Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/125

 

2024        06            14                                            2024/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,

Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Сийн Бд холбогдох эрүүгийн 2435000000135 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19..... оны 5 дугаар сарын 10-нд Увс аймгийн ........... суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бага боловсролтой, лам мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн ............. сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хөдөлмөрийн хүндэт медальтай Т овогт Сийн Б /РД:...................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Жарын точик” гэх нэртэй газарт 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн “Муссо” загварын ......... УВХ улсын дугаартай автомашиныг жолоодож өөрийн хүү Б.Дгийн гэрийн гаднаас хөдлөхдөө хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчиж 3 настай Д.Аг дайрч амь насыг хохироосон  гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч С.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Жарын точик” гэх нэртэй газарт 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн “Муссо” загварын ....... УВХ улсын дугаартай автомашиныг жолоодож өөрийн хүү Б.Дгийн гэрийн гаднаас хөдлөхдөө хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчиж 3 настай Д.Аг дайрч амь насыг хохироосон болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг  (хавтаст хэргийн 3-14 дэх тал),

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-19 дэх тал),

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-23 дахь тал),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 23-33 дахь тал),

Мөрдөгчийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн шүүгдэгч С.Бын согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: “Гэнэтийн золгүй тохиолдлоор хүү Д.Амарааг алдсан нь надад хэцүү байгаа боловч өөрийгөө буруутгаж суугаа өндөр настай эцэг С.Быг хараад өрөвдөж байна.  Иймд миний зүгээс ямар нэгэн гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50, 52 дахь тал), 

Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал), 

Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),

Увс аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй тул Сийн Б (РД:..............), Бын Б нарын гарын дардастай харьцуулах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй тул Папилон санд бүртгэгдсэн дардаснуудтай харьцуулах боломжгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 73-74 дэх тал),

Шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай “ Амь хохирогч Д.Агийн биед гавал тархины ил гэмтэл буюу баруун зулай, дагз ясны хэлтэрхий үүсгэж задарсан хугарал, тус хэсгээр хатуу хальсны урагдалт, хуйханд урагдсан шарх, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнд аалзан хальсны доорх цус харвалт, тархины эдийн няцрал, бага тархины 2 тал бөмбөлгийн няцрал, цээжний баруун 8, 9 дүгээр хавирга нугалмын хажуугийн шугамаар далд хугарал, духны баруун хэсэгт зулгаралт, баруун, зүүн бугалга, цээжний баруун хажууд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг амьд үед үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Амь хохирогчийн биед учирсан дээрх гавал тархины ил гэмтлүүд нь үхлийн шалтгаанд шууд нөлөөлсөн байна. Амь хохирогч Д.Агийн биед бүтцийн хувьд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Амь хохирогч Д.А нь дээрх гавал тархины ил гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. Амь хохирогч Д.А нь гадна үзлэг эхлэхээс өмнө нас бараад 8-10 цаг орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой. Амь хохирогч Д.Агийн зүүн өвдөгний үений дотно хэсэгт болон зүүн шилбэний дотно хэсэгт байрласан захаараа шар ногоон өнгийн туяа бүхий бүдэг хүрэн өнгийн цус хуралт гэмтлүүд нь үүсээд 3-5 хоногийн хугацаа өнгөрсөн байх боломжтой ба “Гэмтлийн зэрэг тогтоох журам’’ -ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64-66 дахь тал)-ээр шүүгдэгч С.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Жарын точик” гэх нэртэй газарт 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн “Муссо” загварын ........... УВХ улсын дугаартай автомашиныг жолоодож өөрийн хүү Б.Дгийн гэрийн гаднаас хөдлөхдөө хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчиж 3 настай Д.Аг дайрч амь насыг хохироосон болох нь тогтоогдож байна

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь  Монгол Улсын Засгийн газраас  хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч С.Б нь “Муссо” загварын ........ УВХ улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ.

Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдлыг ойлгоно” гэж тодорхойлсонд энэ тохиолдол хамаарч байна.

Мөн дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэж тус тус заасныг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас 3 настай Д.Амараа нь нас барсан байна. 

Шүүгдэгч С.Б нь “Муссо” загварын ......... УВХ улсын дугаартай автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь 3 настай Д.Агийн амь нас хохирсон явдалтай шууд шалтгаант холбоотой байх тул түүний үйлдлийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч С.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: “Гэнэтийн золгүй тохиолдлоор хүү Д.Аг алдсан нь надад хэцүү байгаа боловч өөрийгөө буруутгаж суугаа өндөр настай эцэг С.Быг хараад өрөвдөж байна.  Иймд миний зүгээс ямар нэгэн гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал)-ийг үнэлээд шүүгдэгч С.Баас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Б нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг  хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Мөрдөгчийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн шүүгдэгч С.Бын согтуурал шалгасан “С.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг согтуурал хэмжих 6820 маркийн ARSC-0162 дугаартай багажаар шалгаж үзэхэд 0.00 гэж зааж байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал)-ээр шүүгдэгч С.Быг эрүүл байсан гэж үзнэ.

Шүүгдэгч С.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 113 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Бын зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тохиролцож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч С.Бд прокурортой тохиролцсон тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх  боломжтой гэж дүгнэв.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3,  7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч С.Бд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч С.Бын 28...83 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах (П.Я)-д даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Бын эзэмшлийн “Муссо” загварын ........... УВХ улсын дугаартай  авто машин  битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Бын эзэмшлийн “Муссо” загварын ........... УВХ улсын дугаартай  авто машин  битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Сийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1  (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3,  7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч С.Бд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч С.Бын 28.....83 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах (П.Я)-д даалгасугай.

 7.  Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Бын эзэмшлийн “Муссо” загварын .......... УВХ улсын дугаартай  авто машин  битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ