Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 101/2020/02973/И

 

 

 

 

 

 

 

 

 

    2021       05         14                                     101/ШШ2021/01358         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 хотхон, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах, “СТ” ХХК,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Б овогт М.Ц,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Ө овогт М.А нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Г би 2013 онд “ЭД” ХХК одоогийн нэр нь “СТ” ХХК-д жолоочоор ажилд орсон. 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “СТ” ХХК-д ажиллаж байх хугацаандаа захирал М.Ц-тэй 0000 УБА улсын дугаартай Toyota Prius маркийн суудлын авто машиныг 8,000,000 /найман сая/ төгрөгеөр худалдан авахаар тохирч, төлбөрийг cap бүрийн цалин, нэмэгдэл хөлс зэргээс суутгуулахаар тохиролцсон.

Энэхүү компанийг гэр бүлийн хүмүүс болох эхнэр М.Ц, нөхер М.А нар хамтран ажиллуулдаг, энэ 2 хүний хэн нь гүйцэтгэх захирал гэдгийг иргэн миний бие олж мэдэх боломж байгаагүй.

“СТ” ХХК нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр  ажиллуулж байсан бөгөөд миний сарын цалинг 1,000,000 /нэг сая/ төгрөг байхаар тохирсон. Миний бие дээрх авто машины төлбөрийг өөрийн болон эхнэр Н.Ц-н цалингаас 17 capын хугацаанд давхар суутгуулж төлбөрийг бүрэн төлж дуусгасан.

Тус компанийн олон хууль бус үйлдэлтэй санал нийлээгүйн улмаас 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Д.Г өөрийн хүсэлтээр ажлаас гарсан.

Намайг ажлаас гарахад М.А нь 0000 УБА дугаартай авто машины төлбөрийн үлдэгдэл 1,038,000 /нэг сая гучин найман мянга/ төгрөг гэснийх нь  дагуу 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр захирал, менежер гэх М.А-н Хаан банк дахь ..... тоот данс руу уг мөнгийг шилжүүлсэн.

Энэ төлбөрийг М.А нь “СТ” ХХК-д шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Төлбөрөө төлж дуусгачихаад байхад машиныг миний нэр дээр шилжүүлээгүй.

Гэтэл 2019 оны 03 дугаар сарын сүүлээр тухайн авто машиныг “СТ” ХХК-ийн захирал М.Ц надаас авч явсан бөгөөд одоог хүртэл машиныг эргүүлж өгөөгүй байна.

Машиныг эргүүлж авах шаардлага тавьсан боловч уг машин нь М.А-н өмчлөлийнх, “СТ” ХХК-ийн хөрөнгө биш хэмээн тайлбарладаг.

“СТ” ХХК нь намайг хууран мэхлэж, надад итгэл төрүүлж, миний олон cap, жил хөлс хүчээ урсган ажилласан цалинг минь суутган авч байсанд гомдолтой байна.

Энэ асуудлаар өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гагцхүү хариуцагчийг буруу тодорхойлсон гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нар нь “СТ” ХХК болон Д.Г нарын хооронд машин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, төлбөр төлж байсан болохыг нотолдог бөгөөд энэ үйл баримт нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01463 тоот шийдвэрээр нотлогдоно.

2019 оны 12 дугаар сард “СТ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан боловч Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй болохыг Хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШЗ2020/00590 тоот захирамжаар хэрэгсэхгүй болгосон.

Ингээд “СТ” ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт өгч 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/01226 тоот шийдвэрээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагаа хийж 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №27з/3565 тоот албан бичгээр “СТ” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 хотхон, 0 дугаар байр, 0 тоот хаягийг тогтоож өгсөн.

Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн хуулийн этгээдийн лавлагаагаар “СТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Ц байх тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т: “Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна” гэж заасны дагуу тэрээр компанийн хүлээх үүргийг тодорхой хэмжээнд хариуцах ёстой гэж үзсэн.

“СТ” ХХК нь сарын 1,000,000 төгрөгийн цалингаас машины үнийг суутгахаар Д.Г-тай тохиролцсон хэлцэл 2016 оны 05 дугаар сард 8,000,000 төгрөг болсноор дуусгавар болох байсан. Үүнийхээ дагуу Д.Г нь 17 сарын хугацаанд буюу 2019.06 сарыг дуустал хугацаанд тэрээр уг компанид ажилласан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар тогтоогдоно.

Харин компани машинаа буцааж авсан тохиолдолд суутгуулсан цалингаа хэрхэх талаар тохиролцоогүй учраас цалин, хөлснөөс машины үнэд суутгуулсан 8,000,000 төгрөгийг буцааж авахаар шаардсан.

Хариуцагчаас гаргасан цалин хөлсний баримтууд үнэнтэй нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь цалин хөлсний баримтыг тухайн байгууллага хэдэн ч төгрөгөөр суутгаж авсан байдлаар гаргаж өгөх боломжтой. Анхны хэлцлээр цалинг сарын 1,000,000 төгрөгөөр тохиролцсон, үүнээс машины төлбөрийг суутгаж авснаар 2016 оны 05 дугаар сар гэхэд 8,000,000 төгрөг болно гэж тохирсон хэлцэл хийгдсэн.

Хариуцагч М.А нь нэхэмжлэгч Д.Г-аас машины үлдэгдэл төлбөрт шилжүүлж авсан 1,038,000 төгрөгийг хариуцагч “СТ” ХХК-д шилжүүлсэн гэж хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

М.А-н компани руу шилжүүлсэн 1,038,000 төгрөгийг Д.Г-ийн  төлбөрт тооцсон байна.

Хариуцагч нь машины элэгдэл, хорогдлын талаар тайлбарлаад байгаа боловч талууд түрээсийн гэрээ байгуулаагүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэгээд ч энэхүү эвдрэл гэмтлийг нотолсон зүйлгүй, үүнтэй холбоотой автомашин хүлээлцсэн акт ч хэрэгт өгөөгүй байна.

Д.Г машины үнийг төлчихсөн учир машиныг түүний өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ хариуцагч СТ ХХК биелүүлсэнгүй. Түүнээс гадна хариуцагчийн зүгээс 1,000,000 төгрөгийн цалинтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдгийг тайлбарласан. Ажил олгогч нь Д.Г-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг 500,000 төгрөгөөс тооцож төлөлт хийсэн гэдгийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн түүний эхнэрийнх нь цалингаас ч гэсэн мөнгө суутгасан байна.

2016 оны 5 сард М.А нь өөрийн Хаан банкны дансаар машины үлдэгдэл төлбөрийг шилжүүлэн авсан учир түүнийг хамтран хариуцагчаар татсан боловч тэрээр уг мөнгийг “СТ” ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагч М.А-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж байх тул хариуцагч “СТ” ХХК, М.Ц нараас авто машин худалдах, худалдан авах хэлцэлд төлсөн 8,000,000 /найман сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “СТ” ХХК, М.Ц, М.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Д.Г нь “ЭД” ХХК-д одоогийн “СТ” ХХК-д жолоочоор ажиллаж байсан ба 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр компанийн захирал М.Ц-тэй гэрээ хийж Приус 20 маркийн УБА 0000 улсын дугаартай машиныг 8,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохирч төлбөрийг 2016 оны 05 cap гэхэд барагдуулах, хэрэв тохиролцсон хугацаанд төлбөрөө бүрэн төлөөгүй, мөн ажлаас халагдсан тохиолдол /ямар нэг шалтгаангүйгээр/-д төлсөн мөнгийг буцааж авахгүйгээр гэрээ байгуулсан.

Ийнхүү тохиролцсон гэрээ буюу гар бичмэл нь хавтаст хэргийн 84 дүгээр хуудаст авагдсан. Энэ баримтныхаа доод талд хүүг нөхөн төлнө, 15 сараар төлсөн, мөнгийг ажлаас халагдах үед, ямар нэгэн шалтгаанаар гарах үед төлсөн мөнгийг буцааж авахгүй гэж тохиролцсон.

Д.Г 2016 оны 06 дугаар сард ямар нэг шалтгаангүйгээр ажлаа орхиж явсан, ингэхдээ машинаа аваад алга болсон.

Машины үнийг 8,000,000 төгрөгөөр тохирсон боловч Д.Г-ийн цалингаас болон М.А руу шилжүүлсэн 1,038,000 төгрөгтэй нийлээд 3,538,000 төгрөг суутгасан. Цалингийн суутгал хавтаст хэргийн 85 дугаар хуудаст авагдсан. Мөн хавтаст хэргийн 86 дугаар хуудаст авагдсан баримтаар эхнэр Н.Ц-н цалингаас 600,000 төгрөг суутгаж нийт 4,138,000 төгрөгийн суутгал хийгдсэн байна.

Анх автомашиныг 8,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон бөгөөд сайн ажиллах юм бол урамшуулал хэлбэрээр 2,000,000 төгрөг өгнө гэсэн аман тохиролцоо хийгдсэн болохоос 2,000,000 төгрөгийг Д.Г төлөөгүй гэсэн үг.

Д.Г-аас 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр М.А-д шилжүүлсэн 1,038,000 төгрөгийн баримт нь хавтаст хэргийн 13 хуудаст авагдсан.

 Бид 2019 оны 02 дугаар сард Д.Г-ийг олж уулзаад анх тохиролцсон 8,000,000 төгрөгөөс үлдсэн мөнгө болох 2,824,000 төгрөгийг төлөхийг шаардахад тэрээр шүүхийн гадаа машинаа цоожилж орхиод зугтаж явсан, тэр үед цагдаа дуудсан боловч ирээгүй тул бид машиныг орхиж явсан.

Д.Г нь тухайн үед Япон улсаас орж ирсэн буюу гаалиар орж ирсэн машин авсан. Тэрээр 2019 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа машинаа орхиод явахад нь машиныг нь авсан, машиныг 2015 оны 02 дугаар сараас 2019 оны 04 дүгээр cap хүртэл 4 жил 2 cap унаж, халтуур хийж амьдралаа залгуулж байгаад хэн ч авч ашиглах аргагүй 2 гуфер нь салчихсан, мяндсаар уячихсан, хаалга нь хаагдахгүй, багаж нь цоожгүй, араас нь орсон байдалтай болсон байсан ба эдэлсэн хугацааг төлсөн мөнгөнд нь тооцвол 4 жил 2 capыг  хоногт шилжүүлбэл 1500 хоног өөрийн эзэмшилдээ байлгаж, ашиглаж байсан.

Ингээд түүний төлсөн 4,138,000 төгрөгийг автомашиныг эзэмшилдээ байлгасан 1,500 өдөрт хувааж үзвэл өдөрт 3,450 төгрөгөөр унаж хэрэглэсэн гэсэн үг юм.

2019 оны 03 дугаар сард М.А-г хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ үедээ машиныг чинь буцааж өгье, машиныг авахгүй гэж байсан. Шүүхийн гадаа хаяад явсан машины түлхүүрийг шүүгчийн туслахаас авч автомашиныг миний бие өөрийн биеэр М.Ц-д аваачиж өгсөн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 1,038,000 төгрөгийг М.А нь “СТ” ХХК-д шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг гэж бичсэн байна. Түүнчлэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1395 тоот магадлалаар хариуцагч нь М.А биш гэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байгаа учраас М.Амгалан ямар ч мөнгө хариуцахгүй. Түүнээс гадна 1,038,000 төгрөгийг М.А-с нэхэмжилсэн учраас энэ мөнгийг компаниас гаргуулах хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

Д.Г нь ажлаас гарсан тохиолдолд өгсөн мөнгөө буцааж авахгүй гэж түүний өөрийнхөө гараар бичсэн баримт байдаг, машины төлбөрт 4.138.000 төгрөг төлсөн  бөгөөд машиныг 4 жил 2 сар буюу 1,500 хоног эдэлж хэрэглэсэн, элэгдэж хорогдуулсан, анх байсан байдалд нь буцаах ямар ч боломжгүй болгосон тул төлсөн мөнгийг буцааж өгөх боломжгүй.

Иймд М.А энэ хэргийн хариуцагч биш учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

М.Ц-н хувьд “СТ” ХХК-ийн үндсэн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэдэг. “СТ” ХХК, М.Ц нараас нэхэмжилсэн мөнгө үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч “СТ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Ц, М.А нарыг хамтран хариуцагчаар татсан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хариуцагч М.А-д холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан болно.

 

Хариуцагч “СТ” ХХК, М.Ц нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь тухайн үеийн нэр “ЭД” ХХК буюу одоогийн нэр “СТ” ХХК-д сарын 1,000,000 төгрөгийн цалин хөлстэй жолоочоор ажиллаж байхдаа тус компаниас Приус 20 маркийн 0000 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8,000,000 төгрөгөөр худалдан авах, ингэхдээ тээврийн хэрэгслийн үнийг 2015.02.11-ний өдрөөс 2016.05 сар хүртэлх 17 сарын хугацаанд өөрийн болон эхнэр Н.Ц-н цалин хөлснөөс суутгуулан төлөхөөр тохиролцож, үнийг төлсөн боловч өмчлөлд шилжүүлэн өгөөгүй, 2019.04 сард тээврийн хэрэгслийг буцаан авсан тул үнийг буцаан шаардсан гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Г ажлаас гарсан тохиолдолд дээрх тээврийн хэрэгслийн үнэд төлсөн мөнгийг буцааж авахгүй байхаар тохиролцсон хэлцэл хийгдсэн, тэрээр өөрийн болон эхнэр Н.Ц-н цалин, хөлснөөс 3,100,000 төгрөг суутгуулсан, М.А-д дансаар шилжүүлсэн 1.038.000 төгрөг, нийт 4.138.000 төгрөг төлсөн, тээврийн хэрэгслийг 4 жил 2 сар буюу 1,500 хоногийн хугацаанд эзэмшилдээ байлгаж ашигласан, анх байсан байдалд нь буцаан сэргээх боломжгүй болгосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч  “СТ” ХХК /тухайн үеийн нэр “ЭД”-д  жолоочоор ажиллаж байхдаа 2015.02.11-ний өдөр тус компанийн захирал М.Ц-тэй Приус 20 маркийн 0000 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, өөрийн сарын цалин, нэмэгдэл хөлснөөс үнийг суутгуулан компанид төлөх, ийнхүү үнийг төлснөөр өмчлөлдөө авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй.  

 

Дээрх үйл баримтаас үзэхэд “СТ” ХХКнь Приус 20 маркийн, 0000 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8,000,000 төгрөгөөр Д.Г-т худалдах, Д.Г нь үнийг өөрийн цалин, хөлснөөс төлөхөөр тохиролцсон байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д: “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5-д зааснаар хуулийн этгээд нь хууль болон үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлогдсон удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох учиртай.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3-д зааснаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэх бөгөөд хувь хүн гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.

 

Хариуцагч “СТ” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө “ЭД” ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан байх ба компанийн 100 хувийн хувьцааг эзэмшигч бөгөөд гүйцэтгэх удирдлагыг М.Ц хэрэгжүүлж байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

 /хх-ийн 43-45 тал/

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т: “Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар М.Ц-г татаж, түүнээс гэрээний үүрэг шаарджээ.

 

Хуулийн дээрх заалт нь хувьцаа эзэмшигчийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг буруутай хувьцаа эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцахыг зохицуулсан, өөрөөр хэлбэл компанийн дотогш чиглэсэн харилцаа байх ба уг зохицуулалт нь “СТ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч М.Ц уг хуулийн этгээдийг төлөөлөн бусадтай байгуулсан гэрээний үүргийг бусдын өмнө хариуцах зохицуулалт гэж үзэхгүй.

Дээр дурдсан байдлаас үзэхэд Д.Г болон “СТ” ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээнд М.Ц хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаагийн хувьд оролцсон болох нь тогтоогдож байх ба энэ нь Д.Г болон М.Ц нарын хооронд үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

0000 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч М.А болох нь Авто тээврийн Үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

/хх-ийн 87-99 тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Приус 20 маркийн, 0000 УБА улсын дугаартай автомашины өмчлөгч М.А байх ба хариуцагч “СТ” ХХК нь бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг Д.Г-т худалдахаар тохиролцсон, 2015 оны 02 сараас нэхэмжлэгч Д.Г-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн, 2019 оны 04 сард хариуцагч “СТ” ХХК буцааж авсан, Д.Г-ийн өмчлөлд шилжүүлээгүй болох нь тогтоогджээ.    

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д: “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь “СТ” ХХК-д тээврийн хэрэгслийн үнийг төлсөн боловч түүний өмчлөлд шилжүүлэн өгөөгүй, тээврийн хэрэгслийг буцаан авсан тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үнийг буцаан шаардсан нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Д.Г нь гэрээний үнэд 8,000,000 төгрөг төлсөн гэж, хариуцагч “СТ” ХХКнь 4,138,000 төгрөг төлсөн, тээврийн хэрэгслийг 4 жил 2 сар буюу 1,500 хоногийн хугацаанд өөрийн эзэмшилд байлгаснаас анхны байдалд буцаан оруулах боломжгүй болгосон гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь Приус 20 маркийн, 0000 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг анхны байдалд буцаан оруулах боломжгүй болсон гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/01463 дугаар шийдвэрээр хариуцагч М.А-с 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1395 дугаар магадлалаар хүчингүй болгож, М.А-с  8,000,000 төгрөг гаргуулах тухай Д.Г-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх ба магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

/хх-ийн 16-19 тал/

 

Дээрх шүүхийн шийдвэр, магадлалд Д.Г нь 2015.02.11-ний өдөр “ЭД” ХХК-иас Prius-20 маркийн, 0000 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8,000,000 төгрөгөөр худалдан авсан, үнийг 2016 оны 5 сард багтаан төлөхөөр тохиролцсон, тухайн үед автомашин нь М.А-н эзэмшилд бүртгэлтэй байсан, худалдагч компанийн нэр 2015 оны 06 дугаар сарын 05-наас “СТ” ХХК болж өөрчлөгдөн бүртгэгдсэн, нэхэмжлэгч нь машины үнэд 6,000,000 төгрөгийг цалингаасаа төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон болохыг дурдсан байна.

/хх-ийн 16-19 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т: “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заажээ.

Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч Д.Г нь Приус 20 маркийн, 0000 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэд 6,000,000 төгрөгийг хариуцагч “СТ” ХХК-д төлсөн болох нь тогтоогдсон гэж  үзсэн байх тул үүнийг дахин нотлохгүй юм.

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Д.Г нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,000,000 төгрөгийг хариуцагч “СТ” ХХК-д төлсөн, үлдэх 2,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Иймд хариуцагч “СТ” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч М.Ц-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн М.А-д холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “СТ” ХХК-иас 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч М.Ц-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч М.А-д холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч “СТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2020/18234 тоот захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь хэвээр байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ