Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2021/02365

 

 

 

 

 

 

 

      2021         08           12                                     101/ШШ2021/02365

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Х холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 9,300,000 төгрөгийн зээлийг гэрээг амаар байгуулж, мөнгийг хариуцагчид бэлнээр хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж үлдэгдэл 5,300,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохирч 2018 оны 6 дугаар сарын20-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцлийг бичгээр үйлдэн нотариатаар гэрчлүүлсэн болно. Гэвч хариуцагч нь дээрх хугацаанд зээлээ буцаан төлөөгүй тул үндсэн зээл 5,300,000 төгрөг*0,5 хувийн алданги=өдрийн 26,500 төгрөгөөр 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31—нийг хүртлэх хугацааны нийт алдангиас 2,650,000 төгрөгийг нэхэмжилж, хариуцагчаас 7,950,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байсан.

Нэхэмжлэлийн шаардлагаа 5,100,000 төгрөгөөр багасгаж байгаа тул нийт 2,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд  гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Д  нь хариуцагч Б.Х т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 7,950,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 5,100,000 төгрөгөөр багасгаж нийт 2,850,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Хариуцагч нь 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд  гаргаагүй.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ээс үзэхэд, төлбөр төлөгч Б.Х  нь 2016 оны 10 дугаар сарын 20-нд бэлнээр зээлж авсан 9,300,000 төгрөгийн үлдэгдэл 5,300,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөр авагч Ж.Д ид төлөх, тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хоног тутамд тооцож төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.

Талуудын байгуулсан төлбөр барагдуулах хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 232 дугаар зүйлийн 232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.232.4.-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги...” гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байх бөгөөд нотариатаар гэрчлүүлсэн, нотлох баримтын шаардлага хангажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдаж буй зээл, эргэн төлөлтийн талаар үгүйсгэж мэтгэлцээгүй тул төлбөр барагдуулах гэрээнд дурьдсан үйл баримт, талуудын хүлээсэн үүргийг бодьтой гэж үзэх, улмаар төлбөрийн үлдэгдэл, алданги гаргуулахаар шаардсан шаардлага нь дээр дурьдсанаар хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд тухайлан заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх үндэслэлтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Х аас 2,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Д ид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х аас улсын тэмдэгтийн хураамж 60,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Х т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.УНДРАА