Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1964

 

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн харъяа

Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/02229 дүгээр шийдвэртэй, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн харъяа Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ХП” ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 13 578 728 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үүрийнтуяа, Г.Загар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХП” ХХК 2016 оны 6 дугаар сард манай Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд 1491/2015 тоот Техникийн нөхцөлийн дагуу цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ хийх хүсэлт гаргасан. Хүсэлтийнх нь дагуу 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тус компанитай 2065274 код бүхий цахилгаан эрчим хүчний гэрээ хийсэн. “ХП” ХХК нь 2017 оны 4 дүгээр сараас төлбөрөө төлөхгүй байсан тул манайх Эрчим хүчний зохицуулах хороонд 2017 оны 11 дүгээр сард албан бичиг хүргүүлсэн. Хариу албан бичигт Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгүүдэд заасны дагуу дээрх цахилгаан эрчим хүчний үлдэгдэл төлбөрийг “ХП” ХХК хариуцан төлөх эрх зүйн үндэслэлтэй гэж, мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт албан бичиг хүргүүлэхэд ...тус барилга, байгууламжуудыг улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд оруулсан, ус, дулаан дамжуулах 3, 4 дүгээр төвөөс дулааны хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангаж байгаа бөгөөд танай байгууллага нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн харъяа Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчид үйлчлэх төвтэй цахилгааны гэрээ байгуулсан тул дээрх ашиглалтанд орсон орон сууцны барилгуудын ашиглалт, үйлчилгээг өнөөдрийн байдлаар хариуцаж буй “Хайрхан 89” СӨХ болон иргэн аж ахуй нэгж байгууллагуудаас төлбөрийг гаргуулан гэрээний үүргээ биелүүлж ажиллана уу гэсэн албан хариу ирсэн. “ХП” ХХК нь 2017 оны 6 814 065 төгрөг, 2018 оны 6 764 946 төгрөг нийт 13 578 728 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан. Харин 2017 оны 12 дугаар сард Ус дулаан дамжуулах 3, 4-р төвийн барилгыг Нийслэлийн өмчид бүртгэж авсан тул 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цахилгааны төлбөр 6 814 065 төгрөг болж байгаа. Үүнээс 2017 оны 12 дугаар сарын төлбөрийг хасч 5 367 997 төгрөгийг “ХП” ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХП” ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал, Нийслэлийн засаг даргын тамгын газар, газрын эзэд болон хувийн хэвшлүүдтэй хамтарч гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгч компани юм. Нэхэмжилж байгаа 5 367 997 төгрөг нь “ХП” ХХК-ийн хэрэглээнээс үүссэн төлбөр биш. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар Хайрхан хорооллын 46 дугаар байрны 46А, Б, В, 54 дүгээр байрны А, Б байруудын цэвэр ус, дулаан, хэрэгцээний халуун усаар хангаж буй цэвэр ус, дулаан дамжуулах 4 дүгээр төвийн 2017 оноос 2018 онуудад үүссэн цахилгааны төлбөр байгаа. Тиймээс 46 дугаар байрны 46А, Б, В, 54 дүгээр байрны А, Б байруудын оршин суугчид 2016 оноос 2017 оны 3 дугаар сар хүртэл хэрэглээнээс үүссэн цахилгааны төлбөрийг Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд төлдөг байсан. Энэ төлбөрт “ХП” ХХК анхнаасаа ямар нэгэн байдлаар оролцоогүй. Байгуулсан гэрээ нь анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй. Учир нь “ХП” ХХК тус объектын өмчлөгч болон хэрэглэгч нь биш. Эрчим хүчний тухай хуулийн 3.1.19-д хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээд гэсэн заалт зөрчигдөж байгаа. Уг гэрээг байгуулах асуудлыг төсөл хэрэгжүүлэгчийн хувьд захиалагч болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, мөн дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа Хүчит чулуу ХХК нарт хандаж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай гэрээ байгуулах асуудлыг тавьсан боловч асуудал нь удааширч шийдэгдэхгүй байсан. Үүний улмаас барилгын ажил зогсож, Улсын комисс ажиллах хугацаа нь удааширсан. Дулаан авах хугацаа хойшлогдож, зуны улиралдаа багтааж дулаан авах боломжгүй байсан. Үүнтэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгчийн хувьд “ХП” ХХК албан бичиг өгч цахилгааны гэрээ байгуулснаар цахилгаан түгээх төвд нь цахилгаан холбогдсон. Улсын комисс ажиллаж, дулаан дамжуулах 4 дүгээр төвийг ашиглалтанд оруулж, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг шилжүүлэх асуудлыг холбогдох байгууллагад нь удаа дараа хандсан боловч өмчийг хүлээж аваагүй байгаа шалтгаанаар цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг шилжүүлэх боломжгүй байдал үүссэн. Гэр хорооллыг дахин төлөвлөж, шинэчлэх, зохион байгуулах арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал, гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдсан тус барилга нь ус хангамжийн шугамын барилга байдаг. Энэ барилгыг Хүчит чулуу ХХК гүйцэтгэж 2016 оны 10 дугаар сард Улсын комиссод хүлээлгэж өгсөн. Дулаан дамжуулах 4 дүгээр барилгын тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулах акт гарсанаар захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нийслэлийн өмчид бүртгэх ажлыг эхлүүлсэн. Нийслэлийн өмчид бүртгэх ажил нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдахгүй, маргаантай байгаа гэдэг шалтгаанаар удааширч 2017 оны 10 дугаар сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарсан. Энэ хугацаанд Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Орон сууцны удирдах газар, Нийслэлийн засаг даргын орлогч дарга нарт удаа дараа дулаан дамжуулах 4 дүгээр төвийг хүлээлгэж өгөх асуудлаар хандсан боловч арга хэмжээ авахгүй байсаар цаг хугацаа алдсан. 4 дүгээр төвийн комиссын акт нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гарсан боловч жилийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 125 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолыг үндэслэж Нийслэлийн засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А864 тоот захирамж гарсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн тогтоол, болон Нийслэлийн засаг даргын захирамж гарсан байхад Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн өмчид бүртгэж хүлээж авах комиссын бүрэлдэхүүн томилох асуудал нь удааширсаар байгаад 2018 оны 3 дугаар сард Нийслэлийн өмчид бүртгэж авч, Орон сууцны нийтийн аж ахуй удирдах газрыг ашиглалттай холбоотой бүх зардлыг хариуцахаар бүртгэж авсан. Нийслэлийн өмчид бүртгэн авах захирамж нь гарч Хэрэглэгчид үйлчлэх төв хариуцаж ажиллуулахаар болсон боловч 2018 оны 3 дугаар сараас хойш үүсэж байгаа цахилгааны төлбөртэй холбоотой асуудлыг зохицуулж чадахгүй байгаа нь бидний хувьд ойлгомжгүй байдал үүсч байна. “ХП” ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу төслийг 2016 онд хэрэгжүүлж, нийт 320 айлын орон сууцыг туслан гүйцэтгэгч “Бэг бүрд” ХХК, “Эй Эс Эс инженеринг” ХХК, иргэн Я.Ганболд нартай хамтран ажиллаж, 168 айлын орон сууцыг “Бэг бүрд” ХХК, 89 айлын орон сууцыг “Эй Эс Эс инженеринг” ХХК, 63 айлын орон сууцыг иргэн Я.Ганболд тус тус гүйцэтгэж 2017 онд улсын комисст хүлээлгэн өгсөн. Барилгыг барьсан “Бэг бүрд” ХХК, “Эй Эс Эс инженеринг” ХХК, иргэн Я.Ганболд нар тус тусдаа өөрсдийн барьсан барилгынхаа ашиглалтыг хариуцаж, Сууц өмчлөгчдийн холбоо байгуулсан. Ингэснээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай орон сууцад дулаан түгээх, хэрэгцээний халуун усаар хангах гэрээг Орон сууцны конторыг СӨХ-ны үйл ажиллагаатай давхар ажиллуулж эхэлсэн. Ашиглалтанд орсон дээрх байрууд нь ус дулаан дамжуулах 4 дүгээр төвд Улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтанд орсноор манай компанид ямар ч хамааралгүй болсон. Дээрх барилгуудын хувьд төсөл хэрэгжүүлэгчийн эрх үүргүүд нь дуусгавар болсон. Барилгуудын цэвэр, бохир ус ашиглалтын төлбөрийг нэгдсэн журмаар Хэрэглэгчдэд үйлчлэх төв 16 хураан авч, Ус сувгийн удирдах газарт шилжүүлдэг хэрнээ “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д төлөх төлбөрийг зөвхөн 54А байрнаас хураан авч, үлдсэн байруудаас хураахгүй ялгавартай байдлаар хандаж байгаа нь ойлгомжгүй байна. Манайх цахилгааны төлбөрийг хүлээх үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан “ХП” ХХК-иас 5 367 997 төгрөг гаргуулж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн харъяа Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 844 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч “ХП” ХХК-иас 100 837 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрээр “ХП” ХХК-иас 5 367 997 төгрөг гаргуулж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн харъяа Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгохоор шийдвэрлэжээ. Гэтэл нэхэмжлэл гаргасан байгууллага нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК биш Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн харъяа Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв юм.

Шүүх, Ус дулаан дамжуулах төв-4 Нийслэлийн өмчид бүртгэгдэх хүртэлх хугацааны буюу 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 01 хүртэлх төлбөрийг “ХП” ХХК хариуцах нь зүйтэй гэж дүгнэсэн. Гэтэл тус барилга нь Нийслэлийн өмчид бүртгэгдэхээс өмнө ямар нэгэн байдлаар “ХП” ХХК-ийн эзэмшилд байгаагүй. Энэхүү барилга байгууламж нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг Хүчит чулуут ХХК барьж ашиглалтанд оруулсан. Үүнийг хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2016/390 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт нотлож байгаа.

Мөн “УБЦТС” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжилж буй төлбөр “ХП” ХХК-ийн хэрэглээнээс үүссэн төлбөр биш, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хорооллын 46А, Б, В, 54А, 54Б байрыг цэвэр ус, дулаан, хэрэгцээний халуун усаар хангаж буй УДДТ-4-ийн 2017-2018 оны цахилгааны төлбөр болно. Өөрөөр хэлбэл 46А, Б, В, 54А, 54Б байрны оршин суугчдыг хэрэглээний халуун ус, дулаанаар хангаж байгаа УДДТ 4-өөс хэрэглэгч рүү түгээхэд, усыг халааж 18 м.кв-ын насосоор даралт өгч шахаж дамжуулснаас цахилгаан зарцуулагдаж гарсан төлбөр байна. Иймд дээрх барилгуудыг барьсан “Бэг хүрд” ХХК, “Эй Эс Эс инженеринг” ХХК, иргэн Я.Ганболд нар нь тус тусдаа өөрсдийн барьсан барилгынхаа ашиглалтыг хариуцаж СӨХ байгуулсан бөгөөд 46А, Б, В, 54А, 54Б байрны оршин суугчидаас УДДТ 4-ийн цахилгааны төлбөрийг хурааж 2016 оноос хойш 2017 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд төлдөг байсан. Энэ төлбөртэй холбоотой асуудалд “ХП” ХХК ямар ч байдлаар оролцож байгаагүй. Бид 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд 46А, Б, В, 54А, 54Б байрны оршин суугчид УДДТ 4-ийн төлбөрийг тус тусын СӨХ-д төлж байсан эсэхийг тодруулах зорилгоор 46 А,Б,В байрны СӨХ-г, орон сууцны контортой хамт ажиллуулж буй н.Хашчимэг, 54Б байрны СӨХ-ны үйл ажиллагааг орон сууцны контортой хамт ажиллуулж буй Я.Ганболд нараас 2017 оны 4 дүгээр сараас эхлэн 2018 оны 6 дугаар сар хүртэлх оршин суугчдаас хураасан төлбөр болон тэдгээрийг шилжүүлж байсан бичиг баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлт гаргах цаг өнгөрсөн гэх шалтгаанаар хүсэлтийг хэлэлцэж захирамж гаргалгүйгээр хүлээн авахаас татгалзсан.

Нэхэмжлэгчийн төлбөр гаргуулах үндэслэл болгож буй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ нь “ХП” ХХК-тай байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, тус компани обьектын өмчлөгч болон хэрэглэгч биш учраас Эрчим хүчний тухай хуулийн 3.1.19-д “эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээд” гэдэгтэй зөрчигдөж байгаа болно. Тухайн үед дээрх гэрээг байгуулах асуудлыг тус обьектын захиалагч болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон УДДТ-4-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэгч компани болох Хүчит чулуут ХХК нарт хандсан боловч эдгээр байгууллагууд асуудлыг шийдвэрлэхгүй удаашруулснаас болж барилгыг ашиглалтанд оруулах, улсын комисст хүлээлгэн өгөх ажлууд зогсох байдал үүсэхээр байсан тул ажлыг цаашид явуулах үүднээс төсөл хэрэгжүүлэгчийн хувьд гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Улмаар улсын комисс ажиллаж УДДТ 4-ийг ашиглалтанд оруулснаар цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг шилжүүлэх асуудлыг хөндсөн боловч өмчийг хүлээж аваагүй байгаа шалтгаанаар цахилгаан эрчим хүчээр хангах 2065274 кодтой хэрэглэгчийн гэрээгээ шилжүүлэх боломжгүй байдал үүссэн талаарх байдлыг шүүхэд тайлбарласан. Шүүгч төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь цахилгаан, дулааны асуудлыг хангахтай холбоотой бүхий л асуудлыг хариуцах талаар гэрээнд заасан байх учиртай гээд хэрэгт авагдсан бичиг баримтаар нотлогдоогүй байхад таамгаар дүгнэлт гаргасныг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “ХП” ХХК нь эрчим хүчээр хангах ямар нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшидэггүй тул 46А, Б, В, 54А, 54Б байрны оршин суугчдыг хэрэглээний халуун ус, дулаанаар хангаж байгаа УДДТ 4-ийн цахилгааны төлбөрийг, оршин суугчдаас болон СӨХ, конторын үйл ажиллагаа явуулж буй этгээдүүдээс хураан авах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад хамаарах нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн харъяа Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч “ХП” ХХК-д холбогдуулан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт 13 578 728 төгрөг гаргуулахаар шаардаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5 367 997 төгрөг болгон багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх, талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ болон Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д зааснаар хариуцагч “ХП” ХХК-ийг хэрэглэгч болсон тул мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хариуцвал зохих этгээд буюу хэрэглэгч, эсхүл дамжуулагч тодорхой бус байхад шүүх тухайн нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч талаас 2017 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны цахилгааны төлбөрийг СӨХ нь хэрэглэгч буюу оршин суугчдаар төлүүлсэн эсэх, нэхэмжлэлд дурдсан төлбөрт тооцогдсон эсэх талаарх баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт /хх63/ гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулжээ. Хэргийн оролцогч тал тухайн хүсэлтийг нотлох баримт шинжлэх ажиллагааны явцад гаргасан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байдаг. Хариуцагч тухайн хүсэлтийн хувьд хэргийн үйл баримтыг тогтооход нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үзсэн тохиолдолд шүүх түүнийг шийдвэрлэх нь хуулийн дээрх заалтад нийцэх байжээ. Улмаар тухайн хэргийн оролцогчийн шүүх хуралдааны явцад гарсан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүгч шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно. Үүнийг шүүх анхаараагүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн талууд 2018 оны 7 дугаар сарын 03 болон шүүх хуралдаан болсон 09-ний өдрүүдэд хэргийн материалтай танилцсан нь нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Хэргийн оролцогч хэрэгт авагдсан нотлох баримттай танилцсанаар дахин өөр баримт гаргах замаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх юм.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, дурдсан зөрчлийг залруулан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоох боломжгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хэргийг шийдвэрлэсэн шүүхийг Баянгол дүүргийн шүүх гэж ташаа бичигдсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/02229 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 838 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА