| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/01141/И |
| Дугаар | 101/2021/00971 |
| Огноо | 2021-03-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 101/2021/00971
2021 03 26 101/ШШ2021/00971
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.П нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Н д холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн Г.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, нөхөр Ж.Н тэй багын танилууд бөгөөд 2013 оноос хамт амьдарч эхэлсэн. 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүү Н.Түшигийг төрүүлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй ч эцэг Ж.Н ээр хүүгээ овоглосон. 2019 оноос хойш өдийг хүртэл ямар нэгэн тусламжгүй, хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй байгаа учраас хүүдээ эцэг Ж.Н ээс нь хуульд заасан тэтгэлэг гаргуулахыг хүсч байна гэв.
Хариуцагч Ж.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.П нь хариуцагч Ж.Н д холбогдуулан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
Ж.Н , Г.П нар 2013 оноос хамтран амьдарч эхэлсэн, амьдрах хугацаандаа 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүү Н.Түшигийг төрүүлсэн, 2019 онд салж тусдаа амьдрах болсон, хүүхдүүд эхийн асрамжид эрүүл өсч бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, “Амгалан-итгэлэхүй” ӨЭМТ-ийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.-д “ Эцэг, эх ... нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж тус тус хуульчлан заасан.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” 40 дүгээр зүйлийн 40.1.-д “Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно” 40.1.1.-д “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар”, 40.1.2.-т “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр” гэж тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Н ээс сар бүр тэтгэлэг гаргуулж, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан, 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, Бөхчүүд овогт Нарангэрэлийн Түшиг/регистрийн дугаар:АП14272311/ хүүг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл уг түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.Н ээс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,865 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Н ээс улсын тэмдэгтийн хураамжид 37,865 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Пд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА