Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2024/00098

 

 

 

 

 

 

 

 

 

    2024         05       07                                   001/ХТ2024/00098

 

 

 

Ч.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

  

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШШ2023/01719 дүгээр шийдвэртэй,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 209/МА2024/00013 дугаар магадлалтай,

 

Ч.Сын нэхэмжлэлтэй

“Т ББСБ” ХХК, Сэлэнгэ аймгийн  Сайхан сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн  Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Н.Энарт холбогдох

  

Гэм хорын хохирол 6,217,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Т ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  1. Нэхэмжлэгч Ч.С нь “Т ББСБ” ХХК, Сэлэнгэ аймгийн  Сайхан сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн  Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Н.Энарт холбогдуулан гэм хорын хохирол 6,217,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШШ2023/01719 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга, Н.Энараас тус бүр 1,305,667 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Сд олгож, Транскапитал ББСБ ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/00013 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШШ2023/01719 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалт “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга, Н.Энараас тус бүр 1,305,667 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Сд олгож, "Транскапитал ББСБ" ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Эаас 2,741,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Сд олгож, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга, "Транскапитал ББСБ" ХХК нарт тус тус холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон 6,217,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,475,100 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Саас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга, Н.Энараас тус бүр 35,840 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Сд олгосугай” гэснийг, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Саас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эаас 58,820 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Сд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасныг тус тус баримтлан дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд хариуцагч нараас нийт 6,217,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Н.Энараас тус бүр 1,305,667 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Сд олгож, “Т ББСБ” ХХК-д холбогдох нэхэмжпэлийн шаардлага болон 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх нь “Таван тунамал” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр “Ч.С нь ... чиг заасан дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй, тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай" гэсэн дүгнэлтийг үндэслэн “ ... Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасны дагуу нотлох баримтын шаардлага хангаж буй хохирлын /3,917,000/ 70 хувь буюу 2,741,900 төгрөгийг хариуцагч аас гаргуулж, “Т ББСБ” ХХК, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон ... 3,475,100 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн.

Ч.С миний бие 2022.07.08-ны орой Дарханаас Эрдэнэтийн чиглэлд өөрийн Тоёота Фейлдэр маркийн 72-38 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Л.Аы жолоодож явсан Тоёота Королла маркийн 38-77 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осолд орсон. Ослын дараа “Таван тунамал" ХХК-ийн гаргасан 2021.08.27-ны өдрийн №Ш/23 дугаар шинжээчийн дүгнэлтээр Л.Аг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “13. Гүйцэж түрүүлэх ба гүйцэх 13.4 Дараахь газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно а/уулзвар болон гарц дээр” гэсэн заалтыг зөрчсөн гэж, мөн 9-р зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал, Засаг даргын эрх, үүрэгт: -9.4.6 Зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах, тоноглох, замын гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэл хийх ажил нь холбогдох хууль, захиргааны хэм хэмжээний акт, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах үүрэгтэй гэж заажээ.” Сайхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нар тухайн үүргээ биелүүлээгүй буруутай” гэж ослын шалтгааныг дүгнэсэн.

Уг дүгнэлтэд нэхэмжлэгч Ч.С намайг “чиг заасан дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй, тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай" гэж дүгнэснээс бус зөрчсөн гэж дүгнээгүй. Өөрөөр хэлбэл тус осолд намайг буруутай гэсэн дүгнэлт гараагүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “магадлалтай” гэсэн дүгнэлтийг үндэслэн намайг буруутай гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хуулийг анхан шатны шүүхээс өөрөөр тайлбарлаж, нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр болоод байна.

Нэхэмжлэгч миний бие хөгжлийн бэрхшээлтэй, осолд орж эвдэрч сүйдсэн машинаараа ном худалдан борлуулж амьжиргаагаа залгуулдаг байсан хэдий ч энэхүү ослоос үүдэн олон сарын хугацаанд ажил хийж орлого олж чадалгүй гэртээ суусан. Гэтэл шүүхээс миний олох байсан орлогыг баримтгүй гэсэн үндэслэлээр хангахаас татгалзан, мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх магадлалтай гэсэн үндэслэлээр миний хохирол төлбөрөөс дахин хасаж шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцүүлэн иргэн миний эрх ашгийг хуулийн дагуу хамгаалах боломжтой байсан хэдий ч хөнгөн хуумгай хандаж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд хяналтын шатны шүүх гомдлыг минь хүлээн авч давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ШХТ2024/00500 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч “Т ББСБ” ХХК, Сэлэнгэ аймгийн  Сайхан сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн  Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Н.Энарт холбогдуулан гэм хорын хохиролд 6,217,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... Миний бие 2022.07.08-ны өдрийн орой Дарханаас Эрдэнэтийн чиглэлд өөрийн Тоёота Фейлдэр маркийн 72-38 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Л.Агийн жолоодож явсан Тоёота королла маркийн 38-77 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осолд орсон. ... Л.А Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4 буюу уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Л.Агийн тээврийн хэрэгсэл нь “Т ББСБ” ХХК-ийн өмчлөлд байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Сумын Засаг дарга нар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй буруутай.” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч тус бүр өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Сумын Засаг дарга нар нь “... Жолоочийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлыг төр хариуцахгүй ... эзэн холбогдогч нь тодорхой хэрэг.” гэж, хариуцагч “Т ББСБ” ХХК нь “... иргэн Н.Энь 2021.10.28-ны өдөр 131100220032 тоот зээлийн гэрээ байгуулан 38-77 ДАА улсын дугаартай автомашиныг зээлийн барьцаанд тавьж, 3,200,000 төгрөгийг эмчилгээний зардалд зориулж авсан. 2022.07.08-ны өдөр Н.Эын нөхөр Л.А нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. ... шүүхэд хэрэг үүссэн тохиолдолд манай байгууллагад мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. Зээлдэгч нь “Монре даатгал” ХХК-д жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулсан ... осол нь даатгалтай байх хугацаанд болсон тул хохирлыг даатгалын компаниас гаргуулах нь зүйтэй. Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч гэж заасан тул осол гаргасан жолооч Л.А нь бусдад учруулсан гэм хорын хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй” гэж, хариуцагч Н.Э“... шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Ч.Сыг Замын хөдөлгөөний дүрмийн 9.11-д заасан заалтыг зөрчсөн байх магадлалтай гэж дүгнэсэн, энэ ослоос болж манай машин их хэмжээгээр гэмтсэн, би энэ хэргийн хариуцагч биш.” гэж тус тус тайлбар гарган мэтгэлцсэн.

 

9. Анхан шатны шүүх хариуцагч Н.Э, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Сумын Засаг дарга нарт холбогдох шаардлагаас зарим хэсгийг хангаж, тэдгээрт холбогдох шаардлагын үлдэх хэсэг болон “Т ББСБ” ХХК-д холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шийдвэрт “... Хэрэгт авагдсан баримтаар Ч.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, Л.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4-т “дараахь газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно а/уулзвар болон гарц дээр” гэснийг зөрчсөн. Бүрэнхий буюу үзэгдэлт хангалтгүй үед тухайн орон нутаг дахь замын байршил, онцлогийг мэдэхгүй жолооч, дарааллын тэмдэг тавигдаагүй замын гарцыг ялгаж таниагүй байх магадлалтай. Зайлшгүй байх ёстой тэмдэгийг байрлуулаагүй нь осол гарах нөхцлийг бүрдүүлсэн. ... Энэхүү үүргээ орон нутгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал, сумын Засаг дарга нар биелүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүй, тухайн гарцаас өмнө суурин газар /50м-100м/ суурингийн гадна /150м-300м/ зайд З.Зв Туслах зам нийлнэ дарааллын тэмдэгийг байрлуулаагүйн улмаас энэхүү осол гарсан байна. ... тээврийн хэрэгсэл нь осол болох үөд “Т ББСБ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч эзэмшил, ашиглалт нь хариуцагч Н.Эд байсан байна. Энэхүү үндэслэлээр уг гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцах зохицуулалтын дагуу “Т ББСБ” ХХК хариуцах үндэслэлгүй. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга, Н.Энар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Ч.Сд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хариуцагч нараас тус бүр 1,305,667 төгрөгийг гаргуулж, нийт 3,917,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Сд олгоно. Нэхэмжлэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу тодорхойлох эрх бүхий этгээд биш бөгөөд орлого олж байсан бол Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар татвар төлж байсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч орох байсан орлого 2,250,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад татвар төлсөн баримт байхгүй ... ажилгүй байсан хугацааны цалин, хөлс ... оношлогоонд оруулсан 50,000 төгрөгтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул ... холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно..” гэж дүгнэсэн байна.

          10. Давж заалдах шатны шүүх хариуцагч Н.Эаас 2,741,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал, Сайхан сумын Засаг дарга, “Т ББСБ” ХХК-д холбогдох шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлалд “... Тоёота Королла Аксио Е-140 маркийн, 3877 ДАА улсын дугаартай, тээврийн хэрэгсэл нь осол болох үед "Транскапитал ББСБ" ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан боловч эзэмшил, ашиглалт нь хариуцагч Н.Эд байсан нь тогтоогдож байх тул дээрх ослын улмаас учирсан гэм хорын хохирлыг "Т ББСБ" ХХК хариуцан төлөх үүрэггүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. ... өмчлөгч Н.Энь уг тээврийн хэрэгслийг ашиглах зөвшөөрлийг нөхөр Л.Ад олгоогүй талаар маргаагүй тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар Ч.Сд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. ... Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумын Засаг дарга нар нь бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий субъект болохгүй, тэдний буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөнд гэм хор учирсан гэж үзэх үндэслэлгүй. Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон хууль бус үйлдэл, эс үйлдэхүй ... учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой. ... бусдад гэм хор учруулсан үйлдэл нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн байхыг шаарддаг тул хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумын Засаг дарга нарт гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээлгэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. ... Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасны дагуу нотлох баримтын шаардлага хангаж буй хохирол /3,917,000 төгрөг/-ын  70 хувь буюу 2,741,900 төгрөгийг хариуцагч Н.Эаас гаргуулж, нэхэмжлэгч Ч.Сд олгоно. Нэхэмжлэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай тул үлдэх 20 хувийг хариуцна.” гэж дүгнэсэн байна.

          11. Хэргийн үйл баримтын талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөрүүгүй байх боловч хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Сайхан сумын Засаг дарга Замын хөдөлгөөний дүрмийн зарим зүйл, заалтыг зөрчсөн эсэх, тэдгээрийн эс үйлдэхүй учирсан гэм хортой шалгаант холбоотой эсэх, нэхэмжлэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буюу гэм хор учрахад өөрөө буруутай эсэх асуудлаарх хууль зүйн дүгнэлт ялгаатай байна. Энэ нь хууль хэрэглээний зөрүүг үүсгэж, хэргийг өөрөөр шийдвэрлэх үндэслэл болсон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авч хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээр тогтов.

          12. Хэрэгт авагдсан баримтаар 2022.07.08-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг, Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн авто замын 31-32 дахь км-т нэхэмжлэгч Ч.С нь Тоёота Фейлдер маркийн 7238 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хариуцагч Н.Эын нөхөр Л.Агийн жолоодож явсан Тоёота королла маркийн 3877 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан үйл баримтыг хоёр шатны шүүх тогтоожээ.

          Нэхэмжлэгч тус ослын улмаас өөрт учирсан нийт хохирлоо 6,217,000 төгрөг буюу автомашинд учирсан хохирол 3,520,000 төгрөг, хохирлын үнэлээний төлбөр 145,000 төгрөг, цагдаагийн газрын журмын хашааны төлбөр 150,000 төгрөг, машин ачилтын төлбөр 225,000 төгрөг, журмын хашааны төлбөр 27,000 төгрөг, автомашиныг оношлогоонд оруулсны төлбөр 50,000 төгрөг, автомашиныг засварт байх хугацаанд ажил, орлого эрхэлж чадаагүйгээс учирсан хохирол, орох байсан орлого 2,250,000 төгрөгийг гаргуулна гэжээ. Улмаар 4 хариуцагч нэрлэн зааж, тэдгээр нь хохирол учрахад адил гэм буруутай гэж үзэн хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

       13. Нэхэмжлэгч өмнө нь буюу 2023 онд зам тээврийн ослын үеэр автомашиныг жолоодож явсан Л.Ад холбогдуулан 6,217,000 төгрөгийн хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 135/ШШ2023/00198 дугаартай шийдвэрээр “... автомашин фидуцийн гэрээгээр “Транскапитал ББСБ”-ын өмчлөлд шилжсэн. ... түүнээс өмнө Нарансайханы Эрдэнзулын өмчлөлд бүртгэлтэй байсан. ... Иргэний хуульд тээврийн хэрэгслээс үүсэх гэм хорын хохирлыг илүү нарийвчлан зохицуулсан ба уг зохицуулалтыг хэрэглэх нь оновчтой ... тээврийн хэрэгслийн ашиглагчийг томилох эсхүл тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн эзэмшигчийн хариуцлагыг ... өмчлөгч нь гэм буруугүйгээр ... хүлээхээр хуульчилсан тул Г.Амартүвшин гэм хорыг хариуцан арилгах үүрэггүй” гэж дүгнэн түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтыг шүүх тогтоосонтой зохигч маргаагүй. 

          14. Нэхэмжлэгч Ч.С 2023.05.11-ний өдөр дээр дурдсан 4 хариуцагчид холбогдуулан дахин нэхэмжлэл гаргажээ.

          Нэхэмжлэгч Ч.Саас хариуцагч “Т ББСБ” ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагын талаарх хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг буруутгахгүй. Хэдийгээр “Т ББСБ” ХХК нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг бүртгүүлэх замаар өөрийн мэдэлд байлгах буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Фидуцийн гэрээний эрхтэй болохыг баталгаажуулсан байх боловч энэ нь тус санхүүгийн байгууллагыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 ба 499.4-т заасан өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй. Тээврийн хэрэгслийн өмчлөгчийг тодорхойлоход тээврийн хэрэгслийн бүртгэл тодорхой үүрэгтэй байж болох хэдий ч энэ бүртгэлийг өөрчлөх үндэслэл болсон гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээ байх ба тус гэрээний дагуу үндсэн үүрэг хангагдсанаар эд зүйлийг буцаан шилжүүлэх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээдэг. Иймд энэ тээврийн хэрэгслийн өмчлөгчийг “Т ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан эзэмшилдээ авсан Н.Эгэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Энэ агуулгаар хариуцагч Н.Энь тээврийн хэрэгслийг шууд эзэмшиж, жолоодож байгаагүй ч өмчлөгчийн хувиар гэм хорыг хариуцан арилгах үндэстэй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 499.4 дэх хэсэгт нийцсэн байна.

15. Харин зам тээврийн ослоос нэхэмжлэгчид хохирол учрахад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал, Засаг дарга нар гэм буруутай эсэх асуудлаар хоёр шатны шүүх ялгаатай дүгнэсэн. Анхан шатны шүүх эдгээр байгууллагууд Замын хөдөлгөөний дүрмийн 9.4.6-т заасан Зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах, тоноглох, замын гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэл хийх ажил нь холбогдох хууль, захиргааны хэм хэмжээний акт, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь үзэгдэх орчин хязгаарлагдмал, бүрэнхий нөхцөлд зам орчны талаар төдийлөн мэдлэггүй жолооч нар осол гаргах нөхцлийг бүрдүүлэхэд сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэн Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нь хохиролд өмчлөгчийн нэгэн адил гэм буруутай гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан гэм хорыг хариуцан арилгах үүрэг тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүсэх тул эдгээр байгууллагууд хохирол учирсан явдалд гэм буруугүй буюу тэдний эс үйлдэхүй гэм хорын хохиролд шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн.

16. Зам тээврийн ослын хор хохирол тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулсан этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хохиролд шууд шалтгаант холбоотой байхыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг шаардах тухайд давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Түүнчлэн тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч гэм буруугүйгээр хүлээх тухай Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 ба 499.4 дэх хэсгийг хоёр шатны шүүх зөв тайлбарласан.

17. Харин нийтийн эрх зүйн этгээд болох Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга нарын тухайд Иргэний хуулийн 499 дүгээр зүйл бус, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан хариуцлагыг хүлээх үндэстэй ба тэдгээр нь тээврийн хэрэгслийн эзэмшигч ба өмчлөгч байгаагүй боловч тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулах, ашиглах явцад нэн шаардлагатай, осол гарах нөхцөл байдлаас сэргийлэх, хот хооронд, суурин газарт аюулгүй зорчих нөхцлийг хангах нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь тээврийн хэрэгслийг тогтоосон дүрмийн дагуу зохих ёсоор ашиглахад сөргөөр нөлөөлсөн гэм буруутай гэж үзнэ.

18. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл осол 2022.07.08-ны 22:00 цагийн орчимд болсон байх ба осол гарах үеэр бүрэнхий болж, үзэгдэлт хангалтгүй үед тухайн орон нутаг дахь замын байршил, онцлогийг мэдэхгүй жолооч, дарааллын тэмдэг тавигдаагүй замын гарцыг ялгаж танихгүй байх магадлалтай гэх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан гэрэл зураг, ослын үеийн схем зураг зэрэг баримтуудад үндэслэсэн байна. Зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд тээврийн хэрэгслийн шууд ба шууд бус эзэмшигч, өмчлөгчөөс гадна нийтийн эрх зүйн этгээд гэм буруутай байх тохиолдлыг бүрэн үгүйсгэх боломжгүй бөгөөд энэ хэргийн тухайд осолд хүргэсэн орчин нөхцлийг бүрдүүлэхэд нийтийн эрх зүйн этгээдийн хууль ба хэм хэмжээний актаар хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй гэм буруу нөлөөлжээ.

19. Хэдийгээр нийтийн эрх зүйн этгээд болох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Сайхан сумын засаг дарга нар нь захиргааны байгууллага бөгөөд тэдгээрийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь захиргааны эрх зүйн зөрчилд тооцогдох боловч тус байгууллагын гэм буруутай үйлдлийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан гэм хор, эс үйлдэхүй гаргасан хэм хэмжээний акт (Замын хөдөлгөөний дүрэм)-ын онцлогоос шалтгаалан, процесс хэмнэлттэй байх зарчмын үүднээс эдгээр байгууллагын гэм буруугийн талаар ердийн харьяаллын шүүх дүгнэлт өгөн хэргийг шийдвэрлэсэн нь буруу биш гэж үзлээ.

20. Нэхэмжлэгч Ч.С осол гарсан нөхцөл байдалд гэм буруутай эсэх талаар хоёр шатны шүүх ялгаатай дүгнэлт өгсөн байна. Хариуцагч талаас ослын үеэр өгсөн тайлбар, мэдүүлэгтээ Ч.С чиг заах дохио өгсөн эсэх, өгсөн бол тэр нь түүнийг төөрөгдүүлж, будлиулсан талаар мэдүүлээгүй байна. Гэтэл гагцхүү “чиг заасан дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөлдүүлэхгүй тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай” гэх шинжээчийн дүгнэлтэд суурилан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг хэрэглэж, хохирогчийн гэм буруу нөлөөлсөн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэлгүй болжээ.

21. Харин нэхэмжлэгчийн орох байсан орлого нь нэхэмжлэл, тайлбарт дурдсан хоёр сарын хугацаанд 2,250,000 төгрөг болсон нь тогтоогдоогүй, автомашиныг оношлогоонд оруулахад 50,000 төгрөг төлсөн баримтгүй гэж хэрэгт авагдсан баримтад үндэслэн хохирлын хэмжээг тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Иймд хариуцагч Н.Э, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумын Засаг дарга нараас тус бүр 1,305,567 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 2,300,000 төгрөг болон хариуцагч “Т ББСБ” ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэстэй болжээ.

22. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 сарын 19-ний өдрийн 209/МА2024/00013 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШШ2023/01719 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.20-ны өдөр 32,800 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                                         Н.БАТЗОРИГ

                                                                                                  

                                                                                                 Н.БАТЧИМЭГ

                                                                                                  

                                                                                                 Н.БАЯРМАА