Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
Хэргийн индекс | 109/2021/0035/З |
Дугаар | 109/ШШ2021/0025 |
Огноо | 2021-07-06 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 109/ШШ2021/0025
109/ШШ2021/0025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Б.Г
Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Б.Г-д өндөр насны тэтгэврийг тогтоож олгохгүй байгааг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Г-ын өндөр насны тэтгэврийг 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00006 дугаартай шийдвэрээр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх тухай хуулийн дагуу 10 жилийн шимтгэл нөхөн авч, цэргийн алба 3 жил хааж, сайн дурын даатгал 2 сар төлж, нийт 20 жил 6 сар ажилласнаас, цэргийн алба хааснаас бусад хугацаанд малчнаар ажиллаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.1-д заасан малчнаар ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагыг хангасан. Ингээд Б.Г нь 2021 оны 2 дугаар 1-ний өдөр тэтгэвэр тогтоолгохтой холбоотой баримтыг хавсаргаж, малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлөө Цэцэрлэг сумын Нийгмийн даатгалын байцаагчид өгсөн байдаг. Сумын нийгмийн даатгалын байцаагч уг өргөдөл, түүнд хавсарган ирүүлсэн баримтуудыг шалгаж, Б.Г-д өндөр насны тэтгэврийн хувийн хэрэг нээж, аймгийн нийгмийн даатгалын хэлтэст уг баримтуудыг ирүүлсэн. Гэтэл аймгийн нийгмийн даатгалын хэлтэс шүүхийн шийдвэр 1982 онд ажилласан гэж тогтоосон боловч 1983 оноос тооцно, 6 сарын нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төл гээд материалыг буцааж, Б.Г-д сумын нийгмийн даатгалын байцаагч нь өндөр насны тэтгэврийн хувийн хэрэг, материалыг хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлыг шаардлагын зөвлөлд гомдол гаргасан боловч шүүхийн шийдвэрээр 1982 оны ажилласан жилийн нотлох баримт хангалтгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.1-д заасан болзлыг хангахгүй гэсэн хариу өгсөн. Уг шийдвэрт гомдол гаргаж Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр цахим хаягаар гомдол хүргүүлсэн боловч одоо хүртэл шийдвэрлэж хариу өгөхгүй байгаа.
Б.Г-ын 1982 оноос эхлэн ажилласан байдлыг тогтоосон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр бөгөөд энэ нь заавал биелэгдэх шинжтэй эрхийн акт, нийгмийн даатгалын байгууллагад шүүхийн шийдвэрийн зөв бурууд дүгнэлт өгөх, түүний үндэслэл болсон нотлох баримтыг гаргуулан авах хуулиар олгогдсон эрх байхгүй байсаар байтал түүнд тэтгэвэр тогтоож олгохгүй байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Б.Г-ын өндөр насны тэтгэврийг тогтоож олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Г-д өндөр насны тэтгэврийн материал хүлээлгэн өгч анх сумын нийгмийн даатгалын байцаагчийн өндөр насны тэтгэвэр тогтоосон өдрөөс буюу 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс өндөр насны тэтгэврийг нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Г-ын материалыг Цэцэрлэг сумын байцаагч хүлээж аваад хэлтэс рүү шилжүүлсэн. Анхан шатны байцаагч хүлээж аваад тулган шалгалт хийхэд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуульд бүртгүүлсэн архивын баримттай тулган шалгахад 1983 оноос эхэлж ажилласан нэгдлийн хөдөлмөрийн дэвтэртэй байсан байна. Иймд ажилласан жилийг сайтар нягтлан шалгаж тооцоход тухайн иргэний нийт ажилласан жил болон малчнаар ажилласан хугацаа хуулийн заалт болзол нөхцөлийг хангахгүй байна гэж үзсэн. Нийтдээ 20 жил үүнээс 15 жил малчин даатгуулагч эрэгтэй 55 нас хүрсэн бол малчны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Нягтлан шалгах явцад тухайн иргэн шүүхээр ажилласан жилээ шийдвэрлүүлэхдээ хуулийн зүйл заалтад нийцүүлэх гэсэн хүсэл тэмүүлэлдээ хэт автагдсан байх магадлалтай 1982 оноос ажилласан хугацааг тогтоосон шүүхийн шийдвэрийн нотлох баримт хангалтгүй хэрвээ ажиллаж байсан бол архивын лавлагаагаар батлагдана гэж үзээд нотлох баримт шаардсан.
Шүүхийн шийдвэр гаргуулахдаа нотлох баримтуудаа хангалтгүй өгсөн байх магадлалтай гэж үзэн дахин нотлох баримт шаардсан. Тус хэлтэс нь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээгүй. Тухайн иргэний малчнаар ажилласан хугацааг тодруулах шаардлагатай гэж үзэн, дээд шатны хяналт шалгалтаар эрсдэлд оруулахгүйн үүднээс, тухайн иргэнийг эрсдэлээс хамгаалж нотлох баримт шаардсан. Иргэний хэргийн анхан шатны шүүх 1982 оноос ажилласан хугацааг тогтоохдоо гэрчийн мэдүүлэг ХААТР маягтыг үндэслэсэн нь манай тэтгэвэр тэтгэмж тогтоохдоо бүрдүүлдэг материалын үндэслэл, заавар, журамд нийцээгүй гэж үзэн тухайн иргэнээс дахин нотлох баримт шаардсан. ХААТР маягтыг анх 1988 онд регистрийн дугаар олгож байхад бүртгэж эхэлсэн тул тухайн иргэний тухайн үед ажиллаж байсан эрхэлсэн ажлыг бичсэн гэж үзэж байна. Энэ тухай лавлагааг Улсын бүртгэлийн хэлтсээс авах гэсэн боловч олгохгүй шүүхэд олгодог гэсэн хариу өгсөн. Иргэний хэргийн анхан шатны шүүх нь тухайн иргэний ажиллаж байсан байдлыг л тогтоосон болохоос тэтгэвэр тогтоон олгох талаар манай хэлтэст даалгаагүй. 1983 оноос ажилласан нотлох баримтаас тооцоход ажилласан хугацаа хүрэхгүй малчны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... иргэн Б.Г-ын тухайд 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэврийн хувийн хэргийн материал ирсэн. Улмаар тэтгэврийн хувийн хэргийн материалыг манай хэлтэст хадгалагдаж байгаа 2012 оны ажилласан жил нөхөн тооцуулахаар бүрдүүлж өгсөн материалтай тулган шалгахад хөдөлмөрийн дэвтэр нь 1983 оноос бичилттэй байсан. Харин Б.Г-ын ажилласан жилийг тогтоосон иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь 1982 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд малчнаар ажилласан болохыг тогтоосон байсан. Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс тухайн иргэнийг 1982 онд ажиллаж байсантай холбоотой баримтаа нэмж ирүүлэхийг мэдэгдсэн боловч ирүүлээгүй. 2018 онд шинээр батлагдсан хуулиар малчин 20 жил үүнээс 15 жил малчин даатгуулагч эрэгтэй 55 нас хүрсэн бол малчны тэтгэвэр тогтоолгох эрхтэй болсон. Иргэн Б.Г нь шүүхээр ажилласан жилээ шийдвэрлүүлэхдээ хуулийн зүйл заалтад нийцүүлэх гэсэн хүсэл тэмүүлэлдээ хэт автагдсан байх магадлалтай гэж үзсэн ...” гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Б.Г-д өндөр насны тэтгэврийг тогтоож олгохгүй байгааг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Г-ын өндөр насны тэтгэврийг 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэн Б.Г нь 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр иргэн С.П-д тус шүүхэд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгожээ.[1]
Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:
Нэхэмжлэгч Б овогт Б-н Г нь 1966 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, 55 нас, 5 сартай, эрэгтэй, Архангай аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар баг, Туулант гэх газар оршин суудаг байна.[2]
Нэхэмжлэгч Б.Г-ын тухайд, 1991-2000 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 10 жил, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2021/00006 дугаар шийдвэрээр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар 4 жил 9 сар 27 хоног, 1985 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан 3 жил, 10 хоног, нийгмийн даатгалын шимтгэл сайн дураар 2016 оны 5, 6, 7, сард төлсөн 3 сар, Архангай аймгийн Цэцэрлэг сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох Орон тооны бус зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/01 дүгээр тогтоолоор 1995, 1996, 1997, 2000 онд малчнаар ажилласан болохоо тогтоолгосон байна.
Улмаар нэхэмжлэгч Б.Г нь 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр №186184 дугаартай тэтгэврийн хувийн хэрэг нээлгэж, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хянуулахад 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хөдөлмөрийн дэвтэр нь 1983 оноос эхлэн тооцсон тул 19 жил 6 сар болж байна. 6 сар сайн дурын даатгал хийх гэж тэмдэглэн буцаажээ.[3]
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ... Б.Г-ын 1982 оноос эхлэн ажилласан байдлыг тогтоосон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр бөгөөд энэ нь заавал биелэгдэх шинжтэй эрхийн акт, нийгмийн даатгалын байгууллагад шүүхийн шийдвэрийн зөв бурууд дүгнэлт өгөх, түүний үндэслэл болсон нотлох баримтыг гаргуулан авах хуулиар олгогдсон эрх байхгүй байсаар байтал түүнд тэтгэвэр тогтоож олгохгүй байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна ...” гэж;
Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй үндэслэлээ “ ... Б.Г-ын 1983 оноос эхэлж ажилласан нэгдлийн хөдөлмөрийн дэвтэртэй байсан. Тухайн иргэн шүүхээр ажилласан жилээ шийдвэрлүүлэхдээ хуулийн зүйл заалтад нийцүүлэх гэсэн хүсэл тэмүүлэлдээ хэт автсан байх магадлалтай 1982 оноос ажилласан хугацааг тогтоосон шүүхийн шийдвэрийн нотлох баримт хангалтгүй, хэрвээ ажилласан бол архивын лавлагаагаар батлагдана гэж үзээд нотлох баримт шаардсан. Иргэний хэргийн анхан шатны шүүх 1982 оноос ажилласан хугацааг тогтоохдоо гэрчийн мэдүүлэг, ХААТР маягтыг үндэслэсэн нь манай тэтгэвэр тэтгэмж тогтоохдоо бүрдүүлдэг материалын үндэслэл, заавар, журамд нийцээгүй гэж үзсэн. ХААТР маягтыг анх 1988 онд регистрийн дугаар олгож байхад бүртгэж эхэлсэн. Б.Г-ын ажилласан хугацаа нийтдээ 20 жил 6 сар болж байна ...” гэж тайлбарлаж байна.[4]
Хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ. Учир:
Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1.-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Б.Г-ын тухайд, 1991-2000 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 10 жил, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2021/00006 дугаар шийдвэрээр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар 7 жил, 3 сар, 28 хоног, 1985 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан 3 жил, нийгмийн даатгалын шимтгэл сайн дураар 2016 оны 5, 6, 7, сард төлсөн 3 сар, нийт нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 20 жил, 6 сар, 28 хоног болж Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1.-д тус тус зааснаар малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож, өндөр насны тэтгэвэр авах эрх хуулийн дагуу үүссэн байна.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нэхэмжлэгч Б.Г-ын 1982 онд малчнаар ажилласан эсэхээс бусад ажилласан жил, тэтгэврийн нөхцөлийн талаар маргаагүй болно.
Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2. дахь хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: 135.2.6.-т “хүний ажиллаж байсан байдал” гэж заасан. Энэ дагуу нэхэмжлэгч Б.Г нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2021/00006 дугаар шийдвэрээр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгожээ. Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь хэрэгт авагдсан Архангай аймгийн шүүхийн Тамгын газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаартай албан бичгээр нотлогдож байна.[5]
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2021/00006 дугаар шийдвэрээр “ ... 5. Хүсэлт гаргагч Б.Г-ын анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн Хонгорж бригадад малчнаар 1982 оноос ажиллаж эхэлсэн” гэсэн, гэрч Б.С, Г.Д, Н.Ч нарын шүүхэд өгсөн мэдүүлэгт “... Б.Г нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн Туулант багийн бригадад 1981 оноос 1991 оныг хүртэл малчнаар ажилласан ...” гэж мэдүүлснийг тус тус нотлох баримтаар үнэлж Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэсэн байна.[6]
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.”, 110 дугаар зүйлийн 110.2-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч,...шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж тус тус заасан.
Гэтэл хариуцагчаас “... Б.Г-ын хөдөлмөрийн дэвтэр нь 1983 оноос бичилттэй байхад иргэний хэргийн анхан шатны шүүх 1982 оноос ажилласан гэж тогтоосон нь зөрүүтэй байна” гэж тайлбарлан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй юм.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 3.1.1-д зааснаар даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр нь малчнаар ажилласан хугацааг тооцох баримтад хамаарч байна.
Гурав. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй үндэслэлээ “ ... Б.Г-ын 1983 оноос эхэлж ажилласан нэгдлийн хөдөлмөрийн дэвтэртэй байсан. 1982 оноос ажилласан хугацааг тогтоосон шүүхийн шийдвэрийн нотлох баримт хангалтгүй, хэрвээ ажилласан бол архивын лавлагаагаар батлагдана гэж үзээд нотлох баримт шаардсан. Иргэний хэргийн анхан шатны шүүх 1982 оноос ажилласан хугацааг тогтоохдоо гэрчийн мэдүүлэг, ХААТР маягтыг үндэслэсэн нь манай тэтгэвэр тэтгэмж тогтоохдоо бүрдүүлдэг материалын үндэслэл, заавар, журамд нийцээгүй гэж үзсэн. ХААТР маягтыг анх 1988 онд регистрийн дугаар олгож байхад бүртгэж эхэлсэн. Б.Г-ын ажилласан хугацаа нийтдээ 20 жил 6 сар болж байна ...” гэж тайлбарлаж байна.[7]
Нөгөөтээгүүр, иргэн Б.Г-г Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2021/00006 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул “хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь шүүхийн шийдвэртэй зөрсөн” гэх үндэслэлээр энэ хэрэгт холбогдуулж дахин нотлох шаардлагагүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл иргэний хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон энэ хэрэгт холбоотой дээрх үйл баримтыг уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргах бөгөөд иргэн Б.Г-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан үндэслэл нь дээрх байдлаар хууль бус бөгөөд нэхэмжлэгч Б.Г-н өндөр насны тэтгэвэр авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нийгмийн даатгалын байгууллагын нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоож олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дөрөв. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйл. Өндөр насны тэтгэвэр олгох хугацаа “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно.” гэж заасан.
Нэхэмжлэгч Б.Г нь Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгох өргөдлөө холбогдох баримтын хамт 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр гаргаж, даатгагч байгууллага хүлээн авч тэтгэвэр олголтын хувийн хэрэг нээсэн болох нь хэрэгт авагдсан тэтгэврийн хувийн хэрэг, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б овогт Б-ын Г нь 1966 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, 55 нас, 5 сартай, эрэгтэй байх бөгөөд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1.-д заасан шалгуурыг хангаж малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдлийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авснаар тэмдэглэж тэтгэврийн хувийн хэргийг нээсэн байна.
Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөн өдрөөс эхлэн нэхэмжлэгч Б.Гын өндөр насны тэтгэвэрийг тогтоож, олгохыг хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Тав. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субъектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байхыг шаарддаг. Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан.
Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэж тайлбарлан иргэний өндөр насны тэтгэврийг хуульд заасан журмын дагуу тогтоохгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Б.Г-д өндөр насны тэтгэврийг тогтоож олгохгүй байгааг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Г-ын өндөр насны тэтгэврийг 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1., 8 дугаар зүйлийн 1., Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1/, 6 дугаар зүйл., 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 1., Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн иргэн Б.Г-д өндөр насны тэтгэврийг тогтоож олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Г-н өндөр насны тэтгэврийг тогтоож, 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА