Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2021/02530

 

 

 

 

 

 

 

     2021          08          27                                    101/ШШ2021/02530

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У.У-д холбогдох,

 

230,694 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “С.М ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Уранчимэг овогтой Ууганбаяр нь 2019 оны 10 сарын 05-ны өдөр 94063 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг С.М  ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг Скаймедиа гуравласан үйлчилгээг гэрээнд заасан нөхцөлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл У.Ууганбаяр нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2,5.5.1,5.5.2, 6 дугаар зүйлийн 6.1,6.2 д заасны дагуу 2020 оны 01 сарын 23-ны өдөр тасалбар болгон С.М  ХХК-аас зогсоосон. Гэсэн хэдий ч 2019 оны 12 cap болон 2020 оны 01 сарын үйлчилгээний төлбөр болох 70,694 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл болох 156,000 төгрөг нийт 226,694 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд У.Ууганбаяраас үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт нийт 226,694 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 230,694 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 70 694 төгрөг, төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 56 000 төгрөг, нотариатын зардалд 4 000 төгрөг, нийт 230 694 төгрөг гаргуулна. Хариуцагч нь 2019.10.5-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр гуравласан үйлчилгээ авах зорилгоор байгуулсан. Улмаар төлбөрөө төлөөгүй тул гэрээнд зааснаар 2020.1.23-нд үйлчилгээг зогсоосон. Гэвч 2019.12-2020.1 сарын төлбөрийг төлөөгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С.М ” ХХК нь үйлчилгээний төлбөрт 70,694 төгрөг, төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөрт 156,000 төгрөг, нотариатын зардалд 4,000 төгрөг, нийт 230,694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагчид 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, улмаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх тухай мэдэгдсэн.

Энэ нь хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх боловч мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

 

Зохигч 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулсан байна. /хэргийн 5-6 дугаар тал/

Нэхэмжлэгч нь үйлчилгээний төлбөрийн үлдэгдэлд 70,694 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь үйлчилгээ авсан эсэх болон үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тул талуудын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй юм.

Иймд үйлчилгээ үзүүлсэн төлбөрийн үлдэгдэлд 70,694 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Харин үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий тоног төхөөрөмжийг хуваарийн дагуу дараа төлөхөөр тохиролцож хүлээлгэн өгсөн гэх тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй. Мөн дээрх үйлчилгээ үзүүлэх гэрээнд тоног төхөөрөмж, түүний үнийн талаар тусгагдаагүй байна.

Иймд тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн, улмаар 156,000 төгрөг төлөгдөөгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд нотариатын үйлчилгээ авч 4,000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарласан. Хэдийгээр нотариатын үйлчилгээ авсан байх боловч 4,000 төгрөгийн төлбөр төлсөн гэх тайлбараа нотлоогүй.

Иймд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 4,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч У.У-аас 70,694 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С.М ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 160,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,571 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ГАНБОЛД