Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Г.Ганбагана /томилолтоор/,

хохирогч Э.*******,

шүүгдэгч Ж.*******, Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жадык овогт Жанаргүлийн *******, *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *******-ний өдөр од төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-д ажилтай, ам бүл 6, аав, ээж, ах, 2 дүү нарын хамт ,,од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

Жадык овогт Жанаргүл ******* /РД: *******/,

 

2. Монгол Улсын иргэн, -ны өдөр од төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ,,од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

*******ийн ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.*******, Н.******* нар нь бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 19-ний шөнийн 00 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “”-ын урд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн Э.*******ийн толгой, нүүр рүү нь цохиж, биед нь зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, үүдэн нэг шүдний хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.*******, Н.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

   Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

  Хохирогч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед би 3 найзтайгаа явж байсан ба эхлээд “”-д сууж байгаад гарсан. Тэгээд надтай хамт явсан гэрчээр мэдүүлэг өгсөн Э. “” гэдэг бааранд нэг хүнтэй уулзаадах хэрэгтэй байна гэхээр нь би машинтайгаа ирчихсэн байж байгаад нөгөө хүмүүс явахаар нь би цуг гараад үлдсэн. Тэгээд үүдэнд байсан нэг хүнтэй уулзаад тэр 2 маргах шинжтэй байхаар нь явъя гээд аваад явсан. Тэгээд дөнгөж аваад эргэтэл араас хүн цохиод тэнд зодуулаад өнгөрсөн. Тухайн үед хүнтэй ерөөсөө зууралдаж ноцолдоогүй, хүний биед ерөөсөө хүрээгүй, тэнд цохиулаад хамраас цус гарахаар нь хоёр машины голоор ороод цаашаа тэр чигээрээ явчихсан. Миний араас хүн хөөгөөгүй. Тэгээд би тэнд байхдаа шүдээ харсан чинь нэлээн хөндүүр орчихсон байсан, эхнэр араас буцаж ирээд намайг аваад явсан. Тэгэхэд тухайн үед шүд хугарсан байсан” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Ж.*******, Н.******* нар нь бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 19-ний шөнийн 00 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “”-ын урд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн Э.*******ийн толгой, нүүр рүү нь цохиж, биед зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, үүдэн нэг шүдний хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

  • Хохирогч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр найзуудын хамтаар “” гэх пабд сууж байгаад тухайн газраас 00 цагийн орчимд гараад манай нэг найз Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баар руу очиж хүнтэй уулзах хэрэгтэй байна гэхээр нь хамтдаа очиж, манай найз нэг жижигхэн залуутай уулзаж байгаад хоорондоо маргалдах гээд байхаар нь салгаж аваад машин руугаа эргэтэл намайг эргүүлж татаад хэдэн хүн байсныг нь санахгүй, анзаараагүй шууд нүүр рүү цохитол би нүүрээ дараад эргээд харсан чинь намайг олуулаа нийлээд зодчихсон. Тэгээд би машинд суугаад яваад өгсөн. ...Миний үүдэн дээд хэсэгт байрлах шүд хөдөлсөн, зүүн нүд цохиулж, хавдаж хөхөрсөн байдалтай байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

 

  • Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажлын хүмүүстэйгээ, дүү Э.*******ийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байх “” бааранд орсон. Би өмнө нь уусан байсан болохоор нэлээн согтолттой байсан. ...Би бааранд байж байгаад гартал баарны шатан дээр хуучин танил Ж.*******тэй таарсан. Тухайн үед Ж.*******тэй гар бариад юм яриад зогсож байтал дотроос нэг эрэгтэй танихгүй согтуу нөхөр гарч ирээд намайг түлхээд маргаан үүсгээд эхэлсэн. Тэгтэл цаанаас нь баахан хүмүүс гарч ирээд Ж.*******тэй ярьж байхад гарч ирсэн гэх танихгүй залуу хэрүүл маргаан үүсгээд цаашаа манай дүү Э.*******тэй маргалдаад зодолдоод байсан. Тэгээд тухайн үед маш олон хүмүүс байсан болохоор би хэнийг хэн яаж цохиж зодсон талаар огт хараагүй. ...Тэгээд би Э.******* дээр очтол хамраас нь цус гарсан, нэг талын нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 154 дугаартай “ы *******ийн биед зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, үүдэн нэг шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, боох, заамдах үйлдлээр үүснэ. Зүүн доод зовхинд учирсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд учирсан цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.52.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад бага хэмжээгээр нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5% нөлөөлнө” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэж үйлдсэн тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ. 

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Ж.*******, Н.******* нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь хохирогч Э.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Ж.*******, Н.******* нарын үйлдлийн улмаас хохирогч Э.*******ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах болон ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5% нөлөөлөх хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.*******, Н.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, тухайн цаг хугацаанд үүссэн маргааныг таслан зогсоох арга хэмжээ авч байсан Э.*******ийн нүүр хэсэгт 4-5 удаа ээлжлэн цохиж биед нь зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, үүдэн нэг шүдний хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.*******, Н.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээ оношилгооны зардалд баримтаар 190,000 төгрөг, инплант шүд хийлгэхэд гарах зардал 4,000,000 төгрөг, нийт 4,190,000 төгрөг нэхэмжилсэн болно.

 

Шүүх хохирогч Э.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хянаж үзээд баримтаар нэхэмжилсэн шүдний компьютер томограф хийлгэсэн, шүдний ёзоорын зураг авахуулсан, нүдний үзлэг хийлгэсэнтэй холбоотой нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, Н.******* нараас 190,000 төгрөгийг хувь тэнцүүлэн хоёр хувааж тус бүр 95,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.*******т олгохоор шийдвэрлэж, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.*******ийн нэхэмжилсэн инплант шүд хийлгэх 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, тухайн эмчилгээг хийлгэсний дараа холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.*******, Н.******* нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

            Шүүхээс шүүгдэгч Ж.*******, Н.******* нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч нараас “хохирол төлөх 10 минутын завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг түр завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч Ж.*******, Н.******* нар нь 190.000 төгрөгийг Э.*******т төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ж.*******, Н.******* нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тус тус тооцов.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ж.*******, Н.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

           

            Шүүгдэгч Ж.*******, Н.******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.   

 

Шүүх шүүгдэгч Ж.*******, Н.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хүний биед халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, эрхэлсэн тодорхой ажилтай) зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын санал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирохгүй байна гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Ж.*******, Н.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Жадык овогт Жанаргүлийн *******,  *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, Н.******* нарыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, Н.******* нарт оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.******* нь гэмт улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.*******, Н.******* нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 (нэг) ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

  1. Шүүгдэгч Ж.*******, Н.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******, Н.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ