Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар

 

 

 

 

 

 

 

 

 

  2021         05          31                                       101/ШШ2021/01619

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, М.Б  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х Ц ХХК -д холбогдох

 

49,590,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Адъяасүрэн цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал оролцов.

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Адъяасүрэн шүүх хуралдаанд  гаргасан тайлбарт: М.Б  нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Х Ц ” ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын №10/18 дугаар гэрээ байгуулсан.

Гэрээгээр, төсөл хэрэгжүүлэгч тал болох “Х Ц ” ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах “Эрчим Арт” ХХК-ийн 2036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны “Б” блок орон сууцны 2 дугаар давхар 33,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууц байрыг барьж гүйцэтгэхээр тохиролцсон.

Гэрээний 3.2-т Гэрээгээр захиалга хийсэн байрны нийт төлбөр 33,060,000 төгрөг байхаар, төлбөр болох 33,060,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ц.Тулга Хаан банк 5021394573 дансаар шилжүүлэхээр,

Гэрээний 4.1-д Орон сууцны барилгыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний дотор батлагдсан зургийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Гэтэл “Х Ц ” ХХК нь өнөөдрийг хүртэл орон сууцны барилгыг барьж хүлээлгэн өгөөгүй, хохироож байна.

М.Б  2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Х Ц ” ХХК-д захиалсан орон сууц ашиглалтад оролгүй 2 жил болж байна.

“Х Ц ” ХХК үүргээ биелүүлээгүй тул 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Х Ц ” ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын №10/18 дугаар гэрээг цуцалж, орон сууц захиалахад төлсөн 33,060,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Гэрээний 4.14-т “Хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад өгөх хугацааг 4.1-д заасан хугацаанаас 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэсэн үнийн дүнгийн хоног тутамд 0,1 хувиар тооцон алданги захиалагч талд төлнө” гэсэн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь, алданги 16,530,000 төгрөг, нийт 49,590,000 төгрөгийг “Х Ц ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Х Ц ” ХХК нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б  нь хариуцагч “Х Ц ” ХХК-д холбогдуулан, орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 33,060,000 төгрөг, алданги 16,530,000 төгрөг, нийт 49,590,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй буюу Ковид-19 цар тахлаас сэргийлэх цахим шүүх хуралдаанд холбогдоогүй нь хүндэтгэх шалтгаангүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэв.

М.Б  нь “Х Ц ” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10/18 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, гэрээний нийт төлбөр 33,060,000 төгрөгийг мөн өдрөө тус компанид төлсөн болох нь хэрэгт авагдсан Голомт банкны Төлбөрийн баримт, “Х Ц ” ХХК-ийн тамга дарагдсан, Орлогын ордерын тасалбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцжээ.

Ажил гүйцэтгэгч “Х Ц ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс захиалагч тал гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрийг гэрээнд заасан алдангийн хамт гаргуулахаар шаардаж байх бөгөөд гэрээнээс татгалзах мэдэгдлийг ажил гүйцэтгэгчид хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заасантай нийцэж байх бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж зааснаар гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй.

Харин талуудын байгуулсан гэрээний дагуу ажил гүйцэтгэгдээгүй, улмаар гэрээний нэг тал гэрээнээс татгалзсанаар энэхүү гэрээ нь цаашид хэрэгжихгүй, гэрээгээр тохиролцсон үүргүүдээ талууд харилцан биелүүлэхгүй тул гэрээнд заасан алданги гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч “Х Ц ” ХХК-иас 33,060,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,530,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрөөс 323,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 405,900 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч “Х Ц ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 323,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА