| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/05698/И |
| Дугаар | 101/2021/00247 |
| Огноо | 2021-01-22 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 101/2021/00247
2021 01 22 101/ШШ2021/00247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М Д ХК
Хариуцагч: Г.Ц,
1,441,389.60 гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 38А байрны 69 тоот айл Г.Т ын гэрт ус алдсаны улмаас манай Эд хөрөнгийн даатгалын №231051059511 тоот гэрээт даатгуулагч Э.Амаржаргалын тус байрны 61 тоот орон сууц /доод айл/-д зочны өрөө болон унтлагын өрөөний таазны эмульс, замаск норсон хэсэгтээ хууларч, шарласан, ханын цаас хууларсан, гал тогооны өрөө, ариун цэврийн өрөөний хана, таазны эмульс замаск хууларч шарлан нийт 1,601,544 төгрөгийн хохирол учирсан байна.
Энэхүү ослын улмаас Э.Амаржаргалын эд хөрөнгөд учирсан 1,441,389.60 төгрөгийн хохирлыг “М Д” ХК-иас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг “М Д” ХК нь “Нөхөн төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэн авах гэрээ”-ний дагуу шилжүүлэн авсан.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалт болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15.1.8-д хэрэглэгч өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар эд хөрөнгөд учирсан хохирол 1,441,389.60 төгрөгийг Г.Т оос гаргуулж “М Д” ХК-д олгоно уу гэв.
Хариуцагч Г.Т нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд гаргаагүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М Д” ХК нь хариуцагч Г.Т од холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт олгогдсон 1,441,389.60 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан, “М Д” ХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгийн даатгалын тохиолдлын тодорхойлолт”-оос үзэхэд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 38А байрны 69 тоот өрхийн гал тогооны уян холбоос задарч ус алдсаны улмаас доод айл болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 38А байрны 61 тоотын тааз, обой, шал хууларч ховхорсон болохыг тодорхойлсон, 61 тоотод байрлах орон сууцны дээд давхраас ус алдсаны улмаас тус орон сууцанд учирсан хохирол 1,601,544 төгрөг болохыг Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн В19-93 дугаартай тайлангаар тогтоожээ.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 38А байрны 61 тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн Ү-2204081175 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч Э.Амаржаргал нь “М Д” ХК-тай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу дээр дурьдсан даатгалын тохиолдлоос учирсан хохирлын нөхөн төлбөр болох 1,441,389.60 төгрөгийг “М Д” ХК-иас даатгуулагчид төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр н.Амаржаргалын эзэмшдэг 1719073364 дугаартай дансанд 1,441,389.60 төгрөг шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.”, даатгалын гэрээний Зургаадугаар зүйлийн 6.1.6.-д тус тус зааснаар нэхэмжлэгч “М Д” ХК нь шаардах эрхтэй.
Дээр дурьдсан үйл баримтын талаар хариуцагч Г.Т маргаагүй буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
Хариуцагч, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд оролцоогүй нь хүндэтгэх шалтгаангүй бөгөөд шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл тогтоогдоогүй тул хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэхээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2021/01344 дугаар захирамжаар шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Г.Т оос 1,441,389.60 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М Д” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,020 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Т оос 38,020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М Д” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА