| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2024/0098/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/108 |
| Огноо | 2024-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,
шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******т холбогдох эрүүгийн 2415000000073 дугаартай 163/2024/0098/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн *******-******* суманд 1963 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхэд, ач, зээ нарын хамт Булган аймгийн ******* сумын ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 62 настай, эрэгтэй, РД: ГИ63010514.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байх өөрийн гэртээ хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас түүний биед халдан зодож Б.*******ийн эрүү, зүүн бугалган тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000073 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байх өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байдалтай байсан эхнэр Б.*******ийн түүнийг “*******ын шээс” гэж хэлсэнд дургүйцэж түүний биед халдаж эрүү, зүүн бугалган тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь шүдний сулрал /шүдээ авхуулсан/ эрүү, зүүн бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******ын өгсөн: Тухайн өдөр гэртээ галаа түлэх гээд байж байхад эхнэр ******* согтуу орж ирээд нас барсан аавыг минь доромжлоод байсан. Би архи уудаггүй, тухайн үед эрүүл байсан. Эхнэр намайг “*******ын шээс” гээд элдвээр хэлээд байхаар нь уур хүрч байсан ч гэрээс гарч хэсэг тайвширч, тэвчиж байгаад буцаад гэртээ ороход дахин хэрүүл хийгээд байхаар нь тэвчилгүй цохичихсон юм гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Б.*******ийн өгсөн: Би Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багт нөхөр *******ын хамтаар мал маллаж амьдардаг. Нөхөр бид хоёрыг 2024 оны 03 дугаар сарын 20-ны орой малаа хотлуулчихаад байж байхад ******* сумын 2 дугаар багт оршин суудаг хуурай эгч Батцэцэг гэртээ урьсан. Батцэцэг эгчийн гэрт очоод Батцэцэг эгч бид хоёр нэг шил дарс, 0.5 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Архи уугаад согтсон. Манай нөхөр архи уугаагүй. Тэгээд намайг аваад гэртээ харьсан. Гэртээ хариад би нөхөр *******тай маргалдсан. Намайг орон дээр унтах гээд хэвтэж байхад манай нөхөр уурандаа орноос татаж газарт унагааж миний эрүү болон зүүн талын булчин хэсэг рүү өшиглөсөн. Би архи уугаад согтсон байсан учир болсон үйл явдлыг сайн санахгүй байна. ...Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07, 10 дахь тал/,
2. Гэрч Б.ы өгсөн: 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын 2 дугаар багт байдаг төрсөн дүү болох *******ийг нөхөр *******т зодуулсан талаар миний төрсөн дүү болох утсаар хэлсэн. Би дүү *******ийг сумын төв дээр манай гэрт хүрээд ир гэхэд манай гэр лүү явж байгаад буцаад гэр лүүгээ хариад амарсан байсан. Би тухай өдөр дүүгээ хэрхэн яаж зодуулсан талаар хараагүй. Зодуулснаас нь хойш 2-3 хоногийн дараа *******ийг Орхон аймаг руу үзүүлэх гээд явж байхад нь уулзахад *******ийн эрүү хөхрөөд хавдсан, доод үүдэн хоёр шүд нь хөдөлсөн байсан. Орхон аймаг орж хоёр шүдээ авхуулсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
3. Гэрч Б.ийн өгсөн: Би Булган аймгийн ******* сумын 2 дугаар багт мал маллаж амьдардаг. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай эгч над руу утсаар залгаад хүргэн ******* ах *******ийг зодсон байна. Эрүү ам нь хавдаад аймар болчихсон байна гэж хэлсэн. Тэр өдрөө ******* эгчтэй уулзаагүй. 2024 оны 02 дугаар сарын 22-ны өглөө эрт 07 цаг өнгөрч байхад ******* эгчийн биеийг асуухаар гэрт нь очиход ******* эгчийн эрүү нь хавдаад улаан хүрэн өнгөтэй болсон байсан. Уруул дотор нь цус хуралттай, доод үүдэн 2 шүд нь бүүр хөдөлсөн байсан. Юм идэж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчийг “ийм болчихоод эмчид үзүүлэхгүй яасан юм хойноос хүрээд ирээрэй” гэж хэлээд явсан. Тэгээд удалгүй эгч миний араас ирж ******* сумаас Орхон аймаг руу биеийг нь үзүүлэхээр авч явсан. ******* сумын эмнэлэгт үзүүлээгүй. Орхон аймгийн Бүсийн оношилгоо эрүүл мэндийн газар дээр очоод түргэн тусламж дээр нь очоод Эрүү, нүүрний тасагт үзүүлсэн. Тэгээд хөдөлсөн байсан 2 шүдийг нь авсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
4. Гэрч Б.гийн өгсөн: Миний төрсөн эгч болох нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны орой над руу утсаар залгаад *******ийг нөхөр ******* зодсон юм шиг байна очиж үзэж хараадах гэж хэлсэн. Би ******* эгчийг ******* зодуулсныг хараагүй. Ингээд ******* сумын цагдаад утсаар дуудлага мэдээллийг өгсөн. Эгчтэйгээ уулзалдаагүй явна. Эгчийн эрүү, ам нь хавдсан, шүд нь хөдөлсөн гэж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
5. Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 94 дугаартай: Магадлуулагч Б.*******ийн биед шүдний сулрал /шүдээ авхуулсан/, эрүү, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн улмаас шүд авхуулсан тул эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
6. Яллагдагч Л.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж өгсөн: Тухайн үед би архи уугаагүй байсан. Согтуу ирээд хэрүүл өдөөд муухай үгээр хэлээд байхаар нь тэвчилгүй цохичихсон юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.*******, гэрч Б., Б., Б. нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 94 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Л.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байх өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байдалтай орж ирсэн эхнэр Б.*******ийн түүнийг “*******ын шээс” гэж хэлсэнд дургүйцэж биед нь халдаж, эрүү, зүүн бугалган тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь шүдний сулрал /шүдээ авхуулсан/ эрүү, зүүн бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон.
Шүүгдэгч Л.*******ын үйлдэл нь хохирогч Б.*******ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тодруулбал, шүүгдэгч Л.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 94 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.
Шүүгдэгч Л.*******ын бусдын биед халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй ба дээрх нотлох баримтууд нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Л.*******ын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Л.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа гаргаагүй бөгөөд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Л.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.
Шүүгдэгч Л.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Л.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь үзэв.
Хавтаст хэргийн 47-52 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Л.******* нь ам бүл 6, эхнэр, хүүхэд, ач, зээ нарын хамт Булган аймгийн ******* сумын ******* гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Л.*******ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Л.*******аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ