Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/111

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,

шүүгдэгч Д.Цэгмид нарыг оролцуулан

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалт, 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цэгмидэд холбогдох эрүүгийн 2109018240672 Т дугаартай, 163/2024/0105/Э индекстэй хэргийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хэргийг сэргээж хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Булган тайж овогт Дамбын Цэгмид, Завхан аймгийн Яруу суманд 1975 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Нөмрөг сумын ** тоотод оршин суух бүртгэлтэй хэдий ч одоо Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Орхоны 6-2 тоотод түр оршин суух, урьд

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Завхан аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан байсан, 49 настай, эрэгтэй, РД: ИХ75031619.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Цэгмид нь А.Батбаяртай бүлэглэж 2022 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Галтайн ам” гэх газраас хохирогч Ц.Шаравдоржийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 2,420,000 төгрөгийн,

Үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Оросын Холбооны Улсын Закаменский (район) дүүргийн Михайловка тосгоны нутаг дэвсгэрээс хохирогч Оросын Холбооны Улсын иргэн А.В.Бадмаагийн 22 тооны буюу олон тооны адууг улсын хилээр нэвтрүүлэн хулгайлж 27,800,000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан,

Мөн А.Батбаяртай бүлэглэж, мал хулгайлах зорилгоор, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө морин уналгатайгаар Монгол Улсын хилээр орох, гарах эрхийн баримт бичиггүйгээр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 550/2 дугаар тэмдэгтийн орчмоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарч, Оросын Холбооны Улс руу нэвтэрч, буцаж дээрх чиглэлээр Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт А.Батбаярт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Д.Цэгмидэд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109018240672 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан бөгөөд яллагдагч Д.Цэгмид нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа үндэслэлээр шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 337 дугаартай захирамжаар хэргийг түдгэлзүүлж, яллагдагч Д.Цэгмидийг эрэн сурвалжилсан боловч шүүгчийн захирамж биелэгдээгүй.

Яллагдагч А.Батбаяр нь энэ хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан тул яллагдагчийн эрх ашгийг дордуулахгүй үүднээс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/54 дугаартай шүүгчийн захирамжаар эрүүгийн 2109018240672 дугаартай хэргээс Д.Цэгмидэд холбогдох хэргийг тусгаарлаж, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Д.Цэгмидэд холбогдох 2109018240672Т дугаартай хэргийг түдгэлзүүлснийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр сэргээж шүүх хуралдаанаар хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2109018240672Т дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Цэгмид нь А.Батбаяртай бүлэглэж 2022 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Галтайн ам” гэх газраас хохирогч Ц.Шаравдоржийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 2,420,000 төгрөгийн,

Үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Оросын Холбооны Улсын Закаменский (район) дүүргийн Михайловка тосгоны нутаг дэвсгэрээс хохирогч Оросын Холбооны Улсын иргэн А.В.Бадмаагийн 22 тооны буюу олон тооны адууг улсын хилээр нэвтрүүлж хулгайлж 27,800,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Мөн А.Батбаяртай бүлэглэж, мал хулгайлах зорилгоор, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө морин уналгатайгаар Монгол Улсын хилээр орох, гарах эрхийн баримт бичиггүйгээр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 550/2 дугаар тэмдэгтийн орчмоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарч, Оросын Холбооны Улс руу нэвтэрч, буцаж дээрх чиглэлээр Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Эдгээр үйл баримт нь:

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цэгмидийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй, буруу зүйл хийсэн гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:

1. Оросын Холбооны улсаас Монгол Улсын хилээр Монгол Улсын хоёр иргэн хууль бусаар 21 тооны адуу хулгайлан оруулж ирснийг Хилийн цэргийн алба хаагч нар саатуулсан байна гэх гомдолд хулгайлагдсан адуунд үзлэг хийхээр тогтов. Тухайн адуунуудыг 1-20 гэж дугаарлан адууны зүс, өндөр, нас, хүйс, им тамга, сэрвээний өндрийг хэмжиж хийхээр тогтов. Хар азарга, харь морь, бор гүү, хүрэн цавьдар гүү, хээр гүү, улаан хээр гүү, халтар гүү, хар гүү, халтар гүү, сартай хүрэн гүү, зурвас халзан хүрэн шүдлэн, хар даага, өсгий өндөр цагаан хүрэн даага, сартай хээр даага, хүрэн халзан даага, хар гүү, хар хээр унага, хээр унага, хар унага, хээр охин унага зэрэг 20 тооны морь болон хар зүсмийн унага нь үхсэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав гэх адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 39-43 дахь тал),

2. Хонгор зүсмийн урт дэлтэй нас бие гүйцсэн морь, уг морь нь ямар нэгэн содон шинж тэмдэгггүй, дух хэсэгтээ жижиг цагаан өнгийн сартай байв. Морины хоёр талын эмээл тохдог хавтас хэсгээр холгож эдгэсэн гэхээр сорвитой байв. Хээр зүсмийн нас бие гүйцсэн морь, хээр морины дэлийг авч зассан байх бөгөөд жижиг сойлго тавьсан байв. Уг хээр морь нь эдэлж хэрэглэхэд номхон гэхээр гэхээр шинжтэй байв. Өөр содон шинж тэмдэг үгүй байв. Дээрх адуунуудыг хохирогч А.В.Бадма нь таньж зааж байв гэх адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 44-47 дахь тал),

3. Булган аймгийн Тэшиг сумын 4 дүгээр багийн нутаг Дунд салаа гэх газарт байрлах хилийн цэргийн 0240 дугаар салбарын малын хашаанд байх 16 адуунд таньж олуулах ажиллагаа явуулж хохирогч А.В.Бадма-д таниулав. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас 5 тооны адуу хорогдсоныг хилийн цэргийн алба хаагчдаас гэрэл зургаар бэхжүүлэн авав гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 94-96 дахь тал),

4. Хохирогч А.В.Бадмагийн өгсөн: …Би 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 12 цагт өөрийн адууг хураагаад хашиж байхад адуу дутуу байсан. Михайловское Тосгоны бэлчээрийн нутаг дэвсгэрээс хулгайлагдсан. …Би нийт 22 тооны 1 азарга адуу алдсан. …Надад 50 толгой адуу байгаа. Үүнээс 22 толгойг нь алдсан байгаа. …Би адуугаа үнэлэх шаардлагагүй. Үлдсэн адуугаа аваад явмаар байна. …Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. …Би дахин ирж чадахгүй учир хавтаст хэргийн материалтай танилцах боломжгүй. …Маш сайн ажиллаж байна. Маш их баярлаж байна гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 117-120 дахь тал),

5. Хохирогч Ц.Шаравдоржийн өгсөн: ...Би Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багт мал маллаж амьдардаг. Манайх нэг азарга 50 гаран тооны адуутай. 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай адуу Хангал сумын 1 дүгээр багийн нутаг "Галтайн ам" гэх газар адуун дээр очиж бүртгэхэд Хонгор, Хээр зүсмийн хоёр тооны адуу дутаж байхаар нь хоёр өдөр багийнхаа нутгаар хайж байгаад олохгүй болохоор нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хангал сумын Засаг даргын орлогч Алтанчимэгт алдсан адуугаа тэмдэглүүлсэн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагийн орчим манай сумын хэсгийн төлөөлөгч Ганбаатар надруу залгаад цагдаагийн хэсэг дээр хүрээд ир хоёр адуу олдсон байна гэж дуудсан. Тэгээд хэсгийн төлөөлөгчийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сум 3 дугаар багийн нутаг “Хайлантай” гэх газар очиж надад 2 морь харуулахад манай алга болсон 2 адуу мөн байсан тул надад хүлээлгэж өгсөн. …Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 133-134 дэх тал),

6. Гэрч З.Мөнхтөрийн өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Тэшиг сумын хилийн цэргийн 0286 дугаар ангид заставын даргын томилгооны дагуу ахлах ахлагч Даваадоржийн хамт хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан буюу Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг “Цагаан бургаст” гэх газар үүрэг гүйцэтгэж явсан. Тэр үед Төртогтох Оросын Холбооны улсаас Монгол тал руу нэвтэрсэн 20 орчим тооны адууны мөр илрүүлж заставын даргын үүргийн дагуу эрлийн ажиллагаанд ахлах ахлагч Төртогтох, Даваабат нар дээр хүч нэмэгдүүлж шилжин ажилласан. Тухайн үед хилийн харуул гүйцэтгэж байсан хоёр алба хаагч нэмэгдэн ирж дөрвүүлээ тухайн мөрийг мөрдөн хөөж хоёр өдрийн дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 08 цагийн орчим Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Бурхантай ам” гэх газар 20 тооны адууг нуусан 2 морьтой иргэнийг саатуулсан гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал),

7. Гэрч Б.Төртогтохын өгсөн: ...Би Тэшиг сумын 0286 дугаар ангид харуулын даргын ажилтай. 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр заставын даргын үүргийн дагуу ахлах ахлагч Даваабатын хамт хилийн манаанд үүрэг гүйцэтгэж явсан буюу Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг “Цагаан бургаст” гэх газар үүрэг гүйцэтгэж явахад өглөөний 06 цагийн орчимд 20 тооны адууны мөр илрүүлж энэ тухай заставын даргад танилцуулж заставын даргын үүргийн дагуу эрлийн ажиллагаанд шилжин ажилласан. Тухайн үед хилийн харуул гүйцэтгэж байсан хоёр алба хаагч нэмэгдэн ирж дөрвүүлээ тухайн мөрийг мөрдөн хөөж 2 өдрийн дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн орчимд Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Бурхантай ам” гэх газар 20 тооны адууг нуусан 2 морьтой иргэнийг саатуулсан гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 204-205 дахь тал),

8. Гэрч Д.Амармэндийн өгсөн: ...2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын Хилийн 541 дүгээр баганы чиглэлд адууны мөр илэрсэн. Уг мөрийн дагуу манай ангийн 0300 дугаар салбараас томилогдсон хилийн манаа мөр хөөж, болон орж ирсэн мөрийг дагаж сөрөг мөрдлөг хийсэн. Сөрөг мөрдөлтөнд дөрвөн алба хаагч мөрөөр нь хөөгөөд хил зөрчсөн хоёр этгээдийг барьсан. Уг хоёр этгээд нийт 25 тооны адуу Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хил давуулсан байсныг илрүүлсэн. Уг Монгол Улсын хилээр орж ирсэн адууны мөрийг манай хоёр алба хаагч сөрөг мөрдөлт хийхэд 543 дугаар тэмдгийн тушаа мөрөө алдсан. Уг мөр бороо мөндөр их хэмжээгээр орсны улмаас мөр нь арилсан байсан гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дахь тал),

9. Гэрч Алтанчимэгийн өгсөн: ...Тухайн хүн нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 45 минутанд ирж тэмдэглүүлээд би хэсгийн төлөөлөгч Ганбаатар болон цагдаа Базарвааньд мэдэгдэж байсан гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 218-219 дэх тал),

10. Хилийн цэргийн 0286 дугаар ангийн захирагчийн I орлогч, штабын дарга, хошууч Э.Лут-Очирын: “Улсын хилийн 550/2 дугаар тэмдгийн баруун талаар 1000 метр газраар гарсан хилийн зөрчлийн талаар” бичсэн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 196-200 дахь тал),

11. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 22175 дугаартай: ...Нас гүйцсэн 2 тооны морь 2.420.000 төгрөг гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 242-246 дахь тал),

12. Хөрөнгийн үнэлгээний төв хязгаарлагдмал хувьцаат компанийн 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 66 дугаартай: Оросын холбооны улсаас Монгол улс руу хууль бусаар оруулж ирсэн “Томск” үүлдрийн 22 тооны адууны үнэ 27.800.000 төгрөг гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 247-250, 2 дугаар хавтаст хэргийн 01-08 дахь тал),

13. Шүүгдэгч Д.Цэгмидийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: Батбаяр бид хоёр 2022 оны 06 дугаар сарын эхээр уулзаж адуу хулгайлахаар Оросын Холбооны Улс руу явахаар тохиролцсон. Би яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Учир нь бүтэн нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Анх адуу хулгайлах санааг бид хоёр хоорондоо ярилцаж байгаад гаргасан. Миний хувьд би Томск адуунд их дуртай. Би өөрөө морь сонирхдог. Ийм учраас Томск адууг уналга, эдэлгээнд ашиглая л гэж бодсон. Томск адууны ханш Монгол Улсад ойролцоогоор 2.0 сая гаруй төгрөгийн үнэтэй байдаг. Ингээд бид хоёр 2022 оны 06 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед Улаанбаатар хотоос автобусанд суугаад Эрдэнэт хот руу явсан. Эрдэнэт хот руу явахаасаа өмнө Улаанбаатар хотод байхдаа хүнс хоол, эмээл, хазаараа бэлдээд явсан. Нийт 6 цаг гаруй хугацаанд автобусанд сууж явж байгаад 15 цагийн үед Эрдэнэт хотод очсон. Бид хоёр очоод Эрдэнэт хотын төмөр замын вокзалын үүдэнд буусан бөгөөд тус газраас Орхон аймгийн Хялганат сумын тендэрийн автобусанд суусан. Тус автобус нь 17 цагт Хялганат сум руу хөдөлж эхэлсэн. Тэндээс 1 цаг гаруй хугацаанд Хялганат сум руу явж байх замд хээр газар буусан. Бид хоёрын буусан хээр газар Хялганат сумын нутаг дэвсгэр дээр байсан. Хээр газар буугаад хотоос авч ирсэн 2 ширхэг эмээлээ үүрээд Батбаяртай хамт мод руу орсон. Хялганат сумын төв дээр бол яг очоогүй. Замд нь буусан. Тэгээд мод руу ороод модон дунд эмээлүүдээ үлдээчихээд айлын адуунаас 2 ширхэг морь барьж аваад эмээллэсэн. Тус хоёр ширхэг адуу нь нэг нь хээр зүсмийн, нөгөөх нь хул морь байсан. Тус хоёр морийг авахдаа эзэнд нь мэдэгдээгүй. Адууны эзнийг нь би танина. Манай нутгийн хүн байсан. Шаравдорж гэдэг хүн. Тус хоёр адууг эмээллээд 2022 оны 06 дугаар сарын 09-ний шөнө адуунуудтайгаа хамт модонд хоносон. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Оросын Холбооны Улс руу явсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ, Булган аймгийн нутаг дэвсгэрээр урсдаг Зэлтэр гол дээр ирсэн. Зэлтэр голын эрэг дээр модонд хоноод 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шөнө 23 цагийн орчимд морьдоо аваад Зэлтэр голоор хөндлөн гараад хойд уул руугаа явсан. Хойд ууланд шөнө очоод тэндээ хоноод 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Оросын Холбооны Улс руу үргэлжлүүлэн явсан. Хойд уулын нэрийг бол мэдэхгүй. Тэгээд шөнөжингөө яваад 2022 оны 06 дугаар сарын 14-ний орой гадаа харанхуй болж байхад Монгол Улсын хилийг даваад ОХУ-ын газар нутаг руу явсан. Батбаяр бид хоёр улсын хил давж байгаагаа модоор нь багцаалдаж мэдсэн. Учир нь Монгол Улсын хил орчмын модыг огтлон унагаагаад хилийн зогоон болгосон байсан. Би яг аль хилийн баганаар гарснаа мэдэхгүй байна. Сүүлд нь Батбаяр хилийн цэргийн алба хаагчидтай явж хил зөрчсөн газраа очиж үзэхэд 550/2 дугаартай баганаар хил зөрчсөн байсан гэж санагдаж байна. Батбаяр бид хоёр шөнө Оросын Холбооны Улсын хил рүү нэвтрээд цаашаа барагцаагаар 30 гаруй километр явсан. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ойролцоогоор 12 цагийн үед Модон дотор хэсэг бүлэг адуутай тааралдсан. Миний санаж байгаагаар 21 адуу байсан. Тэгээд тус адуунуудыг Батбаяр бид хоёр унаж явсан морьтойгоо Монгол улсын хил рүү туусан. Тус адуунуудын ихэнхи нь халтар зүсмийнх байсан. Тэгээд тус адуунуудыг Монгол Улсын хил рүү туугаад ирэхэд шөнө болж байсан. Өдөржин модон дотор адуунуудаа туугаад шөнө хилээр гарсан. Монгол Улсын хилээр буцаж нэвтэрч орохдоо, Монгол Улсын хилээр нэвтэрч гарсан газраараа орсон. Монгол Улсад ирээд Булган аймгийн Хялганат сумын чиглэлд 2 хоног адуунуудаа туусан. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өглөө 10 цагийн орчимд Хялганат сумын ойролцоо амраад сууж байтал хилийн цэргийн алба хаагчдад баригдсан гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 204-206 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар гэм буруугийн байдал хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судалж, эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгаад дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.Цэгмидийн хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалт, 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлан эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,

Шүүгдэгч Д.Цэгмид нь А.Батбаяртай бүлэглэж 2022 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Галтайн ам” гэх газраас хохирогч Ц.Шаравдоржийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 2,420,000 төгрөгийн,

Үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Оросын Холбооны Улсын Закаменский (район) дүүргийн Михайловка тосгоны нутаг дэвсгэрээс хохирогч Оросын Холбооны Улсын иргэн А.В.Бадмаагийн 22 тооны буюу олон тооны адууг улсын хилээр нэвтрүүлж хулгайлж 27,800,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Мөн А.Батбаяртай бүлэглэж, мал хулгайлах зорилгоор, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө морин уналгатайгаар Монгол Улсын хилээр орох, гарах эрхийн баримт бичиггүйгээр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 550/2 дугаар тэмдэгтийн орчмоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарч, Оросын Холбооны Улс руу нэвтэрч, буцаж дээрх чиглэлээр Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч А.В.Бадма, Ц.Шаравдорж, гэрч З.Мөнхтөр, Б.Төртогтох, Д.Амармэнд, н.Алтанчимэг нарын өгсөн мэдүүлэг, “Улсын хилийн 550/2 дугаар тэмдгийн баруун талаар 1000 метр газраар гарсан хилийн зөрчлийн талаар” илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт, Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22175 дугаартай дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний төв хязгаарлагдмал хувьцаат компанийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 66 дугаартай дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Д.Цэгмид нь бусдын өмчлөлийн олон тооны малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусадтай бүлэглэж, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан.

Иймд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Цэгмидийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлж улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.Цэгмид нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Цэгмид нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө А.Батбаяртай бүлэглэж, мал хулгайлах зорилгоор, үргэлжилсэн үйлдлээр морин уналгатайгаар Монгол Улсын хилээр орох, гарах эрхийн баримт бичиггүйгээр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 550/2 дугаар тэмдэгтийн орчмоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарч, Оросын Холбооны Улс руу нэвтэрч, буцаж дээрх чиглэлээр Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч А.В.Бадма, Ц.Шаравдорж, гэрч З.Мөнхтөр, Б.Төртогтох, Д.Амармэнд нарын өгсөн мэдүүлэг, “Улсын хилийн 550/2 дугаар тэмдгийн баруун талаар 1000 метр газраар гарсан хилийн зөрчлийн талаар” илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна” гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д “хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн этгээдийг хил зөрчигч гэнэ” гэж тус тус заажээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Үндэсний аюулгүй байдлын эсрэг, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас Монгол улсын хилийн халдашгүй байдал, хилийн аюулгүй байдал, Монгол улсын хилээр орох, гарах үндэсний аюулгүй байдал зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Д.Цэгмид нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрч болохгүйг мэдсээр байж зориуд бусадтай бүлэглэн үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Цэгмидийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Д.Цэгмидийг бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлж улсын хилээр нэвтрүүлсэн, Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр бусадтай бүлэглэн Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцож санал, дүгнэлтээ гаргав.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Цэгмидийн гэм буруутай үйлдлийн улмаас Оросын Холбооны улсын хохирогч А.В.Бадмад алдагдсан адууны үнэ 27.800.000 төгрөг, хохирогч Ц.Шаравдоржид алдагдсан адууны үнэ 2.420.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нар нь алдагдсан адуугаа биет байдлаар хүлээн авч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Цэгмидийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Цэгмидийг бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлж улсын хилээр нэвтрүүлсэн, Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Цэгмидэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Д.Цэгмидийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Цэгмид нь үргэлжилсэн үйлдлээр А.Батбаяртай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Оросын Холбооны Улсын Закаменский (район) дүүргийн Михайловка тосгоны нутаг дэвсгэрээс хохирогч Оросын Холбооны Улсын иргэн А.В.Бадмаагийн 22 тооны буюу олон тооны адууг хулгайлж улсын хилээр нэвтрүүлж 27.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгтээ Оросын холбооны улсад шалгагдаагүй, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрэн гарч, буцаж Оросын холбооны улсаас Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харьяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсний дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Хэргийн 2 дугаар хавтасны 25-44 дэх талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Цэгмид нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Орхоны 6-2 тоотод түр оршин сууж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Цэгмидэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалт, 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын хамгийн бага хугацаагаар ял оногдуулах саналыг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд оролцсон болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ялын санал, дүгнэлт зэргийг тус тус тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Цэгмидэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил, 6 сарын хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Тус хэрэгт шүүгдэгч Д.Цэгмид нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 36 /гучин зургаа/ хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цэгмидэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорих нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Цэгмид нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч А.В.Бадма, Ц.Шаравдорж нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Булган тайж овогт Дамбын Цэгмидийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлж улсын хилээр нэвтрүүлсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Цэгмидийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэгмидэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Цэгмидэд оногдуулсан 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Цэгмидийн цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цэгмидэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорьсугай.

7. Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хавсаргагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч А.В.Бадма, Ц.Шаравдорж нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдаж, хэрэгт хураагдсан таньж олуулах ажиллагаа явуулсан бичлэг бүхий 1 ширхэг СД, Хаан банкны дансны хуулга бүхий 1 ширхэг СД-г эрүүгийн 2109018240672 дугаартай А.Батбаярт холбогдох хэрэгт хадгалсан болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ