| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2024/0333/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/351 |
| Огноо | 2024-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/351
2024 05 15 2024/ШЦТ/351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ХХ овогт Д.Х-д холбогдох эрүүгийн 00000 0000 0000 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Урангоо, шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Х нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ хорооллын ХХ дугаар байрны ХХ тоотод согтуурсан үедээ Ц.Ч-тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар шууд санаатай үйлдлээр түүнийг үсдэж, газар унагаж, гараараа цохин, биед нь халдаж, түүний эрүүл мэндэд “зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун, зүүн дал, зүүн бугалга, тохойн, шуу, баруун, зүүн ташаа, баруун гуя, өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Шүүгдэгч Д.Х нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Х-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Тухайн үед бага зэргийн согтолттой байсан нь үнэн. Ч. намайг хүүхдээ цэцэрлэгээс авчих гэсний дагуу би хүүхдийг нь аваад гэртээ байлгаж байсан. Тухайн үед хохирогч, бид хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний хувьд хохирогчийг 2016 оноос таньдаг болсон ба боломжоороо харилцан биедээ дэм тусаад болоод, эгч дүүс шиг л байдаг байсан. Тухайн өдөр бид хоёр эвлэрсэн байсан, гэтэл сарын дараа Цагдаагийн байгууллагаас яриад, надад хэргийн талаар хэлэхэд нь би мэдсэн Тухайн үедээ Ч-г 2.0 сая төгрөг өгчих гэхээр нь би одоогийн байдлаар надад мөнгө байхгүй байна гэж хэлсэн чинь, шүүх эмнэлэгт үзүүлнэ гээд явсан. Тэгээд шүүх эмнэлэгт үзүүлээд цагдаад өгсөн юм шиг байсан. Одоо хохирогчтой харилцаа холбоо байхгүй болсон. Хохирогч 2.0 сая төгрөгөөс өөр мөнгө нэхэмжлээгүй. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна., маргах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг.
Гурав. Эрүүгийн 00000 0000 0000 дугаартай хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай дуудлагын лавлагааны хуудас (хэргийн 9 дэх тал),
2. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст Ц.Ч-ийн бичгээр гаргасан өргөдөл (хэргийн 11 дэх тал),
3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 12-13 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ч-ийн хохирогчоор өгсөн:
“...2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр үсчинд үсээ будуулаад сууж байтал Б.С гэдэг найз маань уулзахаар ирсэн. Тэгээд бид хоёр солонгос хоолны газар орж хоол идээд сууж байтал манай охины цэцэрлэгийн багш залгаад “танай охин ганцаараа үлдчихлээ, та ирэх болж байна уу” гэж асуухаар нь би “20-30 минутын дараа очно, болох уу” гэхэд багш нь “би гарах гээд яараад байна” гэсэн.
Тэгэхээр нь хуурай эгч болох Д.Х-ийн 00000000 гэсэн дугаарын утас руу нь залгаад “та түр манай охиныг аваад харж байж болох уу, би удахгүй очлоо” гэж гуйхад “би уучихсан байна, 2 хүүхдээ явуулаад авхуулъя, тэгээд гэртээ хараад байж байя” гэсэн юм. Х. эгчтэй ярьснаас хойш 10 минутын дараа манай охины цэцэрлэгийн багш нь “бага насны хүүхдэд өгч явуулах боломжгүй, би өөрөө хүргэж өгье, та хурдан ирээд аваарай” гэсэн. Тэгээд Х-ийн гэрт орохоосоо өмнө дэлгүүр ороод зайрмаг, банш, 3 шил 0.5 мл хэмжээтэй хайнекен гэдэг нэртэй пиво аваад гэрт нь орсон.
Х. эгч ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд, намайг шууд үсдээд доош нь харуулж газар унагаад нуруун дээр гарч суугаад “миний ачаар өдий зэрэгтээ явж байгаа биз дээ, муу янхан, гичий минь, яах гэж энд нүүж ирсэн юм, надад гай болох гэж ирсэн юм уу” гээд хэлэх хэлэхгүй үгээр хараагаад, миний үснээс нэг гараараа зулгаагаад, нөгөө гараараа толгой руу гараа зангидаж байгаад цохиод байсан.
Тэгээд би “хүүе болиоч ээ, би амьсгалж чадахгүй байна шүү дээ, болиулаач ээ, туслаарай” гээд хашхирсан. Би үснээсээ гарыг нь тавиулаад арай гэж босож ирсэн ба Х-ийн хажуу айлынх нь хүмүүс хаалга тогшиж орж ирээд “та нар юу болоод байгаа юм бэ” гэхээр нь би “энэ эгч намайг зодоод байна” гэж хэлсэн. Тэгэхэд хажуу айлынх нь эгч “манай гэр лүү оръё, цагдаа дуудаад өгье” гэхээр нь би охинтойгоо хажуу айл руу нь хамт орсон.
Хажуу айлд нь байж байтал Х. гаднаас орж ирээд, намайг доромжлоод байсан ба тухайн айлын эмэгтэй “цагдаа дуудчихсан байгаа, цагдаа нарыг ирэхээр нь учраа ол” гэж хэлээд Х-г гэрээсээ гаргасан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16-17 дахь тал ),
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Х-ийн гэрчээр өгсөн:
“...Манай найз Х., бид хоёр 17 цагийн үед гэрийнх нь доод давхарт байрлах дэлгүүрээс 4 ширхэг 0.5 литрийн пиво аваад гэрт нь орж хувааж уугаад юм ярьж суусан. 21 цаг өнгөрч байх үед үл таних хоёр эмэгтэй орж ирсэн. Орж ирэхдээ 6 ширхэг 0.5 литрийн пиво барьж орж ирсэн ба бид нар хамт ширээнд суухаар болсон.
Тэгээд танилцахад Х-тэй утсаар ярьж хүүхдээ авхуулсан эмэгтэй өөрийгөө Ц. гэж танилцуулсан. Хамт явсан эмэгтэй нь С. гэж танилцуулсан. Тэгээд Ц., Х. хоёр урьдах харилцаанаас үүссэн байсан асуудлаа ярьж байгаад маргаан үүсгэж эхэлсэн. Тэгэхэд Ц. нь шүдээ зуугаад, хавираад, шүлсээ үсчүүлээд байхаар нь миний дугуй хүрээд орж ширээнээс босож, ариун цэврийн өрөө орсон. Тэгээд төд удалгүй хашгирах чимээ гарахаар нь ариун цэврийн өрөөнөөс гараад хартал Ц., Х-ийн дээр нь гараад суучихсан, хоёр биеийгээ үстчихсэн байсан юм. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Тэгэхэд Ц. нь “намайг зодчихлоо, Х-г ална аа” гээд орилж чарлаад, гал тогооны шүүгээнээс ямар нэг зүйл хайгаад байсан юм. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад “хүмүүс зодолдож, гаднаас хүмүүс орж ирээд танхайраад байна” гэж дуудлага өгсөн. Тэр үед Ц-н хүүхэд нь өмдөндөө дахиад шээчихсэн байсан тул өмдийг нь тайлчихсан байсан юм. Тэгээд Ц. нь охиноо аваад, “найзыгаа явъя” гэхэд найз нь “би явахгүй” гээд бид нартай үлдсэн.
Тэгтэл Ц. нь 30-40 минутын дараа өөр нэг танихгүй эмэгтэйтэй хамт Х-ийн гэрийн хаалгыг тогшоод байхаар нь онгойлгож өгөхөд орж ирээд Х-тэй хэрүүл маргаан хийгээд, нөгөө найз эмэгтэйдээ гаднаас нөгөө 3-г оруулаад ир гээд байсан ба тэр найз эмэгтэй нь яах гээд байгаа юм, би гадаа гараад хүлээж байя гээд гараад явсан. Тэгээд тэр үед Х. тэр хоёр ярилцаад, хоорондоо эвлэрээд, эгч дүү болоод нэг нэгийгээ үнсээд эвлэрсэн. Тэгээд цагдаа нар ирээд Ц-ийг аваад гарсан.
Маргааш нь Ц. тархи толгой хөдөлсөн, шүүх эмнэлэгт үзүүлнэ гэж хэлсэн. Би маргааш нь буюу 2023 оны 9 сарын 30-ны өдөр Х-ийн гэрт байж байгаад нөхрөө дуудаад гэртээ харихаар явсан юм. Х. нь найзархаг, бусдад тусалдаг, муу санадаггүй төрлийн хүн. Гэртээ хүүхдүүдээ хичээл сургуульд нь зөөж, гэрээсээ, утсаараа ажил төрлөө хийгээд байж байдаг. Х. архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ унтчихдаг, эсхүл хоол их иддэг бөгөөд хүнтэй муудах, орилж хашгирах, авиргүй зан үйлдэл огт гаргадаггүй.
2023 оны 09 сарын 29-ний өдөр Х. бид хоёр дэлгүүрээс 4 лааз пиво авч, тус бүр 2, 2 лаазыг уусан байсан. Харин Ц. нь Х-ийн гэрт ирэхдээ нэлээн согтсон байдалтай ирсэн ба гаднаас элээн олон ширхэг шилтэй пиво авч орч ирсэн ба тэрнээсээ нэг шилийг задлаад уусан юм.
Тухайн үед Ч-ийн биед ил харагдах гэмтэл шарх үүссэн эсэхийг мэдэхгүй байна, харин Х-ийн 2 хөхний хэсэгт, гарынх нь булчингийн хэсэгт, хөлийн гуяны хэсэгт хөхөрсөн байсан ба үс нь унасан байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 19-20 дахь тал),
6. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтэд:
“1. Ц.Ч-ийн биед тухайн үед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун, зүүн дал, зүүн бугалга, тохойн, шуу, баруун, зүүн ташаа, баруун гуя, өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл учирчээ.
2. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарт нөлөөлөхгүй.
5. Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №00000 дүгнэлтийн 4-р хариултаас бусад хариулттай санал нийлж байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 43-46 дахь тал),
7. Хохирогч Ц.Ч-ийн эмчилгээ, шинжилгээтэй холбоотой гаргасан баримтууд (хэргийн 28-31, 92-94, 95-99 дахь тал),
8. Шүүгдэгч Д.Х-ээс хохирогч Ц.Ч-т эмчилгээний зардал төлбөрт 2.0 сая төгрөг нөхөн төлсөн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулга баримт (хэргийн 101-102 дахь тал),
9. Хохирогч Ц.Ч-ийн “ ...хуурай эгч Х-тэй үл ойлголцлоос болж миний биед хөнгөн гэмтэл учирсан, тус гэмтлийн эмчилгээний зардлыг бүрэн төлж бараггдуулсан учир цээшдээ эмчилгээ болон энэ хэргийн тал дээр санал гомдол байхгүй. Хохирол бүрэн барагдсан тул хэргийг хялбашуулсан журмаар шийдвэрлүүлэх боломж олгож өгнө үү” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хэргийн 121, 123 дахь тал),
10. Хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол (хэргийн 124 дэх тал),
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Х-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн:
“...Би 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр найз Х-тай гэртээ уулзаад байж байтал Ч. оройны 18 цаг 40 минутын үед над руу залгаад “манай охиныг аваад өгөөч” гэсэн юм. Тэгэхээр нь би “эгч нь чадахгүй, найз маань ирчихсэн байна” гэж хэлсэн чинь дахин дахин залгаад “би уучихсан байна, та манай охиныг аваад өгөөч” гээд гуйгаад байхаар нь би дунд хүү, 10 настай Б.. дүү А. нарыг охиныг нь авхуулахаар явуулсан.
Манай хоёр хүүхэд охиныг нь аваад ирэхээр нь хоол идүүлсэн. Манай хүүхдүүдийн хамт жижиг өрөөнд оруулж тоглосон. 21 цагийн үед Ч. 6 шил хайнекен, 1 кг бууз барьчихсан, найзынхаа хамт орж ирсэн. Бууз болох зуур бид 4 нэг нэг пиво задлаад, ойр зуурын зүйл ярьсан. Ч. удалгүй над руу агсарч, элдэв бусаар ярьж, хэлж, хуруугаараа чичээд, шүлсээ хаяад байхаар нь би “хүний гэрт ирчхээд болиоч ээ, тайван байгаач ээ” гэж хэлсэн юм.
Тэгээд “манай хүүд чи 20.000 төгрөг өгнө гэсэн биз дээ” гэж асуусан чинь босоод аягтай уус уучхаад аягаа тавиад, намайг шууд үсдэхээр нь би ч бас биеэ хамгаалаад үсдэж, бид хоёр зэрэг шалан дээр унасан. Тэр үед миний хөхнөөс базаж, чимхсэн ба манай найз Х., С. хоёр “хүүе болиоч ээ, тавиач ээ” гээд Ч-ийг тавиулах гэсэн боловч үснээс зулгаачхаад огт тавихгүй байсан.
Гаднаас хажуу айлын эмэгтэй орж ирээд “би цагдаа дуудчихсан” гэж хэлээд бид хоёрыг салгасан. Ч. нь хөрш айлын эмэгтэйг дагаад гэр лүү нь орчихоор нь би араас нь дагаж ороод “энэ маргаан бусад хүмүүсд хамаагүй, манайх руу оръё” гэхэд Ч. надтай хамт орсон. Ч. нь бас нэг найзыгаа дуудсан. Найз нь манайд орж ирчхээд намайг болон жирэмсэн найз Х-г зодох гээд гараа далайгаад байхаар нь би уйлаад, гуйгаад байж байтал манай том хүү “ээж хоолойн бамбайн зангилаан хавдартай” гэж хэлсэн чинь намайг зодох гэж байсан эмэгтэй “нялх хүүхэдтэй юм байна” гэж хэлээд зодохоо больсон.
Ч., бид 2 эвлэрсэн. Ч. нь охин болон найзын хамт гарахдаа С. найзыгаа “гаръя” гэхэд С. нь “би гарахгүй, гарвал намайг зодчихно” гээд манай гэрт үлдсэн. Ч. нь охиноо гэртээ үлдээчхээд, нөгөө найзтайгаа буцаж ирээд, манай гэрийн хаалгыг нүдээд “С. чи гараад ир” гээд орилоод, нүдээд байхаар нь хаалгаа огт нээгээгүй. Х. цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд айлын амгалан тайван байдал алдагдууллаа гээд түүнийг аваад явсан.
Ч. бид 2 харилцан бие биеэ үсдэлцэж газарт хамт унасан. Ч. пивоны шил бариад миний толгой руу цохих гээд байхаар нь би биеэ хамгаалсан. Тухайн үед Ч. бид 2 эвлэрчихсэн байсан болохоор шүүх эмнэлэгт үзүүлье гэж бодоогүй. Маргааш нь халуураад 3 өдөр босож чадаагүй. Би тухайн өдөр Ч-ийн охиныг цэцэрлэгээс нь авч гэртээ харсан нь буруу боллоо. Маш их харамсаж байна. Бид хоёр харилцан зодолдсон хэдий ч Ч-т учирсан хохирлыг би барагдуулах болно.
Ч-т учруулсан хохирол болох 2.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гомдол, саналгүй гэсэн тул хэргийг маань хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 50-51, 54 дэх тал) болон шүүгдэгч П.Х-ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 66 дахь тал), хх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шаьны шүүхийн 2016 оны 12 сарын 21-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоол (хэргийн 77-81 дэх тал), мөн шүүхийн 2023 оны 01 сарын 03-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоол (хэргийн 83-85 пахь тал), ШШГЕГ-ын Хорихоос төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 10-01/505 тоот “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногуулсныг бүрэн эдэлж дууссанаар 2023 оны 12 сарын 23-ны өдрийн 24/007 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон” гэх албан бичиг (хэргийн 91 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хэргийн 68 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэн одоо эзэмшиж байгаа) (хэргийн 71 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 72 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хэргийн 73 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 74 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Х-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Х, хохирогч Ц.Ч нар нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Ханбогд хорооллын 407 дугаар байрны 119 тоот дах шүүгдэгч Д.Х-ийн гэрт архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн өөр хоорондоо маргалдаж, улмаар харилцан биенээ үсдэлцэх, үсдэлцэх явцдаа газар унах зэргээр хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогч Ц.Ч-ийн биед “зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун, зүүн дал, зүүн бугалга, тохойн, шуу, баруун, зүүн ташаа, баруун гуя, өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан дээр дурьдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Ц.Ч-ийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун, зүүн дал, зүүн бугалга, тохойн, шуу, баруун, зүүн ташаа, баруун гуя, өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт” гэмтэл нь шүүгдэгч Д.Х, хохирогч нар нь харилцан биенээ үсдэлцэх, үсдэлцэх явцдаа газар унах зэргээр хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Түүнчлэн хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хэргийн хохирогч Ц.Ч нь согтуурхан, айлын гэрт зүй бус авир гаргаж, хэрүүл маргаан үүсгэсэн зохих буруутай байдал тухайн эмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Х-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх ба хэргийн шүүгдэгч Д.Х нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хан-Уул дүүргийн прокуророос Д.Х-ийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгэр зйүлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Д.Х-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Энэ хэргийн хохирогч Ц.Ч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Хохирогч Ц.Ч-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хэргийн хохирогч Ц.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн зардлын 589.500 төгрөгийн баримт (хэргийн 28-31 дэх тал), Энх мэдрэлийн эмнэлгийн өдрийн эмчилгээний зардлын 1.639.500 төгрөгийн (хэргийн 96 дахь тал) баримтыг тус тус хэрэгт гаргаж өгсөнөөс шүүгдэгч Д.Х нь 2024 оны 01 сарын 22-ний өдөр 1.800.000 төгрөг, 2023 оны 11 сарын 04-ний өдөр 200.000 төгрөгийг тус тус хохирогчийн Хаан банк дахь 5400171180 дугаартай дансанд шилжүүлсэн төлсөн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, харилцах дансны хуулга баримтууд (хэргийн 101-102 дахь тал) хэрэгт авагдсан байх ба хохирогч Ц.Ч-ийн: “ ...хуурай эгч Х-тэй үл ойлголцлоос болж миний биед хөнгөн гэмтэл учирсан, тус гэмтлийн эмчилгээний зардлыг бүрэн төлж бараггдуулсан учир цээшдээ эмчилгээ болон энэ хэргийн тал дээр санал гомдол байхгүй. Хохирол бүрэн барагдсан тул хэргийг хялбашуулсан журмаар шийдвэрлүүлэх боломж олгож өгнө үү” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хэргийн 121, 123 дахь тал) баримтаар нотлогдсон байна.
Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигийн нөхөн төлбөрт шүүгдэгч Д.Х-ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хэргийн шүүгдэгч Д.Х нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 21-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 0000/ШЦТ/00 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногуулсныг бүрэн эдэлж дууссанаар 0000 оны 00 сарын 00-ны өдрийн 00/000 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болсон талаар хэрэгт баримттай байна.
“Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааж хуульчилсан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, түнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал болохгүй.
Шүүх, шүүгдэгч Д.Х-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариулага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэргийн хохирогч Ц.Ч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” снийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан,
- Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд хохирогчийн эмчилгээ үйлчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор Д.Х-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Хохирогч Ц.Ч-ийн “Мед травма” эмнэлгийн толгойн КТГ-ийн шинжилгээний бичлэг бүхий 1 ширхэг CD, “Нинжин” эмнэлгийн СТ толгойн шинжилгээний бичлэг бүхий CD 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэж, энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Ч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ХХ овогт Д.Х-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Х-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт Д.Х нь хохирогч Ц.Ч-т 2.000.000 /хоёр сая/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн хохирогч Ц.Ч-ийн “Мед травма” эмнэлгийн толгойн КТГ-ийн шинжилгээний бичлэг бүхий 1 ширхэг CD, “Нинжин” эмнэлгийн СТ толгойн шинжилгээний бичлэг бүхий CD 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.
6. Энэ хэрэгт Д.Х нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар тооцогдож хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД