Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 0040

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Ц.М

Шүүгдэгч                                                       Х.Э

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар цагаатгах тогтоолтой Х.Эд холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, У овогт Х-н Э.

 

Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах “Еаst ресторанд Ц.Б-н 99351111 дугаарын гар утас руу “би азтан байна” гэж өөрийн “Хаан банк”-ны дансны дугаарыг явуулан төөрөгдүүлж 1,999,999 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар цагаатгах тогтоолоор:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Х-н Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд зааснаар Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуурцаг 1 ширхэг, “Бид Эрдэнэтийнхэн” нэртэй урилга 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй дурьдаж,

Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.О эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүх хэргийн бодит байдал эргэлзээгүй бүрэн тогтоогдоогүй, баримтууд эргэлзээтэй, Х.Э нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай бүрэн тогтоогдоогүй, субьектив санаа зорилгыг хэрэг гарах үеийн нөхцөл байдалтай уялдуулж шалгаж тогтоогоогүй эргэлзээтэй гэж дүгнэсэн нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Хохирогч Ц.Б-н "... би хувийн зүгээс 2.000.000 төгрөгний азтан шалгаруулахаар сугалаа сугалахад 88 гэсэн дугаар таарсан. Тэр хүнийг тайзан дээр дуудаж гарган ирүүлж дансны дугаараа миний 99351111 дугаарын утас руу явуулаарай гэж хэлсэн...Би тэнд байсан хүмүүст ойлгомжтойгоор энэ эмэгтэй азтан боллоо, дансны дугаараа миний утас руу явуулаарай гэж хэлсэн....гэх мэдүүлэг, Гэрч Б.Б-н “...Ер нь бол Б захирал тайзан дээр бүгдэд ойлгомжгойгоор энэ эмэгтэй азтан боллоо миний 99351111 дугаарын утас руу дансны дугаараа явуулаарай гэж хэлж байсан... шөнө 01 цаг 30 минутын үед буруу хүн рүү мөнгө шилжүүлснээ мэдээд Б-д энэ талаар хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Б-н Б захирал өөрөө сугалж 88 гэсэн миний дугаарыг сугалсан. Тайзан дээр очтол тэрээр өөрийнхөө 99351111 дугаарыг хэлж, дансны дугаараа миний утас руу мессежээр явуулаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч Х.Э-гийн “...маргаашнаас нь данс андуурагдсан гэсэн асуудал яригдсан. Нөгөөдөр орой нь би Улаанбаатар хот руу явсан. Хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. Ойрын хугацаанд төлж барагдуулна. 12 сарын 16-ны Даваа гаригт би Улаанбаатар хотын хүүхдийн сэтгэц мэдрэлийн эмнэлэгт цаг авчихсан байсан бөгөөд тэнд хүүхдээ үзүүлэх шаардлагатай байсан учраас яаралтай явсан юм....” гэх мэдүүлэг, Хаан банкны 5094189669 дугаарын Х.Э-гийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дүрс дуу бичлэгийн хуурцаг зэрэг хуульд заасан журмаар бэхжүүлсэн нотлох баримтуудаар тухайн үед өөр хэн нэгэн Ц.Б-н хэлсэн үгийг буруугаар ойлгож түүний 99351111 дугаар руу мессеж бичээгүй, Х.Э нь андуурч гүйлгээ хийгдсэн болохыг мэдсээр байж бусдын эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.

С.Б гэж эмэгтэй азтан болоод тайзан дээр гарахад 88 дугаартай билет нь өөрт нь байгаагүй учир дахин азтан сугалах эсэх талаар ярилцаж байгаад, Ц.Б нь “аз гэдэг сохор юм, хэнийг ч дайрч болно, энэ эмэгтэй худлаа яриагүй байх, 88 бол 88, энэ эмэгтэй 2.000.000 төгрөгийн азтан боллоо гэж хэлээд, С.Б-н гарч ирсэн зоригийг үнэлээд кофе чанагчийг одоо гардуулъя, миний 99351111 дугаарын утас руу Хаан банкны дансаа явуулаарай гэсэн үйл баримт нь дүрс бичлэгээр нотлогдож, бусдад буруу ойлгогдохоор байдал үүсээгүй байхад шүүгдэгч Х.Э нь өрсөж дансаа явуулснаар би азтан болж болох юм гэсэн санаа сэдэл төрөн бусдыг төөрөгдүүлж залилсан болохыг үгүйсгэсэн буюу шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дүрс бичлэгээр тогтоогдож байгаа нөхцөл байдлыг үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Шүүх Х.Э-с гадна бусад хүмүүс дээрх 99351111 дугаар руу дансны дугаараа явуулсан эсэхийг шалгаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Х.Эгийн 10 жилийн ангийн найз болох Ц.С нь 3-4 найз хүүхнүүд маань 99351111 дугаар руу мессеж явуулсан гэж мэдүүлдэг боловч хохирогч Ц.Б-н 95342013 дугаараас өөр ямар нэгэн дугаараас мессеж ирээгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н “... Э гэж эмэгтэйгээс өөр хүн би азтан байна гэсэн мессеж ирүүлээгүй” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгддэг, шүүгдэгч Х.Э-с өөр хүн буруу ойлгон өөрийн дансны дугаараа явуулаагүй болох нь нотлогдоно.

Анхан шатны шүүх дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, шүүхийн шийдвэртээ үндэслэл болгосон эргэлзээтэй гэх нотлох баримтуудын алийг нь ямар үндэслэлээр үнэн зөв гэж үзсэн болон эсрэг агуулга бүхий баримтыг няцаан үгүйсгэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, эргэлзээтэй гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаж чадаагүйн зэрэгцээ яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг ямар учраас үгүйсгэсэн, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болон үүнийг баталж байгаа нотлох баримтыг дурдаж чадаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтыг дурдан хэргийн бодит байдал эргэлзээгүй тогтоогдоогүй байна гэж дүгнэлт хийсэн атлаа ТОГТООХ хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт буюу “ гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлийг удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгч Х.Э тайлбартаа:

... Миний бие уг хэргийг санаатайгаар залилан мэхлэх хэргээр үйлдээгүй. /Азтан болсон гэж л бодсон/ Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай бүрэн тогтоогдохгүй субъектив санаа зорилгыг хэрэг гарах үеийн нөхцөл байдалтай уялдуулан шалгаж тогтоогоогүй эргэлзээтэй байх тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлтэй бодит үнэнийг зөв тогтоосон шийдвэр гаргасан гэж бодож байна.

Ийм учраас анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             

              Шүүгдэгч Х.Э-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

              Х.Э-г 2019 оны 12 дугаар сарын 13-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах “Еаst” ресторанд Ц.Б-н 99351111 дугаарын гар утас руу “Би азтан байна” гэж бичээд өөрийн “Хаан банк”-ныхаа дансны дугаарыг явуулж төөрөгдүүлж 1 999 999 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогдуулан  Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

 

              Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч Х.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

              Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд харилцан зөрүүтэй. Тухайлбал гэрч Ц.С, Н.Б, Ц.Б нарын мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэхдээ бусад нотлох баримт болох хохирогч Ц.Б, гэрч Б.Б нарын мэдүүлгүүдийг үгүйсгэсэн тухай үндэслэлээ тодорхой заагаагүй байна.

 

              Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн орой Оюут багт байрлах “East” зоогийн газарт болсон “Бид эрдэнэтийнхэн” нэртэй шинэ жилийн баярын арга хэмжээнд Х.Э ангийнхантайгаа оролцсон. Баярын арга хэмжээний үеэр азтан шалгаруулсан.  Ц.Б хувиасаа 2 сая төгрөгийн азтан шалгаруулахаар сугалаа сугалаад 88 гэсэн дугаар сугалсан. Азтан болсон С.Б-г дансны дугаараа 99351111 гэсэн өөрийнхөө дугаарлуу явуулаад мөнгөө аваарай гэж хүмүүсийн өмнө хэлсэн байна. Хэсэг хугацааны дараа Х.Э Ц.Б-н дансаа явуулаарай гэж хэлсэн дугаар руу нь “Би азтан байна” гэж бичээд өөрийнхөө “Хаан банк”-ны дансаа явуулснаар Ц.Б нь азтан болсон С.Б дансаа явуулсан байна гэж андуураад Х.Эгийн явуулсан данс руу 1 999 999 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг Х.Э захиран зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

              Гэрч Ц.С, Н.Б, Ц.Б нар 99351111 дугаарын утас руу азтан болохоор дансны дугаараа явуулсан гэж мэдүүлдэг боловч энэ нь бусад нотлох баримтуудаар нотлогддоггүй,

 

              Хохирогч Ц.Б-н...Арга хэмжээний үеэр азтан шалгаруулахаар болоод би хувийнхаа зүгээс 2 сая төгрөгийн азтан шалгаруулахаар сугалаа сугалахад 88 гэсэн дугаар сугалагдсан. 88 дугаарын эзнийг тайзан дээр дуудаж гаргаж ирээд дансны дугаараа миний 99351111 дугаарын утас руу явуулаарай гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа “Би азтан байна” гээд дансны дугаараа бичсэн мессеж ирсэн тул тухайн данс руу нь азтанд өгөх 1 999 999 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч буруу хүн рүү мөнгө шилжүүлснээ мэдээд Б.Б-д энэ тухайгаа хэлсэн. Бичлэгээс бүх зүйл тодорхой харагдаж байгаа. Х.Э-с өөр хүнээс тэр үед мессеж ирээгүй... гэсэн мэдүүлэг,

 

              Гэрч Б.Б-н... Х.Э гэдэг эмэгтэйгээс өөр хүн би азтан байна гэж мессеж ирүүлээгүй. Би азтан болсон С.Б гэдэг эмэгтэйд “Хаан банк”-ны данс байна уу гэхэд байхгүй гэхээр нь “Хаан банк”-ны данс олоод явуулаарай гэж хэлээд явсан. Удаа ч үгүй “би азтан байна” гэсэн мессеж ирэхээр нь С.Б гэдэг эмэгтэйг байна гэж ойлгоод мөнгийг шилжүүлсэн. Ц:Б захирал тайзан дээр бүгдэд ойлгомжтойгоор тайлбарласан... шөнө 01 цаг 30 минутын үед буруу хүн рүү мөнгө шилжүүлснээ хохирогч мэдээд утас руу нь залгахад Х.Э согтуу байсан ба данс андуурагдаж мөнгө орсон гэдгийг Х.Э тухайн үед мэдсэн боловч утсаа авахгүй байсан... зэрэг мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг, 88 дугаартай урилга зэрэг нотлох баримтуудыг эргэлзээтэй гэж үзсэн талаарх үндэслэл бүхий дүгнэлтийг шүүх хийгээгүй байна.

 

              Мөн анхан шатны шүүх Х.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ... гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн заалтыг удирдлага болгосон нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

              Иймд  ...Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Эд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

           4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА