| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/04945/И |
| Дугаар | 101/2021/01525 |
| Огноо | 2021-05-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 101/2021/01525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Ө-Э
Хариуцагч: Б.Ж
5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Өсөх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, гэрч Ч.Мөнгөншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ө-Эшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Х.Ө-Эби Б.Б*******аас ******* ДГО улсын дугаартай ачааны зориулалттай, 1997 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй Дэйву ультрановус маркийн ачааны автомашиныг худалдан авсан. Худалдагч тал Б.Б******* нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой өмчлөлийн ямар нэг маргаангүй нөхцөлийг хангах тээврийн хэрэгслийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч Х.Ө-Эби уг тээврийн хэрэгслийн үнэ болох 28,000,000 төгрөгийг төлөх болзолтойгоор гэрээ хийсэн.
Би 28,000,000 төгрөгөө төлсөн. Б.Б******* нь тээврийн хэрэгслийг ямар ч биет байдлын доголдолгүй, үүргээ сайн биелүүлэх чанарын шаардлага хангасан гэж надад итгүүлэн гэрээ хийсэн өдрөө буюу 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр надад хүлээлгэн өгсөн. Уг машин авсан өдрөө л мотор нь цохисон. Энэ тухай би Б.Б*******т хэлсэн боловч машинаа надад засч өгөөгүй тул би өөрөө мөнгө гаргаж моторыг солиулсан.
Б.Б*******т холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Уг хэргийн жинхэнэ хариуцагч Б.Ж байх тул тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний үүргийн дагуу мотор сольсон зардал 5,000,000 төгрөгийг Б.Ж өөс гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагч талаас тайлбар хэлэхдээ доголдолтой машин дээр маргаагүй, мөнгөн дээр маргаж байна уу гэхэд мөнгө дансанд орсон эсэх дээр маргаагүй. 22-ын товчоон дээр эвдэрсэн дээр маргаагүй, мотор эвдэрсэн дээр маргаагүй. Машин 10 км яваад эвдэрсэн гэдэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Мөн Б.Ж машины эзэн нь мөн, машины моторын талаар ярьсан байгаа. Иргэний хуулийн 62.7-д зааснаар итгэмжлэлийн талаар заасан байгаа. Ажлаа хийгээд дууссан гэх мэдэгдлийг өгөөгүй. Мөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсан. Б.Ж ийн эхнэрийн данс руу мөнгийг шилжүүлсэн болон авсан дээр маргаан байхгүй байна. Машины доголдол болон эвдэрсэн асуудал дээр маргаж байна. Мөнгө Б.Ж ийн эзэмшилд орсон. Машины жинхэнэ эзэмшигч нь Б.Ж мөн. Иргэний хуулийн 253.1-т худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй гэж заасан. Гэрч болон хэргийн оролцогчдын тайлбараар тэр дор нь доголдлыг мэдэгдсэн гэдэг нь нотлогдож байгаа. Доголдол байсан гэдэг нь баримтаар нотлогдоно. Гэрч мотор авсан талаар тайлбар өгсөн. Иргэний хуулийн ийн 253.1-т заасан үндэслэлээр доголдол байсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б*******ын өмчлөлийн ******* ДХО улсын дугаартай машин 2-3 жилийн хугацаанд ломбардад байсан. Х.Ө-Эболон н.Х******* нар нь ломбардад байгаа машиныг очин үзээд авч болох юм байна гээд тохирсон. Б.Б*******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаад машиныг сайн шалгаж үзсэн. Н.Х******* нь олон жил том машин унасан. Худалдаж авсныхаа дараа машин доголдож байна гэж хэлсэн. Мотор тог тог дугараад байсан. Удаан зогссон машин учраас тос маслыг солиорой гэж хэлсэн. Моторыг солиод ээлж хийсэн учраас 5,000,000 төгрөгийг буцааж авна гэж н.Х******* хариуцагч руу ярьсан. 2020 оны 10 сарын 08-ны өдөр Б.Б*******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2020 оны 10 сарын 21-ний өдөр хариуцагчаа сольсон. Хариуцагчийн зүгээс Б.Ж би хариуцагч биш, би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож гэрээ дээр гарын үсэг зурсан, машины эзэмшигч нь Б.Б******* гэдэг. Тухайн машиныг доголдолгүй гэж өөрийн нэр дээрээ Х.Ө-Эшилжүүлж авсан. Машиныг буцааж өгөөд мөнгөө буцаагаад шаардах боломжтой байсан. Дур мэдэн машинд засвар хийгээд мөнгийг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй. Машины өмчлөгч нь Б.Б******* учраас Б.Б*******аас мөнгийг шаардах хэрэгтэй. Б.Ж хариуцагч биш учраас шүүхийн харьяалал ноцтой зөрчигдөж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. н.Б*******, н.Э******* нарын данс руу 5,000,000 төгрөг орсон гэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ө-Энь хариуцагч Б.Ж өд холбогдуулан худалдан авсан тээврийн хэрэгслийн мотор засахад гарсан зардал 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу, худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* ДГО улсын дугаартай, 1997 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй Дэйву ультрановус маркийн ачааны автомашиныг Б.Б*******аас худалдан авсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ”, Бямбаа овогтой Б*******ын өмчлөлд бүртгэлтэй, ******* ДГО улсын дугаартай, 1997 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, Дэйву ультрановус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулж, нотариатаар гэрчлүүлэхэд, худалдагч тал Б.Б*******ыг төлөөлж Б.Ж оролцжээ.
Нэхэмжлэгч нь худалдан авсан тээврийн хэрэгслийн доголдлыг арилгуулахаар Б.Б*******т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийг Б.Ж өөр сольсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 28 дугаар зүйлд тухайлан заасантай нийцэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг сонгох эрх нь нэхэмжлэгчид байдаг.
Хариуцагч Б.Ж нь дээрх 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ”-нд худалдагч талыг төлөөлж оролцсон боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д тухайлан заасан худалдагч талын эрх эдэлж, үүрэг хүлээхгүй.
Өөрөөр хэлбэл, Б.Ж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүрэг хүлээгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т тухайлан заасан, нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээд биш болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Ж өд холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай Х.Өсөх-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА