| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2024/0113/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/107 |
| Огноо | 2024-05-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,
шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Ц.*******ад холбогдох эрүүгийн 2415000590101 дугаартай, 163/2024/0113/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, Булган аймгийн *******-******* суманд 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хотын, ******* дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, 43 настай, эрэгтэй,
урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 175 цагийн албадан ажил хийлгэх ялаар,
-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2, 181 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 12 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, РД:ГН81040111.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2415000590101 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.*******ийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн *******-******* сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Ч.*******ын гэрт архи, согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж, гэрээс нь гарахдаа Ч.*******ын булган малгай, Samsung А-20 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 690,322 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, миний буруу, хэргээ хүлээж байна гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2415000590101 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:
- Хохирогч Ч.*******ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
- Гэрч Ч.*******гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
- Гэрч Т.*******ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,
- “Арвижих Эстимейт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн №24/2/29 дугаартай: Samsung A-20 загварын гар утас, булган малгай 690,322 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-47 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Тодруулбал шүүгдэгч Ц.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл, хохирогч Ч.******* 690,322 төгрөгийн хохирол учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоотой, уг шалтгаан холбоо нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй салшгүй холбоотой болох нь хөдөлшгүй нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа нь шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлага, ялын саналыг хүлээн зөвшөөрч дэмжиж оролцоно гэх байр суурийг илэрхийлж оролцов.
Иймд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэргийн улмаас хохирогч Ч.*******ын Samsung A-20 загварын гар утас 300.322 төгрөг, булган малгай 390.000 төгрөг, нийт 690,322 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч булган малгайг биет байдлаар, гар утасны үнийг мөнгөн дүнгээр тус тус хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд тус тус илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.*******ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, ирүүлсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч Ч.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.*******ыг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ад тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Ч.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж өөрөө авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ