү 1,288,910 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн чадвар түр алдсан талаарх шаардлагатай нотлох баримтыг гаргаагүй үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Цагаан шонхор” ТӨҮГ-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаал, цалингийн тодорхойлолт, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгч нь дээр дурдсан гэмтэл авах үед “Цагаан шонхор” ТӨҮГ-т жижүүрээр ажиллаж байсан бөгөөд түүний сарын үндсэн цалин 450,000 төгрөгөөр тогтоогдсон байна /хх-5, 6, 7/. Мөн “Цагаан шонхор” ТӨҮГ-ын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаар албан бичигт нэхэмжлэгчийг 2018 оны 10 дугаар сараас өвчтэй байж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн болохыг тодорхойлжээ /хх-18/.
Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 1135498 дугаар эмнэлгийн хуудас, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олголтын баримтуудаар нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хугацаанд эмчлүүлэн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 158,614 төгрөг авсан, 2018 оны 10, 11, 12 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болох нь тогтоогдож байна /хх-45-48/.
Түүнчлэн нэхэмжлэгчийн өвчний картад нэхэмжлэгчийг баруун мөрний үе холбоосын шөрмөсний тасрал оношоор 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 13 хоног сунгаж хаах, цаашид харьяа дүүргийн гэмтлийн эмчийн хяналтад оруулан группын асуудлыг шийдвэрлүүлэхээр илгээх тухай Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ВВК-ын 351 дүгээр шийдвэр, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг шинээр тогтоолгох тухай Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн төв салбарын ВКК, ВТЭК-ийн шийдвэр тус тус бичигджээ /хх-36-37/.
Мөн Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 196093 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийг баруун мөр холбоос шөрмөс тасарсан оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 12 сараар тогтоосон байна /хх-33/.
Дээрх баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн учруулсан баруун бугалганы шөрмөс, баруун лабрумын урагдал, баруун гарын эрхий хуруу, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэлтэй холбоотойгоор 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй, цалин хөлс аваагүй болох нь тогтоогдож байх ба уг баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаагүй.
Үүнээс гадна Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/216/422 дугаар тушаалаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 дахь хэсэгт гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан шалгуур шинжээр тогтооно гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч дээрх гэмтлийн улмаас 2018 оны 10, 11, 12 дугаар саруудад ажлаас чөлөөлөгдөн эмчилгээ хийлгэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Харин Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуульд ажиллан 426,450 төгрөгийн цалин авсан болох нь тогтоогдож байх тул уг хугацаанд цалин хөлсийг давхардуулан нэхэмжилсэн гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах нь зүйтэй байна.
Иймээс бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин 1,350,000 /450,000*3сар/ төгрөгөөс нэхэмжлэлд дурдсан тэтгэмж 511,090 төгрөгийг хасч тооцон 838,910 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй гэж шүүх дүгнэв.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д зааснаар хохирол нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг баримтлах боловч нэхэмжлэгч нь ажил олгогчийн тушаалд заасан үндсэн цалин 450,000 төгрөгөөр тооцсон, мөн нийгмийн даатгалын байгууллагын баримтаар нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 158,614 төгрөг авсан байх боловч нэхэмжлэлд 511,090 төгрөгөөр тооцсон тул нэхэмжлэгчийн тодорхойлсноор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Түүнчлэн нэхэмжлэлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотойгоор өмгөөлөгчид төлсөн 500,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан ба бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.
Дээр дурдсан шүүхийн магадлал, тогтоолд хохирогч Д.Гн өмгөөлөгч Э.Үнэнсайхан шүүх хуралдаанд оролцсон талаар тусгагдсан, мөн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчээс өмгөөлөгч Э.Үнэнсайханд өмгөөллийн хөлс 300,000 төгрөг шилжүүлсэн байна /хх-3/. Харин нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 150,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны 5014317858 тоот дансыг өмгөөлөгчийнх гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна /хх-2/.
Шүүх дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч Ж.Уаас гэм хорын хохиролд 1,138,910 /838,910+300,000/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Уаас 1,138,910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 650,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ж.Уаас 31,884 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
Э.ЭНЭБИШ