Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1941

 

 

 

 

 

 

 

 

 

“КБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01277 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “КБ” ХХК-иас хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 27 533 675 төгрөг гаргуулах,

Хариуцагч “МД” ХХК нь “КБ” ХХК-д холбогдуулан 13 716 062 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, Г.Баттөгс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Удвал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: КБ нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Мандал женерал даатгал” ХХК-тай зээлийн эрсдэлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, уг гэрээний дагуу цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулахаар 12/85 тоот Цалингийн эрсдэлийн даатгах хэлцлийг тус тус байгуулсан юм. Дээрх гэрээ, хэлцлийн дагуу КБ нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3015/1552 тоот Цалингийн зээлийн гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан АЗЗА ТӨХК-ийн ажилтай Г.Батсайханд олгосон 3 000 000 төгрөгийн, “Таван толгойн транс” ХХК-ийн жолооч А.Батбаярт 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3017-2013/216 тоот цалингийн гэрээгээр олгосон 9 800 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3019/2013/218 тоот зээлийн гэрээгээр олгосон 1 200 000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3008/2013/56 тоот цалингийн гэрээгээр “Эзэн сүлд” ХХК-ийн ажилтан З.Амар-Эрдэнэд олгосон 14 000 000 төгрөгийн зээлийн эрсдэлийг даатгалд хамруулж даатгалын зохих хураамжийг төлж баталгаажуулсан болно.

Гэтэл Дархан-Уул аймгийн Дархан АЗЗА Төрийн өмчит ХК-ийн захирлын 2014 оны 3 сарын 17-ны өдрийн 16/а тоот тушаалаар Г.Батсайхан, Эзэн сүлд ХХК-ийн захирлын 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1302/09/01 тушаалаар З.Амар-Эрдэнэ, Таван толгой транс ХХК-ийн ерөнхий захирлын 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 13/115 тоот тушаалаар А.Батбаяр нар ажлаас чөлөөлснөөр цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийн 9 дүгээр зүйлийн З.е-д заасан даатгалын тохиолдол үүссэн юм. Иймд талуудын хооронд байгуулсан Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийн дагуу зээлдэгч Г.Батсайханы цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт 1 693 647 төгрөг, алданги 823 000 төгрөг, нийт 2 540 470 төгрөг, А.Батбаярын цалингийн даатгалын нөхөн төлбөрт 9 144 042 төгрөг алданги 4 572 020 төгрөг нийт 13 716 062 төгрөг, З.Амар-Эрдэнийн цалингийн даатгалын нөхөн төлбөрт 7 518 095 төгрөг, алданги 3 759 047 төгрөг нийт 11 277 143 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: КБ ХХК нь “МД” ХХК-д холбогдуулан З.Амар-Эрдэнийн даатгалын нөхөн төлбөрт 11 277 143 төгрөг, А.Батбаярын даатгалын нөхөн төлбөрт 13 716 062 төгрөг, Г.Батсайханы даатгалын нөхөн төлбөрт 2 540 470 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд эдгээр хэргүүдийг 2015 онд шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсан байдаг учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “МД” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01624 тоот шийдвэрээр КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй “МД” ХХК-д холбогдох З.Амар-Эрдэнийн даатгалын нөхөн төлбөрт 11 277 143 төгрөг, А.Батбаярын даатгалын нөхөн төлбөрт 13 716 062 төгрөг, Г.Батсайханы даатгалын нөхөн төлбөрт 2 540 470 төгрөгийг тус тус гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас А.Батбаярын 13 559 071 төгрөгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү тус шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан биелүүлж,тус байгууллагын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1/20262 дугаар албан тоотоор “МД” ХХК-ийн Голомт банк дахь 1105058866 тоот данснаас нь 13 559 071 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 225 745 төгрөг нийт 13 784 816 төгрөгийг авч, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01624 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар “МД” ХХК нь КБ ХХК-нд шилжүүлсэн 13 784 816 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч КБны итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “МД” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 2-р хороо КБны байр гээд, Улаанбаатар хот, утасны дугаар гэж дээр нь байна. Хэн нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй. Хариуцагч нь “МД” ХХК нь өөрөө юм шиг байна. Манайх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах ёстой юу гэдэг асуудал гарч ирж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байгаа. Өмнө шүүхийн шийдвэр гарснаар “МД” ХХК-иас мөнгө авсан болохоос биш, А.Батбаяр гэх хүнээс давхар мөнгө аваагүй. КБийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэн гаргасан бэ гэх асуудал давхар гарч ирж байна. Сөрөг нэхэмжлэлийн гаргасан хүн болох итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвалын итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон гэж н.Жавхлан өгсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийг хэдийг зааж байгаа болон нэхэмжлээд байгаа юу, хариуцаад байгаа юу гэдгээ тодорхой дурдаагүй байна. Хэрэгт итгэмжлэх эрхтэй этгээд мөн үү, үгүй гэдэг нь харагдаж байгаа. Шаардах эрхтэй шилжүүлэх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу ойлголттой явж байна. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан байхад шийдвэр гүйцэтгэх албан дээр шаардах эрхээ шилжүүлээд, төлбөр авагчаар явах тухай яриад байгаа л даа. Дахиж шүүхэд нэхэмжлэл гаргах тухай тайлбарлаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Энэ нь процессын алдаа болох гээд байна. Улсын дээд шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 01-ний 01 дүгээр зөвлөмжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог гэж заасан байгаа. Хэн хэнд ямар шаардлага гаргаж байгааг шүүх тодруулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх үндэслэл болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн нэг хэсэг болох хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн үзвэл эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэгч гаргагч этгээдийг нэхэмжлэгч гэнэ гэж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэхэмжлэгч маань хаягаар КБ болж байгаа боловч доор нь хэн гэдэг нь тодорхойгүй, хаягаар нэхэмжлэл гаргаад байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан КБ ХХК-иас 13 784 816 төгрөг гаргуулж “МД” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т зааснаар “МД” ХХК-иас 27 533 675 төгрөг гаргуулах тухай КБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч КБ ХХК-аас төлсөн 477 514 төгрөг, хариуцагч “МД” ХХК-иас төлсөн 226 880 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч КБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 226.880 төгрөгийг гаргуулж, хариуцагч “МД” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “МД” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 62 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн байхад шүүгч зөрчлийг арилгуулахгүйгээр уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгогдсон боловч сөрөг нэхэмжлэл нь тус хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Гэтэл хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаагүй. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч, хариуцагчийн оноосон нэр байхгүй, оршин байх газрын хаяг буруу бичсэн байхад шүүх зөрчлийг арилгуулаагүй шийдвэрлэсэн. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШТ2018/00138 дугаар шүүхийн тогтоолоор тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01624 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 13 784 816 төгрөгөө буцаан шаардах эрхтэй байна гэж тайлбарласан нь тодорхой бус, шүүхийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүй болно. Иймд шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч “КБ” ХХК нь хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан цалингийн эрсдлийг даатгах хэлцлийн дагуу 11 277 143 төгрөг гаргуулах, хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 13 784 816 төгрөгийг “КБ” ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг талуудын хэн аль нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл “Мандал женерал даатгал” ХХК болон “КБ” ХХК нь банк болон даатгалын хамтын үйл ажиллагааг бий болгох, өргөжүүлэх, даатгалын үйлчилгээг банкны үйлчилгээтэй нэгтгэж, харилцан ашигтай ажиллах зорилгоор 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Хамтын ажиллагааны ерөнхий” нэртэй 12/85 дугаартай гэрээ /1хх12-13/ байгуулсан байна. Энэхүү гэрээгээр даатгалын компани нь банкинд дүрмийн сан, нөөцийн сан байршуулах, орлогоо цуглуулах, гадаад гуйвуулга хийх зэргээр банкны үйлчилгээ авах, банк нь өөрийн зээл болон зээлийн барьцаа хөрөнгөд учирч болох эрсдлийг даатгалд шилжүүлэх, өөрийн харилцагчдын сайн дурын хүсэл зоригийн дагуу, тэдний саналаар “МД” ХХК-ийн даатгалд хамруулах чиглэлээр хамтын ажиллагаа явуулахаар тохиролцжээ. Энэхүү гэрээний үндсэн дээр “КБ” ХХК болон “Мандал женерал даатгал” ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл” нэртэй 12/85 дугаартай гэрээ /1хх14/ байгуулагдсан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх гэрээний дагуу тус банкнаас цалингийн зээл авч буцаан төлөх боломжгүй, ажлаасаа чөлөөлөгдсөн харилцагч Г.Батсайханы төлбөрт 2 540 470 төгрөг, А.Батбаярын төлбөрт 9 144 042 төгрөг, З.Амин-Эрдэнийн төлбөрт 3 759 047 төгрөг, нийт 11 277 143 төгрөг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэлд дурдсан зээлдэгч тус бүрийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 5857 дугаартай захирамж /1хх56/-аар З.Амар-Эрдэнээс 7 870 004 төгрөг гаргуулж “КБ” ХХК-д олгохоор зохигчид эвлэрэн хэлэлцэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 216 дугаар захирамж /1хх199/-аар КБны Дархан салбарын нэхэмжилсэн 1 781 214 төгрөгийг Г.Батсайхан 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон, Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 619 дүгээр захирамж /1хх229-220/-аар А.Батбаяр 10 169 929 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн дотор “КБ” ХХК-д төлөхөөр зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогджээ.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэгч “КБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хувьд, “КБ” ХХК нь зээлдэгч А.Батбаярын цалингийн зээлийн эрсдлийн даатгалын нөхөн төлбөрт 13 784 816 төгрөгийг үндэслэлгүйгээр “МД” ХХК-иас авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 619 дугаар захирамж /1хх229-230/-аар А.Батбаяр зээлийн үүрэгт 10 169 929 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрэн хэлэлцэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь уг мөнгөн төлбөрийг “МД” ХХК-иас үндэслэлгүйгээр авсан гэж үзнэ. Иймд шүүх “КБ” ХХК-иас зээлдэгч А.Батбаярын зээлийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөрт шилжүүлсэн 13 784 816 төгрөгийг буцаан гаргуулж “МД” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу талуудын оноосон нэр байхгүй, хаяг буруу бичсэн гэх үндэслэл зааж нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргасан байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийг өөрийн хэвлэмэл хуудсаар гаргасан байх бөгөөд үүнд МД ХХК-ийн хаяг, оноосон нэр тодорхой бичигджээ. Харин КБ ХХК гэсэн оноосон нэр, ямар нэртэй гудамжинд байрладаг зэргийг бичээгүй байх боловч аль дүүрэгт, хаана байршилтайг тодорхойлсон, нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт оноосон нэр бүтнээр бичигдсэн байна.

 

Иймд энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 875 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх йхуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА