Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 109/ШШ2021/0024

 

 

 

 

 

 

                                                                                 109/ШШ2021/0024

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.О-г ажлаас халах тухай” Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.А /онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.О шүүхэд  гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж овогтой О миний бие анх төрийн жинхэнэ алба буюу Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2003 оны 3 дугаар сарын 4-ний өдөр ажилд орсон. Түүнээс хойш тус байгууллагад нийтдээ 19 жил тасралтгүй ажиллаж, ажиллах хугацаанд төрийн албан хаагчийн эрх, үүргийг нэр төртэйгөөр биелүүлж явсан. Гэтэл 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын Б/10 тоот тушаалаар үүрэгт ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна. Иймд дээрх хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.О-н нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй. Нэгдүгээрт Ж.О-г ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг баримталсан байна. Тухайн баримталсан заалт нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах гэсэн заалт юм. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан зохицуулалтаас төрийн албанаас халах зохицуулалтыг авч хэрэглэсэн байдаг. Гэтэл энэ тушаалаас тийм нөхцөл байдал харагдахгүй байгаа. Хууль хэрэглээний хувьд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний алдаа болжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 36/32 тоот хамтарсан тушаалын 6 дугаар зүйлийн 6.1-д албан хаагч сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна гэж заасан байна. Тэгэхээр бид удаа дараа гэдгийг тайлбарлах ёстой. Монгол Улсад хэрэглэж байгаа хуулийг төсөөтэй хэрэглэх болон шууд утгаар нь хэрэглэх эсхүл нарийвчилсан зохицуулалтаар хэрэглэх гэсэн зохицуулалт бий.  Төсөөтэй хэрэглэхийг үгүйсгэхгүй. Дахин давтан гэж үзвэл 2 удаагийн үйлдэл, удаа дараа гэвэл сахилгын шийтгэл оногдуулсан байхыг шаардсан байдаг. Тэгэхээр албан хаагч удаа дараа сахилгын шийтгэл оногдуулсан гэж үзвэл иргэн Ж.О-г Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын  2019 оны 36/32 тоот хамтарсан тушаалын 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу халах шийтгэл оногдуулах гэж байгаа бол 3 дээш удаа зөрчил гаргасан, энэ гаргасан зөрчилд нь сахилгын шийтгэл оногдуулсан байхыг шаардсан байх зохицуулалттай. Ийм учраас Ж.О-г удаа дараа зөрчил гаргасан гэх зүйлийг харахгүй байна. Тэгэхээр удаа дараа зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн дараагийн нөхцөл нь зөрчлийн шинж байдал нь төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол гэсэн байна. Ажлаас халагдах ямар зөрчлийн шинж байдал гаргасан юм. Зөрчил гэж үзэх үндэслэл байгаа юм уу гэдгийг яаж тогтоосон юм. Төрийн албанаас халах нөхцөл байдал тогтоогдоогүй байхад ажлаас халж байгаа нь хууль хэрэглээний алдаатай гэж үзэх үндэслэлтэй байна.

 Яг ямар үндэслэлээр Ж.О-г ажлаас халсан бэ гэхээр 2020 оны төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, батлуулж тайлагнахгүй ажиллаж хуулиар хүлээсэн үүрэг албан тушаалын тодорхойлолт заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж байсан учраас ажлаас халсан гэсэн байна. Засгийн газрын 2020 оны 218 дугаартай тогтоолыг хэрэглэсэн нь буруу юм. Учир нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор дүгнэх үндэслэлтэй юу гэх асуудал яригдана. Мөн энэ журмыг хүчингүй болгосон хавсралт байдаг. Өмгөөлөгч миний хувьд 2019 оны тогтоолыг хавсрах ёстой гэж үзэж байна. Архангай аймгийн Байгал орчин, аялал жуучлал газрын даргын болон Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэсэн зүйл хэрэгт байна. Ж.Оын ажил үүрэгтэй холбоотой асуудлыг байгууллагын хувьд яаж үнэлсэн гэхээр 100 хувиар үнэлсэн. Буруутгаж оруулж ирсэн үйл явдлыг үзэхээр төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулж, боловсруулж тайлагнаагүй гэдгээр буруутгаж байна. Энэ чиг үүрэг нь ганц ажилтны чиг үүрэг биш тухайн байгууллагатай холбогдож байгаа. Байгууллагын төлөвлөгөөтэй нэгжийн төлөвлөгөөтэй уялдах ёстой. Байгууллагын нэгжийн төлөвлөгөөг чиг үүргийн хувьд Ж.О өөрөө гаргаж ирж чадахгүй. Мөн төсвийн захирагч гүйцэтгэлийн төлөвлөгөөг хянаж батлах ёстой. Тэгээд аж ахуйн нэгжийн дарга тэмдэг дарж, гарын үсэг зурснаар баталгаажна. Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах энэ үйлдэл ганц ажилтнаас хамаарахгүй захиргааны байгууллагаас хамаарна. Төлөвлөгөө биелүүлсэн гэж байгаа юм уу эсхүл ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Ганц удаагийн зүйлийг хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь халах үндэслэл болох уу юм уу. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албыг хуулийн хүрээнд хариуцлагатай гүйцэтгэж, хуулийг дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим болно. Тус газрын биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Ж.О нь 2021 оны 1 дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд ажлаа шалтгаангүй тасалсан бөгөөд 1 дүгээр сарын 6-ны өдөр ажилдаа ирэхэд нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан хариуцлагатай ажиллахыг чиглэл болгосон. 2021 оны 1 дүгээр сараас байгууллагад цагийн бүртгэлийн системийг ажиллуулж эхэлсэн бөгөөд ажилчдын 2021 оны 1 дүгээр сарын ажлын цаг ашиглалтын тайланг ирүүлэхэд Ж.О нь шалтгаангүй ажил тасалсан, ажлын цаг ашиглалт хангалтгүй байсан учир төрийн албан тухай хууль болон байгууллагын дотоод журмын хүрээнд 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулж, сануулах арга хэмжээ авсан байна.

Мөн цаг үеийн дотоод хурлаар ажлын цаг ашиглалтыг сайжруулах, байгууллагын дотоод журамд өөрчлөлт оруулах тухай мэдээлэл хийхэд бусдыг турхирсан өнгө аяс илэрхийлж, төрийн үйл ажиллагааг эсэргүүцэх үйлдэл удаа дараа гаргаж байсан. Энэ нь төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахин биелүүлэх, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх үүргээ биелүүлэхгүй байсныг илтгэнэ. Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагч нь холбогдох хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Түүнчлэн тус газрын биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Ж.О-н албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албан зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 176 тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан байна. Ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын зорилтын нэгд “Салбарын хууль тогтоомж, орон нутагт биологийн төрөл зүйл мэдээллийн сангийн чиглэлээр хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналттавих, гүйцэтгэлийг тайлагнах тухай”, зорилт гуравт гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, биелэлтийг тайлагнах тухай” тус тус заасан.

Мэргэжилтэн Ж.О нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх журмын дагуу байгууллагын төрийн захиргааны албан хаагчдын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө ирүүлж, тайлагнаагүй болно. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан ирүүлэх талаар шаардахад 2020 онд гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, батлуулаагүй тул тайлан ирүүлэх боломжгүй тухай хариу мэдэгдсэн. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх” тухай, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” тухай үүргээ тус тус биелүүлээгүй эс үйлдэхүй юм.

Ийнхүү Ж.О-н төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж ирсэн зөрчилд холбогдох хууль журмын хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан болно гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргын  2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 тоот тушаал нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн. Үүнээс гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2020 оны журмыг баримталсан 2019 оны журмыг баримтлах ёстой гэж хэллээ. Бид өнөөдөр 2020 онд тушаал гаргаж байгаа бол өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх тушаалыг баримтлах ёстой. Ямар үндэслэлээр хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна вэ гэхээр Захиргааны ерөнхий хуульд зааснаар Ж.О-т сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсан байна. Энэ нөхцөл нь хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл баримтуудаар тогтоогдож байгаа. Ж.О-н хувьд түүнийг ажлаас халах Төрийн албаны тухай хуульд заасан хэд хэдэн үндэслэл тогтоогдсон, үүний дагуу тушаалаа гаргасан байгаа. Иргэн Ж.О нь төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар мөн албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн журамд зааснаар гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, батлуулж хэрэгжүүлэх биелэлтийг нь тайлагнах үүрэгтэй. Гэтэл 2018, 2019 онуудад үр дүнгийн гэрээ болоод гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаартай тушаалын 4 дүгээр хавсралтаар биологийн төрөл зүйл мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалын тодорхойлолт батлагдсан. Уг албан тушаалын тодорхойлолтын зорилго нь Байгаль орчны салбарын хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах биологийн төрөл зүйлийг хамгаалах, хяналт тавих, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн үр дүнг  Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргын өмнө  хариуцуулна гэж заасан.

Гэтэл Ж.О гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулж хэрэгжүүлээгүй, биелэлтийг тайлагнаагүй ажилласан. Төрийн албан тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, мөн хуулийн 37.1.13-т албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах зэрэг нийтлэг үүргээ биелүүлээгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т төрийн албанаас халах гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан оногдуулахыг шаардахгүй. Ийм учраас зөрчлийн шинж байдлыг харгалзан түүнд Төрийн албаны хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны  12 дугаар сарын 16-ны өдрийн 218 тоот тушаалын хавсралт төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, мэргэжлийн түвшинд үнэлэх журам байдаг. Уг журмын 1.3-т албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг өөрийн гарын үсгээр баталгаажуулан хагас, бүтэн жилээр батлагдсан хөдөлбөрийн дагуу тайлагнана., 2.3-т албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг хагас жилээр буюу 6 сарын 15-ны дотор, жилийн эцсээр 12 дугаар сарын 15-ны дотор тайлагнана гэдгийг тус тус заасан. Нэхэмжлэгч Ж.О-н хувьд 2018, 2019, 2020 онуудад үр дүнгийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, батлуулж, тайлагнаж хэрэгжүүлж ажиллаагүй гэдэг нь 3 удаа F үнэлэгдсэн ажилтантай харьцуулахгүй, түүнээс илүүтэй эрх зүйн байдал нь дордохоор байгаа. Мөн үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө боловсруулж, тайлагнаагүй тохиолдолд хангалтгүй гүйцэтгэсэн гэдэгт адилтгаж үзлээ гэхэд энэ тохиолдолд хангалттай ажлаас халах үндэслэл болж байгаа.

Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.3.1-т зааснаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн бол төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахаар заасан байгаа. Мөн сахилгын шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзэхээр заасан. Уг журмын 3.3.3-т албан хаагч албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний эс үйлдэхүй хоёрын хоорондоо шууд хамааралтай байгаа. Ж.О нь төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх эрх, үүргийг хангалттай сайн мэдэж байгаа. Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж ажиллах ёстой гэдгээ мэдэж байгаа. Гэтэл үүнийгээ мэдсээр байж зориуд санаатайгаар зөрчил гаргасан үйлдэл нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөлд хамаарч үзнэ гэдэг нь тухайн хүнийг ажлаас халах үндэслэл болж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

           Иргэн Ж.О-с Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан “Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.О-г ажлаас халах тухай” Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Ж.О-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

   Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд

Нэхэмжлэгч Ж.О нь үйлдвэрийн экологи мэргэжилтэй, 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн бөгөөд 2003 оноос хойш Байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэргэжилтнээр[1], сүүлд тус газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байжээ.[2]

Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Ж.О нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэх үндэслэлээр “сануулах” шийтгэл ногдуулсан байна.[3] Нэхэмжлэгч Ж.О нь уг тушаалтай маргаангүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно.

Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.О-г ажлаас халах тухай” Б/10 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5., Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, ЗГХЭГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаал “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоол “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2020 онд төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, батлуулж, тайлагнахгүй ажиллаж хуулиар хүлээсэн үүрэг, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж ирсэн Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Ж.О-г 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр үүрэгт ажлаас нь халсан байна.[4] Нэхэмжлэгч Ж.О-н эрхэлж байсан албан тушаалд өөр этгээд томилогдоогүй, ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байна.

Нэхэмжлэгч Ж.О-с “ ... миний бие төрийн албанд 19 жил тасралтгүй ажиллаж, ажиллах хугацаанд төрийн албан хаагчийн эрх, үүргийг нэр төртэйгөөр биелүүлж явсан. Гэтэл 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын Б/10 тоот тушаалаар үүрэгт ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй ... “ гэж маргажээ.

Хоёр. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5. дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.”,

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: 48.1.З.-т “төрийн албанаас халах”;

Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг 6.1.-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийн төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна.”,

 Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын 5.2.-т “Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус заажээ.

Маргаан бүхий актын үндэслэл нь: Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Ж.О нь 2020 онд төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, батлуулж, тайлагнахгүй ажилласан /энэ зөрчил нь хуулиар хүлээсэн үүрэг, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэнд хамаарна/ гэж үзсэн байна.

Нэхэмжлэгч Ж.О нь 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулж, тайлагнаагүй болох нь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт бичиг баримтад хийсэн үзлэг, гэрч М.Ц-н мэдүүлэг, хариуцагчаас 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 146 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Ж.О нь 2018, 2019, 2020 оны үр дүнгийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, баталгаажуулж, дүгнүүлээгүй болно гэх тайлбар, шүүх хуралдаан хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон болно.

Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Ж.О нь 2020 онд гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, батлуулж, тайлагнаагүй бөгөөд уг асуудлаар нэхэмжлэгч маргаагүй 2020 онд гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй нь үнэн гэж тайлбарлаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэг Төрийн албыг доор дурдсанаар ангилна: 6.1.2.-т “төрийн захиргааны алба”, 6.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ.”, 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсэг Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна: 12.1.8.-д “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 4. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дор дурдсан хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосугай: -Байгаль орчин, аялал жуулчлалын газар гэж тус тус заасан бөгөөд Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Ж.О нь төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд буюу төрийн захиргааны албан тушаалтан мөн байна.

Төрийн албаны тухай хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэг Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: 37.1.8-д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”;  37.1.13.-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 55 дугаар зүйлийн 55.1. дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг баталжээ. Уг тодорхойлолтын II. Албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг 3 дугаар зорилтын хүрээнд 5. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, 6. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлэх, биелэлтийг тайлагнах гэж тусгажээ.[5]

            2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагч бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжүүлж ажиллахыг үүрэгчлэн зохицуулсан. Өөрөөр хэлбэл гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээр төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжлийн түвшин, ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох зохицуулалт туссан билээ.

Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2. дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн газар батална.” гэж заасан. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 2.1.-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн (цаашид “албан хаагч” гэх) төлөвлөгөө нь зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж, тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой уялдсан байна. 2.4.-т “Зохион байгуулалтын нэгжгүй байгууллагын хувьд албан хаагч төлөвлөгөөгөө төсвийн шууд захирагчаар хянуулж, батлуулна.”, 3.1.-д “Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг өөрийн гарын үсгээр баталгаажуулан хагас, бүтэн жилээр батлагдсан загварын дагуу тайлагнана.”, 3.2.-т “Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг хагас жилээр 6 дугаар сарын 15-ны дотор, жилийн эцсээр 12 дугаар сарын 15-ны дотор тайлагнана.”, 3.6.-д “Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийн талаар нэгжийн дарга (зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын төсвийн шууд захирагч)-д тогтмол танилцуулж, зохих дэмжлэг, чиглэл авч ажиллана.”, 5.2.-т “Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заажээ.

Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзвэл, төрийн жинхэнэ албан хаагч нь зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой уялдуулан гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах үүрэгтэй байна. Улмаар өөрийн боловсруулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгууллагын болон нэгжийн төлөвлөгөө, албан тушаалын тодорхойлолттой уялдсан эсэхийг нэгжийн даргаар, зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын төсвийн шууд захирагчид хянуулж, батлуулах, хагас, бүтэн жилээр төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн талаар нэгжийн дарга эсхүл төсвийн шууд захирагчид  тогтмол танилцуулах, зохих дэмжлэг, чиглэл авч ажиллахаар журамлажээ.

Түүнчлэн уг хэргийн маргааны үйл баримтын цаг хугацаанд буюу 2020 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаар тогтоолоор дээрх харилцааг мөн адил агуулгаар зохицуулсан байна.

Нэхэмжлэгч Ж.Оын тухайд 2020 онд гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй, тайлагнаагүй нь ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүй, байгууллагын дарга, нэгжийн дарга /төсвийн шууд захирагч/-ын буруутай үйлдэл, эс үйлдэхүй улмаас дээрх үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэх нөхцөл тогтоогдсонгүй.

Иймд Төрийн албаны хууль болон холбогдох журам, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах чиг үүргээ нэхэмжлэгч буюу Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Ж.О нь биелүүлээгүй байх тул хариуцагч Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаас Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8., 37.1.13.-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.З.-т зааснаар “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбарт нэхэмжлэгч Ж.О нь “ ... ажлын цаг ашиглалтыг сайжруулах хурал хийхэд олон нийтийг турхирсан өнгө аяс илэрхийлж, төрийн үйл ажиллагааг эсэргүүцэх үйлдэл удаа дараа гаргаж байсан ...” гэх боловч дээрх тайлбарт холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болно.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч 2020 онд гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг танилцуулаагүйтэй холбоотой гэж тайлбарласан боловч энэ үндэслэл нь дээрх хууль болон журмын зохицуулалтад хамааралгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. 

Гурав. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн эсэх тухайд

Маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн мэдэгдэх хуудсаар иргэн Ж.От ажлаас халах талаар мэдэгджээ.[6]  Мөн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж буй төрийн жинхэнэ албан хаагч Ж.Отай уулзаж, сонсох ажиллагааг явуулж санал, талбар гаргах боломжоор хангасан байна. Тус өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлд “ ... Ж.О: та тушаалаа гарга даа, би хуулиа судалъя, миний буруу байвал би ажлаасаа чөлөөлөгдье. Хэн буруутай нь хариуцлагаа хүлээнэ биз дээ, өөр тайлбар алга ...” гэж тэмдэглэжээ.

Маргаан бүхий Б/10 дугаартай тушаалын улмаас эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд болох нэхэмжлэгч Ж.О-т 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэж ажил хүлээлцсэн болох нь хэрэгт авагдсан 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ажил хүлээлцэх хуудсаар[7] тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас захиргааны акт гаргахын өмнө мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд зааснаар явуулсан эсэх талаар шүүхэд маргаагүй болно.

Ийнхүү хариуцагч захиргааны байгууллагаас Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын сарын 11-ний өдрийн Б/10 дугаартай тушаалаар Ж.О-т ажлаас халах шийтгэлийг ногдуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 24, 25, 26, 27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл, шаардлага, журмыг хангасан байна.

 Иймд маргаан бүхий Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.О-г ажлаас халах тухай” Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.3, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн иргэн Ж.О-н “Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.О-г ажлаас халах тухай” Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ТҮВШИНТУЛГА

 

 

 

[1] Хавтаст хэргийн 6-19 дэх тал

[2] Хавтаст хэргийн 140 дэх тал

[3] Хавтаст хэргийн 91 дэх тал

[4] Хавтаст хэргийн 4 дэх тал

[5] Хавтаст хэргийн 54 дэх тал

[6] Хавтаст хэргийн 5 дахь тал

[7] Хавтаст хэргийн 93 дахь тал