Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/00708

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Хан- тоотод оршин суух, Д овогт На-ийн Б//-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч- тоотод оршин суух, Н овогт П-ийн Б-д холбогдох,

гэрээний үүрэгт 10.336.298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд шүүх 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:    Нэхэмжлэгч Н.Б нь интернэт зараар байр худалдана гэсэн иргэн П.Бтай холбогдож, Баянгол дүүргийн 8 дугаар хороо 3 хороолол 37а байрны 3 тоотын 34.7м.кв талбайтай, 2 өрөө байрыг 58 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Хаан банкнаас 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201844013533 дугаартай гэрээ байгуулан 30 сая төгрөгийн цалингийн зээл авч, өөрийн цуглуулсан мөнгийг нэмж, П.Бгийн Хаан банкны 504 тоот дансанд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 19.0 сая төгрөг, мөн сарын 22-ны өдөр 25.0 сая төгрөг нийт 44.0 сая төгрөгийг шилжүүлэн өгч, үлдсэн 14.0 сая төгрөгийг 16 сарын хугацаанд cap бүр 875.000 төгрөгийг төлөхөөр тохирч, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, наториотоор батлуулсан.

П.Б зөвшөөрөөгүй тул тус гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Тохиролцсоны дагуу cap бүр Буяндаваад төлбөрөө төлж дууссаж байсан. Гэтэл П.Б утасдаад чамд зарсан байрыг “Хөгжил финанс” ББСБ-д 15.0 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан чинь зээлээ төлж чадаагүй тул хураагдаж байна гэж хэлсэн. П.Б нь зарсан байраа дур мэдэн, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн барьцаанд тавьж алдан, иргэн Н.Быг хохироосон бөгөөд Хөгжил финанс” ББСБ-д зээлээ төлж чадахгүйд хүрч Н.Боо надад ямар ч мөнгө байхгүй, миний нэр дээр зээл гарахгүй тул чи энэ зээлийг ББСБ-аас зээл аваад төлчих, би чиний авсан зээлийг чинь төлж дуусгана” гэж гуйсан тул Н.Б нь байраа алдахгүйн тулд зөвшөөрч найз Энхтайваны машиныг ломбарданд тавьж, “Хөгжил финанс” ББСБ-ын Хаан банкны 5029076856 тоот дансанд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр П.Бгийн зээлийн үлдэгдэл 13.009.700 төгрөгийг төлж, мөн өдрөө байрыг чөлөөлөн П.Бтай худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулан өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

Н.Б нь тус байрыг “Тэнүүн сүлд капитал” ББСБ-д 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ЗГ-200323042 тоот зээлийн гэрээ байгуулж 13 сая төгрөг зээлж, зээлийн барьцаанд тавьсан. Ломбарднаас Энхтайвны машиныг 13 сая төгрөг төлж авч өгсөн. Энэ бүгдийг П.Б нь тухайн үед мэдэж байсан бөгөөд П.Б “Тэнүүн сүлд капитал" ББСБ-ын зээлийг төлөн гэж тохирсон юм. Баталгаа болгож П.Бд төлөх миний байрны үлдэгдлийг хасаад 10.6 сая төгрөгийг төлөх талаар 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан юм. Л.Буяндаваа нь зээлийн гэрээ байгуулснаас хойш утсаа унтрааж зээлээ төлөхгүй зугтсан. Иймд П.Б холбогдох боломжгүй, хаана оршин  суугаа нь тодорхойгүй байсан тул БЗД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаж шалгуулан, эрэн сурвалжилан олсон боловч зээлийг гэрээ байгуулсан байна, иргэний хэрэг гэж үзэн, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Иймд байр зарахдаа хуурч мэхэлсэн П.Бгаар 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2 хувийн хүүтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлж, үндсэн зээл 10.6 сая төгрөгийг cap бүр төлөх 781.400 төгрөг төлөх ёстой байсан.

2020.03.27-ны өдрөөс 2020.09.30-ны өдөр хүртэл нийт 187 хоног бөгөөд зээлийн хүү 1.303.364 төгрөг болсон. Зээлийн сарын төлбөрийг төлөөгүй өдрийн алданги хүү 0.5 хувь 3907 төгрөг, эхний төлөлт 2020.04.20-ны өдөр байсан бөгөөд төлөгдөөгүй хэтэрсэн хоног тутам 2020.09.30-ны өдөр хүртэл нийт 162 өдөр буюу нийт 632.944 төгрөгийн алданги болсон. Ингээд үндсэн төлбөр 10.600.000 төгрөг дээр зээлийн хүү 1.303.364 төгрөг, алданги 633.934 төгрөг нэмээд нийт 12.536.298 төгрөг болсон. Үүнээс П.Б 2020.04.24-ний өдөр 200.000 төгрөг, 2020.09.18-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 2.200.000 төгрөг төлсөн тул хасаад 10.336.298 төгрөг төлүүлж өгнө үү гэжээ /хх-1-2/.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б нь хариуцагч Б-тай 2018-11-21-нд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан байхад хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдлэлгүйгээр уг орон сууцыг ББСБ-д барьцаанд тавьсан байсан. Тэгээд 2020 оны 3-р сард Б нь нэхэмжлэгч Батболд руу утсаар залгаж байрыг барьцаанд тавьсан байгаа зээлээ төлж чадаагүй талаар хэлж, Батболдыг байраа чөлөөлж авчих гэж хэлсэн тул Батболд нь өөрийн найзынхаа автомашиныг ломбарданд тавьж, ББСБ-д Буяндаваагийн зээлийг төлж, худалдан авсан байраа барьцаанаас чөлөөлж авсан. Ингээд найзынхаа машиныг ломбарднаас чөлөөлөх болоход Буяндаваа нь өөрийн нэрээр зээл гарахгүй байгаа талаар хэлж Б-ыг өөрийн нэрээр зээл авчих, авсан зээлийг нь би төлнө гэж хэлсэн байдаг. Ингээд Батболд найзынхаа автомашиныг ломбарднаас чөлөөлөхийн тулд зээл авч, хариуцагч Буяндаваатай зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Үүнээс хойш Б нь зээлийн төлбөрт 200.000, 2.000.000 төгрөг, нийт 2.200.000 төгрөгийг төлсөн тул одоо үндсэн зээлийн төлбөрт 10.336.298 төгрөгийг нэхэмжилж байна гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б-гийн төлсөн төлбөрийг хасаж, 8.400.000 төгрөгт эвлэрэх боломжтой. Нэхэмжлэгч эвлэрэхгүй гэж байгаа тул зээлийн гэрээний дагуу хариуцагч Буяндаваа ямар нэгэн мөнгө хүлээж аваагүй боловч 2020-03-27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Энэ гэрээ 2020-03-27-ны өдрөөс 2021 оны 06-р сар хүртэл хугацаатай байгуулсан. Гэрээний 2.6-д гэрээний хугацаа дууссанаас хойш алданги төлөхөөр тохирсон байдаг. Хариуцагч Б-гийн зүгээс нэхэмжлэгчид хэд хэдэн удаагийн шилжүүлгээр нийтдээ 2.200.000 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэгч талын энэ тухай гаргасан нэхэмжлэлийг шүүх өмнө нь буцаасан.

Мөн хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх төлбөрийн үүргийг гүйцэтгэх дарааллыг талууд гэрээгээр тохиролцоогүй, нэхэмжлэлийн үнийн дүн эргэлзээтэй байна. Хөгжил финанс ББСБ-д төлөх байсан 10.600.000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгч Б төлж хаасан талаар маргахгүй. Худалдсан орон сууцны өмчлөх эрхийг одоо нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн байгаа. Түүнчлэн гуравдагч этгээдийн гүйцэтгэсэн үүргийн талаарх баримтыг үзэх шаардлагатай тул нэхэмжлэгчийн хаасан зээлийн дүн 10.600.000 төгрөг байгаад хариуцагч Б-гийн төлсөн 2.200.000 төгрөгийг хасаж 8.400.000 төгрөгт эвлэрэх хүсэлттэй гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагчаар иргэн П.Бг тодорхойлон татаж, түүнд холбогдуулан 10.336.298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх-1-2/ шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020-03-27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт нэхэмжилж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлон тайлбарласан.

 

Нэхэмжлэгчээс П.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-09-07-ны өдрийн бүртгэлийн 0449 дугаар итгэмжлэлээр В.А-т нэг жилийн хугацаатай /хх-55/,хариуцагч  П.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-09-28-ны өдрийн бүртгэлийн 1415 дугаар итгэмжлэлээр Э.Н-т нэг жилийн хугацаатай /хх-74/ тус тус олгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэх журамтай.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч П.Бгаас Баянгол дүүрэг, 8-р хороо, 3-р хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж 37А байрны 3-р орц 55 тоотод байрлах 34,7 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохиролцож, 2018-11-21-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж /хх-9/, нэхэмжлэгч худалдан авсан дээрх орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлээгүй байхад хариуцагч П.Б нь нэхэмжлэгчид худалдсан дээрх орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Хөгжил финанс ББСБ-д барьцаанд тавьж зээл авч, уг зээлийн төлбөрийг хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгч төлж гүйцэтгэснээр тэдгээрийн хооронд 2020-03-27-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсан /хх-15/ болохыг талуудын хэн аль нь тайлбарласан, уг үйл баримтад хэн аль нь маргаагүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Н.Боос хэрэгт П.Бтай 2020-03-27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг-г ирүүлсэн ба уг гэрээгээр 10.600.000 төгрөгийг 2020-03-15-ны өдрөөс 2021-06-27-ны өдрийг хүртэл 16 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, зээлийг Хөгжил финанс ББСБ-н 5166625621 тоот дансанд шилжүүлж зээлийг нь хааж зээл олгосон, зээлийг хүүгийн хамтаар сар бүрийн 20-ны дотор 781.400 төгрөгөөр төлөхөөр, зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон гэрээг байгуулж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ хариуцагч П.Б биелүүлээгүй гэж тайлбарлсан /хх-15/.

 

Гэвч хариуцагч талаас талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлийн гэрээний зүйл болох мөнгийг аваагүй, нэхэмжлэгчид үүрэг гүйцэтгэх дарааллыг гэрээгээр тохироогүй тул хариуцагчийн төлсөн 2.200.000 төгрөгийн төлбөрийг хасаж 8.400.000 төгрөгийг зөвшөөрч эвлэрэх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөөгүй.

 

Дээрх байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч П.Бгийн Хөгжил финанс ББСБ-д төлөх байсан өр төлбөрийг түүний өмнөөс төлснөөр хариуцагч П.Бгаар уг төлбөрийн үүргийг гүйцэтгүүлэхээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний хугацаа 2021-06-27-ны өдрөөр дуусгавар болохоор байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлийн шаардлагыг хангаагүй байна. Харин алданги шаардах нөхцөл нь гэрээний хугацаа хэтэрсэн байхыг ойлгох бөгөөд талуудын гэрээнд заасан хугацаа дуусгавар болоогүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул “...гэрээнд заасан мөнгийг Х финанс ББСБ-н дансанд шилжүүлж зээлийг нь хааж зээл олгосон...” гэж зээлийн гэрээний зүйл болох мөнгийг хэрхэн олгосон талаар зээлийн гэрээний 2.4-т дурдсан байх тул зохигчийн тайлбар, хэргийн бусад баримт, талуудын мэтгэлцээнийг үндэслэн нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч П.Бгийн Х финанс ББСБ-д гүйцэтгэх зээлийн гэрээний үүргийг түүний өмнөөс гүйцэтгэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 

Учир нь талуудын 2018-11-21-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйл болох Баянгол дүүрэг, 8-р хороо, 3-р хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж 37А байрны 3-р орц 55 тоотод байрлах 34,7 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөлийг нэхэмжлэгч Н.Б өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байхад хариуцагч П.Б нь уг орон сууцыг ББСБ-д барьцаанд тавьж зээл авснаар нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байх тул хариуцагчийн бусдын өмнө хүлээсэн үүргийг нэхэмжлэгч өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор биелүүлснээр нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн байна.

 

Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.3-т “бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй аюулыг урьдчилан зайлуулах үйлдэл хийсэн этгээдэд хохирол учирсан бол энэхүү хохирлыг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээд нөхөн төлөх бөгөөд талууд тохиролцож чадаагүй бол хохирлын хэмжээг шүүх тогтооно” гэж заасан ба шаардах эрхийн үндэслэл нь бусдын үүргийг гүйцэтгэсэн этгээд байх ёстой бөгөөд бусдын үүргийг гүйцэтгэхээс өмнө уг үүргийг гүйцэтгэх зайлшгүй шаарлагатай гэж үзэн энэ ажиллагааны дүнд түүнээс зардал гарсан байх учиртай.

 

Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчийн бусдад гүйцэтгэх үүргийг сайн дураар гүйцэтгэсэн, ингэж гүйцэтгэснээс өөрийн эрх, ашгийг зөрчигдөн хөндөгдөхөөс хамгаалснаар түүнд зардал гарсан болох нь хэрэгт авагдсан Н.Бын 2020-03-23-ны өдөр Тэнүүн сүлд капитал ББСБ-аас 13.000.000 төгрөгийн зээл авсан зээлийн гэрээгээр нотлогдож байна /хх-12-14/.

 

Дээрх зээлийн 10.600.000 төгрөгийг хариуцагч П.Бгийн бусдад гүйцэтгэх үүрэгт шилжүүлж, 2.400.000 төгрөгийг 2018-11-21-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт хариуцагчид шилжүүлсэн болохыг нэхэмжлэгч тал тайлбарлаж хариуцагч тал маргаагүй тул нэхэмжлэгч Н.Б бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэснээр түүнд зардал гарсан болох нь нотлогдож байна.

 

Ингэж хариуцагч П.Бгийн Хөгжил Финанс ББСБ-д гүйцэтгэх зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч Н.Б гүйцэтгэснээр талуудын хооронд 2020-03-16-ны өдөр дахин үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдэж /хх-10/ нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдан авсан орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан болохыг шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж, маргаагүй.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн Хаан банкны 5079041597 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шинжлэн судлахад хариуцагч П.Бгаас 2020-04-24-нд 200.000 /хх-33/, 2020-06-26-нд 300.000 /хх-36/, 2020-09-18-нд 500.000 /хх-52/, 2020-09-18-нд 1.500.000 /хх-52/ төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын 10.336.298 төгрөгнөөс хариуцагчийн дээрх хугацаанд төлсөн төлбөрийг хасаж тооцоход нэхэмжлэгч нь 7.836.298 төгрөгийн үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хэргийн 16-52 дугаар талд авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтад өнгийн харандаа болон балаар бичсэн тэмдэглэгээг нэхэмжлэгч Н.Б өөрөө хийсэн болохыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй /хх-16-52/.

 

Харин нэхэмжлэгч Н.Бын гүйцэтгэсэн үүрэг нь хариуцагч П.Бгийн хүсэл зориг, ашиг сонирхолд нийцээгүй эсэх талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйл даалгаврын гэрээ, 496 дугаар зүйл бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих, 497 дугаар зүйлийн гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл зэргээс ялгаатай нь өөрийн эд хөрөнгө болон худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх зөрчигдөн хөндөгдөхөөс урьдчилан сэргийлж, зайлуулах зорилгоор хариуцагчийн өмнөөс хийсэн үйлдэл байна.

 

Тиймээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” бөгөөд зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул хэргийн оролцогчид нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2020-10-28-ны өдөр төлсөн 201.131 төгрөгнөөс нэхэмжлэлийн 10.336.298 төгрөгийн шаардлагад ногдох 180.331 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 20.800 төгрөгийг улсын төсвөөс, хангагдсан нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 7.836.298 төгрөгт ногдох 140.331 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 491.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н овогт П-ийн Б-с 7.836.298 /долоон сая найман зуун гучин зургаан мянга хоёр зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д овогт Н Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 201.131 төгрөгнөөс 180.331 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бгаас 140.331 /нэг зуун дөчин мянга гурван зуун гучин нэгэн/ төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан  илүү төлсөн 20.800 /хорин мянга найман зуун/ төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Бод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ