Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

    

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2017/0129/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б***т холбогдох 201709000120 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Мөнгөн морьт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Б*** 

Урьд: Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 347 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 4 жилийн хорих ялаар шитгүүлж, эдлээгүй үлдсэн 11 сар, 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-2004 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан,

-2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч *** нь 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багт  байрлах “Анд” хүнсний дэлгүүрийн гадаа зогсож байсан иргэн ***ийн эзэмшлийн портер маркийн *** улсын дугаартай автомашинд нэвтэрч “Самсунг Эс-3” маркийн гар утас хулгайлж 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 2 дугаар сарын 9-ны өдөр 16 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Хонгор сумын Салхит 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Анд” хүнсний дэлгүүрийн гадаа зогсож байсан автомашин дотроос “Самсунг Эс-3” маркийн гар утас хулгайлж авсан нь үнэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/, ...“Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, ахин хэрэг үйлдэхгүй төлөв томоотой байж чадна.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Анд гэсэн нэртэй хүнсний дэлгүүрт орж хиам оруулж өгчихөөд гараад ирсэн чинь миний машин дотор байсан “Самсунг Эс-3” маркийн гар утас алга болчихсон байсан. Би машинаасаа буухдаа утсаар ярьж дуусаад өөрийнхөө гар утсыг суудал дээрээ тавьчихаад машиныхаа арын тэвшнээс хиамнууд аваад дэлгүүрт оруулж өгөх гээд машинаасаа гарсан юм. Би дэлгүүр руу ороод 5-10 минут болоод буцаад гарсан. Би дэлгүүр рүү орохдоо машинаа түгжээгүй байсан. Миний машин цоожилчихоор түлхүүрээрээ онгойдоггүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Хатанзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*** надад “ганц утас байна, ганц юм аваад уучихья” гэж хэлсэн. Би болох юм уу? гэж асуусан чинь *** “болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсыг нь үзсэн чинь Самсунг Эс-3 маркийн улаан хүрэн өнгийн гар утас байсан. Би “хүүхэддээ авчихья” гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Өлзийбаяр руу залгаж “нэг хүнд хямдхан утас байна. Тэмүүжинд аваад өгье” гэж хэлсэн. Эхнэр “үзье, аваад ир. Хэн зарж байгаа юм, дагуулаад аваад ир” гэсэн. Би ***ыг дагуулаад гэртээ очсон. ... *** “ганц юманд өгчихмөөр байна” гэж хэлсэн. Эхнэр “Архи чинь ямар үнэтэй байдаг юм бэ?” гэж асуусан. 11,000 төгрөг байдаг юм гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

 

Гэрч Л.Өлзийбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр Хатанзориг, Салхитын Алтуушка гэх залуутай орж ирээд “энэ нэг иймд хямд утас байна.” гээд харуулсан. Би Алтуушкагаас “Чи юун утас авч яваа юм бэ? хямд зарах гэж байгааг бодвол хулгайн юм биш биздээ” гэхэд *** “би яахаараа ийм утас барьж болдоггүй юм бэ” гэж хэлэхээр нь арай ч хулгайн юм биш байлгүй гэж бодсон. ... Манай нөхөр Алтуушкатай хамт гарсан хэсэг байж байгаад мөнай нөхөр залгаад энэ чинь хулгайн утас гэж байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,

 

“Капитал зууч” ХХК-ийн эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/,

 

***ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд ял шийтгүүлж байсан шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 40-63 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч *** нь 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багт  байрлах “Анд” хүнсний дэлгүүрийн гадаа зогсож байсан иргэн ***ийн эзэмшлийн портер маркийн *** улсын дугаартай автомашинд нэвтэрч Самсунг Эс-3 маркийн гар утас хулгайлж 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг болон шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, “Капитал зууч” ХХК-ийн эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Аймгийн прокурорын газраас ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч ***ыг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

*** нь урьд удаа дараа ял шийтгүүлж байсан байх боловч түүний ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *** нь 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Самсунг Эс-3 маркийн гар утсыг хохирогч ***ид хүлээлгэн өгсөн /эд зүйлийн хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/ байх тул шийтгэл тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

 Шүүгдэгч ***т ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэхь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биелэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

*** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б***ыг орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б***т эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар ***т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***ын засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

 

       7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тэнсэгдсэн ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                                                                                                 

       9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***т авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД