| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/01976/и |
| Дугаар | 101/ШШ2021/01867 |
| Огноо | 2021-06-16 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2021/01867
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Ц-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М-д холбогдох,
5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ц, түүний өмгөөлөгч Б.Билгүүн нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие хариуцагчид 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулан 5,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн. Хариуцагчийн Энх үүд инвест банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 19/03/22/01 тоот лизингийн зээлийн болон барьцааны гэрээ-ний 29,000,000 төгрөгийн автомашины лизингийн урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг миний бие мөн Энх үүд инвест банк бус санхүүгийн байгууллагаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 19/03/22/05 тоот зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг зээлж, харилцаж буй банк бус санхүүгийн байгууллага нэг байсан тул өөрийн зээлсэн 5,000,000 төгрөгийг хүлээн авалгүй хариуцагчийн дээрх зээлийн гэрээний урьдчилгаа 5,000,000 төгрөгт суутгуулсан болно. Миний зүгээс өөрийн зээлсэн мөнгийг хүүгийн хамт нийт 5,500,000 төгрөг болгон 2019 онд банк бус санхүүгийн байгууллагад бүрэн төлж барагдуулсан болно. Гэвч хариуцагч нь надаас зээлсэн буюу өөрийнхөө өмнөөс лизингийн гэрээний урьдчилгаанд төлүүлсэн 5,000,000 төгрөгийг хүүгийн хамт 1 жилийн хугацаанд буцаан төлнө хэмээн амаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна. Иймд хариуцагчаас 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.М шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр иргэн Ч.Цтой танилаар дамжуулан танилцаж, ажлын гэрээг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хийсэн. Тус гэрээнд сайт, апп зохиох ажлыг зах зээлийн ханшаас гурав дахин хямдаар хийж өгөхөөр тохиролцон 2 тал гарын үсэг зурснаар ажил эхэлсэн. Уг гэрээний төлбөр 5,000,000 төгрөгийг бартер хэлбэрээр тохирсон. Иргэн Ч.Ц өөрийн нэр дээр Энх үүд инвест банк бус санхүүгийн байгууллагаас лизингээр тоеота харьер маркийн 2005 оны 5856 УБҮ улсын дугаартай автомашиныг зээлийн гэрээгээр авсан байсан бөгөөд үлдэгдэл 24,000,000 төгрөгийг төлөөд Масс продакшн ХХК-тай хийсэн гэрээний бартер болох 5,000,000 төгрөгийг оролцуулан автомашиныг ямар ч урьдчилгаа төлбөргүйгээр авахыг Ч.Ц надад санал болгосон. Миний бие тухайн саналыг хүлээн авч, Энх үүд инвест банк бус санхүүгийн байгууллагатай 27,500,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Тус гэрээ нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй ба 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үндсэн зээл 16,097,545 төгрөг, зээлийн хүү 10,902,455 төгрөгийн хамт нийт 27,000,000 төгрөгийг төлж дуусгасан болно. 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ч.Ц нь 5,000,000 төгрөгийн нэхэмжлэл шүүхэд гарган 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай хүүгүй зээлийн гэрээг амаар тохиролцон байгуулсан гэх боловч ийм зүйл тохироогүй болно. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу сайт, апп зэргийг зохиох ажлыг 80 хувьтай үйлдсэн байхад /www.tsolmoncar.mn домайн эрхийн хугацаа дууссан тул харагдах боломжгүй ба иргэн Ч.Цгийн иргэний үнэмлэхээр шүүж үзвэл гарч ирнэ устаагүй байгаа/ хүлээж авалгүйгээр гэрээг цуцлахыг хүссэн ба удаа дараа хэл амаар доромжлон тодорхойгүй мөнгө зээлсэн гэж сүрдүүлэн дарамталж байсан. Иймд гэрээ цуцлагдсанаар нөгөө талд учирсан хохирлыг бүрэн хариуцна гэсэн боловч Масс продакшн ХХК-ийн зүгээс гэрээний нөхөн төлбөрийг аваагүй болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагад төлсөн зээлийн хүү 500,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.М хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчтай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулан 5,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн буюу хариуцагчийн Энх үүд инвест банк бус санхүүгийн байгууллагад төлбөл зохих 29,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашины урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг тухайн Энх үүд инвест банк бус санхүүгийн байгууллагаас 5,000,000 төгрөгийн зээл авч төлж барагдуулсан гэж тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг Энх үүд инвест банк бус санхүүгийн байгууллагаас өөрийн авсан автомашины зээлийн үлдэгдэл 24,000,000 төгрөгийг төлөөд манай Масс продакшн ХХК-аар хийлгэх сайт, апп зохиох ажлын хөлс 5,000,000 төгрөгийг оролцуулан автомашиныг урьдчилгаагүй авахыг санал болгосны дагуу Энх үүд инвест банк бус санхүүгийн байгууллагатай 24,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан автомашин худалдан авсан, уг автомашины үнэ 29,000,000 төгрөг бус, 27,000,000 төгрөг байсан, автомашины урьдчилгаанд 5,000,000 төгрөг төлөхөөр нэхэмжлэгчтэй ч, банк бус санхүүгийн байгууллагатай ч тохироогүй, нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй гэж маргасан.
Хуульд заасан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлоо хэрхэн зөрчигдсөн гэж үзэх, улмаар эрхээ хэрхэн сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах нь зөвхөн нэхэмжлэгчийн тодорхойлох асуудал тул шүүхээс нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт өгөх нь зүйтэй.
Хэрэгт Энх үүд инвест банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан нэхэмжлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 19/03/22/05 тоот зээлийн гэрээ /хх-4-6/, хариуцагчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 19/03/22/01 тоот лизингийн зээлийн болон барьцааны гэрээ /хх-26-27/ тус тус авагдсан, мөн нэхэмжлэгч нь Энх үүд инвест банк бус санхүүгийн байгууллагын захирал гэх Д.Нямдаваагаас гэрчийн мэдүүлэг авахуулсан.
Хариуцагчийн гэрээнд 27,500,00 төгрөгийн үнэ бүхий бараа худалдан авахад 24,000,000 төгрөгийн зээлийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгохоор тохирсон байх боловч зээл эргэн төлөх хуваарьт нийт зээл 16,097,545 төгрөг, нийт зээлийн хүү 10,902,455 төгрөг, бүгд 27,000,000 төгрөг төлөхөөр тусгасны дээр барааны урьдчилгаатай холбоотой ямар нэгэн нөхцөл тусгагдаагүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчийн байгуулсан гэх барааны үнийг 29,000,000 төгрөгөөр тусгасан лизингийн зээлийн болон барьцааны гэрээний хувийг /хх-7-9/ хавсаргасан байх боловч уг гэрээ бүрэн бус байгаагаас түүнийг эргэлзээгүй баримт гэж үнэлэх боломжгүйн дээр барааны урьдчилгаатай холбоотой нөхцөл мөн тусгагдаагүй байна.
Түүнчлэн гэрч Д.Нямдаваа нь нэхэмжлэгчийг 5,000,000 төгрөгийн зээл авч, хариуцагчийн автомашины урьдчилгааг төлсөн, банк бус санхүүгийн байгууллага нэхэмжлэгчээс хүү аваагүй, нэхэмжлэгч 410,000 төгрөгөөр 7-8 удаа, сайндаа 10 удаа төлж дуусгасан гэж мэдүүлж байх ба уг мэдүүлгээр нэхэмжлэгчийн төлсөн гэх нийт дүн нь зээлийн дүн 5,000,000 төгрөгт хүрэхгүй байгаагийн зэрэгцээ 500,000 төгрөгийн хүү төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбараас зөрүүтэй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс банк бус санхүүгийн байгууллагад 5,500,000 төгрөг төлсөн талаарх санхүүгийн ямар нэгэн баримт шүүхэд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох бөгөөд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
Дээрх хуулийн зохицуулалтаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь хариуцагчид зээл олгох үүргээ бүрэн гүйцэтгэсэн нөхцөлд тухайн зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор байна.
Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан нэхэмжлэгч нь хариуцагчид олгох ёстой зээлээ өөр этгээдэд буюу Энх үүд инвест банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлж болох ч ийнхүү шилжүүлэхийг хариуцагч зөвшөөрсөн буюу ийнхүү шилжүүлснээр хариуцагч ашиг олсон нөхцөлд нэхэмжлэгчийг зээл олгох үүргээ гүйцэтгэсэнд тооцохоор Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зохицуулсан.
Гэвч дээр дурдсан баримтуудыг харьцуулан үзэхэд хариуцагчийг 5,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр бүхий автомашиныг Энх үүд инвест банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр худалдан авсан гэх, түүнчлэн нэхэмжлэгчийг хариуцагчийн өмнөөс Энх үүд инвест банк бус санхүүгийн байгууллагад автомашины урьдчилгаанд 5,000,000 төгрөг, түүний хүүнд 500,000 төгрөг төлсөн гэх байдал тус тус эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хяан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй.
Хариуцагчийн зүгээс Масс продакшн ХХК-ийг төлөөлөн хариуцагч Б.М, Цолмон авто кар гэх этгээдийг төлөөлөн нэхэмжлэгч Ч.Ц нарын хооронд байгуулагдсан 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 92 тоот ажил гүйцэтгэх гэрээг /хх-22-25/ татгалзалтайгаа холбогдуулан шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч уг ажил гүйцэтгэх гэрээг шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамааралгүй гэж үгүйсгэсэн тул тухайн гэрээний талаар дүгнэлт өгөх үндэслэлгүй байна.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Маас 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Ц-гоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА