| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0099/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/95 |
| Огноо | 2024-06-06 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Ө.Манзушир,
шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.М-д холбогдох 2416000000102 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн Д сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ****** ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ***** сумын ******** багийн ***** тоотод суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******** регистрийн дугаартай, Ц овогт Д-н М.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Д.М нь согтуурсан үедээ согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө 01 цаг 40 минутын үед Говь-Алтай аймгийн ****** сумын төвд сумын хэсгийн цагдаа Х.Б-н тавьсан шаардлагыг эсэргүүцэж түүний нүүрэн хэсэгт нь мөргөж, мөрдөс, нэр, хувийн дугаар зэргийг хуулж, хээрийн өмдийг нь урж, албаны машины толийг хагалсан болох нь:
1. Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 22 цагийн үед сумын Соёлын төвд бүжиг болоод бүжгэн дээр очсон юм. Тэнд сумын хүмүүстэй 2 шил 0,75 литрийн Эдэн нэртэй архийг хувааж уусан. Би бүжиг рүү ороод А-тай таарсан. А- “чи согтчихсон байна. Гэрт чинь хүргээд өгье” гээд хамт гарсан юм. Тэгээд дээшээ гэр рүү явж байтал захиргааны ар талд сумын цагдаа Б бид хоёрыг зогсоосон. А машинаас буугаад бичиг баримт гээд яриад байсан. Би өөрөө нэлээд согтчихсон байсан болохоор сайн санахгүй байгаа юм ... Маргааш өглөө нь намайг гэртээ байж байхад А манай гэрт ирсэн юм. “...Чи урд шөнө сумын цагдаа Б-г мөргөөд маргалдаж муудалцсан. Би чамайг гэрт чинь хүргэж ирсэн...” гэж хэлсэн... “...Машиных нь толины шил бүтэн байсан чинь чи очоод хагалсан...” гэж хэлсэн. Би хоёр хоногийн дараа машиных нь толийг авч өгсөн... Би өөрийн хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас/
2. Хохирогч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө шөнийн 01 цаг 40 минутад **** улсын дугаартай албаны автомашинаар сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад цагдаагийн байрны ард ертөнцийн зүгээр хойд талд байх баруунаас зүүн тийш чиглэсэн цементэн хучилттай авто зам дээр **** УЕТ улсын дугаартай Приүс-41 загварын тээврийн хэрэгслийг явж байхад нь зогсоож шалгахад уг машиныг ***** сумын тамгын газрын нягтлан А гэгч жолоодож түүний хажууд үл таних хүн суусан тэр 2 хоёулаа согтууруулах ундааг хэрэглэсэн байдалтай харагдахаар нь жолооч А-г тээврийн хэрэгслээ унтраахыг шаардаж машинаасаа бууж драгер буюу согтолтын зэрэг шалгах багаж үлээхийг шаардахад машинаасаа буугаагүй драгер буюу согтолтын зэрэг тогтоох багажийг үлээхээс татгалзсан. Уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан А-тай ийнхүү харилцаж байх дундуур түүний хажууд сууж явсан залуу машинаасаа бууж ирээд “...зүгээр явуулчихаач...” гэсэн. Би түүнд хандаж жолооч согтуу байна, би машиныг нь түр саатуулна гэж хэлсэн... Нөгөө залуу миний нүүрэн тус газарт уруулын дээд хэсэгт мөргөсөн. Тэгээд миний мөрдөс болон энгэрийн камер мөн нэр, хувийн дугаар зэргийг хуулж авч шидлээд байсан болохоор нь би нөгөө залууг газарт дарж унагаж байгаад гавласан. Хэл амаар намайг “...янхан, пизда минь чамайг ажилгүй болно, аргаа барсан гичий байна шүү дээ чи, чи хэдэн төгрөг олох гэсэн юм...” гэх мэтээр доромжилж ажил үүрэг гүйцэтгэхэд саад учруулж байсан ... Эхнэрийгээ ирсний дараа энэ мэт үгээр дайран агсраад байсан. Мөн миний ажлын өмдний салтаа хавиас татаж урсан...Би тэр хүмүүсийн хэнд ч гар хүрч цохиж зодоогүй ... Нэхэмжлэх зүйл гэвэл машины эвдсэн толийг мөн урсан өмдний үнийг бас миний шүдний аппараттай талын шүднүүд тэр чигээрээ өвчтэй бас ганхаж хөдөлсөн байна. Би шүдээ үзүүлэхэд холбогдон гарах бүх зардал зэргийг нэхэмжилмээр байна ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/
3. Гэрч Э.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 26-ны орой шөнийн 01 цагийн үе байсан байх би цагийг нь нарийн сайн мэдэхгүй байна. Манай найз М жаахан архи уусан байсан би түүний машиныг бариад хүргэж өгөх гээд явж байгаад цагдаатай таарсан... Цагдаатай таараад цагдаа намайг багаж үлээ гээд үлээхгүй гээд байж байхад манай найз хажуугийн суудал дээрээс буугаад цагдаатай машинаасаа гарч тойрч ирээд цагдаагийн хажууд ирээд түүнтэй маргалдсан. Би машинаас буугаад найзыгаа цагдаагаас холдуулаад буцаагаад бууж ирсэн машины хаалгаар нь машинд нь суулгасан... Манай найз О эхэлж бууж цагдаагийн хажууд очиж түүнтэй зууралдаж байхдаа түүний энгэр дээр нь байх нэр мэрийг нь хуулаад хаячихсан юм. Түүний дараа миний үгэнд орохгүй дахин машинаасаа бууж цагдаагийн хажууд ирээд нүүр лүү нь мөргөчихсөн юм...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/,
4. Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 27-ны шөнийн 01 цагийн үед байсан байх би цагийг нь нарийн сайн мэдэхгүй байна. **** сумын цагдаа Б ахын хамт түүний албаны машинтай ******** сумын төвд явж байгаад Захиргааны арын засмал зам дээр А ахын унаж явсан цагаан өнгийн Приүс-41 загварын машиныг зогсоогоод Б ах шалгасан. Би машин дотор сууж байсан. Намайг машин дотроос харж байхад нөгөө Приүс-41 машины хүрдний эсрэг талын урд хаалганаас М гэх манай нутгийн ***** багийн зүүн талд ажил хийдэг ах бууж ирээд Б ахтай хэрэлдээд муудалцсан энэ үед А ах түүнийг боль наад хүн чинь ажлаа хийж байна гэж түүнийг загнасан А ахын үгэнд ерөөсөө нөгөө хүн орохгүй байсан 2 машин зэрэгцээд зогсож байсан болохоор тэр яриа надад сайн сонсогдож байсан. Ингээд байж байтал нөгөө М машинаас бууж Б ахын хажууд очоод түүний нүүрэн тус газарт амны хавьцаа мөргөсөн. Б ах түүний гарыг бариад автал Б ахын энгэрт байх нэрийг хуулаад хаясан Б ах түүнийг газар унагаж дараад гарт нь гав зүүсэн Яг энэ үед би машинаас бууж очсон энэ үйл явдал маш хурдан болсон. Б ах намайг бичлэг хий гэсэн. Би өөрийн Note-8 загварын гар утсан дээр 8 минут 31 секунтын бичлэг хийсэн...” гэх мэдүүлэг. / хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/
5. Хохирогч Х.Б-н өмсөж явсан гэх хар хөх өнгийн цагдаагийн хээрийн өмдөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/
6. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128 дугаартай “... 1.2. Х.Б-н биед дээд уруулд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б-н эрүүл мэнд, эд хөрөнгө болон албаны машинд учирсан нийт хохирлыг “Угалз мэргэн” ХХК-н мэргэшсэн үнэлгээчин Р.Цанжидмаа 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 24/07 дугаартай дүгнэлт/хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/-ээр 1,225,370 (нэг сая хоёр зуун хорин таван мянга гурван зуун дал) төгрөгөөр тогтоосон бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1,300,000 төгрөг төлсөн болох нь ХААН банкны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт/хавтаст хэргийн 115 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдсан хар хөх өмгийн цагдаагийн хээрийн өмд 1 ширхгийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогтой Д-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.М-д хүлээлгэсүгэй.
4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.М-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдсан хар хөх өмгийн цагдаагийн хээрийн өмд 1 ширхгийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА