Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2021/01902

 

 

 

 

 

 

 

 2021         06           18                                     101/ШШ2021/01902

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Д ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Н д холбогдох,

 

5,040,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д миний бие өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 69 дүгээр байрны 75 тоотод оршин байрлах, 67.55 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцаа тавилгатай нь хамт иргэн Ү.Н д 12 сарын хугацаатай хөлслүүлэхээр 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж орон сууцыг тавилгын хамтаар гэрээ байгуулагдсан өдөр түүний эзэмшилд хүлээлгэн өгсөн.

Бид орон сууц хөлслөх гэрээний 1 сарын төлбөрийг 1,250,000 төгрөг байхаар, төлбөрийг 2 сараар төлж байхаар тус тус тохиролцож, миний бие А.Н гаас 1 сарын төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг барьцаа болгон 2 сарын гэрээний төлбөртэй хамт нийт 3,750,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр авсан.

А.Н  нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны 2 сарын төлбөрөө 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлөх ёстой байсан боловч хугацаа хэтрүүлж 2020 оны 1 дүгээр сард төлж дуусгасан.

Харин 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууц хөлслөн суусан гэрээний төлбөрөө огт төлөөгүй болно. Миний зүгээс орон сууц хөлслөх гэрээний төлбөрөө аль 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шаардаж эхэлсэн боловч 7 хоногийн дараа өгнө, 14 хоногийн дараа өгнө, өнөө маргаашдаа хүнээс мөнгө орж ирнэ та түр хүлээж бай би удахгүй өгнө гэх зэрэг шалтгаан тайлбарласаар өнөөдрийг хүргэж ирлээ.

Анх гэрээ байгуулахад түрээсийн төлбөрийг Д.Д миний Голомт банк дахь 4009054693 тоот дансанд шилжүүлж байхаар гэрээндээ тусган тохироод эхний 2 төлбөрийг шилжүүлсэн боловч А.Н  нь 3 дахь төлөлтөөс эхлэн Хаан банкны данс руу л зөвхөн шилжүүлэх боломжтой гэсэн тул миний гэр бүлийн хүн болох Н.Гэрэлтуяагийн данс руу шилжүүлж эхэлсэн, эхнэр Н.Гэрэлтуяа маань дэлхий дахинд тархсан коронавирус цар тахлын улмаас АНУ-д хөл хоригдож байгаад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хамгийн сүүлийн онгоцоор ирээд 21 хоногийн тусгаарлалтанд ороод гарсны дараа бид Голомт болон Хаан банкнаас тус тусын дансны хуулгаа хэвлүүлж аваад тулгаж тооцоо нийлсэн болно.

Тооцоо нийлснээр нийт гэрээний хугацаанд 8,000,000 төгрөг төлж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1,500,000 төгрөг төлж, нийт 9,500,000 төгрөг төлсөн байх тул нийт төлбөр зохих 6,290,000 төгрөгөөс барьцаа төлбөр 1,250,000 төгрөгийг суутган, үлдэх 5,040,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

Хариуцагч А.Н  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс Д.Дийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 69 дүгээр байрны 75 тоот байрыг түрээслэх гэрээ хийж орсон.

Түрээсийн төлбөр хэрхэн төлж байсан талаар жагсааж харуулбал:

2019.10.24-нд бэлнээр 3,750,000 төгрөг

2019.12.03-нд ХХБ дансанд 400,000 төгрөг /4009054693/

2019.12.03-нд ХХБ дансанд 1,000,000 төгрөг /4009054693/

2019.12.22-нд Хаан банкны Гэрэлтуяа дансанд 1,100,000 төгрөг /5749578462/

2020.02.15-нд Хаан банкны Гэрэлтуяа дансанд 700,000 төгрөг /5749578462/

2020.03.30-нд Хаан банкны Гэрэлтуяа дансанд 900,000 төгрөг /5749578462/

2020.08.17-нд Хаан банкны Гэрэлтуяа дансанд 400,000 төгрөг /5749578462/

2020.08.29-нд Хаан банкны Гэрэлтуяа дансанд 1,000,000 төгрөг /5749578462/

Энэ гүйлгээг Б.Бат-Эрдэнэ 5007627491 гэсэн хаан банкны данснаасаа Наагий байр гэсэн гүйлгээний утгатайгаар Гэрэлтуяагийн данс руу шилжүүлсэн.

2020.10.28-нд Хаан банкны Д.Даваасамбуу 1,500,000 /5007780156/ нийт түрээсийн төлбөрт шилжүүлсэн дүн, одоо төлөх ёстой түрээсийн төлбөр 10,750,000 төгрөг байна. /сарын 1,250,000 төгрөг, 12 сарын нийт дүн 15,000,000 болж байгаа юм./

Д.Д нь нэхэмжлэлдээ 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш мөнгө огт төлөөгүй мөн удаа дараа худал тайлбар хэлсэн уулзахгүй байсан зэрэг зүйлийг бичсэн байна.

Би Д.Дийн 9905920 гар утас болон фэйсбүүк хаягаар байнга холбогдож байсан. Д.Д мөн байрандаа өөрийн хүссэн үедээ ирж орж байр саваа шалгаж байсан болно.

Би уг байранд түр амьдран суухдаа аливаа хэл ам, төлбөрийн асуудалгүй, миний 1 эмэгтэй дүүгээс өөр хүн манайд ирдэггүй орон байранд хариуцлагатай амьдарч байсан болно. Анх гэрээ байгуулахдаа барьцаа болгон авсан 1,250,000 төгрөгийг гэрээний хугацаа дуусахад эргүүлэн өгнө гэж надад хэлж байсан. Тиймээс би барьцаа болгож өгсөн 1,250,000 төгрөгийг 1 сарын түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцуулах хүсэлтэй байна.

2020 оны 10 дугаар сарын 31-ний орой би тус байрыг суллаж дараагийн түрээслэгч болон Д.Д нарт хүлээлгэн өгсөн. Анх хүлээн авсан эд хогшил, байрны бүрэн бүтэн байдал зэрэгт ямар нэг өөрчлөлт, дутсан зүйл гараагүй тул барьцаа мөнгийг 1 сарын түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцуулах хүсэлтэй байна.

Д.Д нь миний удаа дараа тавьсан саналд тодорхой хариу өгөхгүй явсаар гэнэт 10 дугаар сарын 26-нд одоо байраа сулла, сарын 1,500,000 төгрөгийг гадаад хүн эсвэл Монгол хүн оруулахаар болсон гэж хэлсэн. Түүний хэлсний дагуу байрыг хүлээлгэн өгсөн.

Би Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж байгаад 2020 оны 6 дугаар сарын 26-нд ажлаас хууль бусаар чөлөөлөгдөж одоо миний ажлын асуудал Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж явж байна. мөн төрийн жинхэнэ албан хаагч учир төрийн албаны зөвлөлд хандан нааштай шийдвэрлэгдэхээр байгаа юм. Мөн үндсэн хөрөнгийн үнэлгээ хийдэг байсан. Дэлхий даяар үүссэн ковид-19 цар тахлын онцгой үе таарч миний болон миний харилцагч хувь хүн хуулийн этгээдүүдийн бизнесийн ажил зогсож нэмэлт орлого хаагдсанаар энэхүү нөхцөл байдал үүсээд байна. энэ тухай би Д.Дид удаа дараа хэлж гуйж байсан.

Би түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 4,250,000 төгрөгийг төлөх хугацаанд дээрх асуудлаар надад хугацаа олгооч гэсэн саналтай байна.

Коронавирус гарч улс орон даяар татварын болон бусад бүхий л чиглэлд хувь хүн бизнесийн байгууллагуудад хөнгөлөлт чөлөөлөлт улсаас олгож байсан. Харин би энэ үед түрээсийн төлбөрийг бага ч боловч хэмжээгээр бууруулж дор хаяж зуны 3 сард хасуулах хүсэлт хүртэл тавь байсан. Надад ийм боломж олгоогүй. Дээр дурьдсанчлан шалтгааныг харгалзан үзэж 4,250,000 төгрөгийг 2021 оны 1 дүгээр улирал хүртэл хэсэгчлэн хувааж барагдуулах саналтай байна. үлдэгдэл төлбөрийг ажилдаа эргэн орохоороо энэхүү төлбөрийг барагдуулна тул үүссэн төлбөрийн асуудлыг үнэн бодитоор, хугацааны хувьд харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч А.Н д холбогдуулан, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 9,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж гэрээний хугацаанд дутуу төлсөн 5,500,000 төгрөг, байрны цэвэрлэгээ, 150,000 төгрөг, матрас буйдан цэвэрлэгээ 120,000 төгрөг, 2020 оны 10 сарын байрны төлбөр 64,000 төгрөг/ашиглалтын зардал/ 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл илүү суусан 292,000 төгрөг, нийт 6,290,000 төгрөгөөс барьцаа төлбөр 1,250,000 төгрөгийг суутгаж, хариуцагчаас 5,040,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ багасахаас өмнө 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж, хөлслүүлэгч Д.Д нь өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 69-75 тоот хаягт оршин байрлах 3 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, сард 1,250,000 төгрөгөөр А.Н д хөлслүүлэхээр харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Гэрээний 4.2.6-д “байрыг хүлээлгэн өгөхдөө орон сууцыг анх хүлэн авсан байдалд нь оруулж цэвэрлэсэн байх”-г заасан байх боловч цэвэрлэгээтэй холбоотой зардлыг хэрхэн талаар талууд тохиролцоогүй тул байрны цэвэрлэгээ, 150,000 төгрөг, матрас буйдан цэвэрлэгээ 120,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Хэрэгт авагдсан, ОСНАА-н төлбөрийн нэхэмжлэх нэртэй хуудас нь аливаа байгууллагын тамга, тэмдгээр баталгаажаагүй тул төлбөр төлсөн баримт гэж үзэх боломжгүй, хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл илүү хугацаагаар суусан гэж үзэх үндэслэл нотлогдоогүй тул 2020 оны 10 сарын байрны төлбөр /ашиглалтын зардал/ гэх 64,000 төгрөг гаргуулах,  илүү хоног суусан төлбөр гэх 292,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгоно.

Гэрээний дагуу 1,250,000 төгрөгийг барьцаа болгож хөлслүүлэгчид өгсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон, гэрээний туршид нийт 15,000,000 төгрөгийг хөлслөгч төлөхөөр байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа барьцаа төлбөр 1,250,000 төгрөгийг суутгасан үндэслэлийг дүгнэхэд, гэрээний хугацаанд дутуу төлсөн төлбөрөөс суутгасан гэж үзэхээр байна.

Гэрээнд заахдаа, урьдчилгаа 3,750,000 төгрөг гэж дурьдсан байх боловч хариуцагч бэлнээр 3,750,000 төгрөг төлсний 1,250,000 төгрөг нь барьцаа 1,250,000 төгрөг, 2,500,000 төгрөг нь урьдчилгаа төлбөр мөн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.

Хариуцагч барьцаа 1,250,000 төгрөг, урьдчилгаа 3,750,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг тухайн үед төлсөн эсэхээ нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн үндэслэлд дурьдсан 2,500,000 төгрөгийн урьдчилгаа, 1,250,000 төгрөгийн барьцаа гэх тайлбарыг үгүйсгэхгүй. 

Хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтууд, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс үзэхэд, хариуцагч нь нийт 10,750,000 төгрөгийг хөлслүүлэгч талдаа шилжүүлсэн буюу төлсөн болох нь тогтоогдож байх тул гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 4,250,000 төгрөгийг түүнээс гаргуулж нэхэмжлэгчид олгон үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан, хариуцагч А.Н гаас 4,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 790,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,750 төгрөгийн 38,950 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 124,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н гаас улсын тэмдэгтийн хураамж 82,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА