Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Ч.Мөнхтуяа, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр,

иргэдийн төлөөлөгч М.Гэрэлмаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Д.Ганцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, 

хохирогч М.С, түүний хууль ёсны төлөөлөгч М.Б,

шүүгдэгч А.А,

иргэний нэхэмжлэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.А-д холбогдох 2416000020068 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын вагон засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн ****** сумын ******* багийн ****** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, Б овогт А-н А. 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.А-н 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумын ******** багийн нутаг дэвсгэр ****** гэх газарт М.Б-н гэрт согтуурсан үедээ хохирогч Б.С-н толгой руу нь ТОЗ-8 загварын буугаар буудаж түүний биед толгойд нь сум орсон гарсан нүх, гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, тархины дух хэсгийн үхэжсэн эд, дух ясны бяцарсан хугарал, хатуу хальсны урагдал буюу хүнд гэмтэл учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч А.А нь 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумын ******** нутаг дэвсгэр ******** гэх газарт М.Б-н гэрт согтуурсан үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогч Б.С-н толгой руу нь ТОЗ-8 загварын буугаар буудаж түүний биед толгойд нь сум орсон гарсан нүх, гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, тархины дух хэсгийн үхэжсэн эд, дух ясны бяцарсан хугарал, хатуу хальсны урагдал буюу хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь:

1. Хохирогч Б.С-н шүүх хуралдаанд өгсөн “... 2023 оны 12 сарын 02-ны өдөр би гэртээ ганцаараа үлдсэн. Манай аав ээж 2 Дэлгэр рүү явсан байсан. Өдөр нь малдаа явж байгаад А ахтай уулзаад орой нь доороос мотоцикл авч ирсэн. Тэгээд гэртээ ирээд уусан. Тэгээд л ууж байгаад гадаа гарч бие засах гээд явж байсан чинь араас буудсан... Одоо бараг асаргааны хүн болсон... Агар нэртэй архи уугаад монгол архи уусан... Муудалцсан зүйл байхгүй ... Би гомдолтой байна. Зүгээр байсан одоо ингээд бараг асаргаанд орчихсон байна. Би 12 сараас хойш бараг эмнэлгээр явж байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2. Хохирогч Б.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Гэрт А ах бид хоёр хоёулхнаа байсан юм. А ах өврөөсөө Агру билүү Агар бил үү тийм нэртэй архийг гаргаад ирсэн. А ах тэр архийг задлаад “хамт ууя” гэж хэлсэн. Бид хоёр тэр архийг задалж уугаад бараг дуусгасан. Би гэрээсээ гарч шээх гээд үүд рүү гэрийнхээ зүүн талаар алхаад илгүүрийн/эргэнэг/ тэнд очоод эргээд харсан чинь А нь намайг буудсан. Би тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг ухаан ороод сэрэхэд эмнэлэгт орон дээр хэвтэж байсан... А.А бид хоёр хоорондоо маргалдаж муудалцаж байсан асуудал байхгүй. Бид хоёр хоорондоо хувийн таарамжгүй харилцаа болон өс хонзонгийн асуудал байхгүй... А нь ямар шалтгааны улмаас намайг буудсан талаар мэдэхгүй байна. Манай аавын эзэмшлийн буу нь гэрийн баруун талын орны дээд талын шугуйд байсан юм ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-н шүүх хуралдаанд өгсөн “...2023 оны 12  дугаар сарын 22-ны шөнө ийм асуудал болсон байгаа юм. Би хүүхдээ үлдээчхээд Дэлгэр сум руу явж сургуулийн хүүхдээ харъя гэж бодоод эхнэр бид хоёр явсан. Тэгээд тэр шөнө нь ийм юм болоод 12 дугаар сарын 03-ны өглөө хагалгаанд орсон. Энэ хүүхэд тэрнээс хойш 6 сар эмчилгээнд явсаар байгаад ирлээ. Сэтгэл санааны хувьд жижиг хүүхэд шиг байгаа. Хүн харахад эрүүл юм шиг боловч их хэцүү, дүүгээ зодоод амраахгүй юм, сэтгэл санаа нь их л үймрээтэй байх юм... Мэдээд очиход толгой тархи нь цус болсон байдалтай л байсан... Шүүгдэгчийн зүгээс 14 сая төгрөг өгсөн нь үнэн ... Энэ хүүхэд ийм болсон байна. Хохирол их гарсан сэтгэл санааны юм байна ... Анх манай гэрт А-н эмээ орсон ... Өглөө нь хоёр хүүхэд зодоон хийсэн байна гэж хэлсэн... Эмч хэлэхдээ оюуны тархи гэмтсэн гэж хэлсэн... Нөхөн төлжих боломжгүй, хамгийн хохиролтой нь энэ гэж байгаа юм ... Хот явахад 500,000 төгрөг өгсөн. Нийт 14,500,000 төгрөг өгсөн .... энэ хоёр хоорондоо их сайн харилцаатай байсан. Нэг нэгнийдээ очиж унтаад байж байдаг байсан ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2023 оны 12 сарын 02-ны өглөө би эхнэр М-н хамтаар Дэлгэр сум руу бага хүүгээ иргэхээр явсан тухайн мал дээрээ манай дунд хүү Б.С ганцаараа үлдсэн ... 2023 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 11 цаг өнгөрөөд 12 цаг болж байх үед А.А-н ээж А миний өөрийн ******** дугаар руу өөрийнхөө ******* дугаараас залгаад “...танай хүү Б.С-н толгой түрүү нь улаан болчихсон зодолдсон бололтой байна...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэрийг сонсчихоод хажуу айлынхаа хөгшин Ю-н ******* дугаар руу залгахад Ю нь уйлаад олигтой юм ярихгүй байхаар нь би утсаа салгаад А руу буцааж залгаад “...эхнэр бид хоёр одоо Дэлгэр сумаас өөрсдийнхөө унаатай гарлаа. Та хоёр наанаасаа унаа олоод Хонгор толгой дээр хүрээд ир...” гэж хэлсэн. Би эхнэрийнхээ хамт Дэлгэр сумаас гараад Хонгор толгойн явж байхдаа 14 цагийн орчимд ******-т байдаг Б гэх хүн рүү залгахад Б-н эхнэр нь утсаа аваад “...бид хоёр сумын төвөөс гараад бригадын урд явж байна...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...та хоёр манайд очоодох. Манай хүү улаан толгойтой болсон гэж байна. Юу болсныг нь мэдээд утсаар яриадхаарай”... гэж хэлсэн ... Б нь миний утас руу залгаж орж ирээд “...цус нь бараг дуусчихсан юм шиг байна. Цус их гарсан байна. Тархинаас нь цагаан юм гараад байна...” гэж хэлэхээр нь “...тэгвэл эмнэлэг дуудаарай...” гэж хэлээд Н-н утасны дугаарыг өгсөн... Бид нар явсаар байгаад гэртээ 18 цагийн үед очсон юм. Гэртээ ороход зүүн талын илгүүрийн өмнө цус нэлийчихсэн байсан. Сумын төвөөс эмч нар ирээд шингэн дусал хийчихсэн, тарилга хийж байсан. 20 цаг байна уу, 21 цагийн үед шууд аймгийн төв рүү эмнэлгийн машин авч явахаар болоод гэрээс аймаг руу аваад явсан... Намайг гэртээ ороход гэрийн зүүн урд талд байх илгүүрийн урд цус нэлийчихсэн байсан. Жижиг шар авдар болон шар хивс зэрэгт цус болчихсон байсан ба манай хүүг гэрийн зүүн талын орон дээр хэвтүүлчихсэн эмчилгээ хийж байсан... Ямар нэгэн зодоон болсон юм ажиглагдаагүй ба гэрийн эд зүйл ундуй сундуй болсон зүйл ажиглагдаагүй... Намайг гэртээ ороход ямар нэгэн буу ил нүдэнд харагдаагүй... С-г аймаг руу авч явах гээд байж байхад сумын цагдаа Ю эмээгийнхээс бууг нь авчирч байгаа харагдсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/

5. Гэрч Ж.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Гэртээ ороход гэрийн зүүн талаар илгүүрийн/эргэнэг/ өмнө хэсэгт цус гоожоод нөжирчихсөн байсан. Мөн гэрийн зүүн талын хойд авдрын өмнө хивсний нэг хэсэг нь цус болчихсон байсан. Хүн харахын аргагүй юм байсан. Манай хүүхдийн нүүрэн хэсэг нь тэр чигээрээ цус болчихсон, танигдахын аргагүй болсон байсан. Тэнд эмч нар нэлээд удаад эмч тариа хийгээд байсан. Тэгж байгаад аймгийн төв рүү эмнэлгийн машинд хүүгээ авч яваад аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 дээр ирээд, эмчийн хяналтад байлгаж байгаад маргааш нь тархины хагалгаанд орсон... Аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт ухаан орсон. Би тэр үед хүүдээ эм өгөөд байж байсан чинь С нь “...хэлсэн байгаад үзээрэй. Ална шүү, та нар хэлж болохгүй шүү. Би айж байна...” гэж хэлсэн. Би тухайн үед хүүгээсээ “...юу болсон юм бэ? миний хүү” гэхэд С нь “наана хүн алах гэж байхад юун эм” гэж хэлсэн. Би өдрийг нь санахгүй байна. Манай хүү С нь “Намайг буудсан” гэж хэлсэн. Би лавлаад асуухаар огт юм дуугарахгүй. Айсан шинжтэй нүд нь эргэлдээд байгаад байсан ... Манай гэрт Агар нэртэй архи байхгүй. Харин гэрийн зүүн талын орны доод хөлд 2 литрийн цагаан саванд монгол архи, бас нэг саванд бага зэрэг дундуур савтай архи байсан. Мөн жижиг 0,5 литрийн савтай монгол архи байсан ... Манай хүү С нь ямар нэгэн уур уцаартай, сонин зан араншин гаргаад байдаггүй, аав, ээжийнхээ үгнээс гардаггүй хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг./1-р хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/

6. Гэрч Л.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Нөхөр бид хоёр сумаас гараад айлд хүүхдээ үлдээгээд Б-н гэрт нь 14 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд Б-н гэрийн зүүн талд гадаа А нь сууж байгаад бид хоёртой мэнд асуусан. Тэгээд гэр рүү ороход гэрийн зүүн талын илгүүрийн тэнд нил цус болчихсон байсан ба С нь гэрийн зүүн хойд талын авдрыг түшээд хэвтчихсэн байсан. С-г дуудаад “Хүүе та нар чинь юу болчихов оо” гэж асуухад С хариу хэлэхгүй байсан ба А “харин мэдэхгүй байна. Ийм юм болчихлоо, намайг эмээ ирж сэрээлээ” гэж хэлсэн. Би нөхрийн хамт С-г босгоод авдар түшүүлээд суулгах гэсэн боловч хажуу тийшээ уначих гээд байхаар нь гэрийн зүүн талын орон дээр хэвтүүлсэн. Тэгээд гутлыг нь тайлахад хөл нь хүйтэн байсан. Би тэгээд гал түлж, цай чанасан. Бид хоёр тэгээд доод айл руу нь очиж утсаар Б-тай яриад болсон явдлын талаар хэлээд бид хоёр явлаа гэж хэлэхэд Б “та хоёр алсыг нь хараад байж бай. Бид хоёр Хонгор толгой орж явна” гэж хэлсэн. Бид хоёр буцаж ирээд С-т хоёр аяга цай өгөхөд буцаагаад бөөлжөөд гаргасан. Бид хоёр тэгээд Б ирэх хүртэл А-тай хамт байсан. Сумын төвөөс эмч ирэхэд 17 цаг өнгөрчихсөн байсан. Эмч ирээд шууд эм тариагаа хийж эхэлсэн. Нэг их удалгүй Б эхнэртэй хамт ирсэн ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/

7. Гэрч Д.Ю-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би өглөө 07 цагийн үед босчхоод гэртээ цас хайлсан юм. Манай зээ хүү ирэхгүй болохоор нь би өөрийнхөө гэрээс 10 цаг 30 минутын орчимд гараад Б-н байдаг газар руу ганцаараа алхаад 11 цагийн үед гэрт нь ирсэн. Гэрийнх нь үүдээр ороход манай зээ хүү гэрийн баруун талын орон дээр унтаж байсан ба Б.С зуухныхаа зүүн талд сөхрөө үүд хараад суучихсан, гартаа буу барьчихсан, нүүр, гар нь цус болчихсон, хулдаас нь нил цус болчихсон байсан. Би тэгэхээр нь “Ээ чааваас гэж, юу болох чинь тэр вэ” гэж хэлээд бууг нь булааж аваад, гартаа бариад уйлсан юм. Би зээ хүү А-г дуудаж сэрээхэд А нь “Та чинь яах гэж уйлаад байгаа юм. Наад буугаа тавиач пизда минь” гэж хэлсэн. Би тэгээд Б-н гэрээс бууг нь аваад гарч байснаа санаж байна. Яаж гэртээ ирснээ мэдэхгүй байна. Ямар ч байсан би гэртээ ирэхдээ бууг нь бариад ирчихсэн байсан. Би гэртээ ирээд охин А руугаа утсаар ярьж, Б.С өөрийгөө буудчихсан байна гэж хэлсэн. Удалгүй Б утсаар залгаад орж ирээд юу болсон талаар асуухад би болсон явдлын талаар хэлсэн юм. Би тэгээд гэрээсээ буцаж ирээд Б-н малыг нь туугаад шууд явсан юм ... Намайг гэрт ороход миний хөлд архины шил тааралдсан юм. Тэгээд би энэ хоёрыг архи уусан юм байна гэж бодож байсан. Архины шил гэрийн баруун талын орны тэнд байсан юм ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас/

8. Гэрч С.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Хэргийн газарт очиход гэрийн гадна А, С, Х гэх хүмүүс сууж байсан. Гэрт ороход О гэх эмэгтэй цай чанаад сууж байсан. Гэрийн зүүн орон дээр С-г хөнжлөөр хучсан, толгой нүүр хэсэг нь их хэмжээний цус болсон хэвтэж байсан. Тэгээд сумын эмч амин үзүүлэлтийг нь үзээд, тариа хийсэн. Сумын их эмч С “Б.С-н тархи нь гоожсон байна аймгаас эмнэлгийн бүрэлдэхүүн дуудахгүй бол болохгүй” гэж хэлсэн. А-с юу болсон талаар асуухад “өнгөрдөг шөнө С-тай хамт энэ гэрт хоносон. Өчигдөр орой зүгээр унтсан. Өглөө сэрэхэд ийм асуудал болсон байсан. Би юу болсон талаар мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд сумын эмч С-тай хамт утсаар ярих гээд А.А-н эмээ Ю гэх айл руу явсан. Ю гэх айлд ороход гэрээсээ нэг ТОЗ-8 загварын буу гаргаж ирсэн. Юун учиртай буу болох талаар нь асуухад “өглөө хүүхдүүдийг ирэхгүй болохоор нь М.Б-н гэрт очсон чинь Б.С-н толгой нүүр нь цус болсон, сумгүй буу гартаа барьсан цэнэглээд гохыг нь дараад сууж байсан” гэж хэлсэн. Тэгээд Ю гэх айлаас суурин утсаар нь хэсгийн төлөөлөгч Ш.Б рүү залгаад болсон асуудлын талаар мэдэгдэж аймгийн төвөөс бүрэлдэхүүнд дуудсан. Сумын эмч С аймгийн эмнэлгээс хагалгааны баг дуудсан. Тэгээд Ю гэх хүний гаргаж өгсөн бууг аваад хэргийн газарт буцаж очоод С-н толгой  хэсгийг нь үзэхэд баруун чамархай хэсэгт сум орсон байх магадлалтай жижиг нүх, духны зүүн дээд хэсэгт том хэмжээтэй нүхтэй тухайн нүхээр тархи нь гоожсон байдалтай байсан. Баруун нүд нь хавдаад хаагдсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй... Хэргийн газрыг цэвэрлэх талаар хэнд ч үүрэг чиглэл өгсөн зүйл байхгүй, сумын эмч эмчилгээ хийх үедээ тарианы цаас, шил, зүү тариур зэрэг эд зүйлсийг ойр орчимд нь хаясан байсан тул тэр эд зүйлээ цэвэрлэ гэж хэлсэн... Тухайн хэрэг учрал болсон гэж газар нь сүлжээгүй байсан учир би сүлжээ рүү яваад С-н толгойд сумны шарх байж магадгүй байна гэдгийг хэлээд буцаад ирэх үед хэрэг учрал болсон гэр дотор байсан нөжирсөн цус болон, цус арчсан нойлын цаас, С-н толгойноос гарсан байсан цагаан юмыг цэвэрлэсэн байсан. Хэн цэвэрлэснийг нь мэдэхгүй байна... “ гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 136-138 дугаар хуудас/

9. Гэрч И.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хэрэг учрал болсон гэх газар нь ***** сумын ***** оршин суух Б гэх айлын өвөлжөө газар байсан. Хэргийн газарт очиход А, С гэж дууддаг Б гэх хүн, Х, О гэх хүмүүс байсан. Гэрийн зүүн орон дээр Б.С хөнжлөөр хучсан, толгой нүүр, гар хэсэг нь их хэмжээний цус болсон, духны зүүн дээд хагархайгаас тархи мэт цагаан зүйл гоожсон байдалтай хэвтэж байсан. Гэрийн зүүн орны урд хэсэгт тархи мэт цустай цагаан зүйл гоожсон, зүүн хоолны шкафны урд хэсэгт тунаж нөжирсөн их хэмжээний цус байсан...  Артерийн даралт баруун гартаа 120/80, зүүн гартаа 110/70, зүрхний цохилтын тоо 1 минутад 111, захад ирэх хүчилтөрөгчийн хэмжээ 94 хувьтай, амьсгалын тоо 1 минутад 20 байсан...  Б.С-н толгойн баруун чамархай хэсэгт жижиг нүхтэй шархтай, тухайн шархнаас цус гарсан байдалтай, баруун нүд хавдаж хаагдсан, духны зүүн хэсэгт хагархай ил шархтай, түүгээр цус болон тархи гоожиж байсан. Өөр ил харагдах гэмтэл шархгүй, нүүр, толгой хэсгийн цус нь хатаж наалдсан байдалтай байсан. Б.С-н биед цус тогтоох, судас хамгаалах, өвдөлт намдаах, унтуулах, тайвшруулах, халдвараас сэргийлэх, даралт унагаахгүй зорилгоор гормон эмчилгээнүүдийг хийсэн ... Гэрт анх очиход буу ил харагдахгүй байсан. Сүлжээнд гарах гээд Ю гэх айлд очих үед нэг буу гаргаж ирсэн. Тухайн бууны гол төмрийн үзүүр хэсэг, онгоц модны хойд хэсэг нь цустай харагдаж байсан. Тухайн бууг сумын цагдаа аваад хэрэг болсон гэрт авч очиж тавьсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 141-143 дугаар хуудас/

10. Говь-Алтай  аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 07 дугаартай “...Б.С-н биед баруун чамархайд зөв дугариг хэлбэртэй, эдийн дутагдал үүссэн гавлын хөндий рүү нэвтэрсэн шархтай, /сумны орсон нүх/ шархны доод хэсэгт цус хуралт, духны зүүн талд зүүн хөмсөгнөөс дээш 3 см орчим зайд тархины эд ил гарсан зах ирмэг тэгш бус шархтай. / сумны гарсан нүх/. Тархины дух хэсгийн үхэжсэн эд, бяцарсан яс, гадны биет авч цус тогтоон угааж, урагдсан хатуу хальс гуянаас авч нөхөх мэс заслын дараах байдал. Баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтлүүдээс баруун нүдний доод зовхинд үүссэн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ бусад гэмтлүүд нь галт зэвсгийн үйлчлэлээр үүснэ ... Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл болно... Дээрх гэмтлүүдээс нь сумны орсон гарсан нүх, гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, тархины дух хэсгийн үхэжсэн эд, дух ясны бяцарсан хугарал, хатуу хальсны урагдал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун нүдний доод зовхинд үүссэн цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... Бага калибрын хошуут сумны ойрын зайн нэг удаагийн буудалтаас үүссэн байх боломжтой ...” гэх дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 166-168 дугаар хуудас/

11. “...Сэжигтэй этгээд болох А.А-г албаны ******* УБР дугаартай тээврийн хэрэгсэлд 09 цагаас эхлэн цагдаагийн албан хаагчаар харгалзуулан баруун хойд талын хаалганы хажууд суулгасан... 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 13 цаг 20 минутын үед ***** УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун тал буюу жолоочийн эсрэг талын хойд хаалганы шалавчны хажуугаас сумны хонгио илрүүлэн... гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн агуулгатай мэдээлэл бүхий хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 7-19 дүгээр хуудас/

12. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гал  зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, шинжээч цагдаагийн хошууч Б.Түвшинбаатарын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 89 дугаартай “... Шинжилгээнд 1 гэж дугаарласан сангийн анги 86N1460 дугаартай, замаг 12769 дугаартай буу доргилт цохилтын нөлөөгөөр буудлага үйлдэх боломжгүй. Харин 2, 3 гэж дугаарласан сангийн анги 5256 дугаартай, замаг 10621 дугаартай, сангийн анги Я5870 дугаартай, замаг 13890 дугаартай 2 ширхэг буу доргилт цохилтын нөлөөгөөр буудлага үйлдэх боломжтой... Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 86N1460 дугаартай, замаг 12769 дугаартай бууны сумны байрт байсан 1 ширхэг хонгио нь сангийн анги 86N1460 дугаартай, замаг 12769 дугаартай галт зэвсгээр буудагдсан байна ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 174-187 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн өмгөөлөх болон яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж хэрэгт авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно гэж хуульчлан тайлбарлажээ. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ТОЗ-8 загварын буу нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай ба галт зэвсэгт хамаарч байх тул дээрх хуулийн тайлбарын зэвсэг гэх ойлголтод хамаарахаар байна.

Шүүгдэгч А.А-н үйлдэл нь санаатайгаар хүний биед халдан, толгойн тус газарт нь буудаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал, шүүгдэгч А.А хохирогч руу онилон шууд буудлага хийсэн болох нь хохирогч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн “...Би гэрээсээ гарч шээх гээд үүд рүү гэрийнхээ зүүн талаар алхаад илгүүрийн/эргэнэг/ тэнд очоод эргээд харсан чинь А нь намайг буудсан...” гэх мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтэл болон хэргийн газрын нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрч шүүгдэгчийн эмээ Д.Ю болон анхны тусламж үзүүлсэн И.С, дуудлагаар хэргийн газар анх ажилласан цагдаагийн албан хаагч С.Ч болон Л.О нарын мэдүүлэг, бууны сум баруун чамархай хэсгээр орж зүүн духны ар хэсгээр гарсан байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, “1 ширхэг хонгио нь сангийн анги 86N1460 дугаартай, замаг 12769 дугаартай галт зэвсгээр буудагдсан байна” гэсэн хэргийн газраас олдсон буу болон хонгионд хийсэн криминалистикийн шинжээчийн дүгнэлт, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13 цаг 20 минутын үед 12 79 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун тал буюу жолоочийн эсрэг талын хойд хаалганы шалавчны хажуугаас сумны хонгио илрүүлсэн... уг албаны автомашинд 09 цагаас эхлэн А-г цагдаагийн албан хаагчаар харгалзуулан байлгасан...” гэх агуулгатай мэдээлэлтэй хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар  хөдөлбөргүй  тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Уг хэрэгт ТОЗ-8 загварын 3 ширхэг буу хураан авч шинжилгээ хийсэн бөгөөд хохирогчийн биеэс авсан метальтай  адилтгалын шинжилгээ хийх боломжгүйгээс шалтгаалан яг аль буугаар буудан хохирогчийн биед гэмтэл учруулсныг тогтоогоогүй бөгөөд энэ нь шүүгдэгчийн эмээ болох гэрч Ю нь хэргийн газраас галт зэвсгийг авч явсан, хэргийн газарт үзлэг хийхээс өмнө орчныг цэвэрлэсэн зэргээс шалтгаалан аль галт зэвсгийн буудалтаас гэмтэл учирсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй болгосныг тайлбарлах нь зүйтэй. Мөн буудлага үйлдсэн бууны урт, хохирогчийн биед учирсан шархны байрлал, сумны орсон гарсан нүхний чиглэл зэрэг нь хохирогч өөрийгөө буудсан байж болох нөхцөл байдлыг үгүйсгэж байна.

Шүүхээс  шүүгдэгч А.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэхдээ иргэдийн төлөөлөгчийн “...архидан согтуурснаас болж А хийсэн үйлдлээ хянах чадваргүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж бодож байна...” гэсэн саналыг харгалзан үзсэн болно.

“...Дээрх галт зэвсгийн эзэмшил ашиглалттай холбоотой хууль зүйн хариуцлага хүлээх... буудлага үйлдэгдсэн зай...” зэрэг нь энэ гэмт хэргийн эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээ, хүрээнээс хэтрэх тул шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх дүгнэлтийн хүлээн аваагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

2.  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал болон учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор

1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /2-р хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

3. Иргэний нэхэмжлэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Эрүүл мэндийн даатгалын сангаас гэм буруутай этгээд нь 16,171,500 төгрөг заавал төлөх ийм үүрэгтэй байдаг. Хохироосон этгээд 14,000,500 төгрөгийг өгсөн гэж байна. Тэгэхээр 16,171,600 төгрөгт эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх зардал багтсан байгаа. Эмнэлгээр үзүүлсэн эм тариа болон тухайн иргэнтэй холбоотой бүх зардал багтсан байдаг учраас энэ зардлыг Эрүүл мэндийн даатгалын санд заавал нөхөн төлүүлэхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

4. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч, З.Амар-Амгалан, Э.Мөнхнаран нарын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 416 дугаартай “...Б.С-н сэтгэцэд 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна ... Б.С-н биед тархины гэмтлийн шалтгаант эмгэг F06.7 оношлогдож байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэглэлд хамаарна ...” гэх дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 228-231 дүгээр хуудас/

5. Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн гэмт хэргийн улмаар учирсан хохирол  хор  уршигтай холбооттой гаргаж өгсөн баримтууд. /2-р хавтаст хэргийн 90-124/

6. Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн түүний эзэмшлийн дансны хуулга 2 хуудас, Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтын хуулбар.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн В.А-н дансны хуулбар 2 хуудас гэсэн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч А.А-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа шүүх харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч А.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд хохирогчийн биед тархины хүнд гэмтэл учирч, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хорих ялаас хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Шүүх галт зэвсгээр үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, хохирогчийн биед учирсан тархины гэмтэл түүний үлдэц хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих  ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.А-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С-н эрүүл мэндэд хүнд хохирол, сэтгэцэд 4 дүгээр зэрэглэлийн хор уршиг учирсан бөгөөд хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болон баримтаар 8,972,682 (найман сая есөн зуун далан хоёр мянга зургаан зуун наян хоёр) төгрөгийг,  хохирогчид эрүүл мэндийн байгууллагын зүгээс үзүүлсэн тусламж үйлчилгээний төлбөрт 16,171,600 (арван зургаан сая нэг зуун далан нэгэн мянга зургаан зуу) төгрөгийг иргэний нэхэмжлэгчийн зүгээс тус тус нэхэмжилсэн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой дээрх нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэлээ.  

1. Улсын дээд шүүхээс баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дугаар зүйлд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг журмаар баталсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэргийн хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээнд нөлөөлж болох дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр, мөн журмын 4 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр 4 дүгээр зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23(хорин гурав) дахин нэмэгдүүлснээс 45,99(дөчин тав зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнгээр тооцон гаргуулахаар зохицуулжээ. 

Иймд хохирогчид учирсан гэмтэл хор уршиг, үлдэц, эдгэрэлт, хохирогчийн насны байдлыг харгалзан Хөдөлмөр Нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000(зургаан зуун жаран мянга) төгрөгийг  44(дөчин дөрөв) дахин нэмэгдүүлж хохирогч Б.С-н сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 29,040,000 (хорин есөн сая дөчин мянга) төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнөх шатанд гарсан зардлыг мөрдөгч, прокурор, шүүхийн шатанд гарсан зардлыг шүүгч тус тус тооцож, тухай бүр тэмдэглэл үйлдэн баталгаажуулна. Мөрдөгч, прокурор, шүүгч зардлыг баталгаажуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос бичгээр гаргасан нэхэмжлэлийг харгалзаж болно.” гэж, 3.2-т “Мөрдөгч, прокурор, шүүгч энэхүү журмын 3.1-д заасан тэмдэглэлийг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын маягтыг бөглөн тухайн байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн дарга, эсхүл дээд шатны даргаар хянуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана” гэж, 3.3-т Мөрдөгч, прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаарх баримт, маягтыг энэхүү журмын 3.2-т заасны дагуу хавтаст хэрэгт хавсарган прокурор, шүүхэд шилжүүлнэ” гэж, 3.6-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал тооцоогүй, эсхүл хавтаст хэрэгт тусгаагүй тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэхэмжлэх эрх үүсэхгүй” гэж, 3.7-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг буруутай этгээдээс гаргуулах тухай шийдвэрийг гаргахдаа энэхүү журмын 3.1, 3.2-т заасан мөрдөгч, прокурор, шүүгчийн тэмдэглэл, маягт, тэдгээрт хавсаргасан нотлох баримтын эх сурвалжид үндэслэнэ.” гэж тус тус зохицуулсан байна. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан бол мөрдөгч, прокурор дээрх баримтуудыг үйлдэн хэрэгт хавсаргахаар, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргасан бол шүүгч хийхээр зохицуулсан гэж ойлгоно.

Гэтэл хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нарийвчлан тооцож үйлдсэн мөрдөгч, прокурорын тэмдэглэл, зардлын албан ёсоор баталгаажуулсан маягт хийгдээгүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон мөнгө төлсөн баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн боловч уг гэрээний төлбөрийг аль шатанд ямар байгууллагын төсвөөс төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль нэг шатанд гарсан тохиолдолд тухайн байгууллагын төсвөөс зарцуулагдаад холбогдох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэн гаргуулдаг зохицуулалт бүхий ойлголт юм. Иймээс хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 8,972,682 (найман сая есөн зуун далан хоёр мянга зургаан зуун наян хоёр) төгрөгийн нэхэмжлэлээс ламаар ном уншуулсны төлбөр 670,000 (зургаан зуун далан мянга) төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 3,000,000(гурван сая) төгрөг, нийт 3,670,000 (гурван сая зургаан зуун далан мянга) төгрөгийн нэхэмжлэл нь шүүгдэгчийн учруулсан хохирол, хор уршигтай холбоотой зайлшгүй гарах зардалд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож, эмчилгээ сувилгаа, замын зардалтай холбоотой баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан энэ хэрэгт хамааралтай гэж шүүх үнэлээд 5,302,682(таван сая гурван зуун хоёр мянга зургаан зуун наян хоёр) төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үүнд дээр сэтгэцэд учирсан хохирлын  29,040,000 (хорин есөн сая дөчин мянга) төгрөгийг нэмж, нийт 34,342,682(гучин дөрвөн сая гурван зуун дөчин хоёр мянга зургаан зуун наян хоёр) төгрөгөөр тогтоолоо.

Шүүгдэгч нь шүүхийн өмнөх шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 14,000,000(арван дөрвөн сая) төгрөг төлсөн тул нийт хохирлоос хасаж, 20,342,682(хорин сая гурван зуун дөчин хоёр мянга зургаан наян хоёр) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэв.

Мөн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хор уршиг бүрэн арилаагүй бөгөөд цаашид эмчилгээ сувилгаа зайлшгүй шаардлагатай байх тул цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн эрхийг нээлттэй үлдээсэн болно.

3. Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч А.А-д гэмтлийн гаралтай өвчний улмаас 16,171,600 (арван зургаан сая нэг зуун далан нэгэн мянга зургаан зуу) төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байх тул нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох үндэслэлтэй байна.  

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохиролд 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөг төлсөн, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүх хуралдаанд шүүгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 2 хуудас баримт, хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 3 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5256 гол төмрийн дугаартай, 10621 дугаартай замагтай ТОЗ-8 загварын  бууг 041120 дугаартай галт зэвсгийн гэрчилгээ, 1 ширхэг хонгионы хамтаар устгуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад, шар цоохор өнгийн хивс нэг ширхэг, “Агар” нэртэй архины шил нэг ширхэг, цэнхэр өнгийн алчуур нэг ширхэг, улаан хүрэн өнгийн алчуур нэг ширхэг, гарын арван хурууны хумс, арчдас зэргийг устгуулахаар Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус шилжүүлж, “Redmi” загварын гар утсыг хохирогч Б.С-т олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч А.А-г 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч А.А-с 16,171,600 (арван зургаан сая нэг зуун далан нэгэн мянга зургаан зуу) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд,  20,342,682 (хорин сая гурван зуун дөчин хоёр мянга зургаан зуун наян хоёр) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.С болон түүний хууль ёсны төлөөлөгч М.Б нарт олгож, 3,670,000 (гурван сая зургаан зуун далан мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээ сувилгаатай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохиролд 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөг төлсөн, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүх хуралдаанд шүүгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 2 хуудас баримт, хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 3 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5256 гол төмрийн дугаартай, 10621 дугаартай замагтай ТОЗ-8 загварын  бууг 041120 дугаартай галт зэвсгийн гэрчилгээ, 1 ширхэг хонгионы хамтаар устгуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад, шар цоохор өнгийн хивс нэг ширхэг, Агар нэртэй архины шил нэг ширхэг, цэнхэр өнгийн алчуур нэг ширхэг, улаан хүрэн өнгийн алчуур нэг ширхэг, гарын арван хурууны хумс, арчдас зэргийг  устгуулахаар Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус шилжүүлж, “Redmi” загварын гар утсыг хохирогч Б.С-т олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Г.МӨНХТУЛГА

                                                                              ШҮҮГЧИД                          Ч.МӨНХТУЯА

                                                                                                                          А.ЭНХБААТАР