Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/02486

 

 

 

 

 

 

 

                            2021        08          23 

            101/ШШ2021/02486

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

“Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, тасгийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч .... 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах .....тоот тогтоолыг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М ын төлөөлөгч Ц.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн .... тоот шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжаар хариуцагч Д.Н нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1.500.000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх буюу 71 сарын хугацаанд cap бүрийн 15-ны дотор 480.000 төгрөгийг, үлдэх 552.700 төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч “*******” ХЗХ-нд төлөхөөр, дээрх хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байрны .... тоотод байрлах, 38 м.кв талбайтай, эрхийн улсын ..... дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид харилцан тохиролцжээ. Ийнхүү эвлэрсэн нөхцөл байдлыг хамтран өмчлөгч Д.М  миний бие огт мэдээгүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ч намайг татан оролцуулаагүй шийдвэрлэсэн байна. Дээрх зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 3 дугаар ’ хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байрны ..... тоотод байрлах, 38 м.кв талбайтай,

эрхийн улсын .... дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууц нь Д.М, Д.А, Д.Н нарын дундын өмчлөлийн хөрөнгө юм. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тасгийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч ... 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн .... тоот тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах болсныг 2021 оны 05 дугаар сарын 13-ын өдөр мэдсэн ба өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Энэхүү иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцыг албадан дуудлага худалдаанд оролцуулах болсон зэрэг мэдээллийг хамтран өмчлөгч надад огт мэдэгдээгүй, өмчлөгчийн зүгээс уг ажиллагаанд гомдол санал гаргах боломжоор хангаагүй, түүнчлэн хуульд заасны дагуу өмчлөгчөөс үнийн санал огт авалгүйгээр 59.720.500 /тавин есөн сая долоон зуун хорин мянга таван зуу/ төгрөгөөр худалдан борлуулахаар болжээ. Уг үнийн дүн нь зах зээлийн үнийн дүнгээс хэд дахин бага тогтоож дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь хамтран өмчлөгч миний эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тасгийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч .... 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай” .... тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны дүгээр сарын 22-ны өдрийн .... дугаар захирамжаар Д.Н-аас 36,132,700 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 204,406 төгрөгийг гаргуулж “*******” ХЗХоршоонд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.Н-т шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын .... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол 3 дугаар байрны ..... тоотод байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцанд 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ..... дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээ дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр .... дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Виннэр-Вэй' ХХКомпаниар тогтоолгоход 119,441,000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 09 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ..., ..., ..., ….дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Төлбөр төлөгч Д.Н нь үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн .... дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Д.Н нь 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул гүйцэтгэх гүйцэтгэх баримт бичиг дуусгавар болсон.

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Шүүгчийн захирамжаар 36 сая төгрөг гаргуулах болсон. Дээрх захирамж болон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр төлөхийг мэдэгдсэн боловч төлбөр төлөөгүй тул ажиллагаа явуулж барьцаалсан 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн. Улмаар төлбөр төлөхийг мэдэгдсэн боловч төлөөгүй тул хураан авч Иргэний хуульд зааснаар үнийн санал авсан. Уг орон сууцны өмчлөгчөөр 3 иргэн байсан. А нь япон улсад байгаа нь тогтоогдсон. М мөн гадаадад байсан тул үнийн санал ирүүлэх талаар мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч нь үнийн санал өгөхгүй гэсэн. А нь хариу ирүүлээгүй. Улмаар төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул шинжээч томилж үнэлгээ гаргуулсан. Ингээд үнэлгээний тайланг талуудад мэдэгдсэн. Ингэхдээ нэхэмжлэгчид мэйл хаягаар мэдэгдсэн. Үүний дагуу үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон. Төлбөр төлөгч Д.Н нь 2021.6.4-нд төлбөрөө бүрэн төлсөн тул ажиллагаа дуусгавар болсон. Хөрөнгийн буюу маргаж буй орон сууцны эрхийг сэргээсэн гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М  нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага явуулах тухай ... дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00375 дугаар захирамжаар хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч “*******” ХЗХ-ны нэхэмжилсэн 36,132,700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тогтоосон хуваарийн дагуу төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрэл, Д.Н нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, .... тоот, 38 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Ү-.....дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсоныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 34-35 дугаар тал/

Улмаар хариуцагч Д.Н нь дээрх .... дугаар захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс захирамжийг албадан гүйцэтгэх хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр .... дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарч, .... дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хэргийн 32-33 дугаар тал/

 

Дээрх ... дугаар захирамж, ... дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэж 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн .... дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хэргийн 36 дугаар тал/ Энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т нийцжээ.

 

Үүний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь холбогдох хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн нь хэргийн 50 дугаар талд байх баримтаар тогтоогдож байна. Ийнхүү мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1-т нийцнэ.

 

Төлбөр төлөгч нь төлбөрийг сайн дураар төлөөгүйн улмаас 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дээрх .... дугаар захирамжид заасан Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, .... тоот, 38 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Ү-......дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг битүүмжилж, тэмдэглэл үйлдэн төлбөр төлөгч Д.Наранбаатарт хууль зүйн үр дагаврыг танилцуулж, төлбөр төлөх мэдэгдэх хуудас гардуулсан байна. /хэргийн 51-52 дугаар тал/

Ийнхүү битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т нийцэх боловч мөн хуулийн 49.7-д нийцэхгүй байна. Тодруулбал үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн тохиолдолд энэ талаар ажлын 3 хоногийн дотор бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх хуулийн зохицуулалттай боловч энэ ажиллагаа хийгдсэн баримтгүй.

Тодруулбал, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй болох нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /хэргийн 12 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилсэн эд хөрөнгө нь төлбөр төлөгч Д.Н энэ хэргийн нэхэмжлэгч Д.М  болон Д.А нарын өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 75 дугаар тал/

 

Төлбөр төлөгч нь мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч төлбөрийг төлөөгүйн улмаас дахин мэдэгдэх хуудсыг хаягаар хүргүүлжээ. /хэргийн 53 дугаар тал/

 

Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр .... дугаар тогтоолоор дээрх 27 тоот хаягт байрлах орон сууцыг хураан авч, тэмдэглэл үйлдсэн байна. /хэргийн 54 дүгээр тал/

Уг ажиллагаанд төлбөр төлөгчийг болон хөндлөнгийн 2 гэрч оруулсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд нийцжээ.

Эд хөрөнгийг хураамагц төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг дахин мэдэгдсэн. /хэргийн 55 дугаар талын арын нүүр/

 

Улмаар төлбөр төлөгч бөгөөд хураан авсан эд хөрөнгийн өмчлөгчдийн нэг болох Д.Н нь 2020 оны 09 дүгээр сард дээрх 27 тоот орон сууцныг 400,000,000 төгрөг гэж үнийн санал ирүүлсэн байна. /хэргийн 56 дугаар тал/

 

Мөн бусад өмчлөгч болох энэ хэргийн нэхэмжлэгч Д.М  болон Д.А нарт 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр үнийн санал ирүүлэх тухай ..., ... дугаар албан тоотыг баталгаат шуудангаар хүргүүлсэн. /хэргийн 59 дүгээр тал/

Гэвч дээрх 2 өмчлөгч буюу Д.М , Д.А нар нь тухайн үед Монгол улсад байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн .... дугаар албан тоот, түүний хавсралт, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэл, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “үнийн санал ирүүлэх талаар мэйл хаягаар мэдэгдэхэд нэхэмжлэгч Д.М  нь үнийн санал ирүүлэхээс татгалзсан бол Д.А нь хариу ирүүлээгүй” гэх тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 83, 5 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

 

Гэвч хариуцагч тал нь бусад өмчлөгч нарт үнийн санал ирүүлэх талаар буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Мөн хариуцагчийн төлөөлөгчид өөрийн тайлбарыг нотлох хангалттай хугацаа өнгөрснийг дурдах нь зүйтэй.

 

Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн .... тогтоолоор шинжээч томилж, дээрх 27 тоот хаягт байрлах орон сууцны үнэлгээг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцэхгүй. /хэргийн 63 дугаар тал/

Түүнчлэн “Виннэр Вэй” ХХК-ний гаргасан үнэлгээг дээрхийн адил бусад өмчлөгч болох Д.М , Д.А нарт цахимаар мэдэгдсэн гэх тайлбар нотлогдохгүй байна.

 

Ийнхүү маргаж буй орон сууцны бусад өмчлөгч нараас үнийн санал авалгүй, үнэлгээний талаар мэдэгдэлгүйгээр “Виннэр Вэй” ХХК-ний үнэлгээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр .... дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5/3 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол үйлдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д нийцэхгүй. /хэргийн 85, 95 дугаар тал/

 

Эдгээр үндэслэлийг нэгтгэн дүгнээд хариуцагч нь бусад өмчлөгч буюу энэ хэргийн нэхэмжлэгч Д.М  болон Д.А нараас үнийн санал авсан, цаашлаад үнэлгээг мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Харин төлбөр төлөгч Д.Н нь дээрх .... дугаар захирамжийг биелүүлж, төлбөр авагчид төлбөрийг мөнгөн хэлбэрээр бүрэн төлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавал болсон нь төлбөр авагч “*******” ХЗХ-ны 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн гүйцэтгэлийн хуудас хаалгах тухай .... дугаар албан тоот, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай .... дугаар тогтоолын хуулбараар тогтоогдсон. /хэргийн 37, 38 дугаар тал/

 

Иймд төлбөр төлөгч нь барьцаа хөрөнгөөр бус харин мөнгөн хэлбэрээр төлбөрийг барагдуулж, .... дугаар захирамж биелэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх тул энэхүү шийдвэр нь ямар нэг хууль зүйн үр дагавар үүсгэхгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай ..... дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШШГГ-аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ГАНБОЛД