| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/00119/И |
| Дугаар | 101/ШШ2021/02308 |
| Огноо | 2021-08-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2021/02308
2021 08 05 101/ШШ2021/02308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С С ” ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Н
Зээлийн гэрээний үүрэгт 38,339,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “С С ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “С С ” ХХК нь Б.Н тай 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр №2540 тоот зээлийн гэрээ байгуулан тус компанийн Голомт банк дахь 1245105048 тоот төгрөгийн данснаас Б.Н ын Голомт банк дахь 1205101421 тоот дансанд 38,339,400 төгрөгийг дансаар шилжүүлэн зээлийн гэрээний 3.2 дахь заалтын дагуу зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитоор гардуулсан болно.
Зээлийн гэрээний 2.5 дахь заалт буюу зээл олгосон хугацаа нь Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас санхүүжилт орж ирэх хүртэл хугацаатай гэж заасан боловч зээлдэгч нь нийслэлийн холбогдох газраас санхүүжилт авч чадах эсэх нь тодорхойгүй байна.
Зээлдэгч нь зээлийг эргэн төлөх арга хэмжээ авалгүй байсаар 1 жил 7 сар гаран хугацаа өнгөрч байгаа тул арга буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандаж байна.
38,339,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш хариуцагч нь 4,339,400 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн тул 34,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэв.
Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 02/515 тоот албан бичгээр орон сууцнаас сонгон авах байрны урьдчилгаа 30 хувийг "Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас санхүүжүүлэх боломжтой гэсэн зөвшөөрлийн бичиг гарч бүрдүүлэх бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. Ингээд Оюунчимэг, Мөнгөнсүх нар болон бид өөрсдөө хөөцөлдсөн боловч тодорхой хариу гаралгүй өдийг хүрч байна.
Ингээд байрны урьдчилгаа 38.339.400 төгрөгийг байр зарж борлуулж байгаа Оюунчимэг, Мөнгөнсүх нарын санал болгосноор “С С ” ХХК-иас зээлж аваад өгөхөөр тохирч 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2540 тоот зээлийн гэрээгээр урьдчилгаа мөнгийг зээлэн авч өгсөн. Уг гэрээнд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас санхүүжилт орж ирэхээр эргүүлэн төлөхөөр заагдсан байсан. Ингээд хөөцөлдөж явсаар жил гаран хугацаа өнгөрсөн байна.
Миний бие нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Чингис хаан банктай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж орон сууцны 8 хувийн зээлд хамрагдаж сард 750,000 төгрөг төлдөг юм. Миний бие нь сард 750,000 төгрөгийг 8 хувийн зээлд төлдөг учраас богино хугацаанд их хэмжээгээр төлөх боломжгүй болоод байна.
Нэгэнт газрын асуудал шийдэгдэхгүй удаж байгаа тул орон сууцны урьдчилгаа төлбөрт 2,000,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр 05-ны өдөр интернэт банкаар “С С ” ХХК-ийн дансанд төлсөн. Би сард 990000 төгрөгийн үндсэн цалинтай, иймд үлдэгдэл 36,339,400 төгрөгийг сар, сардаа боломжийн хирээрээ төлж барагдуулах болно.
Ковид-19 өвчинтэй холбогдуулан шүүх хуралд оролцох хүсэлгүй байгаа тул миний оролцоогүйгээр шүүх хуралдааныг хийнэ үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С С ” ХХК нь хариуцагч Б.Н т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 38,339,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлсөн хэмээн 4,339,400 төгрөгөөс татгалзаж, 34,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2540 дугаартай Зээлийн гэрээнээс үзэхэд, зээлдүүлэгч “С С ” ХХК нь зээлдэгч Б.Н т 38,339,400 төгрөгийг мөн өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай, хүүгүй, алданги тооцохгүйгээр зээлдүүлэхээр тохиролцсон байх ба зээлдүүлэгч нь 38,339,400 төгрөгийг зээлдэгчид дансаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Голомт банкны төлбөрийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцжээ.
Зээлийн гэрээний 2.5-д “Зээл олгосон хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс гэр хорооллын дэд бүтцийн газраас санхүүжилт орж ирэх хүртэл хугацаатай.”, 2.6-д “Эргэн төлөх нөхцөл: 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгана” гэж тус тус зааснаас үзэхэд, зээлдэгч Б.Н т гэр хорооллын дэд бүтцийн газраас санхүүжилт орж ирэх хүртэл, тодорхойгүй хугацаагаар зээл олгосон бус 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээл төлж дуусгах хугацааг тогтоосон гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Н аас 34,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С С ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, нийт 38,339,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 4,339,400 төгрөгт холбогдох хэсгийг төлж барагдуулснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 4,339,400 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,647 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н аас улсын тэмдэгтийн хураамж 349,647 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С С ” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА