| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2021/0030/З |
| Дугаар | 109/ШШ2021/0026 |
| Огноо | 2021-07-07 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 109/ШШ2021/0026
| 2021 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 109/ШШ2021/0026 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Сын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Сыг урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа, адил чанарын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, өмгөөлөгч О.Б, хариуцагч Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С миний бие 2014 онд Монгол Улсын Их сургуулийг Байгаль ашиглалт, хяналт үнэлгээ мэргэжлээр, хүрээлэн буй орчны бакалавр зэрэгтэй төгссөн. 2014 оны 7 дугаар сараас Байгаль орчны үнэлгээний компанид ажиллаж байгаад 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Архангай аймгийн Статистикийн хэлтэст ажилласан. 2017 онд төрийн албаны дэс түшмэлийн албан тушаалд сонгон шалгаруулалтад орж тэнцэн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн. 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис, байгалийн гамшиг хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажилласан. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 дугаартай тушаалаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр жинхлэн томилогдсон.
Гэтэл миний ажиллаж байсан байгууллагын бүтэц, орон тоог өөрчилж байгаа гэх үндэслэлээр намайг ажлаас халсныг хууль бус гэж үзэж байна. Учир нь миний ажиллаж байсан албан тушаал болох Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтний гүйцэтгэж байсан чиг үүргийг 1. газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, газар зүйн мэдээллийн систем /GPS/ хариуцсан мэргэжилтэн, 2. усны нөөц ашиглалт хамгаалалт, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн гэж 2 хуваасан. Байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн батлахаас өмнө байсан усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ц нь жирэмсний амралттай байсан тул ахлах мэргэжилтний ажил үүргийг өөр хүнээр гүйцэтгүүлж цалингийн 40 хувийг нь өгч, надаар усны асуудал хариуцсан мэргэжилтний ажлыг хавсран гүйцэтгүүлж, ингэхдээ ямар нэгэн цалин хөлсгүйгээр ажиллаж байсан. Б.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орсон. Улмаар Б.Цнь усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаасаа чөлөөлөгдөж, ЕNSURE төслийн зохицуулагчаар томилогдон ажиллах болсон. Ингээд манай байгууллагад усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтний сул орон тоо бий болсон. Энэ үед У.С-г уг албан тушаал дээр усны асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилон ажиллуулж байсан. Байгууллагын бүтэц, орон тооны өөрчлөлтөөр У.С-ийн түр орлон гүйцэтгэж байгаа албан тушаалын чиг үүрэг дээр миний ажиллаж байсан албан тушаалын зарим чиг үүргийг нэмж Усны нөөц ашиглалт хамгаалалт, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаал бий болсон. Төрийн албаны шалгалт өгсөн, 2019 онд тангараг өргөсөн.
Иймд Архангай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Сыг урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа, адил чанарын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгохыг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газарт мэргэжилтнээр ажиллаж байгаад 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Б/07 дугаартай байгууллагын даргын тушаалаар эрхэлж байсан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байгаа. Нэхэмжлэгч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өөрийнх нь хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагч талаас Төрийн албаны ерөнхий зөвлөлд гомдол гаргасан байдаг. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа. Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар ямар нэг байдлаар татан буугдах, өөрчлөгдсөн зүйл болоогүй. Нэхэмжлэгч Б.Сыг ажлаас чөлөөлсөн асуудал байгаа юм. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэж гаргасан байдаг.
Нэхэмжлэгч Б.Сын эрхэлж байсан ажил албан тушаал чиг үүргийг 2 мэргэжилтэнд ажлын чиг үүргийг нь хувааж өгөөд Б.Сын эрхэлж байсан албан тушаал байхгүй болсон юм. Б.С яагаад өөрийнх нь хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна вэ гэхээр нэхэмжлэгч Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийт 10 гаруй удаа өгсөн байдаг. Б.С тавигдах мэргэжил, ур чадварыг хамгийн сайн хангаж байгаа юм. Төрийн албаны нөөцөд бүртгэсэн, баримтууд хэрэгт авагдсан байдаг.
Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга Г.А нь нэхэмжлэгч Б.Сыг ажлаас шууд чөлөөлсөн нь хууль зөрчсөн асуудал юм. Тухайн байгууллагын нэхэмжлэлийн шаардлага болох усны нөөц ашиглалт хамгаалалт төрийн бус байгууллагын ажиллах ажилтны судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн энэ албан тушаал Б.Сыг ажлаас чөлөөлөх үед сул орон тоо байсан. Яагаад сул орон тоо гэж үзэж байна вэ гэхээр уг албан тушаалд Ц ажиллаж байгаад өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгэхээр уг орон тоо нь сул орон тоо юм. Энэ орон тоонд өмнөх дарга нь С-г түр орлон гүйцэтгэгчээр томилсон асуудал байгаа. Энэ түр томилсон асуудал нь өөрөө хууль зөрчсөн асуудал юм. Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн хүнийг ажилд томилсон гэх тайлбарыг хариуцагч талаас ирүүлсэн.
Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар түр орлон гүйцэтгэгчээр томилох журам байгаа. Уг журамд төрийн албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмаар зохицуулж байгаа. Энэ тохиолдолд сул орон тоо гарсан байхад Төрийн жинхэнэ албаны түр орлон гүйцэтгэгч томилон ажлуулж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Б.Сыг Төрийн жинхэнэ албан хаагч мөн гэж үзэж нэхэмжлэгч талаас маргаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу төрийн албаны жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлтэй юм.
Төрийн жинхэнэ албаны сул орон гарч байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар нөхөх хуулийн зохицуулалттай. Энэ хуулийн зохицуулалтын дагуу ажил олгогч буюу шийдвэр гаргах эрх бүхий дарга нь 2020 онд шийдвэрээ гаргасан байдаг. Сул орон тооны ажлын байранд тавигдах шаардлагыг Б.С хангаж байхад томилохгүй байгаа. Б.С нь 2021 оны 01 дүгээр сарын 22, 1 дүгээр сарын 24-ний өдөр ажил олгогчид уг албан тушаалд томилуулах тухай хүсэлтийг хүргүүлсэн. Гэтэл томилохоос татгалзаж байгаа нь өөрөө хууль бус эс үйлдэхүй байна. Б.Сын ажиллаж байсан орон тоо нь 2 хуваагаад шилжсэн тохиолдолд ажлын орон тоо цөөрч хасагдсан зүйл харагдаж байна.
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад орж нөөцөд бүртгэгдсэн. Мөн Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байгаа. Тэгэхээр Төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзэх боломжгүй юм. Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг үндэслэсэн байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгаагаар хангагдах эрхтэй субъект байна. Гэтэл Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан баталгаагаар хангахгүйгээр түүнээс татгалзаж байгаа нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхгүй гэж үзэж байгаа юм. Ийм учраас Б.Сын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Томилохгүй, томилохоос татгалзсан эс үйлдэхүй нь хууль зөрчиж байна. Б.Сыг 2021 оны 02 дугаар сард ажлаас чөлөөлсөн. Тухайн үед С-тэй зөвшилцөж өөр ажил албан тушаалд томилж болох байсан. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Л ажлаасаа чөлөөлөгдөж тухайн албан тушаал сул орон тоо болсон байхад дахин өөр хүнийг томилсон. Тухайн байгууллагад ажиллаж байсан мэргэжил арга зүй бусад байдлаараа бүрэн хангаж байгаа хүнийг томилохгүй шинээр гаднаас өөр хүн авч томилж байгаа асуудал нь байна. Энэ томилгоо нь хүртэл хууль бус юм.
Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Б.Сыг ажлын байраар хангах үүргээ хариуцагч биелүүлээгүй. Мөн Б.С нь цалин 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны цалин нэхэмжилж байна. Сарын цалин 692388 төгрөгөөр тооцож, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг суутгаж олгуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгч В.У-ын тайлбартай давхцуулж ярих нь илүүц байх. Хариуцагч талаас Б.Сыг Төрийн жинхэнэ албан хаагч биш гэдэгтэй маргаж байгаа юм. Төрийн жинхэнэ албан хаагч гэж хэнийг хэлэх вэ гэдгийг Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан.
Б.С төрийн албан тушаалыг эрхэлж байсан, төрөөс цалин авч байсан учраас төрийн жинхэнэ албан хаагч гэж үзнэ. Тухайн байгууллагад сул орон тоо гарсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонгон шалгаруулалт зарлах ёстой. Хариуцагч энэ үүргээ биелүүлэхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна.
Мөн Б.Сыг Төрийн тусгай албаны шалгалт өгөх болзол журмыг зөрчсөн гэж үздэг. Үүнд тайлбар хэлэхэд Төрийн албан хаагчийн тусгай шалгалтыг Төрийн албаны салбар зөвлөлөөс авах ёстой. Энэ нь нэхэмжлэгчээс хамаарахгүй. Төрийн албаны тусгай шалгалт зарлаагүй талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Төрийн албаны тусгай шалгалтыг зарлаагүй учраас Төрийн албаны тусгай шалгалтын болзол журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-т хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах гэж заасан. Тухайн үед нэхэмжлэгч ажлаас халагдах үед 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хорио цээрийн дэглэмтэй байсан. Өмгөөлөгч миний зүгээс уг заалтыг зөрчсөн гэж харж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай байгууллага нь аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/148 дугаар захирамжаар дарга-1, ахлах мэргэжилтэн-1, мэргэжилтэн-7, байгаль хамгаалагч-36, ахлах нягтлан бодогч-1, нярав-1, архив бичиг хэргийн ажилтан-1, жолооч-1, ойжуулагч-1, харуул-1, үйлчлэгч нийт 52 ажилтантай ажиллахаар зааж өгсөн байсан. Жил дараалан байгууллагын цалингийн сан хүрэлцэхгүй, ажилтнууд удаан хугацаанд ажилласны болон зэрэг дэвийн нэмэгдлээ авч чадахгүй байдалд хүрсэн. Аймгийн Засаг даргад байгууллагад дутагдалтай байгаа цалингийн сангийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх хүсэлтийг тавихад, байгууллагын ажилтнуудын чиг үүргийг давхардуулж, илүү орон тоо бий болгосныг залруулж, бүтэц орон тоог холбогдох хууль, журмын хүрээнд цалингийн сантай уялдуулж, шинэчлэн батлах тухай мэдэгдсэн болно.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/76 дугаар тушаалаар аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үлгэрчилсэн дүрэм, ажилтнуудын ажил үүргийн чиглэлийг баталж өгсөн байдаг. Уг дүрмээр тус газарт газрын дарга 1, мэргэжилтэн 7 байхаар зохицуулагдсан. Мөн бүтэц, орон тоогоор 49 ажилтны цалингийн сантай. Ийнхүү аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/23 дугаар захирамжаар тус газрын бүтэц, орон тоо, ажил үүргийн чиглэлийг шинэчлэн батлахдаа 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн аймгийн Засаг даргын А/148 дугаар захирамжаар бий болгосон орон тооны илүүдэл, ажлын чиг үүргийн давхардал зэргийг арилгаж, А/76 дугаар тушаалаар баталсан үүрэгт нийцүүлж өгсөн болно.
Өмнө буюу 2017 оны 4 дүгээр сар хүртэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/76 дугаар тушаалаар баталсан чиг үүргийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь 7 мэргэжилтэнтэй ажиллаж ирсэн бөгөөд аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/148 дугаар захирамжаар тус газрын бүтэц, орон тоо, ажилтнуудын ажил үүргийн хуваарийг шинэчлэн батлахдаа салбарын сайдын уг тушаалыг зөрчиж, 8 мэргэжилтэнтэй болгож, нэг мэргэжилтний орон тоог нэмж баталсан байна. Нарийвчлан судалж үзвэл энэ нь Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль эрчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, газар зүйн мэдээллийн систем /СР5/ хариуцсан мэргэжилтний орон тоог Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, "газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, газар зүйн мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн гэж зарим чиг үүрэг давхардуулан 2 хүний ажлын байр болгон тус тус салгаж баталсан байсан болно. Энэ нь байгууллагын журамласан бүтэц алдагдах, орон тоо хэтрэх, цалингийн сан хүрэлцэхгүй байх үндсэн нөхцөл болоод зогсохгүй бусад албан хаагчид удаан хугацаанд ажилласны болон зэрэг дэвийн нэмэгдэл, хоол, унааны мөнгөө авч чадахгүй байх нөхцөл нь болсон. Мөн энэ нь нэг хүн ажилтай байснаар бусад хүний эрх ашиг хөндөгдөх, хохирох нөхцөл болоод байсан.
Ийнхүү аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/23 тоот захирамжаар тус газрын бүтэц, орон тоо, ажил үүргийн чиглэлийг шинэчлэн баталсныг 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгууллагын ажилтан албан хаагчдад танилцуулж, улмаар уг өдөр холбогдох хуулийн хүрээнд сонсох ажиллагааг явуулж мэдэгдсэн болно.
Байгууллагын даргын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 тушаалаар Б.Сыг ажлаас чөлөөлсөн. Үүний дараагаар усны асуудал хариуцсан мэргэжилтэн У.Сн орон тоонд шилжин ажиллах хүсэлтийг ирүүлсэн. Уг албан тушаалд шилжүүлэн томилох хууль, эрх зүйн шаардлага нөхцөлийг хангахгүй байгаа болно. Үүнд:
1. Төрийн албаны хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалт энэ тохиолдолд хамаарахгүй тул миний бие эс үйлдэхүйгээр холбогдох хууль журмыг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь Б.Сын ажлын байрыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/76 дугаар тушаалаар баталсан журмыг зөрчиж бий болгосон.
2. Усны асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн албан тушаалтан холбогдох хууль, журмын хүрээнд томилогдон ажиллаж байгаа.
3. Б.Сын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний жилийн эцсийн үнэлгээ 66.5 хувь /D/ үнэлэгдсэн нь албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байгааг илтгэж байна. Энэ нь тухайн албан хаагчийн мэргэжлийн түвшин, мэдлэг, ур чадвар хангалтгүйг мөн давхар илтгэнэ.
4. Төрийн албаны зөвлөл Б.Сыг ажлаас халсантай холбоотой баримт материалыг манай байгууллагаас авч үзсэн болно. Уг баримт материалыг судлан үзээд 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 01/840 тоотоор ирүүлсэн хариундаа Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам зөрчсөн, төрийн албан хаагч гэж үзэх боломжгүй тухай дурдсан нь төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах эрх, нэмэгдэл баталгаа шаардах эрхгүй. Би Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр томилогдсон. Төрийн албаны шалгалт болон тангараг өргөөгүй. Б.Сын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг тайлбарлаж хэллээ. Үүнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах нь Төрийн албаны ерөнхий шалгалтын хүрээнд яригдах асуудал юм. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2-т зааснаар зарлахдаа ерөнхий шалгалт авах зохицуулалттай. Хууль хүртэл ерөнхий хуулиас тусгай хуультай нарийвчилсан зохицуулалтаар тусгай хуулийг баримталдаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2 27.1.3-т заасан шаардлагыг хангасан хүмүүс тусгай шалгалт өгөх ёстой.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 нь тусгай шалгалтыг сонгон шалгаруулах ойлголт биш. Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Б.Сыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Уг тушаал нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох хуульд тогтоомжид заасан үндэслэл бүхий шийдвэр байна. Учир нь захиргааны байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох Б.С-д мэдэгдэх сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явуулсан. Энэ талаарх баримтууд хавтаст хэргийн 10 хуудас, 117 дугаар хуудсанд тус тус авагдсан байгаа.
Хоёрдугаарт Б.Сыг ажлаас халах шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх гэсэн уг хориглох заалтад хамаарахгүй байгаа.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар Б.Сын эрх зүйн байдлын хувьд төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх боломжгүй нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Учир нь Б.С байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төрийн бус байгууллагатай ажиллах ажил, судалгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдохдоо албан шалгалт буюу тусгай шалгалт өгөлгүйгээр хууль бусаар томилогдсон байдаг. Энэ нөхцөл байдал нь талуудын тайлбар Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/840 тоот албан бичиг, хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байгаа.
Нэхэмжлэгч талаас Б.С-с хамаарахгүй шалтгаанаар төрийн албаны тусгай шалгалт зарлагдаагүй гэж хэлж байна. Тухайн үеийн удирдлагууд нь төрийн албан хаагчийн захиалга хүргүүлэх үүрэгтэй. Ямар шалтгаанаар тусгай шалгалт өгөлгүйгээр ажилд томилсон эсэх асуудлыг бид мэдэхгүй. Хэний буруутай үйл ажиллагаанаас болоод тусгай шалгалт өгөөгүй вэ гэдгийг бид өнөөдөр тогтоох ёсгүй.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 33.3.Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна заасан. Мөн төрийн албанытусгай шалгалт өгөх болзол журмын 1.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн тусгай шалгалтад тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэж сонгон шалгаруулна гэж заасан. Гэтэл Б.С уг ажил тусгай шалгалт өгөлгүйгээр томилогдсон нь энэхүү журмын зорилгоос гажиж байгаа.
Үүнээс гадна Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах гэсэн хуулийн зохицуулалттай зөрчилдөж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэж хэллээ. Чадахуйн зарчмыг ерөнхий шалгалт олон удаа өгснөөр тогтоохгүй. Төрийн албаны тухай хуульд зааснаар тусгай шалгалт өгч тусгай шалгалтын комиссоос хамгийн өндөр оноо авсан хүнийг тусгай шаардлагын нөхцөл болзлыг хангасан гэж үзэх үндэслэлтэй юм. 2017 онд Архангай аймгийн Засаг дарга бүтэц орон тоогоо батлахдаа энэ үлгэрчилсэн дүрмээс гацсан буюу өөрийнхөө эрх хэмжээг давуулж илүү орон тоотой баталсан. Үүнээс болж цалингийн орон тоо нь хүрэлцэхгүй байдаг юм уу бусад албан тушаалтан нэмэгдлээ авч чадахгүй байдал хүрсэн.
Гэтэл Б.С-ын албан тушаал цөөрсөн асуудал байхгүй нэг орон тоо байсан. Энэ тохиолдолд бусад асуудалтай сонгон шалгаруулалт зарлах асуудал яригдана. Орон тоо хасагдана гэдэг нь хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалт тодорхой албан тушаалтны байр үгүй болсныг ойлгох бол цөөрүүлэх гэдэгт тухайн байгууллагын бүтэц, ажил албан тушаал хэд хэдэн орон тооноос тодорхой нэг албан тушаалыг хассан байхыг ойлгоно. Тэгэхээр Б.Сыг өнөөдрийн нөхцөл байдал Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан нэмэгдэл баталгааг эдлэх боломжгүй. Нөгөө талаараа Төрийн албаны зөвлөлөөс ирсэн албан тоотоор Б.Сыг төрийн албан хаагч гэж үзэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа.
Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө аль тохирох мэргэжилтний орон тоонд томилуулах хүсэлт гаргасан. Энэ тухайд усны нөөц ашиглалт хамгаалалт төрийн бус байгууллагатай харилцах судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтний орон тоонд С томилогдон ажиллаж байгаа. Ялгаагүй Б.С-той адил төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн мэргэжлийнхээ хувьд таарч тохирч байгаа. Хэрэв сул орон тоо гарсан тохиолдолд тусгай шаардлагыг хангасан тохиолдолд өрсөлдөх эрхтэй гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Иргэн Б.Сос Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан Архангай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Сыг Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Усны нөөц ашиглалт хамгаалалт, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Усны нөөц ашиглалт хамгаалалт, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно. /х.х-н 1-3/
2.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Архангай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Сыг урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа, адил чанарын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгохыг даалгах гэж өөрчилсөн байна. /2-р х.х-н 172/
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.-д нэхэмжлэлээ өөрчлөх, ..., 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:
Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд,
5.Иргэн Б.С нь 1992 онд төрсөн, байгаль ашиглалт, хяналт үнэлгээ мэргэжилтэй, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар Орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис, байгалийн гамшиг хариуцсан мэргэжилтнээр түр, 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/66 дугаар тушаалаар Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр түр, 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар усны асуудлыг түр хавсран гүйцэтгэгчээр, 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр жинхэлэн томилогдсон байна.
6.Архангай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5., Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 45.2.5., 62 дугаар зүйлийн 62.1.4., аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/24 дүгээр захирамжийг үндэслэн байгууллагын бүтэц орон тоо, дүрэм, ажил үүргийн чиглэл шинэчлэн батлагдаж, бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбогдуулан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Сыг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ. /х.х-н 9/
Хоёр. Маргаан бүхий захиргааны актын тухайд,
7.Хариуцагч Архангай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Сыг ажлаас чөлөөлсөн нь хууль бус бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1., 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг тус тус зөрчсөн байна. Учир нь:
8.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах,...; гэж заасан Монгол Улсын иргэн Б.Сын үндсэн эрх, эрх чөлөө зөрчигджээ.
9.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай 03 дугаар тогтоолын нэгдүгээр хаврсалтын 1.4, 3 дахь хэсгийн 3.5.2-т зааснаар хариуцагч Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга нь нэхэмжлэгч Б.Сыг төрийн албан тушаалаас нь чөлөөлөхдөө ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах, албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэгт нийцүүлэхгүйгээр тухайн албан тушаалаас чөлөөлж, хууль бус захиргааны акт гаргажээ.
Гурав. Эс үйлдэхүйн тухайд,
10.Хариуцагч талаас нэхэмжлэгч Б.Сыг томилохгүй байгаа үйлдэлээ- .. Төрийн албаны зөвлөлөөсөө ирүүлсэн албан бичгийг судлаж үзсэн, төрийн албан хаагч гэж үзэх үндэслэлгүй тул томилохгүй.. гэж тайлбарлаж байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:
11.Нэхэмжлэгч Б.С нь төрийн албан хаагч мөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3., 7 дугаар зүйлийн 7.1.2., 57 дугаар зүйлийн 57.1., 61 дүгээр зүйлийн 61.1.1., 62 дугаар зүйлийн 62.1.1-т заасны дагуу Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 3 жил, 9 сар, 19 хоног мэргэжилтнээр ажиллаж, чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө цалин хөл авч, төрийн албаны хаагчийн нийтлэг баталгаагаар хангагдаж, төрийн захиргааны албан тушаал эрхэлж байжээ. /х.х-н 207-212/
12.Улмаар ажиллаж байх хугацаандаа 2019 онд Монгол Улсын хот суурин газарт усан сан байгуулах газрын гадаргын усыг хуримтлуулах сургалтад хамрагдсан, 2020 онд төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны сургалтад хамрагдсан, 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлт 93,6 /А/, 2019 оны үр дүнгийн гэрээний биелэлт 97,5 /А/, 2020 оны 1, 2, 3 дугаар улирлын гүйцэтгэлийн тайлан хангалттай үнэлэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. /2-р х.х-н 3-129/
13.Түүнчлэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөт бүртгэж, нэр дэвшүүлэх тухай 54 дүгээр тогтоолын Нэгдүгээр хавсралт. Архангай аймаг. 31-т Б.С, ТЗ-6, байгаль, ашиглалт хяналт үнэлгээ, улсын байцаагч, 70 оноогоор нөөцөт гэж,;
14.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 30 тогтоолын нэгдүгээр хавсралтын 4.тБ.С, ТЗ-6, байгаль, ашиглалт хяналт үнэлгээ, улсын байцаагч, 73 оноогоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөт гэж,;
15.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэх тухай Архангай аймгийн төрийн албаны нөөцийн бүртгэлийн 53.т Б.С, 1992-11-30, Архангай, 77, гэж тус тус төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгүүлж Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-н зааснаар ерөнхий шалгалт өгч байсан байна. /х.х-н 192-197, 239-240/
16.Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөжээ. /х.х-н 5-7, 11/
17.Иймд дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Сын нэхэмжлэлийн шаардлага болох Архангай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Сыг урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа, адил чанарын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
18.Нэхэмжлэгчээс маргаан бүхий Б/07 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль бус бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэмэгдэл баталгаагаар хангах, урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа адил чанарын албан тушаалд томилох боломжтой гэж,
19.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Б.С нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй тул төрийн албан хаагч биш, иймээс Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлэхгүй гэж тус тус мэтгэлцсэн болно.
Дөрөв. Нэхэмжлэгч Б.С-ын ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа эсэх тухайд:
20.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.-т төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг, 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэг Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална: 7.1.1.-д ард түмэнд үйлчлэх, 7.1.2-т мэргэшсэн, тогтвортой байх, 7.1.5.-т төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах гэж заасан.
21.Нэхэмжлэгч Б.С нь Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис, байгалийн гамшиг хариуцсан мэргэжилтнээр түр, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр түр, Усны асуудлыг түр хавсран гүйцэтгэгчээр, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр жинхэлэн томилогдон 3 жил, 9 сар, 19 хоног мэргэжилтнээр ажиллаж байсан.
22. Маргаан бүхий энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч Б.Сын томилогдон ажиллаж байсан албан тушаал, мөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт гарсан сул орон тоонд төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт зарлагдаагүй, зохион байгуулагдаагүй болох нь гэрчийн мэдүүлэг, хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
23.Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар албан бичигт ... иргэн Б.С нь 2017, 2018, 2020 онд зохион байгуулсан төрийн албаны шалгаруулалтад орж тэнцсэн бөгөөд ... төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу төрийн албаны тусгай шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан бөгөөд 2019, 2020 онуудад тусгай шалгалт зохион байгуулагдаагүй гэжээ. /х.х-н 192/
24.Мөн дээрх асуудлаар гэрч Ш.Г шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: ... 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийг дагалдаж гарах журмууд нь 2019-2020 онуудад гарч батлагдсан байдаг. 2019 онд тусгай шалгалт товлоогүй, учир нь тусгай шалгалтын дүрэм журам батлагдаагүй байсан ... Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас тусгай шалгалтын захиалга өгөөгүй ... гэж тайлбарлажээ. /х.х-н 249-250/
25.Дээрх нөхцөлөөс үзвэл, нэхэмжлэгч Б.Сын төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт өгөөгүй нь түүний буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй, энэ үндэслэлээр төрийн албан хаагч биш гэж үзэх боломжгүй бөгөөд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс эхлэн олон нийтэд мэдээлэх, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
26.Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2. дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ., 33 дугаар зүйлийн 33.2. дахь хэсэг Төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна: 33.2.2.-т тусгай шалгалт /тухайн албан тушаалын/, 33.4. дэх хэсэгт Энэ хуулийн 33.2-т заасан ерөнхий болон тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг төрийн албаны төв байгууллага зохион байгуулна., 33.10. дахь хэсэгт Төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ авах талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон төрийн албаны төв байгууллагын цахим хуудсаар нийтэд зарлан мэдээлнэ. гэж тус тус заасан хуулийн зохицуулалтыгхэрэгжүүлж ажиллаагүй нь томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтаны буруутай хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байна.
27.Иймд нэхэмжлэгч Б.С-ын тусгай сонгон шалгуулалтанд ороогүй нь түүний буруутай үйл ажиллагаа биш байх тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах хууль зүйн үндэслэлтэй.
28. Нэхэмжлэгч Б.С нь Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар Орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис, байгалийн гамшиг хариуцсан мэргэжилтнээр түр, 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/66 дугаар тушаалаар Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр түр, 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар усны асуудлыг түр хавсран гүйцэтгэгчээр, 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр жинхэлэн томилогдон ажиллаж байжээ.
29.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4.-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж заасан.
30.Маргаан бүхий энэ хэргийн тухайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А-76 дугаар Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үлгэрчилсэн дүрэм-ийг 1 дүгээр, Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтны ажил үүргийн үлгэрчилсэн чиглэл-ийг 2 дугаар хавсралтаар баталжээ. Уг тушаалын 2 дугаар хавсралт Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтнуудын ажил үүргийн үлгэрчилсэн чиглэлд: 1.Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, 2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын бодлогын хэрэгжилт, хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, 3.Газар, газрын хэвлийн түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ, газар зүйн мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн, 4.Усны нөөц ашиглалт хамгаалалт, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, 5. Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, 6. Орчны бохирдол, хог хаягдал химийн хорт бодис, байгалийн гамшиг хариуцсан мэргэжилтэн, 7. Аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн, 7. Ойн нэгжийн дарга эсхүл ойн асуудал хариуцсан мэргэжилтэн нар чиг үүрэг хэрэгжүүлэхээр тусгажээ. /х.х-н 51-103/
31.Улмаар Архангай аймгийн Засаг дарга 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/148 дугаар захирамжаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоо, дүрмийг баталжээ. Уг захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоо: Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 7, байгаль хамгаалагч 36 гэж тогтоожээ. Дээрх захирамжийн 3 дугаар хавсралтаар баталсан ажилтнуудын ажил үүргийн чиглэлд: 1.Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, 2.Бодлогын хэрэгжилт, хүний нөөц, дотоод ажил, усны нөөц ашиглалт хамгаалалт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, 3.Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, газар зүйн мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн, 4.Төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, 5.Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн, 6.Орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис, байгалийн гамшиг хариуцсан мэргэжилтэн, 7.Аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн, 8. Ойн асуудал хариуцсан мэргэжилтэн, 9.Усны нөөц ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтэн нар чиг үүрэг хэрэгжүүлэхээр тогтоосон байна. /х.х-н 142-155/
32.Тодруулбал, А-76 дугаар тушаалаар батлагдсан Газар, газрын хэвлийн түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ, газар зүйн мэдээллийн систем (GPS) хариуцсан мэргэжилтний албан тушаалыг Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, газар зүйн мэдээллийн систем (ОРЗ) хариуцсан мэргэжилтэн гэж өөрчлөн байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хэсгийг хасаж, Усны нөөц ашиглалт хамгаалалт, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалыг Усны нөөц ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтэн гэж өөрчлөн төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хэсгийг хасаж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, Төрийн бус байгууллагатай ажиллах ажил, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн гэх орон тоог болгожээ.
33.Шүүх хуралдаан дээр хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар мэтгэлцсэн бөгөөд уг Архангай аймгийн Засаг дарга 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/148 дугаар захирамжтай маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
34.Нэхэмжлэгч Б.С нь 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр жинхэлэн томилогдон ажиллаж байжээ. /х.х-н 8/
35.Улмаар Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоо, дүрэм, ажил үүргийн чиглэлийг шинэчлэн баталсан байна. Уг захирамжийн 1 дүгээр хавсралтад тус газар нь дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 6, байгаль хамгаалагч 36 байхаар тогтоож, гуравдугаар хавсралтаар батлагдсан ажил үүргийн чиглэлд: Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлогын хэрэгжилт, хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Усны нөөц ашиглалт хамгаалалт, төрийн бус байгууллагатай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, Орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис, байгалийн гамшиг хариуцсан мэргэжилтэн, Аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн, Ойн нэгжийн даргатай байхаар тогтоожээ. /х.х-н 168-180/
36.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэгч Б.С-ыг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэргэжилтний сул орон тоо гарсан, мөн усны мэргэжилтэн У.С нь түр томилогдсон. Уг албан тушаалд төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн, иймд сул орон тоо гарсан аль нэг мэргэжилтний орон тоонд томилогдох боломжтой гэж тайлбарлаж байна.
37.Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын тухайд, 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар У.С-г усны асуудал хариуцсан мэргэжилтнээр түр, аймгийн Засаг даргын А/24 дүгээр захирамж гарснаас хойш 2021 оны 6 дугаар сарын 7-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар газар, газрын хэвлий түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг, газар зүйн мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн Л.Лг чөлөөлсөн, Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Ж.Оыг ажлаас халж, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар М.Цт хавсран гүйцэтгүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. /х.х-н 236-238/
38.Дээрх баримтуудаас үзвэл, Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Сын ажиллаж байсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, Төрийн бус байгууллагатай ажиллах ажил, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүргийг Усны нөөц ашиглалт хамгаалалт, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн гэж өөрчлөн У.С түр томилогджээ. /х.х-н 201-202/
39.Төрийн байгууллагын ...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн... гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг, ...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн... гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ., орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг, орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг тус тус ойлгоно.
40.Нэхэмжлэгч Б.Сын тухайд, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллахдаа төрийн бус байгууллагатай ажиллах, судалгаа шинжилгээний ажил, сургалт сурталчилгаа хариуцах чиг үүргийг хэрэгжүүлж байсан бол шинээр батлагдсан Усны нөөц ашиглалт хамгаалалт, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн нь усны нөөц баялгийг хамгаалах, төрийн бус байгууллагуудтай ажиллах, судалгаа шинжилгээний ажил хариуцахаар байна. /х.х-н 162, 178/
41.Дээрх нөхцөлөөс дүгнэвэл, нэхэмжлэгч Б.Сын эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг, үүрэг нь хэвээр хадлагдаж байна. Тодруулбал, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээний чиг үүрэг дээр усны нөөц ашиглалт хамгаалалтын чиг үүргийг нэр томъёо нэмж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хариуцсан чиг үүрэг хассан нь тухайн албан тушаалтны нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй өмнөх агуулга нь хэвээр үлджээ.
42.Иймд нэхэмжлэгч Б.С нь тухайн захиргааны байгууллагад үргэлжүүлэн ажиллах боломжтой байжээ.
43. Тав. Ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгохыг даалгах нэхэмжлэлийн тухайд: Шүүхээс нэхэмжлэгч Б.Сыг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль бус захиргааны актыг гэж үзэж, хууль зүйн дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэгдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2., дэх заалтын дагуу нэхэмжлэгч Б.Сын төрийн албан хаагчид олгох цалин, хөлсийг олгох үндэслэлтэй байна.
44.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 хэсэгтзааснаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дахь хэсгийн а-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Сд ажилгүй байсан 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 4 сар, 14 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор буюу /4 сар x 692388 төгрөг = 2769552 төгрөг; 692388:30x14 хоног= 323114 төгрөг/ нийт 3092666 /гурван сая ерэн хоёр мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг хариуцагчаас /Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газраас/ гаргаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нь зүйтэй байна. /х.х-н 169-173, 202-203/
45. Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4., 106.3.12., дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсгийн 7.1.5., 49 дүгээр зүйлийн 49.1., 62 дугаар зүйлийн 62.1. дэх хэсгийн 62.1.4. дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б.Сыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсгийн 7.1.2., 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн 62.1.1. дэх заалтыг баримтлан Архангай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад нэхэмжлэгч Б.Сыг урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа тул албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, адил чанарын албан тушаалд томилохыг даалгасугай.
3. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4., 57 дугаар зүйлийн 57.2.2. дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Архангай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаас нэхэмжлэгч Б.С-ын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс хойшхи хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3092666 /гурван сая ерэн хоёр мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА