Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/106

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

хохирогч Ц.Б,

шүүгдэгч М.Хийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,

шүүгдэгч А.Сы өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.С,

шүүгдэгч М.Х, А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Мн Х, Ш овогт Аын С нарт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Т овогт Мн Х, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б аймгийн Н суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, тус аймгийн Н сумын 03 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:000000000.

2. Монгол Улсын иргэн, Ш овогт Аын С, 1978 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Б аймгийн Н суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Н сумын 03 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Б аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:000000000.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Х, А.С нар бүлэглэж, согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөрт шилжих шөнө Б аймгийн А сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Х” гэх газарт хохирогч Ц.Бын малын хашаанаас 8 тооны ямаа хулгайлж, 920.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1.Шүүгдэгч М.Х мэдүүлэхдээ: “...Миний бие “Адуучин” тэмцээнээс тэргүүн байр эзэлсэн байсан ба тухайн өдөр явж байхад шүүгдэгч А.С тааралдаж “1 шил архи авч өгөх үү” гэхээр нь “авбал авч өгье” гэж 2 шил авсан. 2 шил архийг бид хоёр ууж дуусгаад яваад өгсөн. А.С нь малаа харна гээд гол гаталж явсан. Үнэн зөвийг шийдвэрлэж өгнө үү. Хийгээгүй хэрэгтээ хэлмэгдэж байна” гэв.

2. Шүүгдэгч А.Саас мэдүүлэхдээ: “...Адуу малаа харж яваад Хтэй тааралдсан. Дүү М.Х нь “Адуучин” уралдаан, тэмцээнээс тэргүүн байр эзэлсэн тул  “шагналаа угаахгүй юм уу” гэж хэлээд архи уусан. Дараа нь би гол гаталж, М.Х үлдсэн байсан. Тэгээд гол гатлаад согтож унтчихсан байсан.

Тэгээд цагдаа ирж, морь маань уяатай байхад барьсан. Цагдаа мэдүүлэг авахад “хэнтэй хамт архи уусан бэ” гэхээр нь “М.Хтэй хамт архи уусан” гэж хэлсэн. Голын цаана адуу мал маань байсан болохоор нь адуугаа харах гэж очсон. Худлаа хэлмэгдүүлж байна. Би архи уусан үйлдэлдээ буруутгагдаж байна” гэв.

3. Хохирогч Ц.Б мэдүүлэхдээ: “...2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс мөн сарын 28-ны өдөр шилжих шөнө бог малаа хашаанд бүртгэж оруулаад, хаалгыг нь уяад гэртээ эхнэр, хүү бид гурав орсон. Оройдоо хоол унд идээд унтаж амарсан. Унтаж байхад  нохой хуцаж, мал үргэсэн болохоор нь сэрсэн. Жаахан чагнаж хэвтсэн боловч мал бүр үргээд болохоо байсан. Дараа нь хувцсаа өмсөж гэрээсээ гарч, малын хашаанд очиход битүү цагаан шороо болсон байсан ба дотор нь хүн байсан. Тухайн хүн юу хийж байгаа юм бол гэж бодоод хэсэг ажигласан. Ажиглаж харахад нөгөө хүн ямаа барьж байсан. Тэрээр дахин нэг мал руу дайрах гэхэд нь мал үргэсэн. Тухайн үед мал үргэхэд гэрт байсан эхнэр “чи яав аа, мал яагаад үргээд байна” гэж хэлсэн. Хашаан дотор байсан хүн хашаа даваад зугтахад эхнэр, хүүдээ “та нар хурдан гарч ирээч, малд хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд хашааг тойроод гүйж очиход нэг нь мориндоо мордон зугтсан. Нөгөө хүн нь мориндоо мордох гэж байхад нь хажууд нь очиход над руу “чи хэн юм, юу юм” гэж чулуу барьж дайрч байсан ба би гараас нь барьж авах үед эхнэр, хүү хоёр хүрч ирсэн. Тэр хүнийг гэрийн хажууд авч ирээд суулгаж байж байлгаад малын хашааг эргэж тойроод хартал хашааны гадна талд 8 тооны ямааг гаргасан байсан.

Дараа нь цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа ирэх хүртэл хүлээж суухад А.С аман дотроо казах хэлээр “намайг хаяад /худалдаад/ явчихлаа” гэж хэлж байсан. Тэгж хэлснийг эхнэр, хүү бид гурав сонссон. Мөн надад “цагдаа, шүүх, прокурор чинь байвал дуудаж ир” гэж хэлж над руу дайрч байсан. Би илүү дутуу юм яриагүй. С өөрөө зугтсан хүнийг “М.Х байсан” гэж цагдаагийн байгууллагад байхдаа нэрийг нь дуудаж, гэрчилж өгч байгаа. Иймд үнэн зөвөөр нь шүүж өгөхийг хүсэж байна. Хохирлыг нэхэмжлэх болно. Шүүгдэгч нарт өс хонзонгийн асуудал байхгүй. 8 тооны ямаа өөрөө үргээд хашааны гадна талд гарах ямар ч боломжгүй” гэв.

4. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Ц.Боос 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 04-12 дахь тал, хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15, 19, 21, 116-117 дахь тал/, гэрч З.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23-24, 26 дахь тал/, насанд хүрээгүй гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 28, 30 дахь тал/, хохирогч Ц.Бын бог малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 46-50 дахь тал/, шүүгдэгч А.Сы унаж явсан гэх 1 тооны адууд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 51-54 дэх тал/, шүүгдэгч А.Сы эмээл болон хазаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 55-57 дахь тал/, мөрдөгчийн адуу мал битүүмжлэх тухай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал/, мөрдөгчийн санал, Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 165 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /1 дэх хавтаст хэргийн 59-61 дэх тал/, шинжээч “А” ХХК-ны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 0000000000 дугаартай 8 тооны ямаа малд үнэлгээ тогтоосон дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 64-69 дэх тал/, мөн шинжээч “А” ХХК-ны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0000000000 дугаартай адуу малд үнэлгээ тогтоосон дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 73-77 дахь тал/, яллагдагч М.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 98-100 тал/, яллагдагч А.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 109-111 дэх тал/, хэрэг учрал болсон гэх Б аймгийн А сумын 03 дугаар багийн “Х” гэх газарт байрлах хохирогч Ц.Бын малын өвөлжөөнд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 248-250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 01-12 дахь тал/, яллагдагч М.Х, А.С нарын хамт архи уусан газар болох тус аймгийн Н сумын 03 дугаар багийн “0000000000” гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 13-18 дахь тал/, шүүгдэгч М.Хийн хар хээр зүсмийн адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 19-23 дахь тал/, гэрч Ө.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 24-26 дахь тал/, гэрч Х.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 27-28 дахь тал/, гэрч Ж.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 29-30 дахь тал/, шүүгдэгч А.С, М.Х нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /1 дэх хавтаст хэргийн 119-152 дахь тал/ болон хэрэг цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан дүгнэлт.

5. Улсын яллагчаас “шүүгдэгч М.Х, А.С нар бүлэглэж, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөрт шилжих шөнө Б аймгийн А сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Х” гэх газарт хохирогч Ц.Бын малын хашаанаас 8 тооны ямаа мал хулгайлсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг,

6. Шүүгдэгч А.Сы өмгөөлөгчөөс: “...шүүх хуралдаанд гурав дахь улсын яллагч оролцож байна. Миний үйлчлүүлэгчийг нэг бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан, үгүй бол гэмт хэрэг төгссөн тул гэмт хэргийг төгс үйлдсэн байна гэж харилцан адилгүй байр сууринаас яллаж байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанаар энэхүү гэмт хэрэг нь завдалт биш, төгссөн гэмт хэрэг байна гэж яллаж байна.

Шүүгдэгч А.С нь М.Хтэй нийлж архи уусан нь үнэн. Ингээд шүүгдэгч А.С нь согтсон байдалтайгаар хохирогчийн хотонд очсон байна. Тэрээр хохирогчийн хотонд очсоноо хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч А.С нь “хохирогчийн гэрт очсоноо санаж байна. Унтаж сэрэхэд өөдөөс нь мөрдөгч хараад зогсож байсан, тэр хооронд юу болсныг санахгүй байна” гэж мэдүүлдэг. Харин хохирогч, түүний эхнэр, хүүхдүүдийн буюу хамаарал бүхий этгээдүүдийн мэдүүлгээр “2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ний өдрийг шилжих шөнө 1 цагийн орчимд хашаа хороон дотор нэг хүн байсан ба ажиглаад харж байхад нэг ямаа гүйж байсан. Хохирогчийн эхнэрийн яагаад нохой хуцаж байна вэ гэх чанга чимээг нөгөө хүн сонсож, хашаа даваад зугтсан. Тэгээд бид нар хашааг тойроод шүүгдэгч А.Сыг барьж авсан” гэж хэлж байгаа. 2 дугаар хавтаст хэрэгт уг хашаа бүхий байдлыг харуулсан схем зураг авагдсан байна. Уг схем зургаас харвал тухайн хашаа хороо нь нийт 4 тасалгаатай дундаа нэг амбаартай болох нь харагдаж байна. 1 гэж дугаарласан бог мал хашаалдаг хэсгээс 8 тооны ямааг 4 гэж дугаарлагдсан хашаа дотор орсон шүүгдэгч А.Сы буруутай үйлдэл байгаа юу. Шүүгдэгч нар нь хашаа давуулсан эсхүл завсар зайгаар нь ямааг зөөж оруулсан эсэх нь маргаантай зүйл болж байгаа.

Нэг ёсондоо хохирогч Ц.Б болон түүний эхнэр У, хүү Б.Ма нар хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой хүмүүс байгаа. Тэд мэдээж өөрсдийн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын талаар ашигтай байдлаар мэдүүлэг өгнө. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдүүлэгч өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Хохирогч талын хүмүүс нь 8 ямааг хашааны гадна талд байсан гэж нэг мэдүүлдэг. Нөгөө мэдүүлэгтээ малыг хулгайлах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэж бас мэдүүлдэг. Гэмт хэргийн талаар өгсөн гомдол мэдээлэлдээ “үл таних 2 залуу манай ямааг авч явах гэж байгаад баригдчихлаа, бид нар барьчихлаа” гэж ярьдаг. Иймд уг байдлаас харвал дараах дүгнэлтийг гаргах боломжтой. Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхийг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ гэж заасан. Гэмт хэрэг үйлдэхээр завдсан байж болзошгүй байна. Гэтэл 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн прокурорын яллах дүгнэлт болон эрүүгийн хэрэг үүсгэж, яллагч нарт гардуулсан тогтоол энэ талаар хууль зүйн дүгнэлтийг хомс хийж, төгссөн гэмт хэрэг ерөнхийд нь дүгнэсэн. Шүүгдэгч А.С нь согтуу үедээ тухайн хохирогчийн хашаанд зөвшөөрөлгүй орсон болохыг үгүйсгэхгүй гэж хэлж байгаа. Гэхдээ тэрээр “надад ямар нэгэн мал хулгайлах ямар ч санаа зорилго байхгүй. Би өөрөө мал хөрөнгөтэй хүн” гэж хэлж байгаа. Шүүгдэгч А.С нь надад үнэн зөв мэдүүлж байна уу гээд Статистикийн газраас нотлох баримт гаргаад үзэхэд миний үйлчлүүлэгчийн нэр дээр 300 гаруй мал тоолуулсан. Мөн түүний нэр дээр машин, тээврийн хэрэгсэл давхар бүртгэлтэй байна.

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 79 дүгээр захирамжийн 8 дахь хэсэгт “Хохирогч Ц.Бын хашаа хорооноос 8 тооны ямаа мал хулгайлахыг завдсан гэх хэрэгт гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, шүүгдэгчийг яллах, цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулан шалгах нь зүйтэй байна” гэж дүгнэсэн байна. Мөрдөгчийн зүгээс дээрх 30 хоногийн хугацаанд зөвхөн яллах талын нотлох баримтыг л цуглуулсан. Шүүгчийн энэ захирамжийн биелэлтийг хангуулаагүй. Прокурорын 2 янзын яллах дүгнэлт байна. Үүнээс харвал үзэхэд зүйлчлэл огт өөрчлөгдөөгүй байна. Тийм байхад цоо шинэ яллах дүгнэлт үйлдэж байгаа. Мөн уг яллах дүгнэлтийг шүүх хуралдаанд хойшлогдсоны дараа гардуулж өгсөн байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрийн ажиллагааны маш ноцтой зүйл гэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар мөрдөгчөөс хяналтад шилжүүлсэн хэргийг хянаж үзэхэд прокуророос шийдвэр гаргаад яллах дүгнэлтийг үйлдэж дараа нь эдгээр хүмүүс гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоолгохын тулд шүүхэд шилжүүлдэг процесс явагдах ёстой.

Гэмт хэрэг гарсан гэх газарт нөхөн үзлэг хийхэд 5 ямааны зургийг л баримтжуулаад аваад ирсэн. 5 ямааны гаднаас нь харсан байдлаар нь, нэг бүрчлэн 5 ямааны баруун талаас нь, зүүн талаас нь чихний тамга байгаа хэсгийг нь харуулаад авчихсан байгаа. Үүнээс харвал 5 ямаа байсан гэж харагдахаар байна. Яагаад гэвэл 8 гэх тоо зөвхөн ганцхан хохирогчийн хэлсэн тоо гээд тоонд баригдаж уг ажиллагааг явуулж байгаа юм. Үүнээс болоод миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордож байна. Иймд эргэлзээтэй асуудал байгаа тул үүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж байна” гэх дүгнэлтийг,

7. Шүүгдэгч М.Хийн өмгөөлөгчөөс: “...шүүгдэгч М.Х нь өөрөө надад ирсэн байдаг. Тэрээр “би нэг хүнтэй хамт архи уусан байсан юм. Тэгсэн чинь намайг хулгайн асуудал холбоотой гэж сэрдэж, хардаж, улмаар аймгийн төвд авч ирээд шалгаж байна” гэж хэлсэн. Хавтаст хэрэгтэй нь танилцаж үзэхэд шүүгдэгч М.Хийн холбогдолтой асуудал нь огт тогтоогдохгүй, нотлогдохгүй байсан. Тиймээс хэрэгт холбогдолгүй хүнийг яагаад хэрэгт татаж байгаа талаас хяналтын прокурор Х.Өренд хүсэлтээ гаргасан ч хүлээж аваагүй. Дараа нь хүсэлтээ хяналтын прокурор Д.А, аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт гаргасан байгаа. Хариу нь “шүүгдэгч М.Хийг хамт архи уусан” гэсэн. Иймд өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Хийг өмгөөлж, цагаатгах байр сууринаас тайлбараа гаргаж оролцож байна. Хавтаст хэргийн материал дотор “М.Х” гэх үг орсон, түүний үйлдэл нотлогдсон зүйл байхгүй. Хохирогчийн хашаанд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шөнө 1 цагийн үед өөрөөр хэлбэл хүмүүс амарсны дараа хашаан дотор хүн байсан гэсэн асуудалд шалгалт хийгдсэн. Хохирогч мэдүүлэгтээ “нэг морьтой хүн зугтаасан, түүнийг М.Х гэж таньж чадаагүй. Өөр хэн байгааг ч мэдэж чадаагүй. Хашаан дотор нэг хүн ямаа чирч, буланд аваачих ч юм уу тиймэрхүү үйлдэл хийж байх үед нь би хэсэг хугацаанд харж байсан. Тэр хүн ганцаараа байсан” гэж мэдүүлдэг. Хэрэв хоёр хүн байсан бол 5 минутын хугацаанд 2 хүн эвсэж авах ёстой байхад ганц хүн харагдсан. Үүнээс харвал тухайн үед хашаанд ганц хүн байсан юм шиг л харагдаж байна. Харин хоёр хүн байсан эсэх нь тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.С нь мэдүүлэгтээ “би М.Хтэй хамт голын эрэгт архи ууж, дараа нь гол гатлаад цаашаагаа явсан” гэж мэдүүлдэг. Харин шүүгдэгч М.Х нь мэдүүлэгтээ “А.С нь настай хүн, саахалт айлын хүн байгаа. Түүнийг хүндэлдэг, нэг нутгийн хүмүүс байгаа. Би уралдаан, тэмцээнд 1 дүгээр байр эзэлж ирсний дараа тэрээр надтай халамцуу уулзсан. Надад 1 шил архи задлах уу гэхээр нь 1 шил архи задалсан. Дараа нь А.С адуу, малаа харна гээд хэлээд явсан” гэж мэдүүлээд байгаа. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн үед нар хязгаарлагдсан байсан үе. Тиймээс тэд 15, 16 цагийн үед архи уусан байх. Шүүгдэгч А.С нь гэгээтэй байх үед гол гатлаад явсан гэж харагдаж байна. Дараа нь тэрээр 12 цагийн үед хохирогчийн хашаанаас баригдсан байдаг.

Энэ хугацаанд энэ хэрэгт хяналт тавьдаг прокурор яагаад цагаатгах, яллах талыг нь хамтад нь шалга, тогтоо гэж үүрэг даалгавар өгөөгүй, шүүгч захирамж гаргаж байхад яагаад зөвхөн яллах талаас нь, харлуулах талаас шалгаж байна. Шүүгдэгчийн эхнэр А, хүүхдүүдийг нь асууж өгөхийг хүсэж хүсэлт гаргаж байсан. Тухайн өдрийн орой шүүгдэгч М.Х нь гэртээ очсоныг асууж өгөхийг хүсэж байсан. Эхнэр Аийн хэлж байгаагаар М.Х нь архи уусан байдалтай ирсэн. А.С нэг шил архи задалсан гэж хэлээд унтаж, амарсан гэсэн. Гэвч М.Хийн эхнэрийн мэдүүлэг нь авагдаагүй.

Хохирогчийн хувьд хотонд маань хүн орсон, үүнийг цагдаад мэдэгдсэн. Тэрнээс биш тэр орсон хүн нь М.Х байгаа, түүнийг яллаж өг гэдэг талаас хандаагүй. Шүүгдэгч М.Хийн эцэг нь М гээд хөрөнгөтэй хүн байсан.

Шүүгдэгч М.Х энэ хэрэгт холбогдолгүй цагаатгаж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох гэх заалт байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд маш тодорхой заасан” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар мэтгэлцэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

8. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.С, М.Х нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Хэргийн үйл баримтын талаар.

9. Шүүгдэгч М.Х, А.С нар бүлэглэж, согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөрт шилжих шөнө Б аймгийн А сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Х” гэх газарт хохирогч Ц.Бын малын хашаанаас 8 тооны ямаа хулгайлж, 920.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

9.1. Иргэн Ц.Боос 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “...2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шөнө 01 цагийн орчимд А сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” гэх газарт манай малын хашаанд хашсан байсан бог малаас 8 тооны ямааг үл таних морьтой хоёр залуу хулгайлж авч явах гэж байсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/,

9.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 04-12 дахь тал/,

9.3. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 248-250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 01-12 дахь тал/,

9.4. Яллагдагч М.Х, А.С нарын хамт архи уусан газар болох Б аймгийн Н сумын 03 дугаар багийн “0000000000” гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 13-18 дахь тал/,

9.5. Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие эхнэр 3 хүүхдийн хамт А сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Х” гэх газарт өөрийн өвөлжөөндөө өвөлжиж мал маллаж амьдардаг. 2023 оны 10 дугаар сарын 27-ны орой 19 цагийн үед бог мал болох хонь, ямааг тууж ирж хашаандаа оруулсан. Тухайн үед би хашааны хаалга болон урд хойд хэсгийг сайн шалгаж, түгжсэн. Тэгээд гэртээ ороод манай хүү болон эхнэр бид гурав оройн хоол цайгаа уугаад 22 цагийн үед унтаж амарсан. Тэгээд бид гурав унтаж байхад манай нохой хуцаж мал үргэсэн дуу сонсогдсон юм аа. Тухайн үед би босож цаг харахад шөнийн 01 цаг болж байсан ба, гадаа гарч малын хашаа руу харахад хонь үргэж хашаан дотор эргэлдэж байсан ба, малын хашааны дотор нэг хүн явж байсныг харсан. Тухайн үед би юу ч дугаралгүй нууцаар харж зогсож хэсэг ажигласан. Тэгэхэд манай мал дотроос ямаа барьж авч байхыг харсан. Тэгээд харж байтал гэрээс эхнэр маань надад “чи яасан бэ, мал ягаад үргэж байна” гэж чанга дуугарч орилж асуусан үед малын хашаанд байсан хүн эхнэрийн дууг сонсож шууд хашааны хойд талаас давж зугтсан. Тэгээд би эхнэр хүүдээ “гараад ир” гэж хэлчхээд зугтсан хүний араас хашаа тойрч гүйж очтол хоёр морьтой хүн байсан ба нэг нь мориндоо мордож зугтаж байсан. Тэгээд нөгөө нэг нь морио бургаснаас цулбуурыг тайлж байхад хажууд нь гүйж очих үед нөгөө хүн над руу чулууг авч намайг цохих гэж “чи хэн бэ” гэж шууд дайрсан. Тухайн үед би тэр хүнээс бултаж чулуу барьсан гарыг барьж авч гарыг мушгиж газарт унагааж дарж авч байхад манай эхнэр хүүхэд араас гүйж ирсэн байсан. Тэгээд эхнэр болох З.У, хүү болох Ма бид гурав тэр хүнийг явуулахгүй барьж гэрийн гадаа авч ирсэн.

Тэгээд манай малын хашааг тойрч харж шалгахад 8 тооны ямаа хашааны хойд хэсэгт гадаа байсан. Тухайн үед хашааны хойд хэсгийг нягталж шалгаж үзэхэд малын хашааны улиас модыг эвдэж зааг гаргаж тэрүүгээр малыг гаргасан байдалтай байсан юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан.

...Тухайн асуудал болсон үед миний үйлдэл дээр нь барьж авсан хүн бол Н сумын 03 дугаар багийн иргэн А.С гэх хүн байсан. Харин тухайн үед зугтаж явсан хүнийг М.Х гэдэг ба, түүнийг А.С өөрөө хэлж өгсөн. Тухайн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 28-ний орой 18 цагийн үед А.С манай гэрт ирж надад хандаж “та уучлаарай, дараа нь ирж уулзаж албан ёсоор уучлалт хүсье” гэж явсан. Тэрнээс хойш ирээгүй болно.

...эхнэр З.У, хүү Б.Ма бид гурав түүний явуулахгүй цагдаа иртэл барьж байсан нь үнэн.

...миний хувьд эдгээр хоёр иргэнтэй ямар нэгэн өс хонзон, таарамжгүй харилцаа огт байхгүй, иргэн М.Х, А.С нар нь намайг дээрэлхэж, басамжилсан байх гэж бодож байна. Тухайн үед би Сыг үйлдэл дээр барьчхаад байхад тэр тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, ор үндэсгүй худлаа хэлээд байсан, надад хэн нэгэн хүнийг худал гүтгэж, хэрэгт тохох гэсэн санаа зорилго байхгүй. Тухайн үед харанхуй байсан болохоор өнгө зүс сайн мэдэхгүй байна, гэхдээ хэрэг болсон газраас морь унаад зугтсан иргэн нь бараан зүсмийн морьтой байсан бөгөөд биерхүү залуу хүн байсан.

...миний хувьд Н сумын иргэн Х, С нарт маш их гомдолтой байна, би мал маллаж, тайван амьдарч чадахгүй байна, тийм болохоор миний малыг хулгайлж байгаад баригдсан эдгээр 2 иргэнээс хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна, иргэн Х, С нараас нэхэмжлэх зүйл гэвэл би миний амьдарч байгаа газар нь А сумын төвөөс 20 км газарт өөрийн тээврийн хэрэгслээр 2 удаа явж ирсэн, мөн өнөөдөр аймгийн төвд дуудагдаж ирэхдээ таксины зардал төлсөн хэдий ч би эдгээр зүйлүүдийг нэхэмжлэхгүй, харин Х, С нарт хуулийн хатуу хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна. Миний бие өөрийн биеэр шүүх хуралд оролцож эдгээр хоёр иргэн миний малыг хулгайлж байгаад баригдсан талаар гэрчлэх болно”

...тухайн үед харагдах орчин хязгаарлагдмал боловч сарны гэрэлтэй байсан би хашаагаа тойроод гараад ирэхэд надад баригдсан А.С нь мориндоо мордож амжилгүй баригдсан. Хамт явсан хүн бараан хар хээр зүсмийн нас гүйцсэн морьтой байсан. Тэр хүн саравчтай малгайтай байсан. Унаж явсан морь нь жороо явдалтай морь байсан. А.С нь надад баригдсаны дараа надтай хамт манай гэрийн байшингийн хажууд сууж байхдаа тэр амандаа нэг зүйл хэлснийг би анзаарсан. Хэлэхдээ “хаяаад /худалдаад/ явчихлаа” гэх зүйл хэлсэн. Түүнийг би ойлгохдоо тэр намайг худалдчихлаа гэх утгатай гэж ойлгосон. Манай хашааны аль ч хэсгээр мал өөрөө гарах боломжгүй. Зөвхөн хашааны хаалгаар л гарах боломжтой. Өөрөө мал маллаж байж малаа хашааны аль нэг хэсгээр гаргаж алдахыг хүсэхгүй. Тийм учраас орой болгон малаа бүртгэж, хашааныхаа бүрэн бүтэн байдлыг хардаг.

Хэрэг болсны дараа манай гэрт А.С ирээд надаас болон манай эхнэрээс уучлалт гуйсан. Хэрэв ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй бол яах гэж надаас болон манай эхнэрээс уучлалт гуйж ирэх вэ” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15, 19, 21, 117, 244-247 дахь тал/,

9.6. Гэрч З.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...тухайн үед унтаж байхад манай нохой хуцаж мал үргэсэн дуу сонсогдсон ба, манай нөхөр бас сонсож “би гадаа гарч харчхаад ирнэ” гэж хэлж гараад явсан. Тэгээд хэсэг чимээгүй болохоор нь би хүүгээ сэрээж хувцсаа өмсөж нөхөртөө хандаж “чи яваа, мал яагаад үргэж байна вэ” гэж асуухад нөхөр болох Ц.Б “та хоёр хурдан гараад ир, малын хашаанд хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд хүү болох Ма бид хоёр гадаа гүйж гарч ирэхэд манай нөхөр хашаа тойрч гүйж байсан. Тухайн үед хүү бид хоёр бас хашаа тойрч гүйж очтол хоёр морьтой хүн байсан ба нэг нь мориндоо мордсон зугтаж байхыг харсан. Харин нөгөө нэг хүн нь манай нөхөртэй ноцолдож байсан юм. Тэгээд хүү болох Б.Ма бид хоёр очиж тусалж тэр хүнийг явуулахгүй барьж гэрийн гадаа авч ирж манай малын хашааг тойрч харж нягталж шалгахад 8 тооны ямаа хашааны хойд хэсэгт гадаа байсан. Тухайн үед хашааны хойд хэсгийг дахиж шалгаж үзэхэд малыг хашааны зүүн талын улиас модыг эвдэж тэрүүгээр гаргасан байдалтай байсан. Тэгээд манай нөхөр болох Ц.Б цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23, 26 дахь тал/,

9.7. Насанд хүрээгүй гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...тухайн үед шөнийн 01 цагийн орчимд намайг унтаж байхад ээж сэрээж “боосоорой мал үргэж байна, аав чинь гадаа гарч явсан” гэж хэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөж байхад аав Ц.Б ээж бид хоёрт хандаж “хурдан гараад ир, манай хотонд хулгай орсон байна, малын хашаан дотор хүн явж байна” гэж хэлчхээд гүйгээд явсан. Тухайн үед ээж, бид хоёр хагас дутуу хувцсаа өмсөж аавынхаа араас гүйж очиход аав нэг хүнтэй ноцолдож байсан ба, түүний цаана бас нэг морьтой хүн цаашаа давхиад зугтаж явж байсныг харсан. Тэгээд аав дээр очиж ээж бид хоёр тусалж тэр хүнийг явуулахгүй гэрийн гадна ойртуулан авч ирж ээж бид хоёр тойрч малын хашааг шалгасан. Тухайн үед манай малын хашааны зүүн хойд талд 8 тооны ямаа гарсан байсан. Тэгээд аав, ээж цагдаагийн байгууллагад хандсан.

...тэгээд цагдаа нар ирж хэргийн газрын үзлэг хийж байхад тэр А.С гэх хүн над руу хандаж “надад бас чам шиг хүүхэд байгаа, би чамайг харна” гэж заналхийлсэн. Тухайн үед би айгаад хэнд ч хэлээгүй байсан юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 28, 30 дахь тал/,

9.8. Гэрч Ө.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний мэдэж байгаагаар А.С байнга ганцаараа ирж дэлгүүрээс эд зүйл худалдаж аваад явдаг юм, тэр үед А.С, М.Х нар хоёулаа хамтдаа манайд ирж дэлгүүрээс архи авсан санагдаж байна. Тухайн үеийн өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 2023 оны 10 дугаар сарын эцэс, намар цаг байсан, манай нөхөр Аманбек малаас ирээгүй байсан бөгөөд 17-18 цагийн орчимд байсан байх тэр хоёр ирээд манай дэлгүүрээс 1 шил архи худалдаж авсан. А.С, М.Х хоёр яг ямар им тамгатай морь унаж явсныг анзаарч хараагүй, ямар байсан ч дараа нь /хар хээр хүрэн/ зүсмийн морьтой явсан, тэр хоёр морио унаад цаашаа эргээд хурдлаад явсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

9.9. Гэрч Х.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “М.Хийн адуунууд ихэвчлэн бараан, хар хээр зүсмийн адуунууд голчлон байдаг бөгөөд жороо морь яг өөрт нь байдаг эсэх талаар мэдэхгүй байна, түүний хамаатан авга ах нарт нь жороо морь байдгийг харж байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

9.10. Гэрч Ж.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “А.Сы аавд нь өмнө нь жороо морь байдаг байсан, тухайн жороо морийг А.С унадаг байсан, сүүлийн хэдэн сар тухайн морь харагдаагүй. Харин М.Хт яг өөрийнх нь жороо морь мөн эсэхийг мэдэхгүй нэг хар хээр зүсмийн жороо морь өмнө нь унаж яваа харагддаг байсан. М.Хийн авга ах Тилеген гэх хүнд жороо морь байдаг, тухайн морийг тэр хавийн ах, дүү нар нь бүгд л унадаг, хааяа М.Х жороо морь унаж хэрэглэж яваа харагдсан, яг хэний жороо морь гэдгийг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

9.11. Хохирогч Ц.Бын бог малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 46-50 дахь тал/,

9.12. Шүүгдэгч А.Сы унаж явсан гэх хээр зүсмийн 1 тооны адууд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 51-54 дэх тал/,

9.13. Шүүгдэгч М.Хийн хар хээр зүсмийн адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 19-23 дахь тал/,

9.14. Шүүгдэгч А.Сы эмээл болон хазаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 55-57 дахь тал/,

9.15. Шинжээч “А” ХХК-ны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 0000000000 дугаартай “...2023 оны 10 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 5 настай сэрх, гунан сэрх, эх ямааны үнэлгээг хүснэгтэд тайлбартай гаргав. Нийтдээ 920.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 64-68 дахь тал/,

9.16. Яллагдагч М.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдөр би гэрийнхээ ойролцоо мал хариулж явсан юм. Тэр үед цаг оройхон байсан байх 17 цагийн орчимд байсан, манай сумын иргэн А.С нь тааралдсан бөгөөд бид хоёр ойр зуурын юм ярилцаж байгаад С надад “...чи саяхан болсон “Адуучин” тэмцээнд 1 дүгээр байранд орсон биз дээ, ганц шил архи хийхгүй юм уу...” гэсэн. Тэгээд ойролцоо дэлгүүр байдаг болохоор тухайн газраас нэрийг сайн санахгүй байна 0,5 литрийн 1 шил архи, С мөн 0,5 литрийн 1 шил архи авч бид хоёр голын эрэг, модон дотор суугаад, тухайн 2 шил архийг хувааж уусан. Тэгээд цаг нэлээд орой болж гадна харанхуй болсон байсан бөгөөд С ч нэлээд согтсон. Би Сыг явъя гэж хэлэхэд С нь би голын цаад талд гарч айлд очиж хононо, би маргааш адуу хайх ёстой гэж хэлээд явахгүй болохоор нь би Сыг тухайн архи ууж байсан газарт орхичхоод гэр рүүгээ харьсан юм. Голын цаад тал бол Аийн газар нутаг юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 98-100 дахь тал/,

9.17. Яллагдагч А.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна, тогтоолтой холбоотой асуудлаар дэлгэрэнгүй ярьж өгье. Тухайн өдөр Н сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр “Дөш” гэх газар, арал орчим өөрийн хэдэн адуугаа хайгаад явж байх үеэр манай сумын 03 дугаар багийн иргэн М.Х надтай тааралдсан. Тухайн үед орой нь 17 цагийн орчим байсан байх Х нь өмнө нь “Адуучин” тэмцээнд оролцоод нэгдүгээр байр эзэлсэн байсан тул би түүний баярыг хуваалцах гээд Хтэй хамт 2 шил 0,5 литрийн архи хувааж уусан. Тухайн газарт Х бид хоёр хэсэг ярилцаж суусан бөгөөд би нэлээд согтсон юм. Тэгээд Х намайг явъя гэж хэлэхэд нь би Х гол гаталж голын цаана байгаа Аийн айлуудын аль нэг гэрт нь хоноод маргааш адуугаа хайгаад явахгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд Х намайг дагуулаад бид хоёр мориор Х гол гаталж гарсан.

...нэг мэдэхэд Бын гэрт байсан бөгөөд Б намайг чи миний хотоноос ямаа хулгайлж байгаад баригдсан, одоо сумаас цагдаа дуудсан байгаа болохоор хүлээж бай гэж хэлсэн.

... тухайн үед Х хар зүсмийн морьтой, би хээр зүсмийн морьтой байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 109-111 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

10. Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ц.Б, гэрч З.У, насанд хүрээгүй гэрч Б.Ма, гэрч Ө.А, Ж.С нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Бын бог малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яллагдагч М.Х, А.С нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, шүүгдэгч М.Х, А.С нарын хамт архи уусан газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхэд шүүгдэгч М.Х, А.С нар нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны орой Б аймгийн Н сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “0000000000” гэж газарт мал хариулах, адуу мал эрж хайх явцад тааралдаж, 0,5 литрийн хоёр шил архи авч уугаад тус аймгийн А сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газар луу гол гаталж, улмаар бүлэглэж, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөрт шилжих шөнө тус газарт өвөлжиж байсан хохирогч Ц.Бын малын хашаанаас 8 тооны ямааг хулгайлан хашаанаас гаргаж, дахиж мал хулгайлах явцад мал үргэсэн чимээгээр хохирогч Ц.Б гэрээсээ гарч, эхнэр хүүхдээ дуудахад шүүгдэгч М.Х, А.С нар морь луу чиглэн зугтаж, шүүгдэгч М.Х нь мориндоо мордож давхисан, харин шүүгдэгч А.С нь мориндоо мордож амжилгүй баригдсан үйл баримт, нөхцөл байдал бүрэн тогтоогджээ.

11. Хохирогч Ц.Бын мэдүүлгээс үзэхэд зугтаж явсан хүн шүүгдэгч М.Х мөн болохыг шууд зааж өгч чадаагүй боловч цагдаад дуудлага өгөөд мэдүүлэг авах үед шүүгдэгч А.С нь хамт явсан хүн “Мн Х” болохыг хэлж байсан, мөн тухайн цаг хугацаанд шүүгдэгч М.Х, А.С нартай өөр хэн нэгэн тааралдаж, хамт согтууруулах ундаа хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй буюу шүүгдэгч М.Х, А.С нартай хамт өөр этгээд байгаагүй байна.  

12. Хохирогч Ц.Б, гэрч З.У, насанд хүрээгүй гэрч Б.Ма нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч М.Х, А.С нар нь бүлэглэж, 8 тооны ямааг хашаанаас гаргаж авсан талаар тодорхой мэдүүлсэн байх ба мөрдөгчөөс хэргийн газар үзлэг хийх үеэр энэ тухай тэмдэглэсэн байна.      

13. Энэ хэргийн хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч мэдүүлэг авсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгчөөс энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй тул хууль ёсны үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэв.

Эрх зүйн дүгнэлт.

14. “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан”-аар тодорхойлж, зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.”, “-Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно“ гэж заасан байх ба мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж”, “бүлэглэж” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тус тус хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.

15. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1. “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3. “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заажээ.

16. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.Х, А.С нар бүлэглэж, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөрт шилжих шөнө Б аймгийн А сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Х” гэх газарт хохирогч Ц.Бын малын хашаанаас 8 тооны ямаа мал хулгайлж хашааны гадна талд гаргаж, өөрсдийн эзэмшилдээ авсан, хөрөнгийг захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна.

17. Шүүгдэгч М.Х, А.С нар нь бүлэглэж, согтуурсан үедээ хохирогч Ц.Бын олон тооны мал буюу 8 тооны ямааг хулгайлж, 920.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулжээ.

18. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүхээс хүлээн авч, шүүгдэгч М.Х, А.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

19. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан “хэргийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх, цагаатгаж өгөх” тайлбар, дүгнэлт нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул хүлээн авах боломжгүй байна.  

20. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай хэлбэр, хялбар аргаар хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

22. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

23. Шүүгдэгч М.Х, А.С нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид 8 тооны ямаа буюу 920,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч А.С гэмт хэрэг үйлдсэн даруй хэргийн газарт хохирогчид баригдсан, шүүгдэгч М.Х зугтаж явсан боловч хохирогч Ц.Б нь уг 8 тооны ямааг хүлээн авч, мал сүрэгтээ нийлүүлсэн нөхцөл байдал тогтоогджээ.

24. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Б нь иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг, мөн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Х, А.С нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

25. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг бусдын олон тооны малыг хулгайлж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар хэсгийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар тус бүрд нь 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

26. Шүүгдэгч А.Сы өмгөөлөгчөөс “Шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тус гэмт хэрэгт хохирол, хор уршиг тодорхойлогдоогүй байгаа. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Энэ гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь миний үйлчлүүлэгч болон М.Х нар архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж согтуудаа өөрийнхөө хийсэн үйл холбогдол хийсэн байна. Улсын яллагчийн санал болгож байгаа 3 жил 6 сарын хорих ялыг багасгаж 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулахаар дүгнэлт гаргаж байна. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч урьд өмнө “мал хулгайлах гэмт хэрэг”-т холбогдож, ял шийтгүүлж байгаагүй. Олон хүүхэдтэй, том нь 22 настай, бага нь 7 настай, бага насны хүүхэдтэй юм байна. Дээрээс нь өөрийн гэсэн мал, хөрөнгөтэй юм байна. Тэрээр бага боловсролтой. Миний үйлчлүүлэгч батлуулсан гэр бүлтэй байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж 2 жилийн хорих ял оногдуулах боломжтой гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

27. Шүүгдэгч М.Хийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч М.Хийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд өмгөөлөгчийн зүгээс эргэлзэж байна. Шүүхийн шийдвэрийг эргэлзээтэй гарсан гэж үзэж байгаа тул өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргах болно” гэх дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

28. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Х, А.С нарт үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.  Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.

29. Шүүгдэгч М.Х, А.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

30. Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Хийн хувьд 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, малчин, урьд нь ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал, мөн шүүгдэгч А.Сы хувьд 1978 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байна.

31.  Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

32. Шүүгдэгч М.Х, А.С нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Х, А.С нарын бүрд 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх ба шүүхээс шүүгдэгч М.Х, А.С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт өгсний үндсэн шүүгдэгч нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

34. Шүүгдэгч М.Х, А.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

35. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт шүүгдэгч А.Сы өмчлөлийн 1 тооны хээр зүсмийн адууг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээв.

36. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2. ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3. “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.

37. Хуулийн дээрх зохицуулалтыг журамлан шүүгдэгч М.Хийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.300.000 төгрөгийн хар хээр зүсмийн 6-7 насны 1 тооны морийг, мөн шүүгдэгч А.Сы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.300.000 төгрөгийн хээр зүсмийн 1 тооны морийг, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхгийг албадан гаргуулж улсын төсөвт тус тус шилжүүлэх нь зүйтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч М.Хийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хар хээр зүсмийн 6-7 насны 1 тооны моринд үнэлгээ тогтоож битүүмжлээгүй боловч үнийг нь 1.300.000 төгрөгөөр тооцсон болно.

38. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Х, А.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, шүүгдэгч М.Х, А.С нарын эдлэх хорих ялыг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

39. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч М.Х, А.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Мн Х, Ш овогт Аын С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Х, А.С нарын бүрд 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х, А.С нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч М.Х, А.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Б нь иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт шүүгдэгч А.Сы өмчлөлийн 1 тооны хээр зүсмийн адууг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Хийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.300.000 төгрөгийн хар хээр зүсмийн 6-7 насны 1 тооны морийг, мөн шүүгдэгч А.Сы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.300.000 төгрөгийн үнэтэй хээр зүсмийн 1 тооны морийг, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхгийг албадан гаргуулж улсын төсөвт тус тус шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Х, А.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч М.Х, А.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ