Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 101/2021/01552

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О И ББСБ ХХК

Хариуцагч: С.Б

Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх, эрэн сурвалжлуулсан, нотариатын зардал гаргасан нийт 2,341,104 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Б.Бадрах, А.Цолмон нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О И ББСБ ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  С.Б  нь тус ББСБ-д хандан 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн ******* УБВ улсын дугаартай GS******* арлын дугаартай Тоёота кроун маркийн хар өнгийн автомашиныг барьцаалан 1,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 3,9 хувийн хүүтэй зээл олгох өргөдөл гаргасан.

Өргөдөл болон бусад нотлох баримтыг тус ББСБ хянан үзээд иргэн С.Б той 19/3006 дугаартай Зээлийн гэрээ, 19/******* дугаартай Хөрөнгө барьцаалах гэрээг тус тус байгуулж, нотариатаар гэрчлүүлж, хүссэн зээлийг мөн өдөр олгосон.

С.Б  зээлийн төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж байсан тул ББСБ нь шүүхэд хандахад, хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/******* дугаартай шийдвэрээр түүнийг эрэн сурвалжлуулсан.

С.Б оос үндсэн зээл 1,345,000 төгрөг, зээлийн хүү 915,404 төгрөг, шүүхэд материал бүрдүүлэхэд нотариатын зардал 10,500 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 2,341,104 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Б  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “О И ББСБ ” ХХК нь хариуцагч С.Б ид холбогдуулан, үндсэн зээл 1,345,000 төгрөг, зээлийн хүү 915,404 төгрөг, шүүхэд материал бүрдүүлээд гарсан нотариатын зардал 10,500 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 2,341,104 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

“О И ББСБ ” ХХК болон С.Б  нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 19/3006 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу 1,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй, зээлийн гэрээний 2.3-т зааснаар, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэй зээлжээ.

Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 451.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.” 452 дугаар зүйлийн 452.2.-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.”, 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

“О И ББСБ ” ХХК зээлийн гэрээний дагуу 1,500,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан кассын зарлагын ордероор тогтоогдож байх ба зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээл төлөлтийн графикийг зөрчиж, төлбөрөө төлөөгүйгээс үндсэн зээл 1,345,000 төгрөг, зээлийн хүү 915,404 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шүүхэд ханджээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар тайлбар, нотлох баримт гаргаагүй, шаардаж буй төлбөрийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул төлбөрийн үлдэгдэл, түүнд тооцсон хүүгийн тооцоолол нь талуудын байгуулсан гэрээнд нийцсэн гэж үзэхээр байна.

Мөн үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч дээрх гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад 70,200 төгрөгийн, нотариатаар бичиг баримт гэрчлүүлэхэд 8,000 төгрөгийн зардал тус тус гаргасан болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/******* дугаартай шийдвэр, Чингэлтэй дүүргийн нотариатч /дугаар 43/  Ч.Энхтуяагийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдсон хэмжээгээр хангана.

Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагын нотариатын зардал 10,500 төгрөг гаргуулах хэсгээс 2,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хангаж, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй буюу цахим шүүх хуралдаанд холбогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан, түүний эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн  451 дүгээр 451.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан, хариуцагч С.Б оос 2,338,604 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “О И ББСБ ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “О И ББСБ ” ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,379.7 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б оос улсын тэмдэгтийн хураамжид 52,367.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “О И ББСБ ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА