Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2021/00811

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч-  тоотод оршин суух, Аовогт Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч-  тоотод байрлах, М Т Н ХХК-д холбогдох,

ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч 2020-10-30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр М Т Н ХХК-д хуулийн зөвлөх бөгөөд аюулгүй байдлын албаны даргаар ажилд орж 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажилласан байна. 2020 оны 09 дүгэзр сарын 04-ний өдрийн 16 цагт надад компаний ерөнхий захирал Д.М таныг ажлаас чөлөөлж байна, та өнөөдрөөр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа болно, удалгүй тушаал чинь гарна гэж хэлсэн. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тушаал гаргаж, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгож гэж заажээ.

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачлагаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зохицуулсан. Ажил олгогчийн ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалын үндэслэл тодорхой байх, ажлаас чөлөөлсөн тушаалын баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байж Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх учиртай.

Гэтэл ажил олгогч ажилтныг чухам ямар үндэслэлээр хөдөлмөрийн тухай хуулийн аль зохицуулалтаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй байх тул дээрх ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль бус байх тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртлэх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө ...мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ", Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаартай тогтоолын 17 дахь заалтад заасан “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “сарын өмнө мэдэгдэх”, “45 хоногийн өмнө мэдэгдэх”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.-т заасан “ажилтанд 2 cap түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх” тухай заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна” гэснийг тус тус зөрчсөн.

Дээрх хуулийн заалтыг зөрчсөнөөс би өөр ажил олох, хөдөлмөрийн хуваариа зохицуулах зэрэгт хүндрэл гарсан болно. Нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-1-2/.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгчийг 2020-10-01-ний өдөр хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2-т зааснаар ажлаас халсан байдаг. Гэтэл мөн хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан зүйл байхгүй байхад ажлаас чөлөөлсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан бол иргэний хэрэг үүсгэсэн захирамжид дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Тнь нэхэмжлэлийн шаардлагандаа ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж нөхөн бичилт хийлгүүлэх тухай гэж дурьджээ. Байгууллагын бүтэц, ажлын байрны тодорхойлолтоор нэхэмжпэгч нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны аюулгүй байдалд хяналт тавих, харилцагч байгууллагуудтай гэрээ байгуулж, гэрээнд хяналт тавих, компанитай холбоотой хууль, эрх зүйн асуудалд компанийг төлөөлөн оролцох үүрэгтэй юм. 2020 оны 3 сард харуул хамгаалалтын гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан Эвридэй ферм ХХК-ийн объектонд хулгайн гэмт хэрэг гарсан. Ерөнхий захирлаас дээрх хулгайн асуудлыг шийдвэрлэж, байгууллагын эрх ашгийг төлөөлөн ажиллах, хулгайчаас хохиролыг гаргуулах, даатгалаас нөхөн төлбөрийг гаргуулах үүрэг даалгаврийг өгч уг асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол таныг 6-р сарын 15-ны өдөр ажлаас халах /хурлын тэмдэглэлийг хавсаргав/ болно гэж мэдэгдсэн.

Гэвч нэхэмжпэгчийн хариуцлагагүй үйлдлээс болж гэрээний дагуу хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлийг тодорхойлж гаргаж чадаагүй, даатгалын байгууллагад мэдэгдэх ёстой хугацааг өнгөрөөснөөр Эвридэй ферм-д 16 сая төгрөгийн өр төлбөртэй болсон нь ажлаас шууд халах үндэслэл болсон ч ерөнхий захирал Д.М нь харилцагч байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр 9-р  сар хүртэл уг асуудлыг шийдвэрлэх хугацааг сунгаж уг асуудлыг компанийг төлөөлөн оролцох үүрэг өгч биелүүлэхгүй бол ажлаас хална гэж мэдэгдсэн /хурлын тэмдэглэлийг хавсаргав/ болно. Түүнчлэн ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажлыг хийж чадаагүйгээс болж доорх сахилгын арга хэмжээнүүдийг авч байсан болно. Үүнд: Харуул хамгаалалтын байгууллагын бэлэн байдалд байх ёстой дуут дохиотой автомашинийг хувьдаа ашиглаж такси үйлчилгээнд явсан, /захирлын тушаалыг хавсаргав/, шуурхай бүлгийн 05 дугаартай автомашины хэвийн ажиллагааг хангаж ажиллаагүй.

Бизнессийн байгууллагын онцлог нь ашиг ба алдагдалын зөрүүн дээр алба хаагчидаа цалинжуулдаг ба компани энэ оны 8-р сард хэд хэдэн томоохон харилцагчаа алдсаны улмаас сарын үндсэн алдагдал 8 саяд хүрсэн бөгөөд захирал удирдлагууд өөрсдийн цалингаа бууруулсан бөгөөд цалинг зээл авсны Үндсэн дээр олгосон. Энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон ба харилцагч байгууллагуудаас удирдлагуудад танай аюулгүй байдлын албаны дарга Б.Т-тай хамтран ажиллах боломжгүй, ажлаа хийж чадахгүй байна гэсэн тайлбарыг үндэслэл болгож гэрээг цуцална эсхүл нэхэмжлэгчийг соливол хамтран ажиллаж болно гэж шаардлага тавьж байсан. Гэрээ цуцалсан байгууллага /П ХХК, С Р ХХК/, нэхэмжлэгчийг сольсноор гэрээнд өөрчлөлт оруулж гэрээгээ үргэлжлүүлсэн байгууллагууд /Ш ХХК, Сандэй худалдааны төв, М Кэй Ай/.

Манай байгууллагын зүгээс ажлаас чөлөөлөхдөө 500,000 төгрөгний мөнгөн олговор, амралтын газар амрах 300,000 төгрөгний эрх олгосон. Байгууллагаас нийгмийн даатгалыг 2 cap нөхөн төлж өгсөн ба байгууллагын нэр дээрх 5 дугаарыг 2 cap үнэ төлбөргүй ашиглуулсан. Түүнчлэн Улсын 2-р төв эмнэлэг дээр салбар албаны даргын орон тоон дээр ажиллах санал хүргүүлсэн. Байгууллагын дотоод журмын дагуу ажилтан нь хөдөлмөрийн маргаан болон харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой санал гомдол маргааныг эхлээд менежер албаны дарга, гүйцэтгэх захирал, ерөнхий захиралд бичгээр гаргаж ажлын 21 хоногийн дотор асуудалтай холбоотой тайлбар бичгээр авч шийдвэрлүүлэх боломжтой байсныг үл хэрэгсэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь компани хамтран ажиллагсдаа үл хүндэлсэн, буруутай үйл ажиллагаанаас нь болж компанид хохирол учирсанд харамсахгүй байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ /хх-23-24/.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Тийг ажиллах хугацаанд компанид санхүүгийн болон их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээний 7.7-д зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан. Т ажлын алдаа дутагдал гаргасан учраас 17 сая төгрөгийн төлбөрийг төлсөн байгаа. Мөн захиралын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй тул ажилд тэнцэхгүй гэж халсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Тнь хариуцагч М Т Н ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1-2/.

 

Нэхэмжлэгч Б.Тнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-11-03-ны өдрийн итгэмжлэлээр Ө.У-д гурван жилийн хугацаатай /хх-9/,

хариуцагч М Т Н ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-12-03-ны өдрийн 20/158 дугаар итгэмжлэлээр Ц.Т-д хугацаа заагаагүй олгосон /хх-20/ байна.

 

М Т Н ХХК-ийн ерөнхий захирал нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19/71 тоот тушаалдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.4.1 дэх заалтыг тус тус үндсэн Б.Т-ийг аюулгүй байдлын нэгдсэн албаны даргын албан тушаалаас 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн чөлөөлсөн байна /хх-6/.

 

Нэхэмжлэгч Б.Тнь М Т Н ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан /хх-2-р хуудас ар тал/ байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ...ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш шүүхэд хандахаар хуульчилсан бөгөөд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй.

 

Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлаас халсан тушаалыг нэхэмжлэгчид гардуулсан баримтгүй, энэ талаар мэдэхгүй гэж тайлбарласан тул ажил олгогч тухайн шийдвэрийг ажилтанд хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийг нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Тнь М Т Н ХХК-д аюулгүй байдлын нэгдсэн албаны даргаар ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-4-5/, хурлын тэмдэглэл /хх-25-26/, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-28, 62/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-29/, хөдөлмөрийн гэрээ /хх-41-46/, ёс зүйн гэрээ /хх-49-51/ болон зохигчийн тайлбараар тус тус тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч Б.Т-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2020-10-01-ний өдрийн огноотой 19/71 дугаартай ерөнхий захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.4.1-д заалтуудыг тус тус үндэслэсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Тнь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, эрх бүхий албан тушаалтны өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлээгүйгээс компанид ихээхэн хэмжээний хохирол учруулсан тул ажлаас халсан гэх тайлбарыг гаргасан.

 

Ажил олгогчийн ажилтаныг ажлаас чөлөөлсөн 19/71 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан ажил олгогч санаачилсан гэх үндэслэлийг заасан байх боловч хөдөлмөрийн гэрээг ажилтан эсхүл ажил олгогчийн хэний санаачлагаар цуцлах тохиолдлыг дээрх хуулийн 38 дугаар зүйлд зохицуулсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-ээр зохицуулсан тул ажил олгогч ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан ажил олгогчийн үндэслэлийн алин болохыг тусгаагүй байна.

 

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлийг заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан зохицуулалтыг баримтлаагүй, компанид удаа дараа их хэмжээний хохирол учруулсан гэж гэрээг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн гэрээний бус хөдөлмөрийн дотоод журмын заалтыг үндэслэл болгожээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөдөлмөрийн дотоод журамд их хэмжээний хохирол учруулбал ажлаас чөлөөлөх талаар тусгасан гэж тайлбайрлаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгох бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай.

 

Тиймээс ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болох тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино гэж ойлгох бөгөөд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргаагүй бол уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзнэ.

 

Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харилцаанд гэрээний талууд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тохиролцон тогтоож, зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан эсэх нь ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтойд тооцох зөрчлийн талаар уг зөрчлийг гаргасан тохиолдолд ажлаас халах үндэслэл болох талаар харилцан тохиролцсон эсэх нь маргааныг шийдвэрлэх үндэслэл болно.

 

Гэтэл шүүхийн журмаар хариуцагчаас нотлох баримтаар гаргуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2019-12-20-ны огноотой, ажил олгогчийг төлөөлж гэрээнд гарын үсэг зураагүй, тамга, тэмдэг дарагдаагүй /хх-41-46/, компанийн хөдөлмөрийн дотоод журам нь мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгийн нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй, канондсон /хх-52-55/ байх тул дээрх хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Ажил олгогчийн ажилтаныг ажлаас чөлөөлсөн 19/71 тоот тушаалд хөдөлмөрийн гэрээний талаар дурдаагүй /хх-6/ боловч ажил олгогчийн ажилтаны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсон тушаалын үндэслэл болох хөдөлмөрийн дотоод журам батлагдсан эсэх нь тодорхойгүй, шүүхэд ирүүлсэн дотоод журмыг хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй биелүүлснээр компанид их хэмжээний хохирол учруулсан гэх тайлбараа нотлохоор 2020-03-20, 2020-07-03-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх-25, 26/, 2019-08-19-ний өдрийн сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал /хх-28/, 2020-05-05-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-62/, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн албан бичиг /хх-80/,  Х Х ХХК-н албан бичиг /хх-81, 84/, М ХХК-н албан бичиг /хх-82-83/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан /хх-31-60/.

 

Дээрх баримтаас үзэхэд хариуцагч М Т Н ХХК-д хаяглагдсан албан бичиг байх бөгөөд харуул хамгаалалтын ажил үүрэгтэй холбоотой талаар дурдсан байх бөгөөд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Т-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “...ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний хувийг ажилтанд өгнө”, мөн хуулийн 24.3-т “...хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүргийн гүйцэтгэлийг шаардаж болохгүй” гэсэн хуулиар олгогдсон иргэний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Тиймээс ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлээр ажилтан Б.Т-ийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон байх тул энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд нь ажилтан буруугүй болно.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчид сахилгын шийтгэл удаа дараа ногдуулж байсан талаар тайлбарлаж, шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Б.Тажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй гэж хэлсэн талаар тайлбарласан тул хариуцагч хэрэгт нотлох баримтаар гаргасан 2019-08-19-ний өдрийн 19/85 дугаартай, 2020-05-05-ны өдрийн Б/69 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тухайгаа ажилтанд мэдэгдсэн, энэхүү шийдвэрээ ажилтанд өгсөн,  ингэснээр ажилтан оногдуулсан шийтгэлийг хууль бус гэж үзсэн тохиолдолд шүүхэд энэ тухай гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

 

Ажилтныг ажлаас халахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг зөв баримталсан шийдвэр гаргах нь ажил олгогчийн үүрэг боловч хөдөлмөрийн харилцаанд оролцогчид тухайн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг мөн биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогчийн компанид их хэмжээний хохирол учруулах нь ажлаас халах үндэслэл болохоор хөдөлмөрийн дотоод журамд заасан гэх, ажил олгогч компани их хэмжээний хохирол учирсан гэх тайлбараа хариуцагч тал нотлоогүй, ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй байна.

 

Хариуцагч М Т Н ХХК-ний  регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд гишүүдийн тоог 1 гэж, Д.М-ийг захиралаар томилсон бүртгэл 2017-08-08-ны өдөр хийгдсэн байна /хх-78/.

 

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр хариуцагч М Т Н ХХК нь нэхэмжлэгч Б.Т-ийг үндэслэлгүйгээр ажлаас халсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1“энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно... гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор тус тус заасан тул ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо ажил олгогчийн 19-71 дугаартай тушаалд 2020-09-15-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн талаар дурдаж, 2020 оны 9-р сард 500.000 төгрөгийн цалин олгосон байх тул нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-5/, хариуцагч байгууллагын 2020-12-08-ны өдрийн 8 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлтод /хх-29/ бичигдсэн сүүлийн бичилт 2020 оны 9, 8, 7-р саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 500.000 + 500.000 + 500.000 = 1.500.000 : 3 сар = 500.000 : 22 = 22.727 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч Б.Т-ийн ажилгүй байсан хугацааг 2020 оны 10-р сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх ажлын 117 өдрөөр тооцож олговорт 2.659.059 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Ажил олгогчийн ажилтаны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19/71 тоот тушаалын үндэслэлийн талаар талууд маргасаны улмаас шүүхээс ажил олгогчийн дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан бөгөөд нэхэмжлэгч өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргаагүй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

 

Иймд ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй тул нэхэмжлэгч Б.Т-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон түүний дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч М Т Н ХХК-д даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж байгаа үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотолж, нотлох баримтаа гаргах үүрэгтэй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуульд зааснаар хураамжаас чөлөөлөгддөг тул хангагдсан шаардлагад ногдох хураамж буюу ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт ногдох хураамж 57.495 төгрөг, нийт 127.695 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2заасныг баримтлан нэхэмжлэгч А овогт Б Т-г хариуцагч М Т Н ХХК-ийн аюулгүй байдлын нэгдсэн албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн ажил олгогчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19/71 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1заасныг баримтлан хариуцагч М Т Н ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 117 хоногийн нөхөн олговорт 2.659.059 /хоёр сая зургаан тавин есөн мянга тавин есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Б.Т-т олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлж, дээрх дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч М Т Н ХХК-д даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 127.695 /нэг зуун хорин долоон мянга зургаан ерэн таван/ төгрөгийг хариуцагч М Т Н ХХК-иас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Д.ЯНЖИНДУЛАМ