Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2021/0020/З |
Дугаар | 109/ШШ2021/0023 |
Огноо | 2021-05-13 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 109/ШШ2021/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Э
Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: Н.Э-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, С.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Э нь 1959 онд төрсөн, 5 хүүхэд төрүүлсэн 50 настай, 20 жил 1 сар 19 хоногийн ажилласан жилтэй, шүүхийн шийдвэртэй гэж өндөр настны тэтгэвэрт орсон. 2009 оны 2 дугаар сараас эхлэн 2021 оны 1 дүгээр сарыг дуустал ямар ч маргаангүйгээр тэтгэврээ авч байтал 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврийг чинь зогсоолоо, шүүхийн шийдвэр чинь буруу гарсан байна гэж хэлсэн. Шүүхийн шийдвэрээ авъя гэхээр танд хэрэггүй гээд өгөхгүй байна. Шүүхийн шийдвэрийг хэн хүчингүй болгосныг ч мэдэхгүй, надад мэдэгдээгүй. Иймээс би нийгмийн даатгалын байгууллагыг миний тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус боллоо гэж үзэж байна. Миний бие 2021 оны 2 дугаар сараас 2021 оны 5 дугаар сард тэтгэврээ авсан тул өндөр насны тэтгэвэр зогсоосон өдрөөс нөхөн олгохыг даалгах шаардлагаасаа татгалзаж байгаа. Иймд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Н.Э миний тэтгэврийг зогсоосон үйлдэл нь хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоогоор нэхэмжлэгч Н.Э 2021 оны 2 дугаар сараас 5 дугаар сар хүртэл тэтгэврээ авсан байгаа юм байна. Тэтгэвэр зогсоосон үеэс нөхөн олгохыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзъя. Учир нь энэ нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн байна. Харин тэтгэвэр зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцоно. Нэхэмжлэгч Н.Э 2009 онд анх тэтгэвэрт орсон байдаг. Тухайн үед нийгмийн даатгалын байгууллага нь Н.Э-г тэтгэвэрт орох нөхцөл шаардлагыг хангасан гэж үзэж тэтгэврийг тогтоосон байна. Тэтгэврийг тогтоосон үндэслэл нь 2009 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 87 тоот шүүхийн шийдвэрээр тэтгэвэр тогтоосон үндэслэлийг тусгасан байна. Энэ цагаас хойш 2021 оны 2 дугаар сар хүртэл 12 жил тэтгэврээ хэвийн авч байсан. Гэтэл 2021 оны 2 дугаар сард таны гаргуулсан шүүхийн шийдвэр хууль бус гэсэн үндэслэлээр тэтгэврийг шууд зогсоосон. Гол маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хуурамч нотлох баримтаар тэтгэвэрт орсон гэдэг үндэслэлээр тэтгэврийг зогсоосон үйлдэл нь өөрөө хууль бус юм. Яагаад гэхээр хуурамч гэдгийг шалгаж тогтоох хэрэгтэй. Шалгаж тогтоосон үйл баримт байхгүй. Энэ нөхцөлийг Н.Э хийгээд байгаа эсэхийг шалгаж хуурамч эсэхийг нягталсны үндсэн дээр тэтгэврийг зогсоох үйл баримт явагдах ёстой. Гэтэл урьдчилж энэ ажиллагааг хийгээгүй хэрнээ нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг зогсоосон нь тухайн иргэний эрхийг боогдуулж, улсаас тэтгэвэр авах эрхийг нь ноцтой зөрчиж байгаа зүйл харагдаж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1.1, 23 дугаар зүйлийн 1, 26 дугаар зүйлийн 2, Монгол Улсын Засгийн газрын 355 тоот тогтоол, Нийгмийн даатгалын байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4, мөн Монгол Улсын Засгийн газрын 355 тоот тогтоолын 2 дугаар хавсралтын 4 дүгээр зүйлийн 4.1.1, 2.4.5, 2.4.13, 3.5, 3.6, 3.6.3, 3.7, 5.2 гэх мэт заалтууд болон Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар заалтыг тус тус зөрчсөн учраас тэтгэвэр зогсоосон үйлдэл нь хууль бус байна. Иймд учраас тэтгэвэр зогсоосон үйлдлийг хууль бус болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Одоогоор өндөр насны тэтгэврийг үргэлжлүүлэн олгож байгаа ч тэтгэврийг шууд зогсоосон үйлдэл нь хууль бус байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Г.Э-тэй санал нэг байна. Нийгмийн даатгалын хэлтэс нь төрийн байгууллага юм. Тухайн маргааныг хариуцах байгууллага юм. Иргэн рүү чиглэсэн төрийн үйлчилгээ эсрэгээрээ явагдаад тэтгэврийг тогтоохдоо хийгдэх бүх ажиллагааг хийлгүйг шалгачхаад урвуу хамааралтай процесс явагдаж иргэний эрх, ашгийг ноцтой зөрчиж байна. Төрийн байгууллага хийх ёстой зүйлээ хийх хэрэгтэй. Гэтэл өөрснөө тэтгэврийг шууд зогсоосон үйлдэл нь буруу юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.
Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн удирдамжийн дагуу тус газрын хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна. Хяналт шалгалт хийгдэж байх хугацаанд Н.Э нь 2009 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаартай шүүхийн шийдвэрт 1974 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд цэвэрлэгчээр, 1979 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл мөн хүрээлэнгийн вирусын секторт эм бэлтгэгч, савлагчаар ажиллаж байснаар тогтоолгож, 2009 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хортой халуун нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна. Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт байх шүүхийн шийдвэрийн эх хувьтай тулган шалгахад Н.Э-гийн ажилласан жил тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй байгаа тул 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс тэтгэврийг түр зогсоосон.
2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр тэтгэвэр авагчтай уулзалтын тэмдэглэл хөтөлж тэмдэглэлд та өөрийн хаана ямар ажил хийж байсан үеийг нотлох хөдөлмөрийн дэвтэр эсвэл аймгийн архиваас хаана ямар ажил хийж байсан үеийн лавлагааг авчирч тэтгэврээ тогтоолгох зөвлөгөө өгсөн. Гэтэл иргэн Н.Э нь тус хэлтэст өргөдөл, холбогдох материалаа бүрдүүлэн ирж 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 10 жил 5 сар ажилласнаар хувь тэнцсэн тэтгэврийг дахин тогтоосон гэжээ.
Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э нь 2009 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж 49 настайдаа тэтгэврээ тогтоолгосон байна. Тэтгэврээ тогтоолгохдоо өргөдөл, иргэний үнэмлэх болон шүүхийн шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллагад өгсөн байна. 2009 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаартай шүүхийн шийдвэрээр 1974 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цэвэрлэгчээр, 1979 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд эм бэлтгэгч, сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосон байна. Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр ирсэн. Хяналт шалгалт хийж байх хугацаандаа манай байгууллагаас Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газарт тухайн шүүхийн шийдвэрийг шалгуулахаар 2021 оны 1 дүгээр сарын 12-ний өдрийн 11 дүгээр албан бичгээр нэр бүхий иргэдийн шүүхийн шийдвэрийг тулган шалгаж үзнэ гэх албан тоотыг явуулсан. Архангай аймгийн шүүхийн Тамгын газрын архивт 2009 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаартай шүүхийн шийдвэр нь тохирохгүй байна” гэсэн албан бичиг ирсэн. Үүний дараа Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газраас 2021 оны 1 дүгээр сард 32/01 дүгээр улсын байцаагчийн акт ирсэн. Улмаар Н. Энхтуяагийн тэтгэврийг 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс түр зогсоохыг мэдэгдсэн. Н.Э нь 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр нийгмийн даатгалын хэлтэст өргөдлөө бичиж өгөөд нийт улсад 10 жил 5 сар 26 өдөр ажилласнаар хувь тэнцсэн тэтгэврээр 55 настайдаа хувь тэнцсэн тэтгэврийг үргэлжлүүлэн олгож байна. Манай байгууллага Н.Э-г хохироогоогүй 55 наснаас нь тэтгэврийг олгож байгаа гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүхэд иргэн Н.Э-с Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Н.Э-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг зогсоосон өдрөөс нөхөн олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүх 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын “Н.Э-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон өдрөөс нөхөн олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдсэн “Н.Э-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байгаа талаар тайлбарлажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, ...”, 66 дугаар зүйлийн 66.3. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана. “,109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан нь хуулийн дээрх заалттай нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг батлах нь зүйтэй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох “Н.Э-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үнэлэлт өгч Н.Э-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:
Анх иргэн Н.Э нь 20 жил 1 сар 19 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх үндэслэлээр 2009 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 49 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ. /х.х-н 22-23/
Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дотоод хяналт, шалгалт хийж, тус газрын улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ын өдрийн 32/01 дүгээр актаар хуурамч баримт бичиг бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 50 иргэний тэтгэврийг 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоохоор шийдвэрлэжээ. Уг актын 1 дүгээр хавсралтын 4 дүгээрт Н.Э /НДСОТТТХуулын 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтыг зөрчиж хуурамч баримт бичиг бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэж тэмдэглэсэн байна. /х.х-н 26-28, 33-35/
Улмаар иргэн Н.Э-гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгосон Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаар шийдвэр нь аймгийн шүүхийн Тамгын газрын архивт байхгүй тул хуурамч баримт бичиг бүрдүүлэн тэтгэвэр авсан байх магадлалтай гэж үзэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 25 дугаар албан бичгээр 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврийг түр зогсоох талаар иргэн Н.Э-д мэдэгджээ. /х.х-н 36/
Иргэн Н.Э-гийн тухайд, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр 1974 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд цэвэрлэгчээр, 1979 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл мөн энэ хүрээлэнгийн вирусын секторт эм бэлтгэгч, савлагчаар ажилласан болохыг тогтоожээ. Дээрх шүүхийн шийдвэрт холбогдуулан Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/512 дугаар албан бичгээр нэр бүхий тэтгэвэр авагчийн мэдээллийг хүргүүлж, шүүхийн шийдвэрийг тулган шалгахийг хүссэн байна. Улмаар Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр хариу хүргүүлэхэд шүүхийн Тамгын газрын архивт байхгүй шийдвэрийн жагсаалтын 4 дүгээрт Н.Э /********/ 2009 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн №87 гэж бичигджээ. /х.х-н 24, 29-32/
Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс иргэн Н.Э-тай уулзсан 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн тэтгэвэр авагчтай хийсэн уулзалтын тэмдэглэлд “... 4 дүгээр дэлгүүрийн дарга н.Д миний тэтгэврийг бүрдүүлж өгсөн, тэтгэврийн дэвтрийг н.Д дарга өгсөн, шүүхийн шийдвэр дээрх шиг ажил хийгээгүй ...” гэж тайлбарласан байна. /х.х-н 39/
Улмаар нэхэмжлэгч Н.Э нь хөдөлмөрийн дэвтэр, ажиллаж байсан тушаалууд, 4 хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтыг бүрдүүлэн 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргаж, нийгмийн даатгалын шимтгэлийг 10 жил 5 сар 26 өдөр төлснөөр тооцуулж, хувь тэнцүүлсэн тэтгэврийг шинэчлэн тогтоолгожээ. /х.х-н 40-59/
Хаанбанкны 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5135/187 дугаар албан бичигт: “ Н.Э нь Хаанбанкнаас 2009 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр авч эхэлсэн, 2021 оны 4 дүгээр сарын байдлаар дээрх иргэдийн дансанд өндөр насны тэтгэвэр орсон байна” гэжээ. Уг албан бичгийн хавсралтаас үзвэл нэхэмжлэгч Н.Э-гийн тэтгэврийн дансанд 2021 оны 1 дүгээр сард 350.000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сард 900.000 төгрөгийн тэтгэвэр орсон байна. /х.х.-н 92-102/
Нэхэмжлэгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... миний өндөр насны тэтгэвэр 2021 оны 2 сараас 5 сарынх орсон байгаа, тэтгэврээ авч байгаа ...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... нэхэмжлэгч Н.Э-гийн тэтгэврийг 2021 оны 2 дугаар сард хувь тэнцүүлснээр шинэчлэн тогтоосон, 2021 оны 2 дугаар сараас хойш тэтгэвэр нь орж байгаа, өмнө нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350.000 төгрөг авдаг байсан, 2021 оны 2 дугаар сараас хойш хувь тэнцүүлсэн тэтгэвэр 300.000 төгрөг авч байгаа ...” гэж тайлбарлаж байна. Түүнчлэн уг асуудлаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар маргаагүй болно.
Дээрх үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч Н.Э-гийн өндөр насны тэтгэврийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр зогсоосон боловч нэхэмжлэгч Н.Э нь 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өндөр насны тэтгэврээ шинэчлэн тогтоолгосон /хувь тэнцүүлсэн/, улмаар 2021 оны 2 дугаар сараас 2021 оны 5 дугаар сард тэтгэвэр авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/ өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан билээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр ... авах эрхтэй.”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.” гэж,
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.”, 5.-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.”, 5 дугаар зүйлийн 4.-т “Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /цаашид "хөдөлмөрийн баталгаат хөлс" гэх/-ний 75 хувиас хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас тус тус багагүй байна.” гэж зааснаар нэхэмжлэгч Н.Э нь 2021 оны 2 дугаар сараас хойш өөрийн шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн авч байгаа болох дээрх баримтуудаар нотлогдлоо.
Хэдийгээр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь иргэн Н.Э-гийн өндөр насны тэтгэврийг 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс түр зогсоосон гэх боловч нэхэмжлэгч Н.Э нь 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өөрийн санаачлагаар өндөр насны тэтгэврээ шинэчлэн тогтоолгосон, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд өндөр насны тэтгэвэр аваагүй сар байхгүй, 2021 оны 2 дугаар сараас 2021 оны 5 дугаар сард өндөр насны тэтгэврээ авсан талаар шүүх хуралдаанд тайлбар гаргаж байна.
Дээрх нөхцөлөөс үзвэл нэхэмжлэгч Н.Э-гийн тэтгэвэр, тэтгэмж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, бодит хохирол учраагүй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэвэр Н.Э-гийн тэтгэвэр олголт хэвийн үргэлжилж байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Н.Э-д холбогдуулан тэтгэвэр нөхөн төлүүлэх тухай акт тогтооно гэж тайлбарласан боловч уг акт нь бичгээр гарч баталгаажаагүй, нэхэмжлэгчээс уг асуудлаар шүүхэд маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул уг асуудлаар шүүх дүгнэлт өгөх боломжгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.14 дахь заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Э нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Н.Э-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон өдрөөс нөхөн олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1., Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Э-гаас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Н.Э-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА