Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2021/02562

 

 

 

 

 

                                                2021        08          30

                     101/ШШ2021/02562

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, СОТ 2-1 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Монхор овогт А.Д /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгой, 44 дүгээр гудамж, 0 тоотод оршин суух, Тавуд овогт А.Л/рд:0/-д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12,962,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасны дагуу “Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл”- ийг үндэслэн иргэний хэрэг үүсгэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан болно. Хариуцагч А.Лг 2007 оноос таньдаг байсан. Тэрээр эхнэр, 3 хүүхэдтэй байсан бөгөөд эхнэр хүүхдээсээ салчихсан, би чамтай хамт амьдарна, гэр бүл болж хамтран амьдарна гэдэг байсан. Намайг Япон улсад байх хугацаанд Монголд А.Л хамт амьдрах орон байр бэлдэж байгаа, хашаа байшин барина, машин авна, махны наймаанд мөнгө дутчихлаа, мөнгө хэрэгтэй байна гэх зэргээр удаа дараа надаас мөнгө авч байсан. Надаас авсан мөнгийг А.Л нь өөр хүний дансанд хийлгүүлж авдаг байсан ба миний бие дараах байдлаар А.Лд мөнгө дансаар шилжүүлж байсан.

А.Л нь 2017 оны 09 сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөгийг байшингийн суурь тавих цемент, элс хайрга авна гэж эгч А.Отгонлхамынхаа дансаар, 2017 рны 10 дугаар сарын 27-ны өдөр машинтай осол орсон гэж өөрийнхөө дансаар 3,000,000 төгрөгийг, 2017 оны 11 сарын 09-ний өдөр мах худалдаж авна гэж хамт ажиллаж байсан С.Цэцэгээгийн дансаар 800,000 төгрөгийг, 2018 оны 03 сарын 07-ны өдөр байшингийн хаалга, дээврийн төмөр сараалжин хашааны мод ажил хийж байгаа хүмүүсийн цалин хоол ундны мөнгө гэж эгч А.Отгонлхамын дансаар 130,000 төгрөг, Отгонлхамын охин Жаргалмаагийн дансаар 620,000 төгрөг, Тунгалагтамирын дансаар 802,500 төгрөг, Ичинхорлоогийн дансаар 85,000 төгрөг, О.Отгонлхамын дансаар 100,000 төгрөг, 2018 оны 02 сарын 08-ны өдөр  өөрийнхөө дансаар 240,000 төгрөг, 331,500 төгрөг, 750,000 төгрөг, 523,000 төгрөг тус тус авсан.

Мөн намайг Япон улсад байхад А.Лд мөнгө хэрэгтэй гээд би Монгол Шуудангаар 15,000 иен (Монгол мөнгөөр 320,000 төгрөг болсон) явуулсан. Мөн Японоос мөнгө шилжүүлдэг хүнээр дамжуулан дараах байдлаар А.Лд мөнгө дансаар шилжүүлж байсан. 2018 онд А.Лгийн ах нь өндрөөс унаад бэртсэн гээд 1,500,000 төгрөгийг бэлнээр авсан, банзны мөнгө гээд 2,050,000 төгрөгийн АТМ-ээр данснаас гаргуулж, бэлнээр авсан, бас бэлнээр 500,000 төгрөг авсан. Дээрх А.Лгийн надаас авсан мөнгөнүүд нийт 12,752,000 төгрөг болсон.

Нэхэмжлэгч миний бие нь А.Лд шилжүүлсэн 12,752,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.1.2-д зааснаар А.Лгээс буцаан гаргуулах эрхтэй гэж үзэж байна. Иймд А.Лд үндэслэлгүйгээр шилжүүлсэн 12,752,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 210,600 төгрөг, нийт 12,962,600 төгрөгийг хариуцагч А.Лгээс гаргуулж, нэхэмжлэгч А.Д надад олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бидний дунд ямар нэг байдлаар зээлийн гэрээ байгуулж 12,962,600 төгрөгийг зээлж авсан, зээлүүлсэн зүйл байхгүй, ямар ч зээлийн гэрээний үүрэг бидний дунд үүсээгүй.  Миний зүгээс А.Дтэй хамтын амьдралтай байснаа хүлээн зөвшөөрдөг маргаагүй. Энэ талаар ч Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн. Мөн намайг цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч намайг шалгаад залилан мэхэлсэн зүйл тогтоогдохгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн. Харин одоо миний зүгээс харин хамт амьдарч байх үед надад бэлэг сэлт болон бусад зүйл авч өгсөний төлбөр болгон эргүүлэн 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Дт эргүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч А.Лд холбогдуулан шилжүүлсэн 12,751,400 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 210,600 төгрөг, нийт 12,962,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч  7,000,000 төгрөг төлөхийг  зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

 

   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...хамтын амьдралтай байх хугацаанд миний итгэлийг далимдуулан миний мөнгөн хөрөнгийг өөрөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан авсан. Би хамтын амьдралтай байсан, түүнд итгэдэг байсан болохоор л мөнгө өгч байсан” гэж,

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзлын үндэслэлээ “...Өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй байсан боловч салчихсан байхдаа А.Дтэй хамтын амьдралтай байсан нь үнэн. Харин 12,751,400 төгрөгийн үнэ бүхий зүйл, мөнгө аваагүй. Нийт 7,000,000 төгрөгийн үнэ бүхий зүйл, мөнгө авсан тул уг мөнгөн хөрөнгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй” гэж тус тус тайлбарласан.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч А.Д нь хариуцагч А.Лтэй хамтын амьдралтай байхаа больсон гэх үндэслэлээр түүнд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардаж байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно” гэж заасан. Энэ зүйлийн дагуу шаардах эрх үүсэх урьдчилсан нөхцөл нь хөрөнгийг шилжүүлсэн үндэслэл нь тодорхой үүрэг, хариу үүрэгтэй холбоогүй байх юм.

 

Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч А.Лтэй цаашид хамтын амьдралтай байх үүднээс түүнд мөнгөн хөрөнгө шилжүүлэх болсон байна. Гэвч мөнгөн хөрөнгө шилжүүлэх болсон зорилго буюу хамтын амьдрал нь хэрэгжээгүй, тодорхой үүрэг, хариу үүрэгтэй холбоогүйгээр А.Лд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн байна.

 

Иймд зохигчдын хамтын амьдрал хэрэгжих боломжгүй болсон нь нэхэмжлэгч А.Д нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө хариуцагч А.Лгээс шаардах эрхтэй байна.

 

Талуудын хэн аль нь Хаан банк ХХК дахь 0тоот дансны эзэмшигч нь А.Л болох үйл баримтад маргаагүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох Хаан банк дахь дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч А.Дээс нийт 5,164,500 төгрөгийн мөнгөн хөрөнгө хариуцагч А.Лгийн 0 тоот данс руу шилжсэн байна.

 

Хариуцагчаас өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар мөнгө авч байгаагүй гэж маргадаг. Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч А.Лгийн хамаарал бүхий этгээдүүд болох А.Отгонлхам, С.Цэцэгээ, г.Жаргалмаа, н.Тунгалагтамир, н.Ичинхорлоо нарт мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэж уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй. Тухайн этгээдүүдэд шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгийг холбогдох этгээдүүдээс шаардах эрх нь нээлттэй.

 

Мөн нэхэмжлэгч нь Япон улсаас 15,000 иенийг хариуцагчид шилжүүлсэн гэх боловч үүнтэй холбоотой бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй. 2018 онд А.Лгийн ах унаж бэртэхэд 1,500,000 төгрөг, банзны үнэ 2,050,000 төгрөгийг тус тус бэлнээр өгсөн гэж нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах боловч уг нэхэмжлэлийн шаардлагуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч А.Лд 5,164,500 төгрөгийг нэхэмжлэгч А.Дээс шилжүүлсэн болох нь тогтоогдсон боловч хариуцагч А.Л нь нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгт холбогдох хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 7,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлага гаргахын тулд хариуцагчийг эрэн сурвалжлуулахад нийт 140,400 төгрөгийн зардал гаргасан болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/00312 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/02267 дугаар шийдвэрээр тус тус тогтоогдож байна. Иймд дээрх 140,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн гэх хэргийн 31 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд аль шүүхийн ямар дансанд төлсөн эсэх нь тодорхойгүй. Уг баримт нь шүүхэд маргаан хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх, уг хураамжийг хариуцагч А.Лд хамааралтайгаар төлсөн эсэх нь тодорхойгүй байна. Иймд уг 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.Лгээс нийт 7,140,400  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Дт олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 5,822,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Лгээс 7,140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Дт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,822,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 129,190 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ