| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2024/0102/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/110 |
| Огноо | 2024-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.П |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/110
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дахь зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Мийн Бт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Мийн Б, 1998 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Б аймгийн У суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой. мужааны мэргэжилтэй, малчин, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Б аймгийн У сумын 08 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 000000000000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, РД: 00000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн орчимд Б аймгийн С сумын нутаг дэвсгэрт хохирогч Н.Хыг “чи миний ахыг зодсон, одоо би чамайг зодно” гэж хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол 200.000 төгрөгийг хохирогч Хын дансанд дүүгийнхээ дансаар шилжүүлж өгсөн” гэв.
2. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Н.Хаас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Б аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хохирогч Н.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 06, 74-75 дахь тал/, гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-11 дэх тал/, насанд хүрээгүй гэрч Б.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 198 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, яллагдагч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/, шүүгдэгч М.Бийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
3. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Хэргийн үйл баримтын талаар.
4. Шүүгдэгч М.Б нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн орчимд Б аймгийн С сумын нутаг дэвсгэрт хохирогч Н.Хыг “чи миний ахыг зодсон, одоо би чамайг зодно” гэж хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1. Иргэн Н.Хаас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Б аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
4.2. Хохирогч Н.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед мотоциклтой С сумын хавцал дотор явж байхад цагаан өнгийн жижиг тэрэгтэй хүмүүс намайг гар өргөөд зогсоосон. Тэгээд М.Б ирж “чи миний ахыг зодсон, би одоо чамаас өшөө авна” гээд миний толгой руу түлхүүр, багаж хийсэн цэнхэр өнгийн цүнхээр цохисон бөгөөд тэр үед би мотоциклоосоо газарт унасан. М.Б намайг унасан байхад дээрээс цээж рүү дэвсэж өшиглөсөн. Намайг зодож байхад уг цагаан өнгийн машинаас С.Б бууж ирээд салгаж авсан. Тэгээд би мотоциклоо унаад цаашаа явах гэсэн чин толгой өвдөөд болохгүй байхаар нь буцаж аймгийн төвд ирж цагдаагийн байгууллагад хандаж байна.
...миний хувьд М.Б нь миний нүд рүү цохисноос болоод одоо болтол нүд маань өвдөж, шөнө оройд харанхуйлаад, нүднээс цагаан шингэн зүйл гардаг болсон, одоо эмчид үзүүлж байгаа бөгөөд Улаанбаатар хотод нарийн шинжилгээ хийлгүүлэх шаардлагатай гэж хэлсэн, тийм болохоор энэ хэрэг шийдэгдтэл миний бүх шинжилгээ гарчих байх, тэр үед хохирлоо М.Бээс нэхэмжлэх болно.
М.Бт миний зүгээс ямар нэгэн өс хонзонгийн асуудал огт байхгүй, өмнө нь М.Бийн ах Нуржол нь манай гэрт согтуу ирж өөрөө агсам тавих үед нь би түүнийг цохиж гэмтээсэн тул шүүхээс ял авсан. Тэгтэл М.Б бид хоёрын хооронд болсон асуудал гэвэл М.Б өөрөө энэ зүйлийг сөхөж, чи миний ахыг зоддог хэн юм бэ гээд намайг эхэлж зодсон, уг нь Нуржол бид хоёрын хооронд болсон асуудал бид хоёрын л асуудал, тэгэхэд үүнд М.Б оролцож өөрөө асуудал үүсгэж байгаа хүн, тийм болохоор миний зүгээс иргэн М.Бт гомдолтой байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06, 74-75 дахь тал/,
4.3. Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.Б нь Н.Хтай юм ярьж байгаад нэг мэдэхэд Н.Хыг газар унагааж дээр нь гараад цохиж зодож байсан. Тухайн үед би М.Бийг салгаж аваад “яаж байгаа юм бэ” гэхэд юм ярихгүй байсан. К.Хын зүүн талын нүдний зовхи хэсэг нь хавдсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-11 дэх тал/,
4.4. Насанд хүрээгүй гэрч Б.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.Б нь машинтайгаа С сумын чиглэлд явж байсан чинь С сумын хавцалд машины дугуй хагарсан. Тэгтэл Н.Х гэдэг хүн мотоциклтойгоо ирж байсан ба нэг мэдэхэд М.Б нь Н.Хыг газарт унагааж дээр нь гарч цохиж зодож байсан. Энэ үед манайхан очиж тэр хоёрыг салгасан ба би машинаас буугаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,
4.5. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 198 дугаартай “1.2.Иргэн Н.Хын биед тархины доргилттой, зүүн дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, битүү хавантай, зүүн хацар хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай хохирлууд (гэмтлүүд) тогтоогдлоо. 3. Иргэн Н.Хын биед үүссэн хохирлууд (гэмтлүүд) нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой. 4.5. Дээрх хохирлууд (гэмтлүүд) хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хохирол (гэмтэл) нь 1-7 хоногт үүссэн шинэ хохирол (гэмтэл). Өөрөө өөртөө учруулах эсэхийг нарийн тогтоох боломжгүй. 6. Дээрх хохирлууд (гэмтлүүд) нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
4.6. Яллагдагч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...прокурорын тогтоолтой танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн ямар нэгэн маргаангүй.
...тухайн газарт зогсож байх үед Н.Х нь мотоциклтой ирж зогссон ба би түүнтэй хэдэн үг сольсон, тэгтэл Н.Х нь жаахан согтуу байсан болохоор надтай үг зөрөөд гартаа хутга гаргаж намайг айлгасан, тэгэхээр нь би хутгыг нь салгаж авахаар түүнтэй ноцолдож Н.Хыг газарт унагааж түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж байх үед С.Б намайг салгаж авсан юм. Тэгээд Н.Х нь мотоциклоо асаагаад цаашаа яваад өгсөн.
...Н.Х нь өмнө нь манай ахыг зодсон, түүнээс болоод эхлээд Н.Х нь надтай тэр тухай ярьж надтай хэрүүл маргаан өдсөн, миний хувьд иргэн Н.Хаас уучлалт гуйхгүй, харин Н.Хыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан явдалд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
5. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
6. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч М.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч М.Б “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч М.Бийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтээ тус тус гаргаж, улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт.
7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
8. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
9. Шүүгдэгч М.Б нь хохирогч Н.Хыг “миний ахыг зодсон, одоо би чамайг зодно” хэмээн хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож түүний эрүүл мэндэд “биед тархины доргилттой, зүүн дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, битүү хавантай, зүүн хацар хөх ягаан туяатай цус хуралттай, хавдар” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
10. Шүүгдэгч М.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
11. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Бийн зүй бус үйлдэл, мөн хувийн таарамжгүй байдал шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
13. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 505.2. “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.
14. Шүүгдэгч М.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байх ба мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Х нь “...Улаанбаатар хотод шинжилгээ хийлгэж байгаад гэмт хэргийн хохирол, хор уршгийн баримтаа гаргаж өгч нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй байна.
15. Мөн шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд “хохирогч Н.Хын дансанд 200.000 төгрөг шилжүүлсэн” гэж мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна.
16. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Н.Х энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч М.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
17. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх” дүгнэлтийг,
18. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеубердээс “шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөх” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Бийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
20. Шүүгдэгч М.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
21. Шүүгдэгч М.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
22. Шүүгдэгч М.Б нь хувийн байдлын хувьд 1998 онд төрсөн, ээж, дүү нарын хамт амьдардаг, малчин, урьд нь “Хулгайлах” гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
23. Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч М.Бийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
25. Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
26. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Мийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Н.Х энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ