Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2021/02531

 

 

 

 

 

 

 

        2021          08          27                                    101/ШШ2021/02531

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “С.” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Б-д олбогдох,

 

284,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “С ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Б нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2018          оны 09 сарын 15-ны өдөр төхөөрөмжийн үйлчилгээ зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 91745647 гэсэн дугаартай Скайнет B3155-607 төхөөрөмжийг /1 ширхэг/ 24-н сарын хугацаанд cap болгон 30,000 төгрөгийн цэнэглэгч картаар цэнэглэх нөхцөлтэйгөөр худалдан авсан. Гэтэл Э.Баатархүү нь гэрээний үүргээ үл биелүүлж төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 280,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид удаа дараа төлбөр төлөхийг сануулан утсаар болон шуудангаар удаа дараа мэдэгдлийг   өгч байсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд Э.Б-ээс төлбөрийн үлдэгдэл болох 280,000 төгрөг, үүнээс гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-дох хэсэгт заасны дагуу 280,000 төгрөг, нотариатын зардалд 4500 төгрөг нийт 284,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 280 000 төгрөг, нотариатын зардалд 4 500 төгрөг, нийт 284 500 төгрөг гаргуулна. Хариуцагч нь 2018.9.15-ны өдөр интернэт төхөөрөмжийг харилцан тохиролцож авсан. Улмаар гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа тул үйлчилгээг хаасан. Бид удаа дараа төлбөрөө нэхсэн боловч төлөөгүй.  Хариуцагч нь нэхэмжлэгчид гаргасан өргөдлөөс харахад сүлжээ муудсан гэдэг боловч цэнэглэлт хийж байсан баримтаар ашиглаж байсан байдаг гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “С ” ХХК нь гэрээний үүрэгт 280,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 4,500 төгрөг, нийт 284,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагчид 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, улмаар шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хуралдаанд оролцохоос татгалзсан байна. /хэргийн 12, 26 дугаар тал/

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийг өмнө нь ашиглаж байсан интернэтийн сүлжээ түгээх зөөврийн төхөөрөмжийг буцаан өгөөд шинэ төрлийн төхөөрөмж авсан гэж тайлбарласан. Энэхүү тайлбар нь төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт болон төхөөрөмж буцаах маягтын хуулбараар тус тус тогтоогдсон. /хэргийн 5, 6 дугаар талын ар/

 

            Эдгээр баримтын дагуу хариуцагч нь энэ хэрэгт маргаж буй төхөөрөмжийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй.

 

            Дээрх өргөдлийн маягтад зааснаар хүлээн авсан төхөөрөмжийн үнийг 280,000 төгрөг гэж талууд тохиролцсон байна.

 

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний өргөдөлд зээлээр худалдах худалдан авах гэсэн байх боловч энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т нийцэхгүй байх тул зохигчийн хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа бус харин мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээнд хэлбэрийн шаардлага тавигдахгүй, өөрөөр хэлбэл аман хэлбэрээр хэлцэл хийх боломжтой.

            Улмаар хариуцагч нь маргаж буй тоног төхөөрөмжийг худалдан авах талаар хүсэлт гаргаж, хүлээн авсан талаар маргахгүй байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

            Иймд хариуцагч нь гэрээний дагуу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас 280,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд нотариатын үйлчилгээнд 4,500 төгрөг төлж хохирол учирсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

            Тодруулбал нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байх боловч 4,500 төгрөг төлсөн гэх баримтгүй.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 4,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Э.Б-с худалдах худалдан авах гэрээний үүрэгт 280,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9,050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ГАНБОЛД