| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2017/0115/Э |
| Дугаар | 95 |
| Огноо | 2017-04-05 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2017/0115/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч****,
Шүүгдэгч ***** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *****холбогдох эрүүгийн 201709000127 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, , эцэг, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймаг,***** суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй*****/.
Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч ***** нь Шарын гол сумын Хайрхан багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр өөрийн дүү****тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар хутга шидэн эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2017 оны 2 дугаар сарын 19-ны өдөр 15 цагийн үед өөрийн найз*****хамт гэртээ буюу Хайрхан багийн 9-28 тоотод 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. 18 цагийн үед манай ээж ***** дүү***** нар ажлаа тараад гэртээ ирсэн. ....Би*****д хандан “надад ус хийгээд өг” гэж хэлсэн.***** чи өөрөө усаа хийж уу? Чи өөрөө архи уусан биз дээ? Би чамд ус хийж өгөх албатай юм уу? гэх зэргийн үг хэлээд уурласан. Энэ асуудлаас болоод би*****маргалдан “Чи ямар сүртэй юм бэ?, ганц аяга ус хийгээд өг” гэж хэлээд уус уух гээд өөрөө босоод явсан.***** уурлаад миний араас үглээд байсан. Би шалан дээр байсан тавчик аваад***** руу шидсэн. Тэгээд бас ширээн дээр байсан хутга аваад шидсэн чинь***** нөмөрч байсан хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд өөрийгөө хамгаалсан. Би угаалгын өрөөнд ороод ус уучихаад буцаад хэвтэх гэтэл манай ээж орилсон. Тэгээд хартал*****ын гуя хавьцаа газраас цус гарч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дүүгээ гэмтээсэндээ харамсаж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй, уураа хянаж чадаагүйгээс ийм зүйл боллоо гэж бодож байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
Хохирогч****ын хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай төрсөн ах ***** архи уучихсан согтуу байх шиг байсан. 4 цагийн үед манай ах***** надад хандан ус хийгээд өгөөч гэж хэлсэн. Би “чи өөрөө босоод усаа хийж уу, хүний өмнөөс архи уучихсан биш” гэж хэлсэн.***** өөрөө ус уухаар боссон. Тэгээд ус хийгээд өгөхөөр яадаг юм бэ? гэж хэлээд над руу нэг юм шидсэн. Би нөмөрч байсан хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд өөрийгөө хөнжлөөр хамгаалсан. Тэгсэн дахин нэг юм шидэх шиг болсон. Би дахиад хөнжлөөр хамгаалсан. Гуяа бариад үзтэл цус гарч байсан.***** над руу хутга шидсэн байсан. Тэр хутга нь миний баруун хонго, гуя хэсэгт хөндлөн ирээд зүссэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,
Гэрч Ж.*****гийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...***** нөмөрч байсан хөнжлийг сөхөөд хартал баруун гуянаас нь цус гарч байсан. Бид сандраад***** бид хоёр цусыг нь даавуугаар дараад 103 дуудсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-16 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 224 дугаартай “...Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Уг гэмтэл ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” дүгнэлт /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ***** нь Шарын гол сумын Хайрхан багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр өөрийн дүү****тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар хутга шидэн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч****ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ж.*****гийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт, шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *****гийн үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байна.
Хохирогч**** нь 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... Миний ах уучлалт гуйж өөрийн бурууг хүлээж эвлэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, эмчилгээний зардал авсан. Өөрсдийн хүсэлтээр сайн дураараа эвлэрсэн” гэх бөгөөд *****гээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *****г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул *****г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
***** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн суурин дээр ягаан өнгийн оруулган хуванцар иштэй хутга 1 ширхэгийг устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Монгол овогт Отгонбаярын*****г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан *****холбогдох эрүүгийн 201709000127 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар *****г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Хэрэгт иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн суурин дээр ягаан өнгийн оруулган хуванцар иштэй хутга 1 ширхэгийг устгасугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *****д авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД