Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

    

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2017/0134/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган,

Хохирогч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох 201709000172 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, *** үйлдвэрт галч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ***

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч **** нь 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 18:20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн *** үйлдвэр дээр ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай /баруун доод эрүүний далд хугарал, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, баруун нүд, зүүн чихний цус хуралт/ учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*** миний толгой руу цохихоор нь би шанаа руу нэг удаа гараараа түлхсэн. Хүчтэй байсан байж магадгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...*** намайг цохиж авахаар нь би зөрүүлээд шанаа тус газар нь цохисон. Миний энэ цохилт их хүчтэй байсан юм шиг байгаа юм. *** миний эрүү эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би чи ямар ч байсан эмнэлэгт үзүүлчих мултарчихсан байж магадгүй гэж хэлсэн.  *** эрүү хугарчихсан байна мэс засалд орохоор боллоо гэж хэлээд мэс засалд орсон. Би эмчилгээний зардалд 700,000 төгрөг, орон хоногийн мөнгө гэж 300,000 төгрөг, шинжилгээ өгсөн мөнгө 55,000 төгрөг өгсөн. Ингээд эмчилгээний зардалд нийт 1,055,000 төгрөг өгсөн. Би одоо хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хоолонд орж байхдаа *** гэх залууг 2 ширхэг чанасан өндөг аваад өгчөөч 2 ширхэг авч өгч чадахгүй юу гэх мэтчилэн шордох маягтай хэлсэн. Тэгсэн *** надда өндөг авч өгөлгүй хоолоо идэж дуусаад цайны газраас гараад явж байсан чинь *** миний урд явж байснаа уурлаад эргэж хараад миний баруун шанааруу гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд бид хоёр барилцаж аваад ноцолдохолд миний эрүү сонин болоод байсан учраас больё гээд салаад ажлаасаа гараад эмнэлэгт орж эрүүгээ рентгэн зураг авхуулсан чинь миний баруун эрүүг уг хэсгээрээ хугарсан байна маргааш ирж хадуулаарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт “...Эмчилгээний зардал 1,000,000 гаран төгрөг авсан. Одоо би хохиролгүй” гэх мэдүүлэг,

 

Гэрч С***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...***, *** нь цайны газрын үүдэнд ноцолдож байсан. Хажууд нь хэн нэгэн байгаагүй. Тэгэхээр нь би салгаад ***ыг гэртээ харь гээд ***ийг ажил руугаа ор гэж хэлээд салгасан. *** нь амарч байсан архи уусан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

 

Гэрч И***ий мөрдөн байцаалтад өгсөн: “...*** ороод 30 гаруй минут болоод гарч ирэхдээ эрүүгээ барьчихсан байхаар нь би “яасан юм бэ” гэсэн чинь “хүнтэй маргалдаад эрүү мултарчихсан юм шиг байна” гэж хэлэхээр нь шууд эмнэлэг дээр хүргэж өгсөн. Эрүүнийхээ зургийг харуулсан чинь хугарчихсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/.

 

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...***, *** нар хэрэлдсэн янзтай уурын зуух руу явж байсан. Тэгээд би замд нь очоод ***ад “Чи харь аа, архи үнэртүүлчихээд юу хийгээд яваад байгаан. Зодоон хийх гээд байгаа юм уу” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

 

ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн “...***ын биед баруун доод эрүүний далд хугарал, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, баруун нүд, зүүн чихний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмт нь ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг тудаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

 

Саруул профилаксис ХХК-ын орлогын ордер /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,

 

***ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч **** нь 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 18:20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн *** үйлдвэр дээр ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ***, гэрч С*** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Аймгийн прокурорын газраас ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** нь “...хохиролд 1,055,000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн ба энэ талаар хэн аль нь маргаагүй байх тул шүүгдэгч ***өөс гаргуулах төлбөргүй байна.

 

 Шүүгдэгч ***т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэхь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биелэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч ***ад буцаан олгож, *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй, дурдах нь зүйтэй байна

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ***ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар ***т 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

       4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч ***ад буцаан олгож, *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар ***т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***ийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

 

       7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлжсүгэй.

 

       8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тэнсэгдсэн ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                                                                                                 

       9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***т авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД