Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/57

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Г.Энхжаргал,

хохирогч ...., түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт .... .... холбогдох эрүүгийн 2317001370003 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын..-ны өдөр ... аймгийн Сайншанд суманд төрсөн, ...настай, эрэгтэй, ...боловсролтой, ... мэргэжилтэй, “....” ХК-нд техникийн бодлогын хэлтсийн дарга ажилтай, ам бүл .., эхнэр, хүүхдийн хамт ... аймгийн .. сумын ..дүгээр баг, .. дугаар байрны.. тоотод орших суух, урьд ял шийтгэлгүй, .... овогт .... .... /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч .... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 26-ны шөнө .... өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ....гийн биеэ авч яваа байдал чинь онцгүй байна гэж хэлсэн үгэнд дургүйцэн ангийн зориулалттай дурантай буу дух хэсэгт нь тулгаж, гарыг нь мушгих, үсдэж чирэх, цээжин дээр нь өвдөглөх, хоолойг нь гараараа боох зэргээр, мөн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ....од үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгой руу нь цохих, үсдэх зэргээр, мөн 2023 оны 07 дугаар сард ....од үл ялих зүйлээр шалтаглан айлын эхнэр шиг санаачилгатай байсангүй гэж уурлан толгой хэсэг рүү цохих, чирэх, хоолойг нь гараараа боох зэргээр тус тус байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн 2023 оны 10 дугаар сарын 26-ны шөнө .... өөрийн гэртээ эхнэр ....г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа түүнийг гар утсаараа ярих гэлээ гэж уурлан хуваарьт хөрөнгө болох “Iphone 14 pro max” загварын гар утсыг хананд цохиж устган, 3 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

            1. Шүүгдэгч .... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийн маргаан болоод 26-ны орой цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэргийн газрын үзлэг хийж намайг Чойр луу авч явсан. Гэр бүлийн хэрүүл маргаан болсныг бол хүлээн зөвшөөрч байна. Дараагийн яриад байгаа хуримаас хойш, 02 дугаар сар, 07 дугаар сард болсон асуудлыг би мэдэхгүй. Тийм зүйл болж байгаагүй. Хэрүүл маргаан болсон, жаахан түлхсэн асуудал байгаа. Шинжээчийн дүгнэлтэд гарсан гэмтэл бол түлхэх, шүргэх төдийд үүссэн. Эхнэрийгээ буудна гэж сүрдүүлсэн зүйл байхгүй. Iphone 14pro max гар утсыг хананд цохиж гэмтээж 3 200 000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. 2023 оны 02 дугаар сар гэдэг нь цагаан сарын үе болж байна. Бид тэр үед Эрдэнэт хотод хадмындаа байсан. 07 дугаар сар гэдэг нь Шивээговь сумын наадам болж байсан. Би тэр үед ‘’Алтан гадас’’ одонгоор шагнуулах гээд наадам дээр байсан. Тийм учраас ийм зүйлүүд болоогүй. Манай хүн гомдолтой байсан учраас ингэж мэдүүлсэн байх гэж ойлгож байгаа. Бид 2009 оноос хойш хамт амьдраад 15 жил болж байгаа. Хэрүүл маргаангүй гэр бүл байхгүй, тэгэхдээ бид энэ удаагийнх шиг шүүхийн хэмжээнд хүртэл маргалдаж муудаж байгаагүй. Манай эхнэр надад хэлэхдээ ширээний өнцөг шүргэх төдийд бие нь хөхөрдөг гэсэн. Бид хоёр 15 настай нэг хүүтэй, амьдрал минь хэвийн өөдөлж дэвжсэн, эв найрамдалтай амьдарч байна. Гэр бүл гэдэг чинь улс эх орны үндэс учраас эв найрамдалтай хүлээцтэй хандахгүй бол хуулийн хүрээнд ирдэг юм байна. Гэр бүл зөв зохион байгуулалттай эв найрамдалтай байх ёстой юм байна гэж ойлгож байна гэв.

2. Хохирогч .... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 10 дугаар сарын 25-ны орой 7 цагийн үед ажлаа тараад найзтайгаа хэдэн шил пиво уугаад 23 цагийн үед гэртээ ороход хүүхэд унтаж байсан. Би унтах гээд байж байтал манай нөхөр гаднаас 2 найзтайгаа орж ирээд намайг хоол хийгээд өгөөч гэсэн. Миний согтолт их байсан тул биеэ бариад хичээгээд хоол цай хийсэн. Хоолоо өгөхдөө зочдынхоо хувцас нь дээр асгаад нөхрийнхөө уурыг хүргэсэн. Манай нөхөр чи архи уусан байсан юм уу, согтуу байгаа юм уу гэсэн. Ер нь бол би зочдын өмнө ичгэвтэр байдал гаргасан. Манай нөхөр наашаа хүрээд ир ярьж сууя гээд цуг сууж байхад миний уур хүрээд байсан. Намайг согтуу гэсэнд дургүй хүрээд биеэ барьж чадахгүй байсан. Би уухаараа ер нь агсрах гээд байдаг. Тэгээд нөхрийгөө муухайгаар хэлээд янз бүр болоход хоёр найз нь гараад явсан. Би архиныхаа халуунд агсраад буруу зөрүү зүйл их яриад унтахгүй байсан. Нөхөр лүүгээ чихрийн таваг авч шийдсэн. Би унтахгүй унаж тусаад яваад байсан учир нөхөр минь татаж босгоод хэвтүүлээд унтуулах гээд байсныг санаж байгаа. Би тухайн үедээ тайвширч өгөхгүй унтаж чадахгүй байсан учраас ээж рүү залгаад нөхөртэйгөө маргалдсан, намайг архичин гээд зодож алах гэсэн гээд хэлсэн. Ээжийн санаа зовоод маргааш өглөө нь цагдаа дуудсан байсан. Тэр өглөө миний архи гараагүй байсан болохоор ажилдаа яваагүй, гэрт байсан хагас шил архинаас 4-5 хундага уугаад согтуу байж байхад цагдаа нар гэрт ирж үзлэг хийсэн. Тухайн үед миний согтолт 0,57 хувьтай гарч байсан. Архины халуун, уурын мунхагаас болоод буруу мэдүүлэг өгсөн нь үнэн. Нөхрөөсөө уучлал хүсье. Би мөрдөгчид буруу мэдүүлэг өгөөд буруу зүйл хийчихлээ гээд шат шатны байгууллагад хүсэлт гаргасан. Аль нь ч хүлээж аваагүй. Тийм учраас хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Нөхрөөсөө нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би хохирогчоор хэрэг болсон өдрийн дараагийн өдөр нь буюу намайг хамгаалах байр луу авч явсан өдөр мэдүүлэг өгсөн. Би эрүүл байсан. Мэдүүлэг авахад цагдаагийн албан хаагч дарамталсан асуудал байхгүй. Харин нөлөөлсөн гэж хэлнэ. Таны хэлсэн мэдүүлэг чинь зөрчлийн хэрэг байна, та хоёр хэрэг нэмээд хэлвэл нөхөрт чинь эрүү үүсгэж болно гэхээр нь уурын мунхагаар нөхрөө чадах гээд зохиогоод 2023 оны 02 дугаар сар, 07 дугаар сар гэж худал хэлсэн. 15 жил амьдрахад бид хоёр аз жаргалтай, уур амьсгал боломжийн сайхан амьдарч байгаа гэж боддог гэв.

3. Хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ”2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би найз С-тай уулзаад 2 ширхэг лаазтай шар айраг уугаад 21 цагийн үед Шивээговь сумын 1 дүгээр баг, 13 дугаар байрны 6 тоотод гэртээ ганцаараа ирэхэд манай хүү гэрт байсан. Би өрөөндөө унтахаар хэвтэж байтал шөнийн 00 цагийн үед манай нөхөр .... гаднаас 2 хүнтэй орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. .... намайг жижиг өрөөнд ороод ир гээд бид 4 виски хувааж уугаад шөнийн 02 цаг хүрсэн. Баяртогтох оройтлоо гээд түрүүлээд гэр лүүгээ яваад .... манайд хонохоор болсон. Би тухайн үед .... биеэ авч яваа байдал чинь онцгүй байна гэж хэлтэл манай нөхөр намайг би чамайг бодвол ухаантай, би хүмүүстэй учраа олдог, амархан нийгэмшдэг, би нэр хүндтэй хүн гэсэн зүйлүүдийг хэлж хэл амаар доромжилсон. Тэрнээс болж хэрүүл маргаан үүсгээд .... манайд хонохгүй гээд гараад явсан. Чи бол тэнэг мангар, намайг байнга хөөдөг, мал гичий гэх зэргээр хэлээд хэрүүл маргаан болсон. Намайг цохих гээд далайгаад байхаар нь би өөрийн биеэ хамгаалах гэж ....ийг түлхтэл миний зүүн гарыг мушгиад хөдөлгөөнгүй болгоод намайг үсдэж чирээд унтлагын өрөөнд оруулж орон дээр хэвтүүлээд цээж нь дээр өвдөглөж байгаад миний хоолойноос боосон. Миний амьсгал зогсох гэж байгаа юм шиг болоод би ....ээс гараа тавиач би яг үхлээ гээд гуйхад .... миний дээрээс босоод явсан. Тэгтэл сэйфээ онгойлгоод ангийн том дурантай буу гаргаж ирээд намайг ална гээд миний дух хэсэгт буугаа тулгасан. Би буу хараад шоконд орсон. Тухайн үед юу болсон талаар хэсэг хугацаанд санахгүй байгаа. Нэг мэдэхэд орноосоо мөлхөөд босож байсан. Би ....ийг буугаа далд хий, наадах чинь тоглоом биш гэж гуйсан. ....ийг жижиг өрөөнд орох үед нь амьд явах баталгаа надад алга нэг өглөө би үхсэн байх юм байна гэхэд .... намайг алсан ч яадаг юм гэсэн. .... манай ээж рүү залгаад таны охин архи уудаг, тамхи татдаг гэсэн. Намайг танай охин зодох гээд байна, харж байна уу энийг тэмдэглэж ав гэсэн. Би яг үхлээ цагдаа дуудна гэж хэлтэл миний гар утсыг булааж аваад хананд цохиод эвдсэн. .... ээж рүү утсаар ярих үед би ....ийн байгаа байдлыг ээжид хэлсэн. Үүрээр ....ийг унтсан байхад хүүхдийнхээ утаснаас ээж рүүгээ мессеж бичсэн. Тэгээд ээж 107 тусгай дугаар луу дуудлага өгсөн. Бид хоёр 2009 оны 08 дугаар сарын 05-нд гэр бүлээ батлуулсан. Баяр ёслол болох үед байнга хэрүүл маргаан үүсдэг. Тэрнээсээ болоод миний нүүр, толгой руу байнга цохиж зоддог. Зодох болгондоо миний хоолойг боомилдог. 2006 онд анх танилцаж байхад намайг цохиж зоддоггүй байсан. Харин гэр бүл батлуулснаас буюу 2009 оноос хойш эхний 4, 5 жил ойрхон давтамжтай зоддог байсан. 2023 он гарснаас хойш 3 удаа зодуулж байгаа, тухайн өдрийн он, сарыг санахгүй байна. Өмнө энэ асуудлаар холбогдох байгууллагад хандаж байгаагүй. Миний бие хөндүүр ямар нэгэн ил харагдаж шарх сорви байхгүй. Тухайн асуудал болох үед .... бид хоёр болон манай хүү нөгөө өрөөндөө унтаж байсан. Маш их гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. 2023 оны 02 дугаар сарын 20-ны үеэр цагаан сарын зүйл бэлдэж байхад бас л ахиад хэрүүл маргаан хийгээд зоддогоороо толгой хэсэг рүү цохиод үсдэж байсан. 2023 оны 07 дугаар сард .... Алтангадасаар шагнуулахаар болоод би нөхөртөө бэлэг барих гээд бэлдсэн. Тэгтэл чи айлын эхнэр шиг байсангүй, санаачилгагүй гээд хэл амаар доромжлоод толгой хэсэг рүү цохиод, намайг гэрт чирээд хоолой боогоод чимээгүй байлгах гээд байсан. Би байнга цохиж зодуулдаг байсан болохоор хэвийн үзэгдэл гэж боддог. Чи цагдаа, шүүхдээ дураараа хэл, би бол уснаас хуурай гарна гэж байнга хэлдэг. Намайг өмнө зодуулж байсан талаар ээж Энхбаяр, хойд аав Батболд, дүү Зориг нар мэднэ. Өөр хөндлөнгийн хүн мэдэхгүй. Бид хоёрын үзэл бодол таардаггүй, гэрийн хүмүүжил, насны ялгаа их гардаг. Өөрийнхөө бодож санаснаар бүгдийг хийлгэх гэж зүтгэдэг. Тухайн үеийн нийгмийн ялгаа маш их гардаг. Өөрийн хүмүүжил нь маш их дээрэлхүү хүн. Би Iphone 14 pro max гар утсыг Улаанбаатар хотоос 2022 оны 10 дугаар сард 4 800 000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний өөрийн эзэмшлийн гар утас” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 62-65, 67-68 хуудас/

4. Насанд хүрээгүй гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Ээж бид 2 унтаж байтал шөнийн 00 цагийн үед гаднаас манай аав .... нь найз Адилаа ахтай хамт согтуу орж ирээд гэрт архи уугаад байх шиг байсан. Би тухайн үед том өрөөндөө орон дотроо байсан. Ээж босоод тэр хоёрыг цай ундаар дайлж үйлчилсэн. Би тухайн үед унтаад өгсөн. Тэгтэл нэг сэрэх үед ээж аав 2 хоорондоо хэрэлдээд зайл гэх мэтээр хараалын үг урсгаад байсан. Удалгүй хамт байсан Адилаа ах гараад явсан. Тэгтэл ээж аав хоёрын хэрүүл бүүр ширүүн болж хоорондоо зодолдоод эхлэх шиг болсон. Эд зүйлс унаж хагараад түс тас гээд байсан. Би босож очиж чадахгүй орон дотроо хэвтэж байсан. Манай аав .... өөрийн сэйфнээсээ буугаа гаргаж ирээд ээж .... сүрдүүлээд байх шиг бололтой би чамайг буудна шүү гэх мэтээр хэлтэл ээж хариуд нь чи одоо бүүр буу гаргаж ирээд сүрдүүлэх байсан юм уу гэж хэлж байсан. Тэгээд аав ээжийн гар утсыг эвдлээд юманд цохиод байх шиг байсан. Ээж тухайн үед уйлаад уурлаад орилоод байсан. Тийм янзтай үйл явдал үргэлжилж байгаад шөнийн 4 цагийн үед байх нам болоод унтацгаасан. Аав хүн дагуулаад шөнө согтуу орж ирсэнд ээж уурласан байх гэж бодож байна. Би юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Өмнө нь муудаж хэрэлдэж байсан зүйл олон байгаа. Миний санаж байгаагаар аав ээжийг 3, 4 удаа гар хүрч зодож байгаа” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 70-71 хуудас/

5. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 10 дугаар сарын 25-26-ны шилжих шөнө 01 цагийн үед манай хүргэн .... над руу залгаад .... агсам тавиад байна гэсэн. Чи зүгээр үедээ залгадаггүй байж хэрүүл, маргаан хийх үедээ яахаараа залгадаг юм гээд утсаа салгасан. Манай хүргэн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа явсан байсан. .... ажилдаа яваагүй байхаар нь яагаад ажилдаа яваагүй юм бэ гэхэд .... бид 2 өчигдөр шөнө маргалдаад би яаж ийм зүс царайтай ажилдаа явах юм бэ гэсэн. Би юу болсон талаар асуухад .... хүү бид хоёрыг хөөж туугаад ажлаас ирэх үед та 2 зайлсан байгаарай гэсэн гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандах уу гэж асуутал .... тэг гэсэн. Би 107 дугаарын утас руу залгаж манай охины нөхөр буу гаргаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна гэж холбогдох байгууллагад хандсан. Өмнө энэ 2 хэрүүл маргаан үүсгэж байсан. Тухайн үед нь ямар нэгэн байгууллагад хандаж байсан зүйл байхгүй. Анх удаа хандаж байна.

Манай хүргэн .... нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсныг харж байгаагүй, сонсож байгаагүй юм байна. Би хүргэнээ гэр бүлийн хүчирхийлэгч гэж бодохгүй байна. 2023 оны 02, 07 дугаар сар, 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа мэдэхгүй байна. Надад манай охин .... ямар нэгэн зүйл огт яриагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 75-76, 2-р х.х-ийн 49-50 хуудас/

6. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ....ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар мэднэ. Манай нийгмийн бодлогын мэргэжилтэн .., цагдаа ... нар утсаар залгаж хэлсэн. Хамтарсан багийг хуралдуулах шаардлагатай байна гэсэн. Би гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг авсан. .... 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд сургалтад байж байх үед над дээр ирж уулзаад Цагдаагийн байгууллагаар асуудал шийдэгдсэн. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр дараагийн комисс хуралдаж шийдвэр гаргавал эхнэр, хүүхэд хоёрыг чинь түр хамгаалах байрнаас гаргах боломжтой гэж .... хэлсэн. .... намайг заналхийлсэн зүйл байхгүй. .... өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж манай байгууллагад хандаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 78-79 хуудас/ 

7. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “....тэй 2012 оноос хойш цуг ажиллаж байгаа миний дотны ах. .... ах эхнэр хүүхдийн хамт амьдардаг. .... нь ажлын шаардлага тавьдаг. Хэрэв тэр шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд уурлах зүйл байдаг. Харин хувь хүний хувьд их зөөлөн, хүнд тусархуу ямарваа нэг зүйлийг шударга хэлдэг, өөрийнхөө хийж байгаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. .... нь хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Тэр үедээ эв зүйгээ олоод ярьдаг боловсон хүн. ...., .... хоёр хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Хамт байхдаа .... эхнэрийнхээ үгэнд орж байгаа харагддаг” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 81-82 хуудас/ 

8. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай хүргэн .... нь их дажгүй залуу, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхээр хүн биш. Эхнэр нөхөр маргалдахгүй байна гэж байхгүй шүү дээ. Ах нь бол 2023 оны 02, 07 дугаар сар, 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаар мэдэхгүй байна. Эхнэр бид хоёрт хэлсэн ярьсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 45-46 хуудас/

9. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай хүргэн ах .... манай эгч ....тай гэрлээд 14-15 жил орчим болж байгаа бөгөөд дундаасаа 1 хүүтэй, одоо хүү нь 15 настай. Миний мэдэхээр манай эгч хүргэн ах 2 хамт амьдрах хугацаандаа хүргэн ах .... эгчийг маань зодож, харгис хэрцгий хандаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Манай эгч .... надад 2023 оны 02 дугаар сар, 07 дугаар сар болон 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан гэж надад нэгч удаа хэлж байгаагүй. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 53-54 хуудас/

10. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 271 дугаартай дүгнэлтэнд: ....гийн биед баруун мөр, хоёр бугалга, цээж, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэргийн тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, О.Нансалмаа гэжээ. /1-р х.х-ийн 85-86 хуудас/

11. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /1-р х.х-ийн 3, 22, 24 хуудас/,

12. ...., .... нарын аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, хамгаалах байранд хүлээн авсан бүртгэлийн маягт, түр хамгаалах байрны үйлчилгээг дуусгах, бусад байгууллагад үйлчлүүлэгчийг хүлээлгэн өгсөн маягт /1-р х.х-ийн 26-31, 32-41, 140-146, 149-150 хуудас/

13. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, .... зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, .... зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-ийн 4-21, 42-48 хуудас/

14. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, .... зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р х.х-ийн 49-57, 58, 124 хуудас/

15. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-923/8149 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р х.х-ийн 91-93 хуудас/,

16. Хохирогч ....гийн прокурор, аймгийн Ерөнхий прокурор, Улсын Ерөнхий прокурорт гаргасан гомдол, гомдлыг шийдвэрлэсэн тогтоол /1-р х.х-ийн 226-228, 232-234, 249-250, 2-р х.х-ийн 1-5, 8-15 хуудас/

17. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуугаас шүүх хуралдаанд гаргасан “....” ХК-ны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/221 дугаартай албан бичиг

18. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р х.х-ийн 129 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд: Шүүгдэгч .... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 26-ны шөнө ....од байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ....гийн биеэ авч яваа байдал чинь онцгүй байна гэж хэлсэн үгэнд дургүйцэн ангийн зориулалттай дурантай бууг дух хэсэгт нь тулгах, гарыг нь мушгих, үсдэж чирэх, цээжин дээр нь өвдөглөх, хоолойг нь гараараа боох зэргээр, мөн оны 02 дугаар сарын 20-ны өдөр ....од үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгой руу цохих, үсдэх зэргээр, мөн оны 07 дугаар сард ....од үл ялих зүйлээр шалтаглан айлын эхнэр шиг санаачилгатай байсангүй гэж уурлан толгой хэсэг рүү цохих, чирэх, хоолойг нь гараараа боох зэргээр тус тус байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Мөн 2023 оны 10 дугаар сарын 26-ны шөнө ....од өөрийн гэртээ эхнэр ....г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байх явцдаа түүнийг гар утсаараа ярих гэлээ гэж уурлан өөрийнх нь эзэмшлийн IPhone 14 promax загварын гар утсыг хананд цохиж устган 3 200 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлж хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хохирогч ....гийн гар утсыг устгаж 3 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг өөрөө далд хэлбэрээр буюу зөвхөн тухайн гэр бүлийн гишүүд тухайн гэрт үйлдэгдээд байдаг төрлийн гэмт хэрэг. Шүүгдэгч ....д холбогдох хэргийн нөхцөл байдлын хувьд насанд хүрээгүй гэрч Л.Баярын мэдүүлэг, хохирогчийн өгсөн мэдүүлэгтэй адилхан байдаг. Өмнө нь 3-4 удаа зодож цохисон нь тогтоогдсон гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу гэм буруугийн шүүх хуралдаанд: Шүүгдэгч ....д холбогдох эрүүгийн хэрэгт байр сууриа илэрхийлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дээр маргах, мэтгэлцэх зүйл байхгүй учраас зөвшөөрч байгаа. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг эс зөвшөөрч байгаа. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо хэрүүл маргаан хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Тухайн өдөр болсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг мөн үү, биш юм үү гэдэг асуудал дээр өмгөөлөгч нар маргаж байгаа. 10 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийн 2 маргалдаж .... яллах дүгнэлтэд дурдсан үйлдлүүдийг хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл энэ асуудал зөрчлийн шинжтэй үйлдэл. Зөрчил, гэмт хэрэг 2 нь байнга гэдэг шинжээрээ ялгагддаг. Та гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх юм бол зөрчлийн хуулиар шийтгүүлнэ, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг удаа дараа байнга үйлдэх юм бол гэмт хэрэг болно гэж хуульд зааж өгсөн. Үнэхээр .... гэдэг хүн хохирогчийн мэдүүлсэн шиг 2023 оны 02 дугаар сар, 07 дугаар сард гэр бүлийн хүчирхийллийг үйлдсэн гэж үзэх нотлох баримт тогтоогдохгүй байгаа. Зөвхөн хохирогч нэг удаагийн мэдүүлэг өгөхдөө 2023 оны 02 дугаар сар болон 07 дугаар сард намайг цохисон гэж мэдүүлсэн. Үүнийг нотлох ямар нэгэн баримт байхгүй. Харин ч эсрэгээрээ энэ мэдүүлгийг үгүйсгэсэн баримтууд хэрэгт хангалттай авагдсан. 2009 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ....тэй холбоотой нэг ч удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн дуудлага мэдээлэл ирж байгаагүй, хохирогч нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаагүй, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт мэдэгдэж байгаагүй, хамт олон нь эхнэртэйгээ эвтэй үгэнд нь ордог гэж мэдүүлсэн байна. Мөн сумын Засаг дарга энэ гэр бүлийн хувьд ийм асуудал гаргаж байгаагүй, 10 дугаар сарын 25-ны өдөр нэг ийм зүйл боллоо гэсэн. Хохирогч нь Улсын ерөнхий прокурор хүртэл гомдол бичсэн. Улсын ерөнхий прокуророос 10 дугаар сарын 25-ны өдрийн үйл явдал болоогүй гэж бичээд байгаа .... таны бичиг үндэслэлгүй. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тогтоогдоогүй байна. Урьд өмнө нь цохиж зодож байсан асуудлыг шалгах шаардлагатай гээд яллах дүгнэлтийг хүчингүй болгосон. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн гэх шинж хаана байна, түүнийг тогтоож нэмэлт ажиллагаа хий, тогтоогдвол гэмт хэрэг болно, тогтоогдохгүй бол зөрчил рүү явна гэдэг санаа явж байна. 2015 онд Эрүүгийн хууль батлагдаад өнөөдрийг хүртэл шүүхийн практик, хууль хэрэглээ тогтсон. Улсын дээд шүүх зөрчлөөс ялгагдах шинж бол байнга гэж тогтоосон. Нэг удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлээр зүйлчлэх нь буруу, байнга гэдэг шинжүүд нь нотлогдож тогтоогдсон байх ёстой гэсэн. Тэгэхлээр өмгөөлөгч нарын гол маргаж байгаа үндэслэл нь энэ гэр бүлийн хувьд 10 дугаар сарын 25-ны өдрийн ганц үйлдэл гаргасан, урьд өмнөх ийм үйлдэл байгаагүй. Байнга нь хавтаст хэрэгт нотлогдож тогтоогдоогүй байна. 2023 оны 02 дугаар сар болон 07 дугаар сарын үйлдлийг прокурор нотлох баримтуудаар нотолж чадахгүй байна. Улсын ерөнхий прокуророос яллах дүгнэлтийг хүчингүй болгоод нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хий гэснээс хойш гэрчийн 3 мэдүүлэг байгаа. Тус мэдүүлэгт манай хүргэн урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан асуудал огт байхгүй, энэ талаар хэлж мэдэхгүй, миний хувьд харж үзсэн зүйл байхгүй, манай хүргэн хүчирхийлэл үйлдэх хүн биш гэж мэдүүлсэн. Эдгээр үндэслэлүүдээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Прокурор ....гийн мэдүүлэг болон насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байгаа юм байна. Мэдүүлэг өөрөө хэргийн бусад баримтуудаар нотлогдож тогтоогдох ёстой. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэсэн. Гэтэл насанд хүрээгүй гэрч 3-4 удаа гэдэг боловч тэр нь 02 дугаар сар юм уу 07 дугаар сар юм уу, хэзээ, хаана, яаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар тодорхой мэдүүлсэн зүйл байхгүй гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал гэм буруугийн шүүх хуралдаанд: Прокуророос миний үйлчлүүлэгчийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын ерөнхий прокурорын тогтоолд гэр бүлийн хамаарал бүхий этгээдээс тодруулж асуу гэсэн. Гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг гэрчээр асуусан. Энэ хүмүүс нь урьд нь янз бүрийн асуудал болоогүй гэдэг талаар мэдүүлсэн. 2023 оны 02 дугаар сар болон 07 дугаар сар, хамгийн сүүлийнх нь 10 дугаар сард болсон энэ үйлдлүүдийг нь нэгтгээд гурван үйлдэл болгоод байнга гэдэг үүднээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Дээд шүүхийн тогтоолд юу гэж заасан гэхээр 3 ба түүнээс дээш үйлдлийг байнга гэж үзнэ гээд тогтоогоод өгсөн. 10 дугаар сарын асуудал дээр бид нар маргахгүй. Тэгэхдээ буу тулгасан асуудал болоогүй гэдэг. Маргаан юунаас болсон гэхлээр .... агсам тавиад утсаа камер дээр нь тавиад ээж рүү нь танай охин ингээд агсам тавиад байна гэхэд .... чи миний ээж рүү хэллээ гээд маргаан үүссэн. Ээж нь чи зүгээр дээ ярьдаггүй байж хэрүүл нь маргаан болохоороо залгадаг гэдэг үүднээсээ үл ойлголцож цагдаад дуудлага өгсөн байгаа. Иймд .... нь гэр бүлийн хамааралтай хүн болох ....г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан зүйлчлэлийг бид нар хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар гэм буруугийн шүүх хуралдаанд: 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр миний үйлчлүүлэгч гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн нөхөр ....тэй үл ялих зүйлээс болж маргалдсан асуудал байна гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Харин хэргийн газрын үзлэгийг хийх явцад миний үйлчлүүлэгч согтуу байх үедээ хэргийн газар дээр ийм ийм асуудал болсон гэдгийг нотлох баримт болгож тайлбарлаж хэргийн газрын үзлэгт тусгасан. Миний үйлчлүүлэгч согтуу байсан учраас хэргийн газрын үзлэгийг нотлох баримтаар авч үзэхэд эргэлзээтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч өөрөө удаа дараа хяналтын прокурор, аймгийн прокурор, Улсын ерөнхий прокурорын газарт тус тус өргөдөл гаргаад би өөрөө нөхрөө хэтрүүлж мэдүүлэг өгөөд ийм байдалд оруулсан учир бодит байдлаар шалгаж өгөөч гэж хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй. Миний үйлчлүүлэгчийн зүгээс миний нөхөр намайг зодсон урьд өмнө зоддог байсан гэж тухайн үед гомдоод худлаа мэдүүлэг өгсөн гэж ярьдаг. 3 удаагийн үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэг болно гэж мэдээгүй зөрчил юм байна гэж ойлгосон. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэх болсон. Тэгээд худлаа мэдүүлэг өгөөд ийм зүйл боллоо гэдгээ ойлгоод үнэн зөвөөр мэдүүлэг өгье гэдэг асуудал удаа дараа тавьсан. Хохирогч минь ямар нэгэн байдлаар нөхөртөө зодуулсан, буу тулгуулсан, үсдүүлсэн асуудал байхгүй, урьд өмнө нь ийм асуудал болж байгаагүй гэдгээ удаа дараа тайлбарлаж байгаа. Энэ нөхцөл байдлаас ....ийг гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаас нь хууль зүйн бодит байдлаар ойлгуулж өгөөч гэж намайг өмгөөлөгчөөр оруулж ирсэн. Тийм учраас ....д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Миний үйлчлүүлэгч би худал мэдүүлэг өгч буруу юм хийсэн байна хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлж байгаа. Тийм учраас ....д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн байр суурьтай оролцож байна. Гар утсыг .... өөрөө эвдсэн гэдгээ мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдааны шатанд хүлээн зөвшөөрсөн учраас ....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэх нь зөв гэсэн байр суурьтай оролцож байна. Хохирогчийн зүгээс бол ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй. Миний үйлчлүүлэгч тухайн үед гомдсондоо энэ хүнийг хашраая гэсэн зорилгоор худлаа мэдүүлэг өгөөд өнөөдөр шүүх танхим авчирч зогсоолоо гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч .... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө .... гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ....гийн биеэ авч яваа байдал чинь онцгүй байна гэж хэлсэн үгэнд дургүйцэн маргалдаж түүний гарыг нь мушгих, үсдэж чирэх, цээжин дээр нь өвдөглөх, хоолойг нь гараараа боох зэргээр, мөн 2023 оны 02 дугаар сарын 20-ны үеэр .... гэртээ цагаан сарын зүйл бэлдэж байхдаа хэрүүл маргаан үүсгэж, ....гийн толгой руу нь цохих, үсдэх зэргээр, 2023 оны 07 дугаар сард .... гэртээ айлын эхнэр шиг санаачилгатай байсангүй гэж хэрүүл маргаан үүсгэж ....гийн толгой руу цохих, чирэх, хоолойг нь гараараа боох зэргээр тус тус байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн 2023 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө .... гэртээ эхнэр ....г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа түүнийг гар утсаар нь яриулахгүй гэх шалтгаанаар хуваарьт хөрөнгө болох “Iphone 14 pro max” загварын гар утсыг хананд цохиж ашиглах боломжгүй болгон устгаж, 3 200 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь тус тус тогтоогдож байна.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч .... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч ...., насанд хүрээгүй гэрч ....нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 271 дугаартай дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 923/8149 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, .... зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, .... зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ...., .... нарын аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, хамгаалах байранд хүлээн авсан бүртгэлийн маягт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Г.Энхжаргал, хохирогчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар нараас гаргасан шүүгдэгч ....д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтүүдийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Хохирогч ....гаас мөрдөн шөлгөх ажиллагааны явцад 2023 оны 10 дугаар сарын 27, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болон түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн  хохирогч ....гийн мэдүүлэгт дурдсан болсон үйл явдлууд нь насанд хүрээгүй гэрч ....ын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн мэдүүлэгт дурдсан үйл явдлуудтай тохирч байна. Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 271 дугаартай дүгнэлт хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг тогтоогдсон байна. Мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, .... зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, .... зургийн үзүүлэлт, ...., .... нарын аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэргээс дүгнэхэд шүүгдэгч .... нь гэм бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ....гийн бие махбодид халдан байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Хохирогч нь 2023 оны 02, 07 дугаар саруудад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаараа холбогдох байгууллагуудад хандаагүй, гэр бүлийн садан төрлийн этгээдүүд хэлээгүй, тэдгээр нь мэдээгүй, энэ үйлдэлд нь шүүгдэгчид Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгээгүй зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэлийг байнга үйлдээгүй, нотлогдож тогтоогдоогүй гэж үзэх үндэслэл болохгүй ба дээр дурдсан нөхцлүүдийг заавал хангах шаардлагагүй болно.

Харин прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч ....ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 26-ны шөнө .... өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ....гийн биеэ авч яваа байдал чинь онцгүй байна гэж хэлсэн үгэнд дургүйцэн хэрүүл маргаан үүсгэж улмаар ангийн зориулалттай дурантай буу дух хэсэгт нь тулгасан үйлдэл гаргасан гэж дурджээ. Шүүгдэгч .... нь дээр дурдсан үйлдлийг нэг удаа гаргасан учир эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн гал зэвсгээр хохирогч ....гийн бие махбодид халдаж зодож цохисон үйлдэл гаргаагүй байна. Иймд шүүгдэгч ....ийн эхнэр ....гийн духанд ангийн зориулалттай дурантай буу тулгаж айлган сүрдүүлсэн үйлдлийг болон хураагдан ирсэн галт зэвсэг нь Галт зэвсгийн тухай хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг тус тус шалгаж Зөрчлийн тухай хуулинд заасан зөрчлийн шинж байгаа эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг галт зэвсгийн 1 галт зэвсэг нь гэрчилгээгүй, галт зэвсгийн сумнууд нь ангийн зориулалтаар ашиглах боломжтой эсэхийг шалгаагүйг дурдлаа.

Шүүгдэгч ....д холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нарын харилцаа болон согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч ....д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд: Шүүгдэгч ....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “Iphone 14 pro max” загварын гар утсыг ашиглах боломжгүй хохирогч авахгүй гэсэн учраас устгах, “X-Tас match” маркийн 2 хайрцаг буюу 30 ширхэг сум, “Sellier Bellot” маркийн 20 ширхэг сум, “22 L” маркийн галт зэвсгийн ангийн бууны 50 ширхэг сум, “7.62, 39 мм” хайрцагтай 22 ширхэг сум, хар өнгийн дайзанд цэцэглэсэн 3 ширхэг сум, сул 22 ширхэг сум, “Сайга M3” маркийн 1 ширхэг буу, “Webley scott xocet” маркийн 1 ширхэг буу, “Bercara” маркийн 1 ширхэг буу, улаан өнгийн хавтастай 065642, 065652 дугаартай 2 ширхэг галт зэвсгийн гэрчилгээ зэргийг шүүгдэгчид буцаан олгох гэсэн саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд: ....ийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр байхгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан хамгийн багаар буюу 6 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж нэмж нэгтгэн 7 сарын зорчих эрх хязгаарлах ялын санал оруулж байна. Мөн шүүгдэгч нь ажил үүргийн хувьд их онцлогтой, их олон хүмүүсийг хариуцаж ажилладаг чухал алба хашдаг хүн. “....” ХК-нд хэлтсийн даргын ажилтай. Энэ ажлаараа аймаг орон нутагтаа их зорчих шаардлага гардаг тул Говьсүмбэр аймгийн хэмжээнд зорчих эрх хязгаарлах ялыг тогтоож өгөөч. Уурхайн ажил тасралтгүй, зогсолтгүй явах учраас энэ талаас нь шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна гэсэн саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд: өмгөөлөгч Ч.Баднайнямбуугаас гаргасан саналтай нэг байна гэсэн саналыг,

хохирогчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд: Хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа нөхцөл байдлыг харгалзан, мөн энэ хоёр минь гэр бүлийн хүмүүс, цаашид залуу хүмүүс бодож явах нь зүйтэйг .... нь анхаараарай, хохирогч минь бас эр нөхөртэйгөө зөв байр суурьтай хандаж явахыг анхаарч байх нь зүйтэй. Улсын яллагчийн 10 сарын хугацаагаар зорчих эрхээр хязгаарлах ялыг хөнгөрүүлж 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч ....д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч ....д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан санал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг тус тусад нь эрүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ....д нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч .... нь хохирол нэхэмжлээгүй нь тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн X-Tас match” маркийн 2 хайрцаг буюу 30 ширхэг сум, “Sellier Bellot” маркийн 20 ширхэг сум, “22 L маркийн галт зэвсгийн ангийн бууны 50 ширхэг сум, “7.62, 39 мм” хайрцагтай 22 ширхэг сум, хар өнгийн дайзанд цэцэглэсэн 3 ширхэг сум, сул 22 ширхэг сум, “Сайга M3” маркийн 1 ширхэг буу, “Webley scott xocet” маркийн 1 ширхэг буу, “Bercara” маркийн 1 ширхэг буу, улаан өнгийн хавтастай 065642, 065652 дугаартай 2 ширхэг галт зэвсгийн гэрчилгээ зэргийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг, эвдэрсэн Iphone 14 pro max загварын гар утсыг устгахыг тус тус Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Хохирогч .... нь эвдэрсэн Iphone 14 pro max загварын гар утсыг ашиглах боломжгүй тул буцаан авахгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул устгах нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч ....ийн эхнэр ....гийн духанд ангийн зориулалттай дурантай буу тулгаж айлган сүрдүүлсэн үйлдэл болон галт зэвсэг, түүний сумнууд нь Галт зэвсгийн тухай хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг шалгаж Зөрчлийн тухай хуулинд заасан зөрчлийн шинж байгаа эсэхийг тогтоолгох нь үндэслэлтэй гэж үзсэн учир галт зэвсэг болон сум, гэрчилгээг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт .... ....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн X-Tас match” маркийн 2 хайрцаг буюу 30 ширхэг сум, “Sellier Bellot” маркийн 20 ширхэг сум, “22 L маркийн галт зэвсгийн ангийн бууны 50 ширхэг сум, “7.62, 39 мм” хайрцагтай 22 ширхэг сум, хар өнгийн дайзанд цэцэглэсэн 3 ширхэг сум, сул 22 ширхэг сум, “Сайга M3” маркийн 1 ширхэг буу, “Webley scott xocet” маркийн 1 ширхэг буу, “Bercara” маркийн 1 ширхэг буу, улаан өнгийн хавтастай 065642, 065652 дугаартай 2 ширхэг галт зэвсгийн гэрчилгээ зэргийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг, эвдэрсэн Iphone 14 pro max загварын гар утсыг устгахыг тус тус Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА