| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/05013/И |
| Дугаар | 101/ШШ2021/01901 |
| Огноо | 2021-06-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2021/01901
2021 06 18 101/ШШ2021/01901
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгчид Т.Ганчимэг, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “И С Н” ХХК \нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Э
Гэм хорын хохиролд 17,200,686 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнтэвчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, иргэдийн төлөөлөгч Д.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И С Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнтэвчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2020 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 03 цагийн үед 39-83УНЭ улсын дугаартай Хьюндай маркийн өөрөө өргөгч, буулгагч тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Э нь автомашины тээшийг буулгаагүй явж байгаад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “И С Н” ХХК-ийн ШТС 92-н саравчийг мөргөж эвдсэн.
Тухайн үед ажиллаж байсан ажилтан 102 утсанд дуудлага өгч, мөн төв диспетчерт тухайн нөхцөл байдлыг мэдэгдсэн. Манай ШТС саравч маш эвдрэлтэй, дахин буулгаж засахад ажиллах хүчний зардалд 10,338,886 төгрөг, материал авахад 5,111,800 төгрөг, машин механизмд 1,600,000 төгрөг, тээвэрлэлтийн зардалд 150,000 төгрөг, нийт 17,200,686 төгрөгийн хохирол учирсан. Буруутай жолоочид хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авсан хэдий ч гэм хорын хохирлыг одоо хүртэл төлж барагдуулаагүй байна.
Иймд Н.Э аас гэм хорын хохиролд 17,200,686 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн товчоонд үйл ажиллагаа явуулдаг Содмонгол ШТС-ын ойролцоо 39-83 улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйл ажиллагаа явуулж байгаад санамсаргүй байдлаар уг ШТС-ын дээврийн буланг мөргөж гэмтээсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Уг компани засвар үйлчилгээ хийлгэх гэж байгаа талаараа мэдэгдээгүй. Уг мөнгөн дүнгийн задаргааг гаргаж танилцуулсан зүйлгүй. Ямар бараа материалд хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхой бус гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “И С Н” ХХК нь хариуцагч Н.Э д холбогдуулан, гэм хорын хохирол 17,200,686 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Н.Э нь 2020 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны Содмонгол ШТС-ын талбайд H.FY415 маркийн 39-83 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, өөрөө өргөгч, буулгагч тэвшийг буулгалгүй хөдөлгөөнд оролцож ШТС-ын түгээгүүрийн саравчийг мөргөж гэмтээсэн байх бөгөөд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс уг зөрчлийг шалгаж, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ.
Талууд дээрх ШТС-ын түгээгүүрийн саравчийг мөргөн гэмтээсэн үйл баримтын талаар маргаагүй боловч саравчинд учирсан хохирол, засварт гарсан зардлын талаар маргаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар, бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д зааснаар, Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх, хуулийн 499.4.-т зааснаар, Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.
Хариуцагч Н.Э ы жолоодож явсан H.FY415 маркийн 39-83 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Рүүтэдроуд” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т тус тус зааснаар, “И С Н” ХХК-д учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцан арилгах үүрэгтэй байна.
Тодруулбал, “И С Н” ХХК нь дээрх зам тээврийн ослын улмаас үүдэлтэй хохирлыг арилгуулахаар холбогдогч жолооч Н.Э аас шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “И С Н” ХХК-д учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцан арилгах үүрэгтэй болохыг дээр дурьдсанаар дүгнэсэн нь Н.Э өөрийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас учирсан хохиролтой холбоотой бүхий л хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Н.Э аас гэм хорын хохирол 17,200,686 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нэхэмжлэгч “И С Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,960 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
Д.ЯНЖИНДУЛАМ