Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 109/ШШ2021/0027

 

 

 

 

 

 

                                                                                 109/ШШ2021/0027

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Аы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Ө сумын Засаг дарга

                   Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц-н  2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 55/А0370216 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Д.А-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У хариуцагч Архангай аймгийн Ө сумын Засаг дарга П.Б, Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А шүүхэд  гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 1 дүгээр сард сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг гаргаж төрийн аудитын байгууллагад дүгнүүлэхээр хуульд заасан хугацаанд хүргүүлэх үед нягтлан бодогч М.М нь эрхэлсэн ажилдаа хайнга хандаж, мэргэжлийн алдаа дутагдал гарган аудитын байгууллагаас дүгнэлт өгөх боломжгүй байдал үүсгэж хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл болсон. Иймд миний бие нягтлан бодогч М.М-г ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан болно.

Ө сумын Засаг дарга 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр намайг ажлаас халах тухай мэдэгдэл өгөхдөө Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц-н 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 55/А0370216 дугаартай албан шаардлагыг хавсаргаж ирүүлснийг хүлээн авч танилцсан. Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц нь албан шаардлага гаргах гэж байгаа талаар надад огт мэдэгдээгүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй. Албан шаардлага нь миний эрх ашгийг хөндөж байхад надад уг албан шаардлагыг аудитын байгууллагаас танилцуулаагүйд би гомдолтой байна.

Иймд Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц-н 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 55/А0370216 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгож, Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Д.А-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Д.А нь Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2002 онд томилогдон ажиллаж төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Төрийн албанд ажиллах ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангасан төрийн жинхэнэ албан хаагч юм.

Төрийн жинхэнэ албан хаагчийг албанаас халж буй сумын Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэлийг харахаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг баримталсан байдаг. Тэгсэн хэрнээ Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийг давхар баримталсан байдаг. Энэ 2 хуулийг баримталж байгаа нь хоорондоо уялдаа холбоо муутай харагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Д.А нь тухайн албан тушаалаас халагдахгүй байх ёстой. Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлаас нь халах болохоос биш өөр үндэслэлээр ажлаас халах зохицуулалт хуульд байхгүй. Тэгэхээр энэ нэмэлт баталгааг зөрчсөн зүйл байна.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц-н 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 55/А0370216 дугаартай албан шаардлага байдаг. Энэ албан шаардлагыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь аймгийн Төрийн аудитын газрын аудитор Г.Ц-н гаргасан албан шаардлага нь сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт байна. Энэ актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх ашиг нь хөндөгдсөн албан тушаалтан болох Д.А-д сонсох ажиллагааг хийж мэдэгдэл хүргүүлээгүй байдаг. Хуульд заасан шаардлагыг хангаагүйгээр захиргааны акт гаргаж өөрт гардуулж өнөөдрийг хүртэл өгөөгүй. Томилох чөлөөлөх эрх бүхий этгээд нь хүргүүлсэн байгаа хэдий ч эрх ашиг нь хөндөгдсөн сөрөг үйлчлэл бүхий захиргааны актыг хүргүүлсэн үүрэгтэй.

Нэхэмжлэгч Д.А нь тайланг хүргүүлэх хяналт тавих талаар бүх нөхцөл бололцоогоор хангаж ажилласан байдаг. Нягтлангийн буруутай үйл ажиллагааны улмаас тайлан 2 хоногийн хугацаагаар хэтэрсэн. Нягтлангийнхаа араас хөөцөлдөж тайлангаа өгөх талаар өөрөөсөө шалтгаалах бүх зүйлээ хийсэн. Нэхэмжлэгч Д.А-э буруутай үйл ажиллагаа байхгүй. Ийм учраас алдаа гаргасан этгээдэд шийтгэл оногдуулсан байдаг. Төрийн аудитын шаардлага хүргүүлэх журам байгаа. Энэ журмын 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагаа хийхээр заасан журмыг зөрчиж байна. Нэгэнт хуульд нийцээгүй албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аудитын төлөвлөлтийн үе шатанд тус байгууллагын хуучин нягтлан бодогч, одоогоор санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаа С.Б хуулийн цаглабарт хугацаа мөрдөлтийн талаар болон аудит хийхэд шаардагдах цаасан болон цахим хэлбэрийн мэдээлэл, баримт бичгийг дурьдсан хугацаанд ирүүлэх талаар утсаар мэдэгдэж, ирүүлэх баримтын жагсаалтыг шинээр томилогдсон нягтлан бодогч М.М-н цахим хаягаар хүргүүлж ажилласан. Аудитын төлөвлөлтийн үе шатанд байгууллагуудын тайланг хүлээн авах хуваарийг гаргасан ба Ө сумын Засаг даргын Тамгын газрын тайланг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авахаар хуваарьтай байсан боловч энэ хугацаанд ирүүлээгүй. Улмаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.А-тай утсаар удаа дараа холбогдож 2020 оны жилийн эцсийн санхүү, төсвийн гүйцэтгэлийн тайлан нь аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэстэй тооцоо нийлээгүй, аудит хийхэд шаардагдах цаасан болон цахим мэдээлэл, баримт материалыг ирүүлээгүй, хуулийн хугацаа мөрдөлтөнд анхаарах талаар сануулж байсан.

Ө сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2/17 дугаар албан бичгээр сумын нягтлан бодогч М.М нь ажлаа хүлээж аваад удаагүй байгаа бөгөөд санхүүгийн программ дээрээ ажиллах туршлага дутуугаас болж жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хугацаанд нь гаргаж амжаагүй тул тайлан хүлээж авах хугацааг 2 хоногоор сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Тус байгууллагын 2020 оны жилийн эцсийн санхүү, төсвийн гүйцэтгэлийн тайлан, аудит хийхэд шаардагдах цаасан болон цахим хэлбэрийн мэдээлэл, баримт бичгийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д "... төсвийн шууд захирагч жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 2 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх ...” гэсэн заалтыг зөрчсөн.

Гэсэн хэдий ч хүсэлтийн дагуу Ө сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цаг 20 минутад ирүүлснийг хүлээн авч Төрийн аудитын стандартын дагуу урьдчилсан нөхцөл хангасан эсэхийг үнэлсэн. Аудитын газарт ирүүлсэн санхүүгийн тайлан хоорондын уялдаа холбоо алдагдсан, нягтлан бодох бүртгэл хөтлөлт дутуу, тооцоо нийлсэн акт, тойрох хуудсаар баталгаажаагүй, тайлан тамга, тэмдгээр албажуулаагүй, аудитад шаардлагатай баримт материалыг ирүүлээгүй зэрэг алдаа гарсан.

Аудитаар илэрсэн асуудлууд нь Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “Төрийн аудитын байгууллагын аудит хийхэд шаардагдах цаасан болон цахим хэлбэрийн мэдээлэл, баримт бичгээр хангах, уг мэдээлэл. баримт бичгийн үнэн зөв, бодитой, бүрэн байх шаардлагыг хариуцах”, 16.1.4-д “төрийн аудитын байгууллагаас тогтоосон хугацаанд шаардсан мэдээлэл, баримт бичгийг бүрэн ирүүлэх”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт”, 5 дугаар зүйлийн 5.1.4-д “үнэн зөв байх”, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “Төсвийн байгууллага нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайланг тайлагнаж тушаана”, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх”, 6 дугаар зүйлийн 6.3.2-д “санхүүгийн аливаа үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу, цаг хугацаанд нь. үнэн зөв, үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэн бүртгэж, тайлагнах" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байсан.

 Аудиторын зүгээс аудитын явцад үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулах, цаашид авах арга хэмжээний тухай уулзалтыг Төрийн аудитын газарт зохион байгуулсан. Тус уулзалтыг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цаг 20 минутад тэргүүлэх аудиторын өрөөнд хийсэн. Уулзалтанд Тэргүүлэх аудитор Д.У, аудитын менежер Т.Б, ахлах аудитор Н.А, аудитор Г.Ц шалгагдагч байгууллагаас Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Н.Т, Ө сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.А, сумын Санхүү албаны дарга С.Б, хуучин нягтлан бодогч С.О нар оролцсон.

Уулзалтаар сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан хоорондын уялдаа алдагдсан зөрүүтэй, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт бүрэн хийгдээгүй, аудит хийхэд шаардагдах цаасан болон цахим хэлбэрийн 31 төрлийн баримт материалыг жагсаалтаар ирүүлээгүй, холбогдох байгууллагуудтай тооцоо нийлээгүй нь аудит хийх боломжгүй, энэ нь Төрийн аудитын стандартын урьдчилсан нөхцөл байдлыг хангаагүй, стандартад заасан “хамааралтай байх”, “иж бүрэн байх”, “найдвартай байх”, “ойлгомжтой байх” гэсэн санхүүгийн тайлангийн хүлээн зөвшөөрөх үзэл баримтлалуудыг хангахгүй, мэдээллийн ач холбогдолтой болон итгэл үнэмшилтэй байдал алдагдсан гэж үзэж аудитаас дүгнэлт өгөхөөс татгалзах санал, Төрийн аудитын тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж сумын нэгдсэн тайланд үнэн зөв тайланг нэгтгүүлэх талаар танилцуулж, сонсох ажиллагааг явуулсан болно. 

Улмаар Ө сумын Засаг даргын Тамгын газрын аудитын дүгнэлтийг 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 58 тоот албан бичгээр сумын Засаг даргад хаяглан хүргүүлсэн бөгөөд энэ хугацаанд сумын Засаг даргын Тамгын газраас ямар нэгэн гомдол тайлбарыг ирүүлээгүй нь дээрхи санал дүгнэлт, зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн. Тус байгууллагын 2020 оны жилийн эцсийн санхүү, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар санал дүгнэлт өгөхөөс татгалзсан тул Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3-д заасны дагуу төсвийн шууд захирагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг сумын Засаг даргад хүргүүлсэн болно. Иймд 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 55/А0370216 дугаартай албан шаардлага нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Архангай аймгийн Ө сумын Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргад шийтгэл оногдуулах тухай албан шаардлагыг хүлээж авсан. Албан шаардлагад Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 .дахь хэсэгт “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан нь тухайн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно”, 42.3. дахь хэсэгт “энэ хуулийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ” гэж заасны дагуу арга хэмжээ тооцсон. Мөн Захиргааны ерөнхий хуулийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр сонсох ажиллагаа явуулах мэдэгдэл өгсөн боловч сонсох ажиллагаа хууль бус байна гээд Д.А дарга гараад явсан байдаг. 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэл өгч сонсох ажиллагааг явуулсан байгаа. Сонсох ажиллагааны тайлбарыг 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Д.Ад гаргаж өгсөн байгаа.

Санхүүтэй холбоотой үндэслэлүүдийг Төрийн аудитын газрын аудитор Г.Ц тайлбарлалаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 18 дугаар зүйлийн 18.1, Төсвийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг зөрчсөн гэдэг нь тодорхой байсан. Мөн Архангай аймгийн Төрийн аудитын газраас ирүүлсэн албан шаардлагад Д.А-д сахилгын шийтгэл ногдуулна гэсэн байсныг нягтлан бодогч М-д хариуцлага хүлээлгэх мэтээр тайлбарласан. Мөн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дүгээр зүйлд заасан гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлан үнэн зөвийг хариуцна гэснийг биелүүлээгүй. Ерөнхийдөө нягтлан бодогч хийж үзээгүй хүүхдийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тушаал гаргаж томилсон байдаг. Өмнө нь санхүүгийн тайлан гаргаж үзээгүй туршлагагүй хүнд санхүүгийн тайлангаа даатгаж өгснийг Д.А даргын хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Төрийн аудитын газрын албан шаардлагын дагуу хариу арга хэмжээг авсан байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.А-аас Архангай аймгийн Ө сумын Засаг дарга, Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц нарт холбогдуулан “Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц-н  2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 55/А0370216 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Д.А-ыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Д.А-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

   Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд

Нэхэмжлэгч Д.А нь анх Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогджээ.[1]

Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” 55/АО370216 /АРА-2021/01-СТА-ТШЗ/ дугаар албан шаардлагаар Ө сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.А-д Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж, биелэлтийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны дотор Архангай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг сумын Засаг даргад даалгасан байна.[2] Улмаар Архангай аймгийн Ө сумын Засаг дарга 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга Д.А-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.[3]

Ийнхүү иргэн Д.А-аас Архангай аймгийн Ө сумын Засаг дарга, Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц нарт холбогдуулан шүүхэд маргаан үүсгэсэн байна.

Хоёр. Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц-н  2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 55/А0370216 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар тус сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны дарга Э.О-н хүсэлтийг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, М.М-г санхүү албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.[4] Улмаар 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар Ө сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр М.М-г 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилжээ.[5]

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д зааснаар жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан байна. Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын даргын баталсан 2020 оны санхүүгийн тайлан хүлээн авах хуваарийн 75 дугаарт Ө сумын Засаг даргын Тамгын газар 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлэх талаар тусгасан байна.[6] Мөн тус газраас төсвийн байгууллагын нягтлан бодогч нарт 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 12 дугаар албан бичгээр тайлан ирүүлэхтэй холбоотой мэдээлэл хүргүүлжээ.[7]

Гэвч Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газар нь 2020 оны жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангаа Төсвийн тухай хуульд заасан хугацаанд аймгийн Төрийн аудитын газарт хүргүүлээгүй байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй, хоцроосон гэх үйл баримттай холбогдуулан шүүхэд маргаагүй болно.

Улмаар Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Ө сумын нягтлан бодогч М.М-тэй хийсэн ярилцлагад: “ ... би санхүүгийн программд нярвын зарцуулалтыг анхан шатны баримтаар орлогод авч, зарцуулалт хийсэн санхүүгийн тайлангаа өөрөө гаргасан. Өмнө нь ажиллаж байсан нягтлан бодогч С.Б-с жилийн эцсийн тайлан гаргахтай холбоотой арга зүйн зөвлөгөө аваагүй ...” гэж тайлбар гаргасан байна.[8]

Мөн Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2/17 дугаар албан бичгээр “ ... нягтлан бодогч М.М нь ажлаа хүлээж аваад удаагүй байгаа бөгөөд санхүүгийн программ дээрээ ажиллах туршлага дутуугаас болж жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хугацаанд нь гаргаж амжаагүй тул тайлан хүлээж авах хугацааг 2 хоногоор сунгаж өгнө үү ...” гэх хүсэлт гаргажээ.[9]

Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нягтлан бодогч нартай 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын явцад үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулах, цаашид авах арга хэмжээний тухай уулзалт хийж тэмдэглэл үйлджээ.[10]

Ийнхүү Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 31 дүгээр албан бичгээр Архангай аймгийн Ө сумын Засаг  даргад тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд дүгнэлт өгч баталгаажуулах боломжгүй талаар мэдэгдсэн байна.[11] Мөн Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 58 дугаар албан бичгээр Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд “Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан” дүгнэлт гаргасан тухай мэдэгджээ.[12] Мөн Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 17 дугаартай албан бичгээр Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд “Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан” тухай аудитын гэрчилгээ хүргүүлсэн байна.[13]

Улмаар Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2/31 дүгээр албан бичгээр “ ... байгууллагынхаа жилийн эцсийн төсвийг туршлагатай нягтлангуудыг урьж туслуулан М.М-р гаргуулж дууссанаа Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8, танай 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 31 дүгээр албан бичгийн дагуу үндэслэн хүргүүлж байна. Өмнө гаргасан шийдвэрээ эргэн харан манай байгууллагын төсөвт аудит хийж өгөхийг хүсье ...” гэх агуулга бүхий хүсэлт гаргажээ.[14] Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.М-н үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.[15]

Ийнхүү Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 55/А0370216 дугаар албан шаардлагаар Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан нь тухайн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.”, 42.3.-т “Энэ хуулийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ.”, 42.4.-т “Энэ хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй.” гэж заасныг үндэслэн Ө сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.А-д Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж, хариуг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор Архангай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг сумын Засаг даргад даалгажээ.[16] Уг шаардлагыг Ө сумын Засаг даргад 2021 оны 3  дугаар сарын 2-ны өдөр гардуулж, гарын үсэг зуруулсан байна.[17]

Ийнхүү Архангай аймгийн Ө сумын Засаг дарга 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1/98 дугаар албан бичгээр Д.А-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан талаар Архангай аймаг дахь Төрийн аудитын газарт мэдэгдсэн байна.[18]

1. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3. дахь хэсэг Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 6.3.1.-д “шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх”, мөн хуулийн 42 дугаар зүйлд зааснаар Архангай аймаг дахь Төрийн аудитын газарт тус аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн тайланд аудит хийх, холбогдох шийдвэр гаргах, илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулахаар эрх бүхий этгээдэд албан шаардлага хүргүүлэх эрх хэмжээ хуулиар олгогджээ.

Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна.”, 16.4. дэх хэсэгт дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна: 16.4.15.-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн” гэж зааснаар тухайн сумын Засаг даргын Тамгын газрын төсвийн шууд захирагч байна.

Төсвийн тухай 8 дугаар зүйлийн 8.9.1-д зааснаар төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх, 8.9.8-д жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 02 дугаар сарын 15-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг 3 дугаар сарын 15-ны дотор харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр хуульчилжээ.

Гэтэл Ө сумын Засаг даргын Тамгын газрын төсвийн шууд захирагч Ө сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.А нь хуульд заасан төсвийн цаглабарт хугацаанд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2/17 дугаар албан бичиг[19], 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн уулзалтын тэмдэглэл[20], хариуцагч Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц-н шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хэдийгээр Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс Архангай аймаг дахь Төрийн аудитын газарт 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2/31 дүгээр албан бичгээр[21] өмнө гаргасан зөрүүтэй тайланг залруулан хүргүүлсэн байх боловч энэ нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасан жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлэхээр хуульчилсныг зөрчсөнийг зөвтгөх, Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас шалгалтын мөрөөр тогтоосон зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, санхүүгийн тайлангаа засаж ирүүлсэн боловч нэгэнт хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн нь төсвийн шууд захирагчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.2-т зааснаар тухайн байгууллагын төсвийн шууд захирагч, гүйцэтгэх удирдлагын хувьд байгууллагынхаа жилийн эцсийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлангийн зөрүүг арилгаж, үнэн зөв гаргаж холбогдох нэгдсэн тайланд нэгтгүүлэхээр хүргүүлэх нь төсвийн шууд захирагчийн хуулиар хүлээсэн үүрэг мөн байна.

Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт Шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагч дараах үүрэгтэй: 16.1.1.-д “төрийн аудитын байгууллагын аудит хийхэд шаардагдах цаасан болон цахим хэлбэрийн мэдээлэл, баримт бичгээр хангах, уг мэдээлэл, баримт бичгийн үнэн зөв, бодитой, бүрэн байх шаардлагыг хариуцах”,  16.1.4.-т “төрийн аудитын байгууллагаас тогтоосон хугацаанд шаардсан мэдээлэл, баримт бичгийг бүрэн ирүүлэхүүрэгтэй байхаар зохицуулжээ.

Гэтэл Ө сумын Засаг даргын Тамгын газрын жилийн эцсийн санхүүгийн тайланд байгууллагын тамга дарж баталгаажуулаагүй, санхүүгийн тайлан хоорондын уялдаа холбоо алдагдсан, нягтлан бодох бүртгэл хөтлөлт дутуу, тооцоо нийлсэн акт, тойрох хуудсаар баталгаажуулаагүй, аудитад шаардлагатай баримт материалыг ирүүлээгүй зэрэг зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан аудитын явцын чанарын хяналтын хуудас, аудитын нөхцөлийн талаарх тайлбар, Ө сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчтой хийсэн ярилцлагын тэмдэглэл, Ө сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн тайлан, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

2. Нэхэмжлэгчийн зүгээс тус байгууллагын 2020 оны санхүүгийн тайланд гарсан алдаа, зөрчил дутагдлыг Ө сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан нягтлан бодогч нар солигдсон, нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Мийн зүгээс хариуцлагагүй хандаж ажил, мэргэжлийн алдаа дутагдал гаргасан, түүнд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбарлаж байна.

Энэ талаар Төсвийн тухай хуулийн 8.9.1, Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.4 болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12.-т “гүйцэтгэх удирдлага” гэж дараах этгээдийг ойлгоно: 3.1.12.б.компаниас бусад хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн дүрэмд гүйцэтгэх удирдлага гэж заасан этгээдийг, 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэг Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална: 5.1.4.-т “үнэн зөв байх”, 8 дугаар зүйлийн 8.4. дэх хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна.”, 9 дүгээр зүйлийн 9.4. дэх хэсэгт “Төсвийн байгууллага нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайланг тайлагнаж, тушаана.”, 18 дугаар зүйлийн 18.1. дэх хэсэгт “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ.” гэж заажээ

 Хэдийгээр Ө сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан М.М-ийн хувьд ажил, мэргэжилдээ хариуцлагагүй хандаж алдаа дутагдал гаргасан, түүний энэхүү үйлдэлд нь эрх бүхий этгээдийн зүгээс хариуцлага тооцсон байх байх боловч энэ нь төсвийн шууд захирагч, санхүүгийн жилийн тайланд аудит хийлгэж буй шалгагдагч этгээд, төсөвт байгууллагын гүйцэтгэх удирдлагыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Өөрөөр хэлбэл аудитын шалгалттай холбоотойгоор байгууллагын удирдлага буюу шалгагдагч этгээдийн хуулиар хүлээсэн үүрэгтэй нь холбогдуулж түүнд хариуцлага хүлээлгэснийг хууль зүйн хувьд буруутгах үндэслэлгүй, дээрх хуулийн зохицуулалтаар санхүүгийн тайланд гарсан зөрчилд тухайн байгууллагын удирдлага хариуцлага хүлээх, үр дагаврыг хариуцах үүрэгтэй этгээд байна.

Нөгөөтээгүүр, Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод албан тушаалын зорилт: 4.Тамгын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, хяналт тавих. 4 дүгээр зорилтын хүрээнд албан тушаалын чиг үүрэгт “4.Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, хяналт тавих, үр дүнг дээшлүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах”, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт: Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, гүйцэтгэлийг тайлагнасан байна.” гэж заажээ.[22]

Харин Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтод ажлын байрны зорилго 2. Хөрөнгийн бүртгэл хийх, тайлан мэдээ гаргах, ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд: Санхүүгийн программыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэн сар, улирал, хагас жил, жилийн эцсийн тайлан мэдээг цаг хугацаанд нь гарган хянуулах гэж тусгасан байна.[23]

Дээрх албан тушаалтын тодорхойлолтоос үзвэл, тухайн байгууллагын нягтлан бодогч санхүүгийн тайлан мэдээ гаргах үүрэгтэй боловч уг тайланд хяналт тавих, баталгаажуулах, төсвийн зарцуулалт, тайлангийн асуудлаар эцсийн хариуцлагыг төсвийн шууд захирагч болох Ө сумын Засаг даргын Тамгын газрын дарга хүлээжээ.

3. Төсвийн байгууллагын санхүү, тайлан түүнд хийх хяналт шалгалттай холбоотой харилцаанд шууд хамаарах нарийвчилсан зохицуулалттай хууль нь Төрийн аудитын тухай хууль байна. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр баталсан Төрийн аудитын тухай хуулиар нийтийн өмч, улс, орон нутгийн төсвийн ашиглалт, зарцуулалт түүнд хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, зөрчил дутагдал гаргасан эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан зохицуулжээ.

Тодруулбал, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. дэх хэсэгт “Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.”, 42.2. дахь хэсэгт “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан нь тухайн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.”,  42.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ.”, 42.4. дэх хэсэгт “Энэ хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй.” гэж заасан байна.

Харин Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1. дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно.” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх хуульд заасан тухайн тохиолдол нь Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан тохиолдол байх бөгөөд “Архангай аймгийн Ө сумын 2020 оны санхүүгийн тайланг төсвийн цаглабарт хугацаанаас хоцроосон” гэх үйл баримт нь нотлогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн эл заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

4. Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц нь  2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 55/А0370216 дугаар албан шаардлагыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулсан эсэх тухайд, Төрийн байгууллагын санхүү, тайлан түүнд хийх хяналт шалгалт, илэрсэн зөрчил, түүнд оногдуулах хариуцлагатай холбоотой харилцаанд илүү нарийвчилсан, тухайлсан агуулга, зохицуулалттай хууль нь Төрийн аудитын тухай хууль байна.

Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 55/А0370216 дугаар албан шаардлага, түүгээр тогтоогдсон нөхцөл байдал, үүсэх үр дагаврын талаар нэхэмжлэгч Д.А-д мэдэгдсэн /тайлбарласан/ болох нь 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Ө сумын нягтлан бодогч М.М-тэй хийсэн ярилцлагын тэмдэглэл, 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн /Д.А оролцсон/ уулзалтын тэмдэглэл, тус тэмдэглэлд: /Тэргүүлэх аудитор Д.У: “... манай аудитор үзээд санал, дүгнэлт баталгаа өгөх ямарч боломжгүй байна. Санал дүгнэлт өгөхөөс татгалзах дүгнэлт өгөхөөр саналыг оруулж байгаа..Ө сумын ЗДТГ-ын төсөв шууд захирагч нарт хуулийн дагуу хариуцлага тооцуулна, “... албан ёсоор дуудаж танилцуулан сонсох ажиллагааг явуулж байгаа болно. Энэ албан бичгийг Та бүгдэд өгчий” Ахлах аудитор Н.А: Төсөв захирагч нарт хариуцлага тооцуулах албан бичиг хүргэгдэнэ., Аудитын менежер Т.Б: Татгалзах дүгнэлт манайхаас явахаар Төрийн аудитын хуулийн хариуцлага тооцох хэсэгт татгалзах дүгнэлт авсан бол ажлаас халах заалт байдаг.”/  Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 58 дугаартай албан бичиг, Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 17 дугаартай албан бичгээр Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргад Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд “Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан” тухай аудитын гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Дээрх баримтаас үзэхэд, аудитын дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдал түүнээс үүдэн гарах хариуцлага, үр дагаврыг огт мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн аудитын байгууллага “дүгнэлт өгөхөөс татгалзсан” дээрх зөрчилд Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д заасан “...тухай албан хаагчийг...” гэдгийг Төсвийн тухай хуулийн 8.9.1, Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 33.1.12.б,  8 дугаар зүйлийн 8.4, 18 дугаар зүйлийн 18.1. дэх хэсэгт “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ.” гэсэн  эдгээр хуулийн зохицуулалтаас харахад дээрх зөрчилд хариуцлага хүлээх этгээд нь тухайн байгууллагын гүйцэтгэх удирдлага гэж ойлгохоор байна.

Иймд маргаан бүхий энэ тохиолдолд Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.4 дэх  хэсэгт заасан сонголтгүйгээр оногдуулахаар заасан хариуцлагын хэм хэмжээг хуулиар үүрэг хүлээх, буруутай этгээдэд оногдуулж хуулийг хэрэгжүүлж ажилласныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, маргаан бүхий 55/А0370216 дугаар албан шаардлагыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Гурав. Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Д.А-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

 

Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2., 42.3. дахь хэсэгт зааснаар Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 55/А0370216 дугаар албан шаардлагыг албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах талаар эрх бүхий албан тушаалтан болох Ө сумын Засаг даргад 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүргүүлж, Ө сумын Засаг дарга 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр гардан авжээ.

Улмаар Архангай аймгийн Ө сумын Засаг дарга 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.А-д ажлаас халах тухай мэдэгдэл хүргүүлжээ.[24] Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.А нь 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр мэдэгдэлд хариу тайлбар гаргасан байна.[25]

Ийнхүү Архангай аймгийн Ө сумын Засаг дарга 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3., Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2. дахь хэсэг, 42.4 дэх хэсэг, Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 55/А0370216 дугаар албан шаардлагыг үндэслэн Төрийн аудитын байгууллагаас Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан, санхүүгийн ноцтой зөрчил гаргасан тул Засаг даргын Тамгын газрын дарга Д.А-г 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.[26]

Энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаан бүхий Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц-ийн  2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 55/А0370216 дугаар албан шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул уг албан шаардлагыг хэрэгжүүлэх зорилгоор, тус албан шаардлагыг үндэслэн гарсан Архангай аймгийн Ө сумын Засаг дарга 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийн үндэслэл болсон Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 55/А0370216 дугаар албан шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн тул уг албан шаардлагыг үндэслэн гаргасан Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.А-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн хариуцагч Архангай аймгийн Ө сумын Засаг дарга нь шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлт гаргасан бөгөөд уг асуудлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хариуцагч Архангай аймгийн Ө сумын Засаг дарга нь өмгөөлөгч авахгүй гэх тайлбар гаргасан, захиргааны хэрэг үүсгэснээс хойшхи хугацаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах бүрэн боломжтой байсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт “ ... Шүүхийн урьдчилсан х‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎элэлцүүлгээ‎р шийдвэ‎рлэ‎сэ‎н асуудлаар шүүх хуралдаан д‎‎ээр дахин хүс‎элт гаргах э‎рхгүй.” гэж заасан тул хариуцагч Архангай аймгийн Ө сумын Засаг даргын өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3., Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1., 42 дугаар зүйлийн 42.2., 42.4., Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1., Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугара зүйлийн 8.4., 18 дугаар зүйлийн 18.1. дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Ааас Архангай аймгийн Ө сумын Засаг дарга, Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Ц нарт холбогдуулан гаргасан “Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.Цийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 55/А0370216 /АРА-2021/01-СТА-ТШЗ/ дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Д.А-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ТҮВШИНТУЛГА

 

 

 

 

[1] 2 дугаар хавтаст хэргийн 7 дахь тал

[2] Хавтаст хэргийн 88-89 дэх тал

[3] Хавтаст хэргийн 3 дахь тал

[4] Хавтаст хэргийн 19 дэх тал

[5] Хавтаст хэргийн 20 дахь тал

[6] Хавтаст хэргийн  236 дахь тал

[7] Хавтат хэргийн  234, 238 дахь тал

[8] Хавтаст хэргийн 143, 144 дүгээр тал

[9] Хавтаст хэргийн 150 дахь тал

[10] Хавтаст хэргийн 165-171 дүгээр тал

[11] Хавтаст хэргийн 172 дахь тал

[12] Хавтаст хэргийн 173 дахь тал

[13] Хавтаст хэргийн 174 дэх тал

[14] Хавтаст хэргийн 176 дахь тал

[15] Хавтаст хэргийн 4 дэх тал

[16] Хавтаст хэргийн 198-199 дүгээр тал

[17] Хавтаст хэргийн 197 дахь тал

[18] Хавтаст хэргийн 202 дахь тал

[19] Хавтаст хэргийн 150 дахь тал

[20] Хавтаст хэргийн 75-81, 165-170 дахь тал

[21] Хавтаст хэргийн 176 дахь тал

[22] Хавтаст хэргийн 22-29 дэх тал

[23] Хавтаст хэргийн 31-32 дахь тал

[24] Хавтаст хэргийн 37 дахь тал

[25] Хавтаст хэргийн 38 дахь тал

[26] Хавтаст хэргийн 3 дахь тал