Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1939

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01483 дугаар шийдвэртэй, Б.Ггийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ-т холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00782 тоот дугаартай Б.Ггийн нэхэмжлэлтэй, хариуцагч Биокомбинат ТӨААТҮГ-т холбогдох хэргийн захирамжийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүхээс гардан аваад ажилдаа орох гэж очтол шинэ томилогдсон захирлын үүрэг гүйцэтгэгч В.Дарханбаатар “таныг захирал Б.Баттогтох нь халсан тушаал гаргасан байсан тул би таныг эргүүлэн авах боломж байхгүй. Та шүүхэд ханд” гэж 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” Б/45 тоот тушаалыг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гардуулсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 3.4.3, 3,4.5, 3.4.6, 3.4.7, Ажилтан сонгон шалгаруулах журмын 5 дугаар бүлгийн 4 дэх заалт, Үндэсний аудитын газрын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 06/866 дугаартай дүгнэлт, албан шаардлага, хамт олны хурлын шийдвэрийг үндэслэж, намайг Санхүү эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн байсан. Уг тушаалд туршилтын хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ туйлын хангалтгүй биелүүлж, ажил үүрэгтээ хайнга хандсан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан, гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь бодитой тогтоогдсон гээд 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн цуцалсан. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, гэрээг сунгахгүй болохыг мэдэгдсэн тушаал байсан. Энэ тушаал нь огт үндэслэлгүй. 2017 оны жилийн эцсээр санхүүгийн тайлан тэнцэл хөтлөлт бүртгэлийг бодитой биш буруу бүртгэснээс Үндэсний аудитын шалгалтаар 2018 оны 3 дугаар сарын 30-нд 06/866 дугаар “сөрөг дүгнэлт”-ийг авсан. Би 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг гаргаагүй, 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар үндэслэлгүй ажлаас халагдсан байсан, ажиллаж байхад шалгалт ороогүй. ...Тушаалд дурдсан зөрчил тус бүрийг зөвшөөрөхгүй. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/45 тоотоор гаргасан “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” хууль бус тушаалыг хүчингүй болгож, Санхүү эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан үеийн цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г нь “Биокомбинат” ТӨААТҮГ-т 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс Санхүү, эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2017 оны тайлант хугацаа өнгөрсний дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Биокомбинат ТӨААТҮГ-т Үндэсний Аудитын газрын шалгалт орж, 06/866 дугаартай аудитын сөрөг дүгнэлт авсан. Үндэсний аудитын газраас ирүүлсэн шаардлагуудад тайлант онд өр төлбөрийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, орлогын төлөвлөгөөг  тасалдуулсан, үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөөнд тусгасан захиалгын дүнг хэтрүүлэн худалдан авсан, ажлын байрны тодорхойлолтод заасан болон хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, удаа дараа сахилгын зөрчил гаргасан. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 болон Хөдөлмөрийн гэрээний зарим зүйл заалтыг үндэслэн Б.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээний 3.4.6-т “...хариуцлага сонор сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан ...”-ыг ноцтой зөрчил гэж тооцохоор заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ. Б.Г хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд заасан олон тооны зөрчил гаргасан нь манай байгууллагад орсон хяналт шалгалтаар тогтоогдсон. ...Иймд Б.Ггийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. Өмнө нь Б.Гг ажлаас чөлөөлсөн тушаал бол үндэслэл нь өөр, энэ тушаал бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр цуцласан. Мөн Б.Гтай байгуулсан түр хөдөлмөрийн гэрээний хугацаа ч дуусаж байгаа, цаашид сунгагдахгүй. Тиймээс ажилгүй байсан хугацааны цалинг тооцох юм бол 2 өдрийн цалин л бодогдоно гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Гг “Биокомбинат” ТӨААТҮГ-ын санхүү, эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ-аас нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 683 997 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 57 893 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэргийн үйл баримтыг зөв дүгнээгүй, нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой. “Биокомбинат” ТӨААТҮГ нь нэхэмжлэгч Б.Гг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан”, хөдөлмөрийн гэрээний 3.4.3, 3.4.5, 3.4.6, 3.4.7-д заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан, мөн хуулийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэх зөрчлийг шүүх үндэслэлгүй шийдвэрлэсэн. Б.Г нь ажилдаа хайнга, хариуцлагагүй хандаж буруу дансанд мөнгө шилжүүлсэн, татварт НӨАТ, ААНОАТ, ҮХЭХАТ-т илүү төлөлт хийснээр “Биокомбинат” ТӨААТҮГ-ыг 43.4 сая төгрөгийн авлагатай, 34.8 төгрөгийн ХАОАТ-ын өртэй гаргасан. Үйлдвэрийн 2017 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөөнд тусгагдсан захиалгын дүнгээс гурван нэр төрлийн бараа материалын 151.7 төгрөг хэтрүүлэн худалдан авалт хийсэн. 2017 оны 67 байгууллагын 102.8 сая төгрөгийн авлага, 33 байгууллагын 40.3 сая төгрөгийн өр төлбөрийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй. Захирал асан Б.Онолбаатарт 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 4 500 000 төгрөгийн цалинг урьдчилж өгч хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн. Үйлдвэрийн автомашины татварыг буруу дансанд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Б.Ггийн хариуцлагагүй үйлдлээс үүдэн “Биокомбинат” ТӨААТҮГ нь татвараа хугацаандаа төлөөгүйгээс өдрийн 188 460 төгрөгийн татварын алданги төлөх хууль зүйн үндэслэл бүрдээд байна.

Өнөөдрийн байдлаар татварын шалгалт орж ирээгүй тул манай байгууллагад татварын акт, алданги төлүүлэх шийдвэр төрийн эрх бүхий байгууллагаас гараагүй байгаа нь үнэн. Гэхдээ хэрэв татварын хяналт шалгалт орсон тохиолдолд татварыг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр татварын алданги төлөх хууль зүйн үндэслэл бүрдсэн болохыг анхан шатны шүүх анхаараагүйд гомдолтой.

Б.Г нь хөдөлмөрийн дотоод журмын 12.1.1-д “хөдөлмөрийн хөлсийг ажилласан өдрөөр тооцон олгох”, 12.1.2-т “цалин хөлсийг сард 2 удаа хэсэгчлэн олгох” тухай заалтыг зөрчиж, захирал асан Б.Онолбаатарт 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 4.5 төгрөгийг урьдчилж олгосон байдаг. Энэхүү үйлдэл нь Б.Онолбаатарын дансанд мөнгө шилжүүлсэн төлбөрийн даалгавар, Б.Онолбаатарын гараар бичсэн өргөдөл, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдоно. Байгууллагын ерөнхий нягтлан бодогч, санхүүгийн албаны даргын хувьд энэхүү хариуцлагагүй үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасанд хамаарч, ажлаас халах үндэслэл болсон байхад мөн адил энэ талаар ямар нэг дүгнэлт гаргалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэлийг буруу шийдвэрлэсэн. Дээр дурдсан удаа дараагийн зөрчлүүд нь Б.Гг сахилгын ноцтой зөрчил гаргасан болохыг нотлосон хангалттай үндэслэлүүд юм. Өөрөөр хэлбэл, “Биокомбинат” ТӨААТҮГ-ын даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/45 дугаартай тушаалд 8 төрлийн зөрчлийг тусгасан байдаг ба эдгээр зөрчил нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл болно. Гэтэл шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс Б.Гг огт зөрчил гаргаагүй мэтээр дүгнэсэнд гомдолтой. Байгууллагын санхүүгийн тайлан тэнцлийг буруу бүртгэснээс үүдэн санхүүгийн тайлан тэнцлийг 1 тэрбум гаран төгрөгөөр зөрүүтэй гаргасан зэрэг зөрчил гаргасан. Эдгээр зөрчил нь Б.Гг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заалтад хамаарах эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй.

Б.Г нь байгууллагын төлөх татварыг буруу дансанд шилжүүлсэн нь шалтгалтаар тогтоосон бөгөөд энэ нь Үндэсний аудитын газрын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 06/866 дугаартай Аудитын сөрөг дүгнэлт, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 2018 оны шалгалтын тайлан, гэрч н.Байгалмаагийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогддог. Б.Г нь өөрөө хайхрамжгүй хандсаны улмаас ХАОАТ-ын татварыг буруу дансанд шилжүүлж, “Биокомбинат” ТӨААТҮГ-ын ХАОАТ-т 34.9 сая төгрөгийн өртэй гарсан болохыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн, холбогдох шалгалтаар тогтоогдсон байхад шүүх нэхэмжлэгчийн энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д хамаарах эсэх талаар дүгнээгүй. Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамруулна”, 55.1.1-д “татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр”, түүнд тооцсон алданги , 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “хуулиар тогтоосон төлөөгүй ... татварт алданги тооцно” гэж заасан. Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 30 дугаартай Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай тогтоолоор хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг 0.54 хувиар тогтоосон бөгөөд энэ тогтоолыг 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл дагаж мөрдсөн. Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дугаартай Татварын алдангийн хэмжээ тогтоох тухай тогтоолоор хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг 0.05 хувь байхаар тогтоосон бөгөөд энэ тогтоолыг 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс дагаж мөрдөж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлийг шүүх анхаараагүй. “Биокомбинат” ТӨААТҮГ нь Б.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.4.6-д “ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан, мөн хариуцлагагүй сонор сэрэмжгүйн улмаас байгууллагад хохиролл учруулсан бол” ноцтой зөрчилд оруулан тооцохоор заасан. Үндэсний аудитын газрын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 06/866 дугаартай аудитын сөрөг дүгнэлтэд “...хүн амын орлогын албан татварт төлөх 26.6 сая төгрөгийн татварыг үл хөдлөх хөрөнгийн албан татварт шилжүүлснээс үл хөдлөх хөрөнгийн татвар илүү, хувь хүний орлогын албан татвар энэ дүнгээр тус тус дутуу тайлагнасан байна...” гэжээ. Мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 2018 оны шалгалтын тайланд “Биокомбинат” ТӨААТҮГ нь 2017 оны жилийн эцсийн тайлангаар Хүн амын орлогын албан татварт 34.9 төгрөгийн өртэй атлаа автомашиын татварт 41.5 сая төгрөг, авто агаарын бохирдол 78.5 сая төгрөг, НӨАТ 17.3 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татварт 27.3 төгрөг, ААНОА татварт 12.8 төгрөгийн авлагатай болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, Б.Г нь удаа дараа данс андуурч, төөрч будилж, төлөх ёстой татварыг буруу дансанд шилжүүлснээс үүдэн зарим төрлийн татварыг хэтрүүлэн их хэмжээгээр төлж авлагатай гарсан атлаа, төлөх ёстой зарим төрлийн татварыг төлөөгүй, хуулийн хугацаа хэтрүүлж “Биокомбинат” ТӨААТҮГ-ыг татварын өрөнд оруулсан.

Үүнээс үзвэл “Биокомбинат” ТӨААТҮГ нь Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 60 дугаар зүйлийн 60.1, Засгийн газрын 2017 оны 30 дугаар тогтоол, 2018 оны 24 дүгээр тогтоолоор хуулийн хугацаанд төлөгдөөгүй Хүн амын орлогын албан татварт төлөх ёстой 34.9 төгрөгийн албан татварт хоног тутамд 17 450 төгрөгөөс 188 460 төгрөг хүртэл хэмжээгээр алданги төлөх хууль зүйн үүрэг бий болсон. Гэтэл шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Б.Гг хөдөлмөрийн гэрээний 3.4.6-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзээгүйд гомдолтой.

Б.Г нь “Биокомбинат” ТӨААТҮГ-тай туршилтын хугацаатай ажиллаж байсан бөгөөд туршилтын хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон. Ажлаас үндэслэлгүй халсантай холбоотой хөдөлмөрийн маргаан нь ажил олгогчийн гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шүүхээс дүгнэж буй ажиллагаа бөгөөд ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тохиолдолд ажил олгогч ба ажилтны харилцаа нь өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцөл, хугацаа, түүнд заасан албан тушаал, цалин хөлсийн дагуу үргэлжлэх зохицуулалттай юм. Нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон тул тэрээр зөвхөн ажлаас халагдсан өдрөөс эхлэн туршилтын хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацаа буюу 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлсөө шаардах нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн эрх зүйн “ажилгүй хугацааны цалинг нөхөн олгох” зохицуулалтыг иргэний эрх зүйн хувьд “гэрээний хугацаанд олох ёстой байсан орлого”-той дүйцсэн нэг ойлголт гэж үзэж болох бөгөөд “Биокомбинат” ТӨААТҮГ-ын хувьд 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл нэхэмжлэгчийг ажиллуулан цалин хөлс олгох үүргийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн байна. Иймд уг үүргээ “Биокомбинат” ТӨААТҮГ зөрчсөн гэж шүүх үзвэл гэрээний үргэлжилсэн хугацаанд олох ёстой байсан цалин хөлс болох 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл цалин хөлсийг олгох нь хуульд нийцнэ. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн цалинг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл тооцон олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “Биокомбинат” ТӨААТҮГ нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/45 дугаар тушаал /1хх8-9/-аар тус газрын санхүү, эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор туршилтын хугацаанд ажиллаж байсан Б.Гг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр цуцалсан байна.

 

Ажил олгогч нь Б.Гтай 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ /1хх14/ байгуулж санхүү, эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажлын байранд туршилтын 3 сарын хугацаатай ажиллахаар тохиролцож, 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/20 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /1хх13/-аар дээрх гэрээг цуцалсан, уг тушаалыг ажилтан эс зөвшөөрч, шүүхэд мэдүүлснийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчийн 183/ШШ2018/00782 дугаар захирамж /1хх10-11/-аар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллага дээрх захирамжийг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/44б тушаалаар нэхэмжлэгч Б.Гг тухайн албан тушаалд эгүүлэн томилсон атлаа мөн өдрийн Б/45 тушаалаар ажил үүрэгтээ хайнга хандсан, ажил олгогчийн итгэлийг алдсан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь бодитой тогтоогдсон гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй үндсэн ажилтны хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, туршилтын хугацаатай байгуулсан гэрээг сунгахгүй гэсэн заалт оруулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч энэхүү үүргээ биелүүлэх учиртай. Гэтэл ажил олгогч шүүхийн шийдвэрт үндэслэн Б.Гг ажилд нь томилсон тушаал гаргасан өдрөө ажлаас чөлөөлж байгааг хуульд заасан үүргээ хэлбэрийн төдий биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Гг ажлаас чөлөөлөх тушаалд дурдсан санхүүгийн тайлант жилийн гэх зөрчил тус бүрийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Өөрөөр хэлбэл, тушаалд заасан зөрчил дутагдал нь тухайн ажилтны хөдөлмөрийн гэрээгээр ажилласан цаг хугацаа болон түүний буруутай үйл ажиллагаатай шууд хамаарахгүйг зөв дүгнэсэн байна.

Иймд нэхэхмжлэгч Б.Гг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 683 997 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэв.

 

Дээрх хууль зүйн үндэслэлээр хариуцагчаас гаргасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэргийн үйл баримтыг зөв дүгнээгүй, нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас давж заалдах шатны шүүхээс хэргийг хянах ажиллагааны явцад “Биокомбинат” ААТУҮГ-ыг татан буугдсан талаар албан бичгийг ирүүлсэн боловч Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаартай “хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоор “Биокомбинат” аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар татан буугдаж, “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газар болгож өөрчлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 895 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА