| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/00403/И |
| Дугаар | 101/ШШ2021/01713 |
| Огноо | 2021-06-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2021/01713
2021 06 07 101/ШШ2021/01713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Н ХХК холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 52,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Г Н ” ХХК-тай Зээлийн гэрээ байгуулан 46,600,000 төгрөгийг хүүгүй, 2 сарын хугацаатай 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл зээлдүүлсэн.
Зээлийн гэрээнд би болон “Г Н ” ХХК буюу түүний захирал Ч.Ганбаатар нар гарын үсгээ зурж нотариатаар гэрчлүүлсэн.
Хариуцагч “Г Н ” ХХК нь Биомассын цахилгаан станц байгуулахад ТЭЗҮнэлгээ гаргуулахад шаардлагатай мөнгөгүйн улмаас надаас мөнгө зээлийг хүссэн. Би иргэн хүний хувиар “Г Н ” ХХК-д зээлдүүлсэн.
Ингээд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 19,500,000 төгрөг, 2018 ны 5 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 34,500,000 төгрөгийг хариуцагч “Г Н ” ХХК-ийн Капитрон банкны 3003010411 тоот дансанд шилжүүлэн өгсөн тул уг шилжүүлсэн үнийн дүнгээр зээлийн гэрээгээ дүгнүүлэх хүсэлтэй байна.
Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь мөнгөө төлөхгүй өнөөг хүрч байна.
Зээлийн гэрээний 3.6-д заасны дагуу Хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож болно гэж заасан.
“Г Н ” ХХК нь надаас “Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хураамжид 350,000 төгрөгийг төлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан ба уг хүсэлтийн дагуу би 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн Худалдаа хөгжлийн банк дахь 406001061 тоотд дансанд 350,000 төгрөгийг “Г Н ” ХХК-ийн өмнөөс би төлсөн тул уг мөнгийг хамтад нь хариуцагчаас гаргуулж авах хүсэлтэй байна. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу алданги тооцож 17,250,000 төгрөг, үндсэн зээл 34,500,000 төгрөг, нийт 52,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Г Н ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани Ч.Э ээс ямар нэгэн мөнгө зээлээгүй. Харин Ч.Э нь “Г Н ” ХХК-ийг “Грийнленд энтерпрайзес” ХХК-тай хамтран ажиллах санал тавьж “Грийнленд энтерпрайзес” ХХК нь хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцсон.
Ч.Э ийн саналыг хүлээн авч 2018 оны “Грийнленд энтерпрайзес” ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Г Н ” ХХК нь хамтран ажиллах гэрээ байгуулахаас өмнө Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичиг нь Хамтран ажиллахаас өмнө “Г Н ” ХХ-Кийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой нууцыг задруулахыг хориглосон 3.7.-д Хамтран ажиллах гэрээг байгуулснаар хамтын ажиллагааны санамж бичиг дуусгавар болохоор тохиролцож талууд компанийн тамга тэмдгээ дарж гарын үсэг зурж баталгаажуулсан.
Ч.Э нь “Грийнленд энтерпрайзес” ХХК-тай хамт ирж Хамтын ажиллагааны санамж бичиг хийхэд оролцсон. Ингээд хөрөнгө оруулалт болох эхний ээлжийн мөнгөө 2018 оны 4 дүгээр сараас эхлэн өгч байсан. Харин Ч.Э нь 46,600,000 төгрөгийг хүүгүй Зээлийн гэрээ байгуулъя гэхээр нь зөвшөөрч гэрээ байгуулсан.
Ч.Э нь “Г Н ” ХХК-ийн үйл ажиллагаанд байнга оролцож байсан. Тийм учраас Шинжлэх ухаан технологийн зөвлөлд төлөх ёстой байсан 350,000 төгрөгийн хураамжийг хүртэл төлж байсан. Түүнээс “Г Н ” ХХК энэ хураамжийг төлөөд өгөөч гэж Ч.Э ээс гуйж аваагүй юм. Хамтын ажиллагаатай байсан учраас Ч.Э төлсөн.
Ч.Э ийн нэхэмжилж байгаа 46,600,000 төгрөг нь хамтын ажиллагааны хөрөнгө оруулалт хийсэн төлбөр тул буцаан төлөх үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч “Г Н ” ХХК-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг 34,500,000 төгрөг, алданги 17,250,000 төгрөг, хариуцагчийн өмнөөс төлсөн гэх 350,000 төгрөг, нийт 52,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.Э нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 19,500,000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөгийг “Г Н ” ХХК-ийн Капитрон банк дахь 3003010411 дугаартай данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Капитрон банкны “Орлогын мэдүүлэг”-ээр тогтоогдож байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох зээлийн харилцаа үүссэн гэж үндэслэл тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” 232 дугаар зүйлийн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус зааснаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээ, 350,000 төгрөгийн баримт зэрэг нь өнгөт хэвлэгчээр хэвлэсэн, эх хувь биш, нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно.” гэж заасан шаардлагыг хангахгүй байх тул зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх шаардлагыг хангах боломжгүй байна.
Хариуцагч нь дээр дурьдсан 34,500,000 төгрөг дансаар шилжсэн үйл баримтыг зээл бус хамтран ажиллах гэрээний хөрөнгө оруулалт хэмээн тайлбарлах боловч нотлох баримтаар нотлоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Талуудын хооронд үүрэг үүрэг хүлээсэн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байх тул 34,500,000 төгрөгийг Ч.Э ээс “Г Н ” ХХК-д шилжүүлсэн үйл баримтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:” 492.1.1.-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;” гэж зааснаар дүгнэх боломжтой байна.
Дээр дурьдсан үндэслэлүүдээр, хариуцагч “Г Н ” ХХК нь 34,500,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн, тухайн хөрөнгийг тус компанид Ч.Э шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх, алданги төлүүлэхээр шаардах эрхгүй байна.
Нөгөөтэйгүүр, зохигч талууд, тэдгээрийн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч Ковид-19 цар тахлын дэгдэлтээс сэргийлэх цахим шүүх хуралдаанд холбогдоогүй нь хүндэтгэх шалтгаангүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3-т тус тус заасныг баримтлан, зохигч талуудын эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Г Н ” ХХК-иас 34,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г Н ”-иас улсын тэмдэгтийн хураамж 330,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА