Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 61

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0158/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Батсүх

Шүүгдэгч                                       Б.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               З.Энхтуяа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ийн Б-д холбогдох, 2018001260122 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, 3365091019 регистрийн дугаартай, Б- овогт Б-ийн Б-.

Шүүгдэгч Б.Б- нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 17.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит баг, Шивээтийн ** дугаар гудамжны **-** тоот гэртээ хувийн маргааны улмаас иргэн А.А-ийн нуруун тус газар хутгалж, эрүүл мэндэд нь нуруунд сээрний 5 дугаар нугалмын нум, хатуу хальс гэмтээж, харалдаах нугасны хатуу хальсны доор цусан хураа үүсгэсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, зүүн хөл, аарцгийн эрхтний саажилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар шүүгдэгч Б.Б-д 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9.д зааснаар шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11.5 см урттай хутганы иш 1 ширхэг, нийт урт нь 14.5 см, ажлын хэсэг нь 12.5 см урттай ишгүй хутга 1 ширхэг, цагаан өнгийн энгэр хэсэгтээ “Соlumbia” гэсэн бичиглэлтэй фудволк 1 ширхэг, цэнхэр өнгийн хоолойтой цамц 1 ширхэг, ногоон өнгийн хантааз 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Хохирогч А.А-, түүний хууль ёсны төлөөлөгч А.Б- нар нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжпэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т   зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1.д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2.т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, 1.4.т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4.т зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгөх саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулсан боловч анхан шатны шүүх өмгөөлөгчийн энэ саналын талаар шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт хийсэн дүгнэлтэндээ...“Шүүгдэгч Б.Б-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүхээс шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4.т зааснаар ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж дүгнэлээ” гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа болно. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т: “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах“ гэж заасан байгаа бөгөөд шүүгдэгч Б.Б- нь дээрх заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байхад анхан шатны шүүх хэрэглэх боломжтой хуулийг хэрэглээгүйд гомдолтой байгаа болно.

Шүүгдэгч Б.Б- нь урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хөдөлмөрийн хүнд нөхцөлд олон жил тогтвортой ажиллаж байсан, энэ жил 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, хамт олны зүгээс эерэг сайн тодорхойлолтой байгаа, гэмт хэрэг хардлагын улмаас үйлдэгдсэн, хувийн байдлын хувьд эвдрээгүй хүн байх тул энэ байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Б-д анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг эрхэм шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа тайлбартаа:

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байхад анхан шатны шүүх хэрэглээгүй нь хууль зөрчсөн. Хохирогчийн буруутай үйлдлээс болж энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Мөн эхнэртэйгээ хардсаны улмаас ийм зүйл болсон. Б.Б- нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хамт олондоо нэр хүндтэй хүн юм.  Миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэлээс боломжит хугацаагаар хасч өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б- тайлбартаа:

Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эхнэртэйгээ хардсаны улмаас ийм зүйл болсон. Миний бие Төмөр замд галчаар ажилладаг байсан. Энэ намар тэтгэвэртэй гарах байсан. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн тайлбараас үзэхэд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа нь анзаарагдаж байна. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж түүнд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос Б.Б-ыг согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 17.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит баг, Шивээтийн 10 дугаар гудамжны **-** тоот гэртээ хувийн маргааны улмаас иргэн А.А-ийн нуруун тус газар хутгалж, эрүүл мэндэд нь нуруунд сээрний 5 дугаар нугалмын нум, хатуу хальс гэмтээж, харалдаах нугасны хатуу хальсны доор цусан хураа үүсгэсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, зүүн хөл, аарцгийн эрхтний саажилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан бүхэлд нь  хянаж үзлээ.

Болсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийнхөө гэрт хувийн маргааны улмаас иргэн А.А-ийн нуруун тус газар хутгалж, эрүүл мэндэд нь нуруунд сээрний 5 дугаар нугалмын нум, хатуу хальс гэмтээж, харалдаах нугасны хатуу хальсны доор цусан хураа үүсгэсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, зүүн хөл, аарцгийн эрхтний саажилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд болох хохирогч А.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-, гэрч У.Э-, Б.О-, насанд хүрээгүй гэрч А.А- нарын мэдүүлгүүд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, болсон үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан хэдий ч Б.Б- нь түүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4.т заасныг журамлан энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял хөнгөрүүлэн оногдуулж болохоор заасан байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д оногдуулсан ял шийтгэлийг багасгаж, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах боломжтой гэж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтыг:   

           ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй... гэж,

            ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч   Б.Б-д оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

            3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

  

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                   ШҮҮГЧИД                             Ц.ТУЯА

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ