Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2017/0124/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат,

Шүүгдэгч Д.Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Буянт овогт Доржийн Отгонцэцэгт холбогдох эрүүгийн 201709000147 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 5 дугаар сарын 11-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20/4-105 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Буянт овогт Доржийн Отгонцэцэг /МЕ72051103/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Д.Отгонцэцэг нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, “Эма” гэх бааранд 2017 оны 2 дугаар сарын 18-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Чулуунцэцэгтэй маргалдан улмаар биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Отгонцэцэгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг өнгөрөөгөөд зах хааж байхад хамт ажилладаг Оюун, Гантулга, Баатарсүрэн бид дөрөв захын хажуу талын Эма гэх бааранд ороод тооцоо хийж дуусгаад 1 шил архи аваад задлаад уух гээд нэг нэг татаад сууж байтал гаднаас хамт махны лангуу ажиллуулдаг Калаа, Чулуунцэцэг, Алтанцөгц гурав орж ирээд нийлээд сууцгаасан. Суугаад архинаасаа хийж өгөөд ажил төрөл ярьцгаагаад эхлэж байгаад Чулуунцэцэгт би одоо хоорондоо эвтэй байцгаая чи Калааг хөгшин авгайг өдөржин 2 талаас нь зулгаагаад өнжих юм үүнийгээ одоо боль гэтэл Чулуунцэцэг энэ муу Калааг чинь намайг Хонхэрээ гэсэн гээд над руу гарын салаа гаргаад эхлэж бага зэрэг маргалдсан. Тухайн үед Алтанцөгц эгч гэрт хүмүүс ирчихсэн явах ажил гарлаа гээд нэг шил архи авч өгчихөөд гараад араас нь Баатарсүрэн араас нь юм хэлэлгүй утас нь дугараад гараад явсан. Тэгээд бусад нь үлдээд сууж байгаад бас Чулуунцэцэгт би чи олон хүүхэдтэй хүний лангуу яах гэж авсан юм бэ гэтэл жингэр минь чи миний лангууг яаж авсан яг тэрэн шиг чинь авсан гээд ахиад маргаан эхлэж бид 2 ойрхон суусан байсан учраас босоод үсдэлцээд зууралдаж байхад нөгөө хэд салгасан. Тэгээд хэрэлдэж байгаад салцгаасан гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Чулуунцэцэгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн Дарханс сумын Шинэ зах дээр махны лангуу ажиллуулдаг бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хамт махны лангуун дээр ажилладаг Калааг /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ Алтанцогц 2-той Дархан сум 7 дугаар багт байдаг Эма бааранд ортол тэнд бас хамт ажилладаг Отгонцэцэг, Оюун, Бүлтүүш, Баатарсайхан 4 сууж байсан. Тэгээд нийлээд сууцгааж архи ууж байгаад Алтанцөгц, Баатарсайхан 2 түрүүлж гараад бусад нь байж байтал Отгонцэцэг намайг Божоогийн лангуун дээр чи яагаад зогсдог юм бэ гэхлээр нь би чамд хамаагүй бид 2 хоорондоо зохицоод ажиллаж байгаа гээд хэрүүл маргаан эхлэж Отгонцэцэг, Оюун 2 түрүүлээд явъя гээд гарсанаа эргэж орж ирээд Отгонцэцэг над руу дайраад ширээ хөлөөрөө жийж над руу түлхээд сандал авч над руу шидээд дайрч давшилж үсдэж дараад нүүрлүү гараараа цохиж зодсон” гэх мэдүүлэг /хх 14/,

 

Гэрч С.Алтанцөгцийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...тэд нарт нэг шил архи авч өгчихөөд аятайхан уучихаад сайхан амарцгаагаарай гээд явах гэтэл Отгонцэцэг, Чулуунцэцэг 2 маргалдаад Чулуунцэцэг, Отгонцэцэг рүү гарын салаавч өгөөд байхлаар нь юм хэлээгүй гараад харьсан” гэх мэдүүлэг /хх 15/,

 

Гэрч М.Калаагийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...Отгонцэцэг Чулуунцэцэгтэй маргалдаад хоорондоо барилцаад авахаар нь Бүлтүүш салгачихаад явсан. Явсан хойно нь бас Чулуунцэцэг Отгонцэцэг 2 ахиж маргалдаад байсан. Би тухайн үед тэд нарыг маргалдлаа гээд архинаас нь өөртөө хийж уугаад согтсон байсан учраас болсон зүйлийн сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх 16/,

 

Гэрч Ц.Оюуны хэрэг бүртгэлтэд өгсөн “...Отгонцэцэг Чулуунцэцэгт хандаж чи Амаржаргалын лангууг адилхан олон хүүхэдтэй байж яах гэж авсан юм бэ, бас хажууд байгаа Калаа гэх настай хүнээ байнга битгий цохиод оролдоод бай гэсэн утгатай зүйл хэлтэл Чулуунцэцэг өөдөөс нь ус цацаад тэр 2 адилхан нэгнийгээ доромжлоод шүлсээ цацаад хашигачаад нэг нэгэнрүүгээ дайрч давшлаад байхаар нь би Отгонцэцэгийг чирээд аваад гарсан” гэх мэдүүлэг /хх 17/,

 

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 40/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 254 дугаартай “...Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Уг гэмтэл ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” дүгнэлт /хх 21/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35-36/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Д.Отгонцэцэг нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, “Эма” гэх бааранд 2017 оны 2 дугаар сарын 18-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Чулуунцэцэгтэй маргалдан улмаар биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Д.Чулуунцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч С.Алтанцөгц, Ц.Оюун, М.Калаа нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт, шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Отгонцэцэгийн үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Хохирогч Д.Отгонцэцэг, Д.Чулуунцэцэг нар нь Өөрсдийн хүсэлтээр сайн дураараа эвлэрсэн эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь Д.Чулуунцэцэгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Отгонцэцэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр Д.Отгонцэцэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

 

Д.Отгонцэцэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Буянт овогт Доржийн Отгонцэцэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Д.Отгонцэцэгт холбогдох эрүүгийн 201709000147 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Д.Отгонцэцэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Хэрэгт иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг сидиг устгасугай.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Отгонцэцэгт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД