Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1942

 

 

 

 

 

 

 

 

 

“ЦХ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02150 дугаар шийдвэртэй, “ЦХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Хт холбогдох, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний төлбөрийн үлдэгдэл 56 200 000 төгрөг, алданги 9 424 740 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого болох хадгаламжийн хүүгийн орлого 10 586 694 төгрөг, нийт 76 210 322 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Отгонтуяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагаан хуаран Консалтинг” ХХК нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд 2448 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж, улмаар 2014-2015 онуудад 864 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан. З.Х нь тухайн орон сууцнаас 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр №258/4 тоот Орон сууц захиалгын гэрээг байгуулан 43.7 м.кв орон сууцыг 80 408 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 30 хувийн төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр, мөн 70 хувийн төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч З.Х нь Орон сууц захиалгын гэрээний 4.2, 5.1, гэрээний Хавсралт 1-д заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 24 208 000 төгрөгийн 15 хувь болох 12 061 200 төгрөгийн 6 000 000 төгрөгийг гэрээ байгуулахад төлсөн, 6 061 200 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 61 200 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 85 600 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 540 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 3 140 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 34 000 төгрөг, нийт 24 208 000 төгрөг төлсөн. 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууцны захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 8.1.1-д заасны дагуу 214 000 төгрөгийг хүүнд тооцсон. Урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 15 хувь болох 12 061 200 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар орон сууц сангаас төлсөн.  Орон сууц захиалгын гэрээний 4.2, 5.1, гэрээний Хавсралт 1-д заасны дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор 70 хувийн төлбөр 56 200 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Хариуцагчийн хандсан арилжааны банкны зээлийн шийдвэр гарч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хариуцагч нарын гаргасан хүсэлтээр үндэслэгдэж 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Гэрээнд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 07-ны дотор 70 хувийн төлбөр хийгдэх байтал хариуцагч нь нэхэмжлэгчид үлдэгдэл төлбөр 56 200 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, 2018 оны 3 дугаар сарын 16-ны байдлаар 643 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. “Цагаан хуаран Консалтинг” ХХК нь гэрээний 3.6-д зааснаар З.Хт утсаар, бичгээр удаа дараа мэдэгдэл хүргүүлж шаардсан, мөн биечлэн уулзаж мэдэгдсэн боловч хариуцагч төлбөрөө төлөлгүй байранд амьдарч гэрээгээ зөрчсөөр байгаа. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Орон сууц захиалгын гэрээний 2.1, 4.2, 5.1, 6.1 дэх заалтыг үндэслэн гэрээний төлбөрийн үлдэгдэл 56 200 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 6.1 дэх заалтыг үндэслэн алданги нэхэмжилсэн ба 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс алданги тооцох эрхтэй ч Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №А-295 тоот Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам батлах тухай тушаал батлагдан улмаар Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А-67 дугаар тушаал буюу 5 хувийн ипотекийн нөхцөл хүчингүй болж, Капитал банк-аас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр №5/6076 тоот Мэдээлэл хүргэх тухай албан бичиг ирсэн хугацаанаас буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс тооцож алданги нэхэмжилсэн. Гэрээгээр 6 дугаар сарын 16-ны өдрөөр тооцох юм бол 737 хоногийн хугацаа хэтрэлт байгаа, үүнээс 559 хоногийн алдангийг нэхэмжилсэн. Иймд хариуцагчаас үлдэгдэл төлбөр 56 200 000 төгрөгийг, алданги 18 733 төгрөгийг 559 хоногоор тооцон нийт 9 424 740 төгрөг, Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, “Цагаан хуаран Консалтинг” ХХК-ийн хамтран ажиллах гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн жилийн 12,3 хувийн хүүгээр тооцсон хүүгийн төлбөр буюу учирсан хохирлыг нэхэмжилж байна. Хариуцагч нь гэрээний үндсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг хадгаламжийн хүүг жилийн 12,3 хувийн хүүгээр тооцоод 559 хоногийн хүүгийн алданги 10 586 994 төгрөг болж байна. Иймд хариуцагч З.Хээс гэрээний үлдэгдэл төлбөр 56 200 000 төгрөг, алданги 9 424 740 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого болох хадгаламжийн хүүгийн орлого 10 586 694 төгрөг, нийт 76 210 322 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Х нь 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 258/4 тоот Орон сууц захиалгын гэрээг “Цагаан хуаран Консалтинг” ХХК-тай байгуулж, 43.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авах, төлбөрийг гэрээний хавсралтад зааснаар төлөхөөр тохиролцсон. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа 30 хувийн төлбөрийг төлсөн. “Цагаан хуаран Консалтинг” ХХК орон сууцны барилгыг борлуулахдаа Капитал банк ХХК-тай хамтарч ажилласан тэдгээрийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 02-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу орон сууцны үлдэгдэл 70 хувийн төлбөрийг ипотекийн зээлийн санхүүжилтээр төлөхөөр Капитал банк ХХК-д ипотекийн зээл олгох хүсэлт материалаа банкны шаардлагад нийцүүлж өгсөн. Капитал банк ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 27-ны 2068/23 албан тоотоор “Цагаан хуаран Консалтинг” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд үүнд 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар зээл хүсэгч З.Хийн 56 200 000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээл батлагдсан, санхүүжилт ирсэний дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг харилцагчийн нэр дээр гаргаж зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбарыг байгуулж Улсын бүртгэлд бүртгүүлж олголт хийгдэнэ гэсэн байдаг. Хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардаж байгаагүй ба нэхэмжлэгч өөрийн санаачлагаар Улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргаж түүнээс хойш 7 хоног өнгөрмөгц үлдэгдэл 70 хувийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Талууд орон сууцны 70 хувийн үлдэгдлийг ипотекийн зээлээр төлөхөөр тохиролцсон ба Капитал банк зээлийг бодитойгоор олгоогүй. Иймд хариуцагч орон сууц захиалгын гэрээ, түүний хавсралтыг тус тус зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд хамтран хариуцагчаар Капитал банк ХХК-ийг татан оролцуулах нь зохимжтой байна. 30 хувийн хүү 100 000 төгрөг, алданги 34 000 төгрөг төлсөн. Энэ алданги, хүү төлсөн хоног бас ороод явсан байгаа. 2017 оны 5 дугаар сар хүртэл төлсөн гэж байгаа. Тэгтэл 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн болж байгааг анхаарч үзнэ үү. 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр 07-ны өдрөөс тооцох байсныг 11 дүгээр сарын 03-ны өдрөөс гэж тайлбарлаж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь орон сууц захиалгын гэрээний хугацаа аль өмнө 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Энэ гэрээний 7.2, 7.3-т заасан учраас дууссан гэрээний үүргийг хүлээхгүй. Мөн түлхүүр хүлээж авсан, гэрээний үүрэг дуусгавар болсон гэдгийг анхаарна уу. Капитал банк, “Цагаан хуаран Консалтинг” ХХК хоёрын байгуулсан гэрээний хохирлыг хариуцагчад ногдуулаад байгааг ойлгохгүй байна. Энэ гэрээний 7.2, 7.3, 3.2, 2.4-ийг зөрчсөн байна. Өөрсдөдөө тааруулж гэрээг өөрчилж, тайлбарлаад байна. Хүүг тушаасан баримт хавтаст хэрэг авагдсан байгаа. Нэхэмжлээд байгаа он, сар болон хариуцагчийн яриад байгаа он, сар нь давхцаад байна. Гэрээ хүчин төгөлдөр болсон, барилга ашиглалтад орсон, захиалагч хүлээн авсан. Барилгын ашиглалтын тодорхой хэмжээний зардлыг хариуцагч төлөөд явсан. Нэгэнт дуусгавар болсон гэрээгээр хүү алданги нэхээд байгааг ойлгохгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Хээс 65 624 740 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Цагаан хуаран Консалтинг” ХХК-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 10 586 694 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 551 төгрөг, 51 590 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх, нэхэмжлэгчийн илүү төлсөн 24 771 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох, хариуцагч З.Хээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 486 073 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Цагаан хуаран Консалтинг” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж чадаагүй. Нэхэмжлэгч нь өөрийн хамтран ажиллах гэрээтэй Капитал банкыг санал болгосон нь Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах боломж байсныг өөрчилсөн. Нэхэмжлэгч нь Капитал банкнаас удаа дараа явуулсан 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2068/23, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2068/27 дугаартай албан бичгүүдийг цаг хугацаанд нь захиалагч нарт мэдэгдсэн бол Засгийн газраас 2016 оны 3 дугаар сарын 15-наас 2016 оны 9 дүгээр сарын 07-ны хооронд хэрэгжүүлсэн ипотекийн 5 хувийн зээлэнд хамрагдахаар өөр банкинд хандах бүрэн бололцоотой байсан. Нэхэмжлэгчийн энэхүү буруутай үйлдлээс болж 5 хувийн зээлд хамрагдаж чадалгүйн улмаас 20 000 000 төгрөгийн зөрүү гарч байна.

Нэхэмжлэгч нь орон сууц захиалгын 258/4 тоот гэрээний 2.4, 3.2-т заасныг бүрэн зөвшөөрч үл хөдлөх бүртгэлийн газарт албан бичиг явуулсан. Мөн гэрээний 7.2-т заасныг бүрэн зөвшөөрч орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгсөн. Орон сууц захиалгын гэрээний 7.3-т зааснаар орон сууц захиалгын гэрээ дуусгавар болсныг баталж акт үйлдсэнээр орон сууцны түлхүүрийг надад гардуулсан. Орон сууцны үл хөдлөх бүртгэлийн газрын эрхийн улсын бүртгэлийн Ү-220408200 дугаарт бүртгэгдсэн нь хариуцагч би ипотекийн зээл авсан банкиндаа үлдэгдэл 56 200 000 төгрөгийг банкнаас гаргасан графикийн дагуу сар бүрийнхээ цалингаас төлнө гэдгийг нэхэмжлэгч өөрөө бүрэн зөвшөөрснийг нотлож байна.

Цаг хугацааны хувьд нэхэмжлэгч гэрээний 5.1-ийн хавсралт №1-д зааснаар нэхэмжлэлээ 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн бол хариуцагч би өөр банкинд хандаж болох байсан. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан. Дээрх үндэслэлээр алданги 9 424 740 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Цагаан хуаран консалтинг” ХХК нь хариуцагч З.Хт холбогдуулан 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 56 200 000 төгрөг, алданги 9 424 740 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан хадгаламжийн хүүгийн орлого 10 586 694 төгрөг, нийт 76 210 322 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч гэрээний үндсэн төлбөр 56 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл талууд 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр орон сууц захиалгын 258/4 тоот гэрээ /1хх10-21/ байгуулж, гүйцэтгэгч “ЦХ” ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол, консулын В3 байрны 2 өрөө 43.7 м.кв орон сууцыг барих, захиалагч З.Х нь 1 м.кв-ыг 1 840 000 төгрөг, нийт 80 408 000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 6 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 6 061 200 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор 56 285 600 төгрөгийг төлөх, Улаанбаатар орон сууц сангаас 12 061 200 төгрөгийг тус тус төлөх, төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.03 хувтай тэнцэх хэмжээний алданги  төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Хариуцагч нь төлбөр төлөх нөхцлийн дагуу гэрээний үнийн 15 хувь, Улаанбаатар орон сууц сангаас 15 хувь буюу нийт 24 122 400 төгрөг төлөгдсөн, 2016 оны 5 дугаар сард орон сууцанд орж, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дээрх 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх14/ түүний нэр дээр гарсан үйл баримт тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж маргааны талаарх эрх зүйн харилцааг зөв дүгнэсэн байна. Дээрх гэрээний дагуу хариуцагч З.Х нь орон сууцны төлбөрийн үлдэгдэл 56 200 000 төгрөг, гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар алданги 9 424 740 төгрөг, нийт 65 624 740 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлэх хугацаа хэтрүүлсний улмаас тооцогдох алдангийг төлөхгүй гэх үндэслэлээ “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн санал болгосноор Капитал банкнаас орон сууцны ипотекийн 5 хувийн зээл авах гэсэн боловч банк нь зээлийн хөтөлбөрийн шаардлага хангаагүй үндэслэлээр тухайн санхүүжилтийг авах боломжгүй болсон талаар бидэнд мэдэгдээгүйгээс хөтөлбөрт хамрагдаагүй гэж тайлбарлах боловч энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгт хамаарахгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээний хавсралтанд заасан төлбөрийг төлөөгүйн хариуцлагыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч орон сууцны ипотекийн 5 хувийн зээл авах эрхээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж үзэхгүй.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс компанийн олох байсан орлогод 10 586 694 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “алдангийн 9 424 740 төгрөгийг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 165 746 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА