| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2024/0110/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/113 |
| Огноо | 2024-05-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/113
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т,
шүүгдэгч З.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Зийн Ит холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Зийн И, 1992 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо У хотын С дүүргийн 00 дүгээр хороонд оршин суудаг, урьд нь Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД: 00000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.И нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “А” загварын тээврийн хэрэгслийн мотор худалдан авах гэж байсан иргэн Т.В руу утсаар холбогдож “би чамд туслах зорилгоор эхнэрт байсан мөнгөөр нэг мотор авчихлаа, би тухайн моторыг чам руу явуулах гэж байна, чи манай эхнэрийн 0000000000 дугаартай данс руу 3.200.000 төгрөг шилжүүлээрэй” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 3.200.000 төгрөгийг ХААН банкан дахь өөрийн эхнэр А.Сын эзэмшлийн 0000000000 дугаартай дансаар шилжүүлэн авч, 3.200.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч З.И мэдүүлэхдээ: “Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Хохирогчид 3.200.000 төгрөгийг бүрэн төлж өгсөн” гэв.
2. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Иргэн Т.Вгаас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/, ХААН банкан дахь иргэн Б.Жын эзэмшлийн 5076094825 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 08-09, 19 дэх тал/, ХААН банкан дахь иргэн А.Сын эзэмшлийн 0000000000 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 13-16 дахь тал/, хохирогч Т.Вгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 24, 26 дахь тал/, яллагдагч З.Иийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, шүүгдэгч З.Иийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
3.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.Иийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Хэргийн үйл баримт.
4. Шүүгдэгч З.И нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “А” загварын тээврийн хэрэгслийн мотор худалдан авах гэж байсан иргэн Т.В руу утсаар холбогдож “би чамд туслах зорилгоор эхнэрт байсан мөнгөөр нэг мотор авчихлаа, би тухайн моторыг чам руу явуулах гэж байна, чи манай эхнэрийн 0000000000 дугаартай данс руу 3.200.000 төгрөг шилжүүлээрэй” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 3.200.000 төгрөгийг ХААН банкан дахь өөрийн эхнэр А.Сын эзэмшлийн 0000000000 дугаартай дансаар шилжүүлэн авч, 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1. Иргэн Т.Вгаас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/,
4.2. ХААН банкан дахь иргэн Б.Жын эзэмшлийн 5076094825 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 08-09, 19 дэх тал/,
4.3. ХААН банкан дахь иргэн А.Сын эзэмшлийн 0000000000 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,
4.4. Хохирогч Т.Вгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие өөрийн хувийн “А” загварын тээврийн хэрэгсэлтэй ба тухайн тээврийн хэрэгслээр улс хоорондын таксинд явж ажил хөдөлмөр эрхэлдэг. 2023 оны 08 дугаар сарын эхэнд миний тээврийн хэрэгслийн мотор нь эвдэрсэн тул тухайн тээврийн хэрэгслийн моторыг хайж эхэлсэн. Тэр үед З.И нь надад шинэ мотор олж өгнө гэж хэлсэн. Тэгээд нэг өдөр над руу залгаж “би чамд туслах зорилгоор эхнэрт байсан мөнгөөр нэг мотор авчихлаа, би тухайн моторыг чам руу явуулах гэж байна, чи манай эхнэрийн 0000000000 дугаартай дансанд 3.200.000 төгрөг шилжүүлээрэй” гэхээр нь би түүнд итгэж 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхнэр болох Б.Жын 5076094825 дугаартай дансаар нэг удаагийн гүйлгээгээр 3.200.000 төгрөг шилжүүлсэн.
Тэр өдрөөс хойш З.И надад худлаа хэлж “би явуулсан байгаа” гэж хэлж байсан ба сүүлд миний утсыг авахгүй алга болсон. Би аргаа бариад араас нь У хот ороод гэрт нь хайж очиход эхнэр нь байсан ба дараа нь би түүнийг хайж очсныг мэдээд “намайг гэртээ байхгүй үед хайж очдог хэн юм бэ, би чамд ямар ч мөнгө өгөхгүй, чадах юм бол намайг олж аваарай” гэж хэлээд миний утсыг авахаа больсон.
Иймд намайг залилан мэхэлж, нийт 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан З.Иийг олж тогтоон намайг хохиролгүй болгож өгнө үү.
...З.И хэд хэдэн удаа надад утсаар холбогдсон. Тэгээд удаа дараа худлаа ярьсан. Сүүлд нь би цагдаагийн газарт хандаж гомдол гаргасан үед надтай утсаар холбогдож “та гаргасан гомдлоо буцааж аваарай, танаас авсан мөнгөө ойрын хугацаанд төлж өгөх болно, би танаас авсан мөнгийг өөр юманд зарцуулсан байсан” гэж хэлсэн. Тэр үед би түүнд “чи намайг залилж авсан мөнгөө хурдан олоод өгөх юм бол боллоо” гэж хэлсэн. Тэр үед буюу 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр миний эхнэр Б.Жын 5076094825 дугаартай дансанд утган дээр нь “И” гэж бичээд 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс өөр ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. З.И нь зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж намайг залилан мэхэлж нийт 3.200.000 төгрөгийг шилжүүлэн авч, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж намайг хохироосонд маш их гомдолтой байна. Иймд З.Иээс хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.
Би З.Ит 3.200.000 өгч залилуулсан. Үүнээс 1.000.000 төгрөгийг авсан. Үлдсэн 2.200.000 төгрөгийг нэхэмжилж байна.
...И надад 1.200.000 төгрөгийг төлж өгсөн. Үлдсэн 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 24, 26 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
5. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
6. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч З.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч З.Иээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч З.Иийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтээ тус тус гаргаж, улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт.
7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар идэвхтэй үйлдэл хийгддэг бөгөөд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
8. “Залилах” гэмт хэргийн субьектив тал нь гэмт этгээд үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилготойгоор хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, шунахай сэдэлттэй үйлдэгддэг.
9. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч З.И нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “А” загварын тээврийн хэрэгслийн мотор худалдан авах гэж байсан иргэн Т.В руу утсаар холбогдож “би чамд туслах зорилгоор эхнэрт байсан мөнгөөр нэг мотор авчихлаа, би тухайн моторыг чам руу явуулах гэж байна, чи манай эхнэрийн 0000000000 дугаартай данс руу 3.200.000 төгрөг шилжүүлээрэй” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 3.200.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан нь үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч З.И нь хохирогч Т.В руу “А” загварын тээврийн хэрэгслийн моторыг хүлээлгэж өгөөгүй, түүнээс шилжүүлэн авсан 3.200.000 төгрөгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан нөхцөл байдал тогтоогджээ.
11. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
12. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч З.Иийн хялбар аргаар хөрөнгөтэй болох зорилго, шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.
14. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.
15. Шүүгдэгч З.Иийн үйлдсэн “Залилах” гэмт хэргийн улмаас хохирогч Т.Вд 3.200.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч З.И нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.200.000 төгрөг, шүүхийн шатанд 2.000.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөгийг хохирогч Т.Вд төлж өгч, гэмт хэргийн хохирлыг төлүүлж авсан тухай хохирогчийн баримтыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн тул шүүгдэгч З.Иийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
16. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,
17. Шүүгдэгч өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нь 3 хүүхэдтэй, бага хүүхэд нь 1 нас, 6 сартай. Шүүгдэгч нь том оврын тээврийн хэрэгслээр ачаа зөөж амьдралаа залгуулдаг. Тиймээс шүүгдэгч нь Орос улс, руу ачаа ачдаг хүн байгаа юм. Тиймээс прокуророос гаргаж байгаа 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн гарсан хохирлыг нь бүрэн барагдуулж өгч, хохирогчоос уучлал гуйсан. Эдгээр нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргасан болно.
18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч З.Иийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч З.Ит эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
19. Шүүгдэгч З.Ит эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
20. Шүүгдэгч З.И нь хувийн байдлын хувьд 1992 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
21. Шүүгдэгч З.И нь “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Иийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
22. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ит оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
23. Энэ хэрэгт шүүгдэгч З.И нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
24. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Зийн Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Иийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ит оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч З.И нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч З.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ