Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2024/00066

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         04           02                                         001/ХТ2024/0066

 

 

 

Б.Эын нэхэмжлэлтэй

                                                    иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/03824 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/00094 дүгээр магадлалтай,

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

Э.Дд холбогдох

 

Гэм хорын хохиролд 19,970 стэбл виртуал хөрөнгө буюу 68,956,410 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Б.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Эаас хариуцагч Э.Дд холбогдуулан гэм хорын хохиролд 19,970 стэйбл виртуал хөрөнгө буюу 68,956,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/03824 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Э.Дд холбогдуулан гаргасан 19,970 стэйбл виртуал хөрөнгө буюу 68,956,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2024/00094 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/03824 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

                                                                               

4. Нэхэмжлэгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч миний зүгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/03824 тоот шийдвэр, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 210/МА2024/00094 тоот магадлалыг хүлээн авч дээрх шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй гэж бүхэлд нь эс зөвшөөрч, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзсэн гэх хоёр үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

 

4.1. Шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэх хэсэгт: “... нэхэмжлэгч Б.Э-ын дижитал хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй гүйлгээ хийх мэдээллийг хуулбарлан авч ашиглах боломжгүй болгосон. Улмаар криптовалютыг 60,279 стэйбл койн болгон эх үүсвэрийг нь өөрчилж хариуцагч Э.Дий данс руу 3 удаагийн гүйлгээгээр 19,970 стэйбл койн шилжүүлж, ... нэхэмжлэгч буюу хохирогч Б.Эд 32,7 итириум буюу 182,476,307 төгрөгний хохирол учирсныг тогтоож, ...өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, ...хариуцагч Э.Дий дансанд шилжүүлсэн 19,970 стэйбл койн хөрөнгийг данснаас гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын орлого болно гэж заасан. ...Тодруулбал 19,970 стэйбл койн хэмээх виртуал хөрөнгө буюу 68,986,410 төгрөгийг нэхэмжлэгчид гэмт хэргийн улмаас учмрсан хор уршиг хохиролд тооцох үндэслэлгүй” хэмээн дүгнэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхээс тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг тогтоох, талуудын мэтгэлцэх зарчмыг хангах, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх, гэм хор учруулснаас үүдэн хор уршиг хохирлыг нэхэмжилж буй атал хуулийг буруу тайлбарлан үндсэн хохирол төлөгдсөнөөр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй хэмээн дүгнэж, хэт нэг талыг барьж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Мөн давж заалдах шатны шүүхээс ... Давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянасан гэж дүгнэсэн нь хуульд нийцсэнгүй. Учир нь:

Миний хувьд эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол болон иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлалд дурьдагдаж буй итириум /албан ёсны дэлхий нийтэд нэрлэгдэж буй нэршил нь “Ethereum crypto”/ 32,7 ширхэг крипто валютыг зах зээлийн хамгийн дээд үнэ хүрэх цаг хугацаа буюу 2021 оны 11 дүгээр сард зарахад 1 итириүм нь ойролцоогоор 3,100 ам.доллар болно гэж тооцоолон найз нөхдийнхөө крипто валютыг нэгтгэн өөрийнхөө дансанд /Байненс “Binanсе” бирж дэх/ байршуулсан. Тухайн хөрөнгийг хулгайд алдах үед зах зээлийн ханш 1 итириум нь нэг сарын дотор 2,500 ам.доллараас 2,700 ам.доллар болтол өссөн ханштай байсан бөгөөд энэ нь тухайн үеийн арилжааны индекс болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Б, гэрч Б.Ч болон бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. /2022 оны 10 сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/1590 тоот шийтгэх тогтоолын 5, мөн 11 дэх хуудас, 25000 ам доллар буюу 9,25 итириүм/. Итириум (ethereum crypto) крипто валют нь дэлхий нийтэд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн, ханш нь тогтвортой өсөж, арилжаалагдаж байдаг цахим хөрөнгө юм.

Байненс (Вinаnсе) бирж нь олон улсад хамгийн найдвартай гэж үнэлэгдсэн, маш өндөр нууцлалтай, хамгаалалтай бөгөөд данс нээх, хаах ажиллагааг зөвхөн тухайн иргэн өөрийнхөө нууцлал, иргэний үнэмлэх, бичиг баримт болон бусад албан ёсны хаяг, холбогдох утас, тухайн улсын иргэн мөн гэдгээ маш өндөр төвшинд нотолж байж данс эзэмших төдийгүй яг л албан ёсны банк, санхүүгийн байгуулагууд шиг арилжаа, гүйлгээг хийдэг журамтай. Өөрөөр хэлбэл Э.Д өөрийн биеэр дансаа нээж, өөрийн нууцлал, бичиг баримтын хүрээнд гүйлгээ арилжаа хийнэ. Энэ нөхцөлд хэдийгээр Э.Бэсвэл Б.Энараас дээрх 32,7 итириумыг гаргуулахаар Монгол улсын шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн Байненс (Вianсе) бирж нь Э.Дий данснаас дээрх 32,7 итириум крипто валютыг шилжүүлэх гүйлгээ хийхгүй. Ийм л хатуу журам, нууцлал үйлчлэх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар англи хэл дээрх Байненс крипто арилжааны биржийн албан бичиг /бичгийн нотлох баримт/-ийг гаргаж  өгсөн атал энэ талаар шүүхээс дүгнэлт хийсэнгүй.

Э.Дийг хариуцагч мөн эсэхийг хуулийн хүрээнд тогтоох ёстой. Э.Дий нэр дээрх Байненс крипто арилжааны биржийн данс нээх хаах, ажиллах нөхцөл шаардлагын талаар, тухайн эзэмшигчийн нэрийн өмнөөс өөр этгээд гүйлгээ хийх боломжтой эсэх талаар шаардагдах нөхцөл байдлыг тодруулсангүй. Хэрэгт англи хэл дээрх крипто арилжааны биржийн албан бичиг /бичгийн нотлох баримт/-ийг хэрхэн яаж үнэлсэн, дүгнэсэн эсэх нь тодорхойгүй. Шүүх хуралдаан монгол хэл дээр явагдах хуулийн зохицуулалтай.

 

    1. Монгол улсад эрүүгийн хэргийн шүүх энэ төрлийн хэргийг анх удаагаа шийдвэрлэсэн. Мөн анх удаагаа энэ төрлийн маргаан бүхий хэргийг иргэний шүүх анх удаагаа шийдвэрлэх гэж байгаа талаар миний зүгээс тайлбарласан. Энэ нь тухайн маргаан бүхий виртуал хөрөнгө, ханш, солилцооны арга хэрэгсэл, данс нээх, хаах, арилжаанд оролцох, учирсан хор уршиг, хохирлын талаарх нэгдсэн ойлголт, туршлага шүүх, хуулийн байгууллага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарын хэн алинд байхгүй юм.

 

    1. Өмгөөлөгч авах тухай сайн ойлгуулж, тайлбарлаж өгсөнгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрх зүйч, хуульч атал надад энэ талаар ойлголт өгч, өмгөөлүүлэх эрхийг хангах талаар арга хэмжээ аваагүй. Үүнээс үүдэн мэтгэлцэх, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт сэлт гаргаж өгөх, нэн шаардлагатай хүсэлтийг гаргаж өгч чадсангүй. Учир нь миний хувьд хууль эрх зүйн талаарх ойлголт байхгүй. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч илтэд худал тайлбар, мэдээлэл өгч, шүүх бүрэлдэхүүнийг төөрөгдүүлэх, хоорондоо илтэд авцалдаагүй мэдээлэл, тайлбар өгч байхад шүүх анхаарч үзсэнгүй. Жишээлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Койн гэдэг зүйл нь байнга дээшээ доошоо хэлбэлзэж байдаг зүйл, эрүүгийн хэргийн анхан шатны хурлаас эхлээд стэбл койн нь нэг төгрөгтэй тэнцсэн байдаг. Тэгэхээр 19,970 доллар биш 19,970 төгрөг нэхэмжлэх боломжтой юм. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийн дагуу энэ 19,970 стэйбл койныг улсын төсөвт оруулахаар тайлбар өгсөн” гэж маргаж тайлбарласан. Хэдийгээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, эсвэл татгалзлалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэх үүрэгтэй байдаг боловч шүүх хуралдааны явцад хэргийн бодит байдлын талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн. Тухайлбал 19,970 төгрөгийн үнэ ханш бүхий төлбөрийг барагдуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллаж байгаа нь үнэн эсэх, эсвэл энэ ажиллагаа дууссан эсэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэн тайлбар өгч байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байв. Үүнээс үүдэн хэргийн бодит байдлыг тогтоож чадсангүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад нотлох баримт шаардагдсан нөхцөлд шүүх хуралдааныг хойшлуулах арга хэмжээ авсангүй.

Мөн Э.Бнь ... хариуцагч Э. Дий данс руу 3 удаагийн гүйлгээгээр 19,970 стэйбл койн шилжүүлсэн гэх боловч Э.Дий нэр дээрх Юнанс крипто арилжааны биржийн /Вinаnсе/ данс нээх хаах, ажиллах нөхцөл шаардлагын талаар, тухайн эзэмшигчийн нэрийн өмнөөс өөр этгээд гүйлгээ хийх боломжтой эсэх талаар шаардагдах нөхцөл байдлыг тодруулсангүй. Дээр дурсанаар энэ талаарх нэгдсэн ойлголт, туршлага хэн алинд нь байхгүй юм. Анх миний дансанд байсан виртуал хөрөнгийг Э.Бтүүний төрсөн дүү Э.Дий дансанд шилжүүлсэн, эсвэл энэ хууль бус ажиллагаанд Э.Д хамааралтай эсэхийг тодруулах нь зайлшгүй шаардлагатай.

 

    1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, гэм хорын хэмжээг тодорхойлохдоо Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг баримтлах ёстой. Эрүүгийн хэргийн шүүх зөвхөн бодит хохирлыг шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 24-ны өдрийн 2022/ШЦТ/1590 тоот шийтгэх тогтоолд ...хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас үчирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлын нотлох баримтыг бурдүүлж ...Э.Б, Б.Э нараас жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт Э.Б, Б.Э гэж хариуцагч болох этгээдүүдийг нэрлэсэн хэдий ч тухайн 32,7 итириум крипто валют нь Байненс бирж дэх Э.Дий нэр дээрх дансанд байгаа гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Яг ийм нөхцөлд Байненс бирж хэрхэн ажилладаг эсэх талаар ерөнхий ойлголт Монгол улсын хуулийн байгууллагууд мөн шүүхэд нэгдсэн байдлаар байхгүй гэж ойлгогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруутай этгээдүүд болон гэрч нар тухайн цаг үед 1 крипто валют 2500-2700 ам.доллар байсан талаар ялангуяа Э.Б25000 ам доллар буюу 9,25 зарсан гэж мэдүүлсэн атал /энэ нөхцөлд 2700 ам.доллартай тэнцэнэ/ эрүүгийн хэргийн шүүхээс хамгийн бага ханшаар 32,7*1958.68ам.доллар нийт 64,047 ам доллараар тооцож улмаар ханшийг нь 2849.10 төгрөг гэж тооцсон. Гэтэл 32,7*2700ам.доллар гэвэл нийт 88,290.00 ам.доллар миний зүгээс төлөвлөж байсан ханшаар бол 32,7*3100 ам.доллар гэж тооцвол 101,370 ам доллар болно. Америк долларын төгрөгтэй харьцах 2022 оны 10 сарын ханшаар тооцвол бүүр өөр дүн хохиролд тооцогдох болно.

Энэхүү Э.Бнарын гэм буруутай үйлдлийн улмаас миний бие маш их сэтгэл санааны хохиролд унасан бөгөөд надад итгэж крипто валютаа өгсөн найз нөхдийн өмнө итгэл алдаж, нэр хүнд унасан билээ. Э.Бнарын зүгээс эрх зүйн байдлаа дээрдүүлэх гэсэн юм, хохирол хор уршгаа иргэний журмаар нэхэмжлэчих, баттай барагдуулна гэсэн тул итгэж тухайн асуудлаар гомдол гаргаагүй. Иргэний журмаар хор уршгийг арилгана гэж итгэж Э.Дий дансанд буй крипто валютыг нэхэмжлэхдээ Байненс биржийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн Э.Дийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлон нэхэмжлэл гаргасан юм.

 

    1.  Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Э.Дөөс 2023.04.17-ны өдрийн 102/Ш32023/07098 тоот захирамжид гомдол гаргасан. Гэтэл тухайн гомдлоос татгалзах тухай “нотлох баримтын шаардлага хангаагүй” хүсэлтийг баримтлан 2023.05.05-ны өдрийн “Гомдол хэлэлцэхээс татгалзах тухай” тогтоол гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан журам алдагдсан гэж үзэж байна.

 

    1.  Хариуцагч Э.Дийг шүүхээс хариуцвал зохих этгээд биш гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар “...эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болно” гэж хуульчилсан байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагчаар татан оролцуулж болно гэж хуульчилсныг хэрэглэсэн бол шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах байсан гэж үзэж байна. Миний хувьд шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцсон, хуулийн мэдлэг тааруухан, мөн хэрэг хэлэлцэх үед Э.Бтэй холбоотой тайлбар, нотлох баримт шинжлэн судлагдсан, магадгүй нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байснаас үүдэн тодруулах зайлшгүй шаардлагын улмаас хариуцагчийг солих тухай зөвшөөрлийг асуух, шаардлагыг тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхээс гарах шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангана.

Иймд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/03824 тоот шийдвэрийг хүчингүйд тооцон, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бүцаан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2024/00307 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг түүнд дурдсан зарим үндэслэлээр хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгч Б.Э хариуцагч Э.Дд холбогдуулан гэм хорын хохиролд 19,970 стэйбл цахим мөнгө буюу 68,956,410 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... 2021.07.22-ны өдрөөс 07.23-нд шилжих шөнө цахим мөнгөний арилжааны бирж дээр байршуулсан виртуал хөрөнгө болох 32,7 итириум буюу тухайн үеийн ханшаар 182,476,307 төгрөгтэй тэнцэх цахим мөнгөө алдсан ... тус хэрэгт Э.Б, Т.Э нар гэм буруутай болох нь тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас алдсан  32,7 итириумыг 2021.08.03-ны өдөр Э.Бийн дүү Э.Дий данс руу 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. ... Э.Д хууль ёсоор эзэмших эрхгүй, үндэслэлгүйгээр уг виртуал хөрөнгийг олж авсан этгээд тул миний олох ёстой байсан ашиг 19,970 стэйбл койн буюу 19,970 ам.доллар болох 68,956,410 төгрөгийг Э.Дөөс гаргуулах” гэж тодорхойлсон.

 

8. Хариуцагч Э.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... Ж.Эрдэнэбатад 182,476,307 төгрөгийн хохирол учирсныг тогтоож, Э.Бээс 79,113,779 төгрөг, Б.Энхзулаас 104,062,528 төгрөг гаргуулан хохирол төлбөр төлөгдсөн нь шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдсон бөгөөд ... шийтгэх тогтоолд ... Э.Б, Б.Энараас жич нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Э.Дөөс 19,970 стэйбл виртуал хөрөнгө буюу 68,986,410 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна. ... 19,970 стэйбл цахим мөнгө нь шүүхийн шийдвэрийн дагуу улсын орлого болгохоор заасан байхад Э.Дийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй.” гэж маргасан.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрт “... Эрүүгийн хэргийн улмаас Б.Эад 32,7 итириум буюу 182,476,307 төгрөгийн хохирол учирсныг нөхөн төлсөн. Эх үүсвэрийг нь өөрчилж Э.Дий дансанд шилжүүлсэн 19,970 стэйбл койн хөрөнгийг данснаас гаргуулж, хохирлыг нөхөн төлүүлж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт үлдээхээр шийтгэх тогтоолд дурдсан. Иймд 19,970 стэйбл виртуал хөрөнгө буюу 68,986,410 төгрөгийг нэхэмжлэгчид гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж тооцох үндэслэлгүй....” гэж дүгнэсэн.

 

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба магадлалд “...  Хариуцагч Э.Дий хууль бус гэм буруутай үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгч Б.Э-ын эд хөрөнгөд гэм хор учирсан, уг гэм хорыг хариуцагч Э.Д хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэх боломжгүй ... хариуцагч Э.Дий эзэмшлийн дансны 19,970 стэйбл койны хөрөнгийг хэрхэх талаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна. ... Шүүх, нэхэмжлэгчийн хүсэлт, эсвэл түүний зөвшөөрлийг үндэслэн хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих ажиллагааг явуулдаг. Хэрэгт энэ талаар баримт авагдаагүй, мөн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс ... би шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон ... , ... шүүх хариуцагчийг солих тухай зөвшөөрлийг асуух, шаардлагыг тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн бодит байдлыг тогтоох байсан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. ...” гэж дүгнэсэн байна.

11. Хариуцагч Э.Дөөс 19,970 стэйбл цахим мөнгө буюу 68,986,410  төгрөгийг гаргуулах Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг анхан болон давж заалдах шатны шийдвэрлэхдээ адил агуулга бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь хэргийн шийдэлд нөлөөлсөн тухай гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэл хангасан гэж үзэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Э.Дий эзэмшлийн дансанд буй 19,970 стэйбл цахим мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хууль зүйн хүрээнд тодруулан, талуудыг мэтгэлцүүлж чадаагүйгээс шийдвэр, магадлал үндэслэл бүхий болж чадсангүй.

 

12. Нэхэмжлэгч Б.Э нь Э.Бболон Б.Э нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас түүнд хохирол учирч өөрийн дансанд байсан 32,7 итириум буюу тухайн үеийн ханшаар 182,476,307 төгрөгтэй тэнцэх цахим мөнгөө алдсан, уг хохирлыг шүүгдэгч Э.Б,  Б.Энар төлж барагдуулсан гэж тайлбарласан ба энэ үйл баримтын тухайд зохигчийн хэн аль нь маргаагүй. Гэвч дээрх гэмт хэргийг шийдвэрлэх явцад хэрэгт оролцоогүй этгээд болох Э.Дийг хариуцагчаар татан мөнгөн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гарган иргэний журмаар маргажээ.

Нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ба хариуцагч Э.Дөөс мөнгөн хөрөнгө гаргуулахаар шаардсан байна. Гэвч хариуцагчаас мөнгө гаргуулах тухай түүний шаардлагын үндэслэл тодорхойгүй буюу гэмт үйлдлийн улмаас алдагдсан боломж болох орох байсан орлогыг нэхэмжилж байгаа, эсхүл 19,970 стэйбл цахим мөнгийг өөрийн өмчлөлийн хөрөнгө гэж үзэж бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулахаар нэхэмжилж байгаа алин болох нь тодорхойгүй байна. Энэ талаар зохигч хангалттай мэтгэлцээгүй, шүүх шаардлагын үндэслэлийг тодруулах, талуудыг мэтгэлцэхэд чиглүүлэх арга хэмжээ аваагүй байна.

 

13. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолын тогтоох хэсгийн 9-д “... шүүгдэгч Э.Бийн төрсөн дүү Э.Дий эзэмшлийн дансны 19,970 стэйбл койн ... аас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэж заасан. Хэдийгээр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э.Д аль нэг хэлбэрээр оролцоогүй боловч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний дансанд хадгалагдаж байгаа цахим мөнгөний талаарх дээрх заалтыг хэд хэдэн удаа эш татан маргажээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Э чухам ямар хохирол нэхэмжилж байгааг тодруулж, түүнд учирсан хохирол арилсан эсэх, арилаагүй бол Э.Дий дансанд буй цахим мөнгөнөөс арилгуулах боломжтой эсэх, энэ шаардлагад эрүүгийн хэргийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явц нөлөөлөх эсэх асуудалд дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

14. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

15. Нэхэмжлэгч Б.Э-ын хяналтын гомдолд дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар зохих мэдлэггүй, энэ байдлыг харгалзан үзээгүй, хариуцагчийг солих талаар шүүхээс санаачлагатай хандаагүй талаарх гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд эдгээр нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/03824 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/00094 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

 

                                       Ш ҮҮГЧИД                                     Н.БАТЧИМЭГ

 

                                                                                               Н.БАЯРМАА

    

                                                                                             П.ЗОЛЗАЯА