Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/60

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д-ийн Бад холбогдох эрүүгийн 2417000000054 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1976 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..........” ХХК-д машинч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ....... аймгийн ..... сумын .......... дугаар баг, ........ тоотод оршин суудаг,

 урьд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 77 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дүгээр зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалсан,

 Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн гэх, Б овогт Д-ийн Б /РД:....................../

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Сүүжийн 1-3 тоотод хамт архи ууж байсан Л.Дтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний зүүн чамархай хэсгийг хутгаар зүсэж хохирогчид зүүн чамархай хэсэгт  шарх, дагзанд шарх, духанд, зүүн нүдний доод зовхинд, баруун хацарт, дээд уруулд, дээд уруулын салстанд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2024 оны

04 дүгээр сарын 02-ны өдөр өглөө 08 цагийн үед гэртээ архи ууж байсан. Манай гэрт эхнэр Б, М, Ж, Г, Д, О, Л нар байсан. Тэгээд би Гтэй ялихгүй зүйлээс болж хэрэлдэж байх үед Л.Д дундуур ороод байсан. Тэгээд Г, О, Л, М, Б нар гэрээс гараад явсан. Ж Д бид 3 гэрт үлдсэн. Тэгээд би Д руу агсартал өөдөөс хэрэлдээд байсан. Би ширээн дээр байсан ногоон иштэй жижиг заазуурыг аваад айлгах гээд сарвайтал Л.Д босож ирээд толгой хэсэгтээ цохиулсан. Тэгтэл Л.Дын толгойноос цус гараад цусаа гоожуулаад орны өмнө сууж байгаад гараад явсан. Би тухайн заазуураа Л.Дын дээлээр арчаад орны доогуур хувцасны хайрцаг руу шидсэн. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Л.Дыг хохиролгүй болгож өгнө...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 75-76 хуудас/

2. Хохирогч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би тухайн өдрийн өглөө дүү Н-ийн гэрээс 08 цаг 30 минутын орчимд гараад Шивээговь суманд гэр хороололд дүү Мтой уулзах санаатай гэр рүү нь алхаж Жтай таараад хамт явж байтал замд Л таараад М энэ айлд сая орж байна гэсэн. Би тухайн айлд Жтай хамт орох үед тус айлд Г, М, Б, Б нар согтуу архи ууж байсан. Тэгээд Ж бид 2 тухайн архинаас хамт уусан. Тэгтэл Б, Г нар хоорондоо маргалдаад байсан. Би дундуур нь орж салгасан. Ганаа гэрээс гараад явсан. Удалгүй Б, М нар гэрээс гарсан. Би босоод гэрээс гарах гэтэл миний араас Б ногоон иштэй жижиг заазуураар зүүн чихний дээд хэсэгрүү цохисон. Би эргэж хараад чи яаж байгаа юм гээд тэврээд газар унасан. Тэгээд би босоод гэрээс нь гараад М Б нарыг дуудаад Б намайг ингэчлээ гэсэн. Тэгээд М дэлгүүр яваад архи авчраад миний толгойн шарх руу бага зэрэг хийгээд надад хийж өгсөн. Тэгтэл цагдаа нар ирээд намайг эмнэлэг авч явсан.... Би Улаанбаатарт толгойн зураг авахуулсан 150 000 төгрөгөө нэхэмжилнэ. Өөр надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-24 хуудас/

3. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Л.Д нь Шивээговь сумын эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Шивээговь сумын эмнэлэг тус өдөрт нь аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн тасагт шилжүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 344 400 төгрөг гарсныг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Эүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 дугаартай дансаар эргүүлэн авна...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 хуудас/

4. Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл Г, Б 2 хоорондоо муудаад байсан. Д ах хажууд нь суугаад тэр хоёрыг салгаад байсан. Г уурлаад гэрээс гараад явсан. Б эгч надад хандаад Б ах чинь согтохоороо намайг зодож нүдэх гээд байдаг юм. Чи эгчийгээ манай хүүгийн гэрт хүргээд өг гэсэн. Тэгээд архи дууссан учир би Б эгчийг дагуулаад гэрээс нь гарсан. Тухайн гэрт Ж, Д, Б нар үлдсэн. Би Б эгчийн хамт тухайн хашаанаас гараад яг урд байрлах хүргэн М-ын гэрт ороод ус уугаад гараад алхаж байтал араас удалгүй 10 минутын дараа байх Д ах намайг дуудсан. Араас алхаж ирээд нөгөө муу Баяраа чинь ингэчлээ гэсэн. Тэгээд харахад Д ахын зүүн чихний дээд хэсэгт зүсэгдсэн юм шиг ярагдаад цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31-32 хуудас/

5. Гэрч Г.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл Г Б нар хоорондоо хэрэлдээд Г гараад явсан. Тэгээд архи дуусаад М Б нар гарч яваад Д Б бид 3 үлдсэн. Тэгтэл гэнэт Б Д нар хоорондоо маргалдаад ноцолдоод байсан. Би хөл муутай учир дундуур нь орж чадаагүй хашааны гадна сууж байтал Д араас толгойноос нь цус гарсан байдалтай ирсэн. Тэгтэл Б М нар ирээд Дийг аваад хашаандаа орсон. Удалгүй араас нь эмнэлэг цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 41-42 хуудас/

6. Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 113 дугаар дүгнэлтэнд:

- Л.Дийн биед зүүн чамархай хэсгийг хутгаар зүсэж хохирогчид зүүн чамархай хэсэгт  шарх, дагзанд шарх, духанд, зүүн нүдний доод зовхинд, баруун хацарт, дээд уруулд, дээд уруулын салстанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Зүүн чамархай хэсэгт шарх, дагзанд шарх гэмтлүүд нь иртэй зүйлийн үйлчиллээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Зүүн чамархай хэсэгт шарх, дагзанд шарх гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Духанд, зүүн нүдний доод зовхинд, баруун хацарт, дээд уруулд, дээд уруулын салстанд цус хуралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 45-46 хуудас/

7. Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2312 дугаар дүгнэлтэнд:

- Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-1 гэж хаягласан ногоон өнгийн бариултай заазуур дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй.

Дүгнэлт гаргасан: Биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч П.Ундрах гэжээ. /х.х-ийн 60-61 хуудас/

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /х.х-ийн 79, 82-105 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг Сүүжийн 1-3 тоотод хамтран архи ууж байсан Дтай үл ялих зүйлээр маргалдаж түүний зүүн чамархай хэсгийг хутгаар зүсэж хохирогчид зүүн чамархай хэсэгт шарх, дагзанд шарх, духанд, зүүн нүдний доод хэсэгт, хацар, дээд уруул, дээд уруулын салст цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болон шүүгдэгчийн шүүхэд гэм буруугаа сайн дураараа хүлээж байгаа мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Сүүжийн 1-3 тоотод хамт архи ууж байсан Л.Дтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний зүүн чамархай хэсгийн хутгаар зүсэж хохирогчид зүүн чамархай хэсэгт  шарх, дагзанд шарх, духанд, зүүн нүдний доод зовхинд, баруун хацарт, дээд уруулд, дээд уруулын салстанд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.Б нь хохирогч Л.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Түүнчлэн шүүгдэгч Д.Б нь хохирогч Л.Дын биед зүүн чамархай хэсгийн хутгаар зүсэж хохирогчид зүүн чамархай хэсэгт  шарх, дагзанд шарх, духанд, зүүн нүдний доод зовхинд, баруун хацарт, дээд уруулд, дээд уруулын салстанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Д, гэрч Г.М, Г.Ж нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шинжлэн судлуулсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч Д.Б нь 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Л.Дад төлсөн байна.

Хохирогч Л.Дын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 344 400 /гурван зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар шүүгдэгч Д.Баас 344 400 /гурван зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуу/  төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Д.Быг үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар түүний хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.Бын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 4 удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх тухай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Л.Д нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг үндэслэн шүүгдэгч Д.Быг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн 12 см  урт бариултай, ажлын хэсэг нь 12,5 см урт заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бад оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 08 /найм/ цагаас илүүгүй хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бад шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 344 400 /гурван зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн 12 см  урт бариултай, ажлын хэсэг нь 12,5 см урт заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

             

 

                                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ