Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 101/2021/01237

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 29 өдөр

       Дугаар 101/ШШ2021/01237

     Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.П нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.З холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 37,807,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.П  шүүхэд гаргасан нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.П  нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Э.Зтэй 13 тонн карказ төмрийг 29,245,200 төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээний дагуу худалдан авагч нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор худалдагчид төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон.

Өнөдрийн байдлаар Э.З нь худалдан авсан үнийн үлдэгдэл төлбөр болох 25,205,200 төгрөгийг төлөөгүй өдий хүрч байна.

Иймд худалдан авсан карказ төмрийн үнийн үлдэгдэл болох 25,205,200 төгрөг, мөн гэрээний 3.5-д заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 10-наас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртлэх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 275 хоногийн алдангид 12,602,600 төгрөг /25,205,200*0,5%*275=32,762,860<50%/, нийт 37,807,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.З нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.П  нь хариуцагч Э.Зд холбогдуулан, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 25,205,200 төгрөг, алданги 12,602,600 төгрөг, нийт 37,807,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүрэгтэйгээ танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр гаргаагүй.

Шүүх, дор дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Талууд 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Зээлээр худалдах-худалан авах гэрээ” байгуулж, Э.З нь 13 тонн карказ төмрийг Д.П гаас 29,245,200 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлөх, хугацааны турш хүү тооцохгүй байх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээний дагуу талууд харилцан тохиролцохдоо төлбөр төлөх хугацаа тогтоосноос бус хүү тохиролцоогүй тул “Зээлээр худалдах-худалан авах гэрээ” нэртэй 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцжээ. 

Худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй алданги төлөхөөр талууд харилцан тохиролцож гэрээнд заасан бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлээгүй алданги шаардсан байх тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хуульд нийцжээ.

Хариуцагч нь дээрх гэрээний дагуу карказ төмрийг хувьдаа аваагүй, ажиллаж буй компанийн эд зүйлийг худалдан авсан гэх тайлбарыг удаа дараа хойшилсон шүүх хуралдаанд мэдүүлж байсан боловч бичгээр хариу тайлбар гаргаагүй.

Мөн түүнчлэн, хариуцагч нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Зарлагын баримт”-д “Хос бэрс экологи” болон “Максмайнд” гэх байгууллагуудын нэр бичигдсэн байх ба нийт 29,245,200 төгрөгийн эд зүйлийг Д.П гаас Э.Зд хүлээлгэн өгсөн, эд зүйлсийг зээлээр авсан, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бүрэн төлнө гэх тэмдэглэл бичигдсэн байх боловч Д.П , Э.З нарын хооронд байгуулагдсан, хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээнд тусгагдсан худалдах-худалдан авах харилцаатай шууд хамааралтай, аж ахуйн нэгжүүдийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй, хугацаа зөрүүтэй байх тул тухайн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 тус тус заасныг баримтлан, хариуцагч Э.Згээс 37,807,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.П д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346,989 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Згээс 346,989 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.П д олгосугай. 
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.УНДРАА